Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00001/и |
Дугаар | 346 |
Огноо | 2016-02-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2016/00001/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *******ын *** дугаар хэсэг, *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас***/-д холбогдох
1,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...миний бие *** нь ***эс 2011 оны 12 сард гарсан шүүхийн *** тоот шийдвэрээр гэр бүл цуцлуулж, охин *** тэтгэлэг тогтоолгосон. 2014 оны 02 сар хүртэл охинд минь тэтгэлэг төлөөгүй шалтгаанаар эл өдөр албадан гүйцэтгэх албаны ажилтан *** хандснаар 1,200,000 төгрөгийг 9 сарын хугацаанд гаргуулж байсан. Гэтэл 2015 он гарснаас хойш хариуцагч *** нь тэтгэлэг төлөхөө больсон тул аймгийн өмгөөлөгч *** хандаж эрх зүйн туслалцаа авсан. Анхан шатны шүүх хурал 2 дахь удаагаа болж уг өмгөөлөгчид 300,000 төгрөг төлсөн. 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамж гарсан. Албадан гүйцэтгэх ажилтан *** хариуцагч ***эс одоо болтол нэг ч төгрөг гаргуулж чадаагүй. Иймээс өмгөөлөгчийн 300,000 төгрөг, 5 сарын тэтгэлэг болох 750,000 төгрөг бүгд 1,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...миний бие одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа тул нэхэмжлэгч ***гийг нэхэмжилсэн хүүхдийн тэтгэлэг болох 750,000 төгрөгийг төлж чадахгүй. Хавраас ажил орлоготой болж байгаад хүүхдийн тэтгэлэгийн мөнгө 750,000 төгрөгийг нөхөж төлж барагдуулах болно. Нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс гэх 300,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***эс хүүхдийн тэтгэлэг 750,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг нийт 1,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *** нь хүүхдийн тэтгэлэг 750,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрээр ...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар *** овогт ***, ******* овогт *** нарын гэрлэлтийг цуцлаж, 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *** эх ***гийн асрамжид үлдээж, эцэг ***эс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн байна./хх-3/
Нэхэмжлэгч *** нь ...хариуцагч *** нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийж, олж байгаа орлогоо нуун дарагдуулж, хүүхдийн тэтгэлэг төлөх санаачлагагүй, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул төлөгдөөгүй 5 сарын тэтгэлэг 750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *** нь хүүхдийн тэтгэлэг 750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.
Харин хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхтэй.
Дээрх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч *** нь өмгөөлөгч *** 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах тухай гэрээ г байгуулсан байна. /хх-5/
Өмгөөлөгч *** нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцоогүй, нэхэмжлэгч *** нь ...хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч зардал гаргасан учир хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэж үндэслэлээ тайлбарыг гаргасан бөгөөд өмгөөлөгчийн хөлс нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан хариуцагчаас гаргах нэмэлт зардалд хамаарахгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг 750,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, үлдэх шаардлага болох өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч *** хүүхдийн тэтгэлэг 750,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч ***гийн өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 22,550 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА