Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Б.Энхбат,

            шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат, тэдний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Халбан овогт Полхооны Мөнхбат, Боржигон овогт Дашдамбын Баярбат нарт холбогдох 201726010520 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1-46 тоотод оршин суух хаягтай, Хөвсгөл аймгийн шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1997 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Халбан овогт Полхооны Мөнхбат /РД:РЭ71110117/,

Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хогод төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Баян Арцадын 12 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 1-16 хаягт түр оршин суугаа, Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 156 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цаг албадан ажил хийлгүүлэх ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Дашдамбын Баярбат /РД:МЭ65100411/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1-29 тоот хашаанаас Тоёота Витз маркийн тээврийн хэрэгслийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Г.Батсайханд 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж  байх тул тус хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно. Тодруулбал,

шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1-29 тоот хашаанаас Тоёота Витз маркийн тээврийн хэрэгслийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Г.Батсайханд 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/

 

Хохирогч Г.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би 12 цагийн орчим гадуур юм цуглуулахаар гараад орой 17 цагийн орчим гэртээ ирээд хашаанд байсан машины моторыг харсан чинь алга болсон байсан. Тэгээд би мотор байсан газарт очоод үзсэн чинь миний машины моторыг цасан дээр хоёр талаас нь хоёр хүн татсан мөр байсан. Тэгээд би тухайн мөрийг нь хөөж явж байгаад замын цагдаагийн хэлтсийн хойд талд байрлах түүхий эд авах цэг дээр очтол миний машины моторыг гадна талаас нь хагалж цохисон байдалтай байхаар нь би түүхий эд авдаг ахаас юу болсон талаар асуусан чинь өдөр 15 цагийн орчим архи уугаад согтсон хөгшин, залуу хоёр энэ моторыг миний мотор гээд чирч авчирж өгөөд төмөрт тушаагаад 6500 төгрөг аваад явсан гэж хэлэхээр нь би ямар хувцас өмссөн, нүүрийн царай төрх нь ямархуу байдалтай хүн гэдгийг нь асуусан чинь түүхий эд авдаг ах энүүгээр байнга ирдэг гэр нь тийшээ байдаг гээд манай гэр лүү явах замд байдаг Мөнхбат гэж хүний гэрийг заасан. Тэгсэн өмнө нь манай аав Очир надад энэ хойд талын хашаанд байдаг залуу манай хашаагаар нэг өвгөнтэй ирээд худлаа айл асуугаад яваад байна гэсэн санаанд ороод нөгөө Мөнхбатын гэрт очсон чинь байхгүй, хайгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь нөгөө хоёр цагдаа Мөнхбатыг аваад ирсэн. Тэгээд би түүхий эд авдаг ах дээр Мөнхбатыг дагуулж ирээд үзүүлсэн чинь Мөнхбатыг хараад мөн байна, бас нэг өвгөнтэй ирсэн гэж хэлсэн. Мөнхбат хашаанаас хамт хог түүдэг өвгөнтэй нийлж хулгайлснаа хэлсэн юм. ...Миний алдсан машины мотор бол Тоёота Витз маркийн бүтэн мотор бөгөөд машинд тавихад бэлэн бүрэн ажиллагаатай мотор байсан. Би өөрийн найз Сандагсүрэнгээс 2016 оны 04 дүгээр сард 450.000 төгрөгөөр авч Хөвсгөлд байдаг машин руу явуулах гэж байсан юм. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хааж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 81-82 дугаар хуудас/

 

            Эд зүйлийн үнэлгээнд: тоёота Витз маркийн машины мотор 450.000 төгрөг гэжээ. /хх-ийн 10 дугаар хуудас/

            Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: шүүгдэгч П.Мөнхбатаас 450.000 төгрөгийг хуран авч, хохирогч Г.Батсайханд хүлээлгэн өгсөн тухай /хх-ийн 64-65 дугаар хуудас/

 

            Гэрч Ч.Очирын мөрдөн байцаалтын шатан өгсөн: “...Манай хүргэн Хөвсгөлд байдаг машиндаа мотор аваад хашааныхаа урд хэсэгт тавьсан байсаныг би харж байсан. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой би гэртээ зээ нартайгаа байж байсан чинь өвгөн, залуу хоёр айл асууж байгаа гээд ороод ирсэн. Тэгээд маргааш өглөө нь би гэртээ зээтэйгээ байж байсан чинь манай хаалгыг хүн нүдээд байхаар нь би гараад харсан чинь нэг залуу, нэг өвгөн хоёр манай хаалгыг нүдээд зогсож байсан, тэгээд надаас худлаа айл асуугаад байхаар нь би хаалга цоожилж, ороод удалгүй эмнэлэгт үзүүлэхээр зээ охиноо үлдээгээд явсан. Тэгээд орой ирсэн чинь манай хүргэн өнөөдөр хашаанд байсан мотороо алдаад буцаагаад оллоо, нэг өвгөн, залуу хоёр хулгайлсан байна гэхээр нь би өглөө манай хашаагаар хараад байсан хоёрыг мөн байна гэж бодоод содон шинж тэмдгийг нь хэлсэн чинь мөн байсан юм. Тэр хоёр манай хашаагаар мотор авах гээд урьд оройноос авахуулаад шагайгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17  дугаар хуудас/

 

                  Гэрч Н.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түүхий эдийн цэг ажиллуулдаг бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд түүхий эдийн цэг дээр байж байхад манайд байнга хаягдал түүхий эд авчирч өгдөг П.Мөнхбат нэг согтуу ахтай хамт жижиг машины мотор чирж ирээд минийх байгаа юм энэ хэдэн төгрөг хүрэх вэ гэхээр би үзээд энийг хайлшинд бол авахгүй гэсэн чинь нөгөө хоёр гэрээсээ лантуу авч ирээд бид хоёрыг хайлшийг нь аваад өгье гээд цохиод хайлшин төмрийг нь ялгаад байсан. Тэгээд би ялгасан жоохоныг хиллэж үзээд 6000 төгрөгөөр авсан юм. Тэгээд Мөнхбат нөгөө мөнгөө хамт ирсэн өвгөнгэйгээ аваад явсан. Түүнээс хойш 2-3 цагийн дараа Мөнхбат, өвгөн хоёрын тушаасан моторын эзэн ирээд “миний хашаанаас алдсан мотор мөн байна” гэж хэлээд цагдаа дуудаад миний нөгөө моторыг аваад явсан юм. ...Мөнхбат, өвгөн хоёр тэр моторыг чирч ирэхэд гаднах байдал зүгээр байсан, тэр хоёр хайлшин төмрийг нь авах гэж баахан цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/

 

            Шүүгдэгч П.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баярбат таарсан. Бид хоёр нийтийн байруудаар сав лааз түүсэн. Түүж яваад айлын хашаанд ундааны сав лааз байхаар нь орж түүж байсан чинь амбаарынх нь хажууд машины мотор байсан. Тэрийг би анхандаа машины мотор гэж мэдээгүй, том хайлш байна гэж бодсон. Баярбат бид хоёр тэрийг аваад тушаая гээд шуудай дээр тавиад чирээд хоёрдогч түүхий эдийн цэг дээр очиж тушаасан. Бүтнээр нь тушаах гэхэд авахгүй хайлшийг нь хайлшаар авна гэсэн. Тэгэхээр нь бид хоёр лантуугаар хага цохиж байгаад хайлшийг нь хайлшаар, төмрийг нь төмрөөр нь өгөөд 6200 төгрөгтэй болсон. Тэр мөнгөөр дэлгүүрээс архи, идэх, уух юм авсан. Тэгээд бид хоёр гэр гэртээ харьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлоо хохирогчид бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57  дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүгдэгч Д.Баярбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо яг өдрийг нь санахгүй байна. Мөнхбат бид хоёр гудамжаар шил, лааз түүж яваад хохирогчийн хашаанд дотор нь олон архи ундааны шил сав байхаар нь орж авъя гээд ороход хашааных нь баруун талд амбаар түшүүлээд тавьсан байсан машины мотор байхаар нь энийг аваад тушаая гээд хашаанд нь байсан шуудайг доор нь тавьж байгаад чирээд урд далангийн хойд талд байдаг 2 дахь түхий эд авдаг цэг дээр очоод тушаах гэхэд түүхий эдийн цэгийн хүн нь наадахыг чинь бүтнээр нь авахгүй гэсэн. Тэгэхээр нь бид хоёр тухайн моторыг лантуугаар эвдээд хайлшийг нь хайлшаар, хөнгөн цагааныг нь хөнгөн цагаанаар тушааж, нийт 6200 төгрөг авсан. Тэгээд бид хоёр мөнгөөр нь архи авч уугаад гэр гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нар нь өөрсдийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны  /хх-ийн 108-109 дүгээр хуудас/ дагуу прокурор тэдгээрт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг гаргасан байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

   Иймд шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Мөнхбат нь Хөвсгөл аймгийн шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1997 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, тодорхойлолт зэргээр,/хх-ийн 32, 58-59 дүгээр хуудас/

шүүгдэгч Д.Баярбат нь Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 156 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар албадан ажил хийлгүүлэх ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ зэргээр тус тус тогтоогдсон болно.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нар нь хохирогч Г.Батсайханд “Тоёота Витз” маркийн тээврийн хэрэгслийн моторын үнэлгээ болох 450.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хохирогч  нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 64-65, 81-82 дугаар хуудас/

Шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нарын бусдад учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “бүлэглэж” гэсэн шинж байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлүүдийг журамлаж шийдвэрлэх нь зүйтэй ба ингэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй болно6

Шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Халбан овогт Полхооны Мөнхбат, Боржигон овогт Дашдамбын Баярбат нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нарыг тус бүр 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нарт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Мөнхбат, Д.Баярбат нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялын 8 цагийн  ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Мөнхбат, Д.Баярбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Мөнхбат, Д.Баярбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.АЛТАНЦЭЦЭГ