| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2005031530604 |
| Дугаар | 2021/ДШМ/906 |
| Огноо | 2021-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2021/ДШМ/906
Г.Д, А.Ц нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
шүүгдэгч, хохирогч Г.Д-н өмгөөлөгч Ж.Номинцэцэг,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/535 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Г.Д-н өмгөөлөгч Ж.Номинцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Д, А.Ц нарт холбогдох эрүүгийн 2005 03153 0604 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ц с овгийн Г-н Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн сургуулийн математик программ хангамжийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ..................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;
2. Ө овгийн А-н Ц, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувцасны дизайнер зохион бүтээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт ................. байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;
Г.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 05 цагийн орчим .................тоотод шалтаг шалтгаангүйгээр хохирогч А.Ц-н биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбээнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
А.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 05 цагийн орчим ............ тоотод хохирогч Г.Д-тэй маргалдан гараараа нүүр хэсэгт цохиж, биед нь халдаж, хайчаар баруун хөх орчимд хатгаж, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, баруун хөх орчимд шарх, нүүрэнд зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Д, А.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Д, А.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д, А.Ц нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Д, А.Ц нарт оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Д-н өмгөөлөгч Ж.Номинцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах давж заалдах гомдол гаргаж байна. ... Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8 “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 5.1 “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна. Г.Д-н хувьд мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд өгсөн, түүнчлэн А.Ц-д учруулсан хохирлоо бүрэн төлсөн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн гэх үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8 дахь заалтыг хэрэглэхгүй, 12.14 дэх заалтаар ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Г.Д, А.Ц нар нь үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрдөггүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлах хүсэлт гаргасан. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авалгүй яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг зарласан. Гэм буруугийн шүүх хуралдаанд хэн аль нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-н өмгөөлөгч Ж.Номинцэцэгийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 9 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 05 цагийн орчим ............. тоотод шалтаг шалтгаангүйгээр хохирогч А.Ц-н биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн чихний дэлбээнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч А.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 05 цагийн орчим ............. тоотод хохирогч Г.Д-тэй маргалдан гараараа нүүр хэсэгт цохиж, биед нь халдаж, хайчаар баруун хөх орчимд хатгаж, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, баруун хөх орчимд шарх, нүүрэнд зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Г.Д-н хохирогчоор өгсөн “... Намайг гарч ирэхэд Ц болон Цэвээнээгийн найз охин нь гал тогооны өрөөнөөс хайч барьчихсан байхаар нь би “хүүе яах гэж байгаа юм” гэхэд “ер нь энэ ч гэсэн” гээд миний зүүн мөр, цээжний хэсэгт 2 удаа хайчаар дүрсэн. ...” /хх 72-73/,
А.Ц-н хохирогчоор өгсөн “...Би өрөөнөөсөө гараад А, Ц.д нар тагтан дээр зогсож байхаар нь очиж “ямар учиртай хүн гэрт дагуулаад ирсэн юм бэ” гэж хэлж байтал нөгөө залуу миний араас ирээд миний урдаас хоолой боож түлхээд, түлхсэн эрчээрээ би тагтны цонхыг ард дагз хэсгээрээ мөргөж хагарсан. Тэгэхэд миний зүүн чихний дэлбээнд шарх гэмтэл үүссэн. ...” /хх 30-31/,
гэрч Б.Цэвээндоржийн “...Би А-тай тагтан дээр юм яриад зогсож байтал Ц орилоод ороод ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “энэ нэг юмаа явуулаач” гэж хэлээд удалгүй Д орж ирээд Ц-г цонх руу түлхсэн. ...” /хх 90-91/,
гэрч Б.Б-н “... намайг нойлоос гарахад Ц, Д хоёр Ц-н өрөөний гадна байсан бөгөөд Ц цаашаа том өрөөгөөр дамжаад тагт руу гарсан. Тагтан дээр Ц.д, А, Ц 3 байсан бөгөөд Д араас нь очоод багалзуурдаад цонх мөргүүлснээр Ц-н толгой болон чих нь зүсэгдэж сэтэрсэн. ... Д-ний биед учирсан зүүн бугалга болон баруун хөхний орчим шархыг би мэдэхгүй. ...” /хх 92-93/,
гэрч Ө.А-н “... Би түрүүлээд Ц.д-той хамт тагтан дээр тамхи татаад зогсож байтал гэр дотор юм түчигнэх чимээ гарсан. Ц.д бид хоёр нэг их тоохгүй тамхи татаад зогсож байтал удалгүй Ц араас гарч ирээд над руу ус цацаад намайг зайл гээд хөөхөөр нь би чамтай ерөөсөө юу ч яриагүй байна гээд зогсож байтал хажууд цонх хагарах чимээ гарсан. Тэр үед Ц.д Д рүү уурлаад дайрч, барьж аваад буйдан дээр цохиж байхад нь би Ц.д-г салгаад гал тогооны өрөөнд оруулсан. ...” /хх 157-159/,
шинжээч О.Б-н “... А.Ц-н биед учирсан зүүн чихний дэлбээний шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...” /хх 44-45/,
шинжээч Ц.Ганболдын “... 10592 дугаартай дүгнэлтэд тусгагдсан баруун хөл орчимд шарх гэмтэл болон зүүн бугалга орчмын шарх гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 103/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... А.Ц-н биед зүүн чихний дэлбээнд шарх, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 10428 дугаартай дүгнэлт /хх 40-42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Г.Д-н биед зүүн бугалга, баруун хөх орчимд шарх, нүүрэнд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үрэх, хоёр шарх нь үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 10592 дугаартай дүгнэлт /хх 98/,
“Лазер мед” эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ /хх 34/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д, А.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д, А.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д, А.Ц нарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар тэдэнд оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Учир нь, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Дээрх хуулийн зүйл, хэсгийг хэрхэн хэрэглэх талаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж журамлажээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлэх ойлголт нь ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалт юм.
Г.Д, А.Ц нарт холбогдох хэргийн тухайд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчилж эхэлснээс хойш хэргийг шүүхээр шийдвэрлэж байгаа тул энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд энэ талаар гаргасан шүүгдэгч Г.Д-н өмгөөлөгч Ж.Номинцэцэгийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/379 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д, А.Ц нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР