Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 152/ШШ2023/00384

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, шүүгч Я.Урнаа, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Х ХХК-ийн,

     Хариуцагч: Увс аймгийн х сумын Засаг даргад холбогдох,

  Гэм хорын хохиролд 235,068,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.С /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Я.Баярсайхан /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гэм хорын хохиролд 235,068,160 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай Х ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Х сумын Засаг даргын А/29 тоот захирамжаар Х суманд байрлах 104.6 га, 456.5 га, 413.З га, 406.7 га, 345 га газрыг усалгаагүй үр тариалалтын зориулалтаар эзэмших эрхтэй болж, улмаар 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, /2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Газар эзэмших гэрчилгээг е дугаартай гэрчилгээг болгон шинэчилсэн/ тухайн газрыг хуулийн дагуу эзэмшиж, ашиглах эрх үүссэн ба газрыг жил дараалан ашиглаж, эзэмшиж, үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Тухайн газрын төлбөрийг хууль тогтоомжид заасны дагуу хугацаанд нь төлж, ямар нэгэн төлбөрийн болон бусад үүрэг байхгүй юм. Бид өөрийн эзэмшлийн газарт үр тариа тарих зорилгоор компанийн санхүүжилт болон бусад бэлтгэл ажлыг хангасны үр дүнд 2019, 2020 оны хавар буюу 5 дугаар сард эзэмшлийн газрыг бүхэлд нь хагалж, тариа тарьж, тухайн онуудад ургац хурааж авсан. 2021 онд өөрийн эзэмшлийн талбайн 1000 га газарт рапс, 500 га газарт нь улаан буудай тариалах төлөвлөгөөтэй байсан бөгөөд ийнхүү тариалангийн ажилд зарцуулах хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдвэрлэж, техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчээ төлөвлөсөн байсан боловч Х сумын Засаг дарга С.У нь бидэнд 2021 оны 4 дүгээр сарын 30-ны дотор бичгээр болон өөрийн биеэр хариу тайлбар өгнө үү гэсэн огноо тодорхой бус 84, 85, 86 тоот "Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичигт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр бидний газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон талаараа мэдэгдсэн. Тухайн мэдэгдэлд манай компанийн зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хариу тайлбар, санал хүсэлтийг сумын Засаг даргад хүргүүлж, өөрийнхөө эзэмшиж буй газартаа үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, 2 жил дараалан огт ашиглаагүй эсэх талаар газар дээр нь мэргэжлийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, бодит нөхцөл байдлыг газар дээр нь тогтоолгохыг хүссэн. Гэтэл сумын засаг дарга С.У бидний хүсэлтийг огт хүлээж аваагүй, хариу өгөөгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар "Сонсох ажиллагаа"-г огт явуулаагүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар цаашид хэрхэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үүргээ гүйцэтгээгүй, 32 дугаар зүйлд заасан бидний баримт бичигтэй танилцах эрхийг хангахгүй байсаар эцэст нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг зөрчсөн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар мэдэгдэл ирүүлсэн. Гэвч тухайн мэдэгдлийн хавсралтаар бидэнд ирүүлсэн Х сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/63 тоот газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэж бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь анхнаасаа зөрчилтэй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Үүний улмаас манай байгууллага тариалахаар төлөвлөсөн үр тарианыхаа 55-60 хувийг л тариалж, нийт эзэмшлийн 1720 га талбайгаас 1,464.18 га талбайг боловсруулалт хийн, зөвхөн 780 га талбайд л тариалалт хийсэн бөгөөд Х сумын Засаг дарга С.У-ын хууль бус зөвшөөрлөөр нэр бүхий иргэд манай газрыг дээрэмдэн булааж, бидний эзэмшилд халдаж, бидний боловсруулсан талбайд тариалалт хийгээд байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан аж ахуй эрхлэх тухай бидний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болсон бөгөөд манай компанийн цаашдын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, бидэнд оруулсан санхүүжилтийг буцаан төлөх хуваарь, ажиллах хүчний цалин хөлс, техник худалдан авах төлөвлөгөө зэргийг алдагдуулж, бидэнд сэтгэл санааны маш их дарамт үүсгэж, ирээдүйд олох байсан орлого, ашгийг үгүй хийж, бидэнд томоохон хохирол учруулаад байна. Иймд бид Увс аймгийн Х сумын Засаг дарга С.У-ын үйлдэл, үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д "утга агуулгын илэрхий алдаатай", 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэдэг үндэслэлээр Х сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/63 тоот "газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгуулахаар Увс аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар Х сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн "Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай" А/63 тоот хууль бус захирамжийг Увс аймгийн Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/359 тоот захирамжаар хүчингүй болгосон юм. Иймээс бид Захиргааны ерөнхий хуулийн 100.1, 101.2-т зааснаар бидэнд учирсан хохирлыг дараах байдлаар хуулийн дагуу бидэнд учирсан хохирлыг нөхөн барагдуулахыг тус хуулийн 102.2-т "Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу Увс аймгийн Х сумын засаг дарга С.У-аас нэхэмжилж байна. Үүнд: Манай компанийн эзэмшлийн талбайд үр тариа тариалсан иргэдийн үр тарианы үр шимийг бид хууль ёсоор өмчлөх эрхтэй тул тэдгээр иргэдэд учрах хохирол, зардлыг хариуцан төлөхийг Засаг дарга С.Уд даалгаж, бидэнд оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг буцаан төлөх хугацааг хойшлуулсны улмаас бий болсон хүү, алданги болох 22,484,000 төгрөг, бидний хувьд ирээдүйд олох байсан орлого, ашиг болох 616,000 төгрөг, эзэмшил газартаа тарих ёстой байсан 8 тонн үрийн рапс 1 тонныг нь 3,000,000 төгрөгөөр тооцож нийт 24,000,000 төгрөгөөр худалдан авч, нийт 662,484,000 төгрөгийг Х сумын Засаг дарга С.У-аас шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн. 2021 оны ургац хураалтын ажил бүрэн дууссан бөгөөд нэхэмжлэлд өөрчлөлт орохоор болсон тул доорх тооцооллыг гарган нэхэмжлэлд өөрчлөлт оруулж байна. Үүнд: Нэхэмжлэлийн нийт үнийн дүн 662,484,000 төгрөг байсныг 235,068,160 төгрөг болгон уг хохирлыг хариуцан төлөхийг Засаг дарга С.У-д даалгахаар тайлбар, задаргааг доор дэлгэрэнгүй оруулав.

     Маргаантай талбайд компани, иргэдийн тариалсан хэмжээ

д/д

Нэгж

талбарын

дугаар

Талбайн

хэмжээ

/м2/

Өөрсдийн боловсруулсан талбай /м2/

Боловсруулсан талбайд бидний тариалсан талбай /м2/

Боловсруулсан талбайд нргщийн тариалсан талбай /м2/

Боловсруулаагүй талбайд иргэдийн тариалсан талбай /м2/

 

 

 

 

 

 

 

1

8502000695

4067314

3840000

1500000

2340000

227314

2

8502000691

4133002

1740000

0

1740000

2393002

3

8502000693

3450761

3399865

2730761

669104

50896

 

Нийт

талбай

11651077

8979865

4230761

4749104

2671212

  1. Манай компанийн зүгээс нэхэмжлэлд дурдсан талбайд боловсруулалт хийсэн зардал болох 1 га-д 62000 төгрөгийг боловсруулалт хийсэн талбайд тариалалт хийсэн зарим иргэд тодорхой хэмжээний зардлыг гарган өгсөн. Үүнд:

д/д

Нэрс

Тариалсан

талбайн

хэмжээ

Нэг га-д ноогдох зардал /төгрөг/

Нийт

дүн

Нийт төлбөр Бэлэн/бэлэн бус Улаанбуудай - 750000Т Овьёос - 650000Т

Үлдэгдэл

төлбөр

1

н.Энхбаяр

20 га

62000

1240000

2 тонн овьёос

-

2

н.Шинэбаяр

15 га

62000

930000

900000

З0000

3

н.Ганбаатар

30 га

62000

1860000

Улаанбуудай 2 тонн

360000

4

н.Мягмаржав

35 га

62000

2170000

1000000

1170000

5

н.Сэр-Од

50 га

62000

3100000

3.6тонн овьёос

760000

6

С.Батмөнх

66.9 га

62000

4147800

2000000

2147800

 

нийт

216.9 га

 

134478000

 

4467800

 

   Энэ байдлаар иргэд Увс аймгийн засаг даргын шийдвэрийг харгалзан үзэж манай компанитай тохиролцож холбогдох тооцоог хийж байтал Х сумын засаг дарга С.У-ын 2021 оны 10 сарын 04-ний өдрийн А/140 дугаар бүхий хууль бус захирамж гарснаар дээрх иргэд үлдэгдэл тооцоо хийгээгүй болно. Түүнчлэн үлдсэн 258 га боловсруулсан талбайн зардлыг тус талбайд тариалалт хийсэн иргэд төлөөгүй байгаа бөгөөд дээрх үлдэгдэл тооцоотой нэгтгэвэл нийт 258га*62000+4467800=20,463,800 төгрөг.

  2. Манай компанид хийсэн 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаас бид 80,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 120,000,000 төгрөгийн 11 сарын хүү болох 39,960,000 төгрөг болж байгааг төлүүлэх,

   3. Бидний хувьд олох байсан орлого, ашиг болох 616,000,000 төгрөгийг төлөх гэж оруулсныг 166,180,360 төгрөг болгож байна. Учир нь энэ жилийн тариалалтад цаг агаарын байдал ихээхэн нөлөөлж ургац дунджаас доогуур хэмжээнд байж бидний тооцоолол алдагдахад хүрсэн. Бид 1000 га-д рапс тариалахаас 404 га-д тариалж, 596 га-д иргэд тариалалт хийсэн. Мөн 528 га-д улаанбуудай тариалахаас 382 га-д тариалж, иргэд 146 га-д тариалалт хийсэн. Манай компанийн энэ жилийн рапс, улаанбуудайн тариалалт, ургац хураан авалтын дүн хэмжээтэй жишсэн дүнгээр тооцон хүснэгтээр харууллаа.

д/д

Нийт талбай

Ургацын

хэмжээ /1 га-с /

Нийт

ургацын

хэмжээ

Нэгж

үнэ

Ургац хураалтын н зардал /га-д 79200Т/

Тээврийн

зардал

/1тонн

110000Т/

Улаанбуудайн

урамшуулал

/1кг-96Т/

Нийт

1

596 га рапс

0,17ц

101,3 т

2000000

47203200

11143000

 

144.253.800

2

146 га

улаанбуудай

0,36ц

52,56 т

660000

11563200

5781600

5045760

22.390.560

 

НИЙТ ДҮН

 

 

 

 

 

 

166.644.360

    4. Тариалалт бүрэн хийгдээгүйн улмаас үлдсэн 8 тонн рапсын үрийг 1 тонныг нь 2,000,000 төгрөгт тооцон 8 тонн үрийг борлуулсан нийт 16,000,000 төгрөгийг үндсэн үнийн нийт дүнгээс хасахад манай компанид 8,000,000 төгрөгийн алдагдал үүссэн. Тиймээс бид нэхэмжлэлийн үнийн дүнд алдагдал болох 8,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн нийт үнийн дүнд оруулсан болно гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

     2. Хариуцагч С.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Х сумын Засаг даргаас эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Энэхүү хэргийн хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг дарга С.У би Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т Нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг боловсруулж Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах заасан нийтлэг бүрэн эрх, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд; Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно гэж, мөн зүйлийн 20.4-т Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно гэж заасны дагуу; Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-т заасныг баримтлан 'Х ХХК-ийг эзэмшүүлсэн газрыг зориулалтаар нь 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзэн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/63 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон болно. Харин Хантайж цэнгүүл" ХХК миний дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Увс аймгийн Засаг даргад гомдол гаргасан байсан ба тус аймгийн Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/359 дүгээр захирамжаар миний шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөлийг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагааг хэлбэрийн төдий хийсэн, шийдвэртээ захиргааны акт гаргах хуульд заасан шаардлагыг хангуулаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Аймгийн Засаг даргын дээрх шийдвэр нь миний гаргасан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/63 дугаар захирамжид заасан Х ХХК-ийг эзэмшүүлсэн газрыг зориулалтаар нь 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзсэнийг буруутгасан шийдвэр биш ба харин сонсгох ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, акт гаргах ажиллагаагаа хуульд нийцүүлэх ёстой гэсэн агуулгатай байсан юм. Ийм ч учраас сумын Засаг даргаас дахин захиргааны акт гаргах ажиллагааг явуулж, Х ХХК-д сонсгох ажиллагаа хийхээр мэдэгдэл хүргүүлж, газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн иргэдэд эзэмшүүлсэн болно. Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсгох ажиллагаа явуулсны дараа би бүрэн эрхийнхээ хүрээнд дахин захиргааны акт гаргах бөгөөд энэ актыг эс зөвшөөрч байгаа бол Х ХХК нь аймгийн Засаг дарга болон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож байгаа газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, А/63 тоот хууль бус захирамжийг Увс аймгийн Засаг дарга хүчингүй болгосон гэх хууль зүйн үйл баримтууд нь эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал биш бөгөөд миний зүгээс дахин шийдвэр гаргаж тухайн газрыг ард иргэдэд хуваарилсан болно. Нөгөө талаас Х ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тус компани эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргаж уг асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай ба энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын шийдвэрлэх маргаан болох тул иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Хэдийгээр захиргааны шийдвэр гаргах болсон үйл баримтын талаар иргэний хэргийн шүүх шийдвэрлэхгүй ч гэсэн маргааны зүйлд хамааруулж үйл баримтыг энд тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, Х ХХК нь сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/20 дүгээр захирамжаар 495 га, 104 га, 413 га, 406 га, 345 га, нийт 1763 га газрыг эзэмшиж эхэлсэн бөгөөд эдгээрээс 2 талбайд нь тариалалт хийж бусад буюу 413,3 га газар, х дугаартай 345 га, х дугаартай 406,7 га газрыг эзэмшиж эхэлснээс хойш ашиглахгүй атаршуулах шинж оруулсан. Би сумын удирдлага, төр төлөөлж байгаагийн хувьд иргэдээ ажилтай орлоготой болгох нь нэн тэргүүний зорилго, нөгөө талаасаа үүрэг байсан бөгөөд ганц аж ахуй нэгж их хэмжээний газрыг эзэмших нэрээр авч, ашиглахгүй атаршуулж байгаа нь зохисгүй байснаас үүдэн уг ашиглахгүй газрыг хураан авч 1 га-гаар сумын 2 багийн 270 малчинд, 50 га-гаар олон жил газар хүссэн иргэдэд олгож, тариалалт хийлгүүлсэн болно. Энэ миний олон иргэдийн төлөө хийсэн ажил байсан. Мөн миний зүгээс Х ХХК-д газраа зориулалтаар нь ашиглаагүй 3 жил болсон тул газрын эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж, газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа тухай мэдэгдлийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өгснөөс хойш тус компани уг газрыг хавж хагалж эхэлсэн бөгөөд энэ нь ор нэр төдий, огт чанаргүй байсныг уг газарт тариалалт хийсэн иргэд мэдэж байгаа. Тус компани энэхүү ажиллагааг сумын Засаг даргын зүгээс 05 дугаар сарын 13-ны өдөр албадан зогсоосон ба Х ХХК нь газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгааг урьдчилан мэдэгдсэн байхад зориудаар эрх нь дуусгавар болсон газрыг хавж хагалж, үүнийгээ өөртөө учирсан их хохирол гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Улмаар дээр дурдсанаар Х ХХК нь өөрийн эзэмшил 5 нэгж талбар газрынхаа 2 талбарт нь тариалалт хийдэг байсан ба харин уг цуцлагдсан газрууд дээр тариа тарих гэж байсан гэдэг нь ч нотлох баримтгүй байгаа болно. Бусад үндэслэлийн талаар шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлаж, мэтгэлцэх болно. Иймд шинээр захиргааны акт гаргаж, иргэдэд газрыг тэдний гаргасан хүсэлтийн дагуу хэлэлцэн эзэмшүүлсэн байхад, олох ёстой байсан ашиг орлогоор хохироосон гэж олох ёстой байсан орлого болох 662,484,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 238.068.160 төгрөгийн олох ёстой байсан орлогын хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь илт үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 235,068,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргад холбогдох гэм хорын хохирол 235,068,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

    2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,470,370 төгрөгөөс илүү төлсөн 2,137,080 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, үлдэх 1,333,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                    П.БОЛОР

                                                       ШҮҮГЧ                  Я.УРНАА

                                                        ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ