| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00355/И |
| Дугаар | 152/ШШ2022/00439 |
| Огноо | 2023-10-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 152/ШШ2022/00439
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.С-ийн,
Хариуцагч: Ч.Б-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,717,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.С,
Хариуцагч Ч.Б/цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,717,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2022 оны 11 дүгээр сард Д.Б-ийг Х боомтод барилгын засварын ажил хийж байхад нь 0 дугаарын утсанд холбогдож 1,300,000 төгрөгийн хэрэг гараад байна гэж ярьсан. Эхлээд 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ц.С гэх 0 тоот данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн. Д.Б-ээс мөнгө шилжүүлсэн Ц.С чамтай ямар холбоотой хүн бэ? гэж утсаар асуухад манай эхнэр гэж хэлсэн. Д.Б рүү 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр холбогдож мөнгөний хэрэг гараад байна гэхэд би Х боомтод байгаа учраас очиж чадахгүй, мөн 300,000 төгрөгөөс дээш болохоор зээлийн гэрээ байгуулаад аваарай би эхнэр лүүгээ мөнгө шилжүүлчихнэ гээд тухайн өдөр Д.Б-ийн эхнэр Ц.С-тай зээлийн гэрээ хийж 1,300,000 төгрөгийг 2 хувааж авсан. Тухайн үед Ц.С надад та 10 хувийн хүүтэй гэж мэдэж байгаа юу гэж асуусан, бидний хооронд өөр ямар нэгэн яриа болоогүй. Миний бие Х боомтод ажилладаг, мөн Д.Б боомтын барилга засварын ажил хийж байхад нь зээлсэн мөнгөнийхөө хүүг тухайн сар бүр нь бэлнээр өгсөн. Үндсэн зээлсэн 1,300,000 төгрөгийг Д.Б-д 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 0 тоот дансанд нь өөрийн харилцах данснаас шилжүүлсэн болно. Ц.С нь гаргасан нэхэмжлэлдээ намайг утсаа авахгүй, мөнгө өгөхгүй гэх мэтээр гүтгэлгийн шинжтэй зүйл бичсэнд харамсаж байна. Би хоёр дугаартай хэвийн ажиллаж байгаа. Ц.С нь 2022 оны сүүлээр 1 удаа мессеж, 2023 оны 4, 8 дугаар сард утсаар л ярьсан. Тухайн үед Д.Б-д зээлсэн мөнгө мөнгөө төлсөн гэдгээ хэлсэн. Миний хувьд Д.Б-ээс зээлсэн мөнгөө төлсөн. Би Ц.С-г танихгүй, Д.Б нь танд зээлсэн мөнгөний эх үүсвэр надаас гарсан гэж хэлээд дансаа явуулсан учраас нэг гэр бүлийн хүмүүсийн хэнд нь ч шилжүүлсэн болно гэж үзээд зээлсэн мөнгөө төлсөн. Миний бие зээлсэн мөнгөө төлчхөөд байхад 6 сарын дараа Ц.С гэр бүлийн болон мөнгөнөөс үүдэлтэй маргаанаа надаас нэхэмжилж байгаад гүнээ харамсаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, Ч.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа, өөрийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас өөрийн дансны хуулга гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Сгийн хариуцагч Ч.Б-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 1,300,000 төгрөг, алданги 1,417,000 төгрөг, нийт 2,717,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 1,950,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 767,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний бие Ч.Б-тай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж 1,300,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдсэн. Ч.Б-аас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч Д.Б-д төлсөн гэх шалтгаанаар зээлдсэн мөнгөө өгөхгүй байгаа юм. Мөн Ч.Б2022 оны 1 дүгээр сард мөнгийг төлсөн гэж надад хэлсэн боловч Д.Б-ийн дансанд 2022 оны 3 дугаар сард мөнгө хийснийг харахад Д.Б, Ч.Б нар намайг нийлж залилсан гэж үзэж байна. Иймд Ч.Б-аас үндсэн зээл 1,300,000 төгрөг, алданги 1,417,000 төгрөг, нийт 2,717,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Миний бие нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Д.Б-ийн 0 тоот данс руу өөрийн харилцах данснаас 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Миний хувьд Д.Б-ээс зээлсэн мөнгөө төлсөн. Би Ц.С-г танихгүй, Д.Б нь танд зээлсэн мөнгөний эх үүсвэр надаас гарсан гэж хэлээд дансаа явуулсан учраас нэг гэр бүлийн хүмүүсийн хэнд нь ч шилжүүлсэн болно гэж үзээд зээлсэн мөнгөө төлсөн. Миний бие зээлсэн мөнгөө төлчхөөд байхад 6 сарын дараа Ц.С гэр бүлийн болон мөнгөнөөс үүдэлтэй маргаанаа надаас нэхэмжилж байгаад гүнээ харамсаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зээлдүүлэгч Ц.С нь зээлдэгч Ч.Б-тай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 1,300,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хугацааны эцэст зээл хүүгийн хамт төлж барагдуулах үүрэг хүлээжээ.
Дээрх үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд зээл болон алдангийн үнийн дүнгийн хувьд маргаагүй, харин зээлийг нэхэмжлэгчийн нөхөр Д.Б-д төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, мөн зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т зааснаар хариуцагч тал зээлийг зээлдүүлэгч Ц.С эсхүл зээлийн гэрээнд заасан эрх бүхий этгээдэд нэг бол түүний зөвшөөрснөөр өөр этгээдэд хүлээлгэн өгөх ёстой. Нэхэмжлэгч Ц.С зээлийг Д.Б-д төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хариуцагч нь зээлийг Д.Б-д төлсөн байх тул зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,300,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Ч.Б-аас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ц.С 1,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 0 дугаарын данснаас Ч.Б-ын 0 дугаартай данс руу 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус шилжүүлж, зээлийн гэрээг Ч.Б-тай байгуулсан байх тул хариуцагчийн “Д.Б-ээс зээлсэн мөнгөө түүнд төлсөн “ гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх ба тухайн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, мөн зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна” гэж, мөн зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасантай нийцэж байх тул хариуцагч Ч.Б нь гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.С-д алданги төлөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 1,300,000 төгрөгийн 0,5 хувьтай тэнцэх алданги хоног тутамд 6,500 төгрөг бөгөөд хугацаа хэтрүүлсэн 233 хоногийн алдангийг тооцож үзэхэд 1,514,500 төгрөг болж байх ба энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1,300,000 төгрөгийн 50 хувь 650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч Ц.С-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ч.Б-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлд 1,300,000 төгрөг, алданги 650,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 767,700 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 1,950,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ч.Б-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,300,000 төгрөг, алданги 650,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 767,700 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 46,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ