Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 152/ШШ2023/00460

 

   Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Т.Б-ийн,

   Хариуцагч: Г.А-д холбогдох,

   Зуучлалын хөлс 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

   Шүүх хуралдаанд оролцогчид:

   Нэхэмжлэгч Т.Б/цахимаар/,

   Хариуцагч Г.А,

   Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Г.А-д холбогдуулан зуучлалын хөлс 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

   1.1. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.А нь би банкны эдийн засагч танина, та 8 хувийн хүүтэй зээлд орж байр авч болно гэхээр нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 11,603,192 төгрөгийн зээл авч, хариуцагч Г.А-д өөрийн Хаан банкны 0 тоот данснаас 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 100,000 төгрөг нийт 8,500,000 төгрөг, хүү Б.Г-ийн Хаан банкны 0 тоот данснаас 2017 оны 12 дугаар сард 1,500,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 423006027 тоот данснаас 2018 оны 3 дугаар сард 4,000,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагч Г.А-д дээрх төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл холбогдох арга хэмжээ аваагүй бөгөөд төлнө гэх боловч нэг ч төгрөг хийгээгүй байна. Тэрээр төлөхөө илэрхийлж мессеж л бичдэг, өөрөөр холбогдож чадахгүй байна. Иймд Г.А-аас 14,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

   2. Хариуцагч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Б-ийг таньдаг байсан нь үнэн, түүний дүү Г бид хоёр 10 жилийн нэг ангийн найз. Т.Б эгчийг нь би хүүхэд байхаасаа танина. Анх С гээд хүүхнээр Г-ын газрын гэрчилгээг /тус гэрчилгээ шүүхэд маргаантай байсан/ 3 хоногийн дотор бүтээж өгснөөр бид С, Г хоёрыг зүс таних болсон. Тухайн үед С нь Голомт банкны Москва салбарт ажиллаж байсан. Тэр үед янз бүрийн зээл их гарч байсан ба С-тай би анх Увс аймагт танилцсан. Х сумын гаралтай эмэгтэй, хотод очиж уулзаад дүүгийн муу зээлийн түүх арилгаж өгсөн учраас арай дотно болж манайхаар орж гардаг болсон. Улмаар Т.Б эгчийн дүү Г-ын маргаантай газрын гэрчилгээг бүтээж өгснөөр Г-ыг бас мэддэг болсон. Үүнээс улбаалж Г нь Т.Б эгчдээ хэлсэн ба эгч 8 хувийн хүүтэй орон сууцны зээл хөөцөлдүүлье гэж хэлснээр энэ асуудал эхэлсэн. Ингээд Т.Б эгчийг нэг байранд оруулж өгсөн. Мөн манай дүү болон манай аавыг 8 хувийн хүүтэй орон сууцанд оруулж өгнө гээд ааваас 50,000,000 төгрөг авсан. Ингээд аавыг ч байранд оруулсан. Гэвч байрны эзэд хөөж, зээл гараагүй тухайн үеэс хойш энэ маргаан эхэлсэн. Би удаа дараа хот явж Баянгол дүүрэгт хүртэл байцаагдсан. Манай хойд ээж надад хүртэл гомдол гаргаж аав маань хүртэл хүнд байдалд орсон. Чингэлтэй дүүргийн Цагдаагаас надаас мэдүүлэг авсан. Энэ мөнгийг би аваагүй учраас надад ч бас хэцүү байна. Аль аль нь байранд орсон байсан болохоор болох байх л гэж бодож байсан. С-г эрж хайж зөндөө явсан банкны нууц гээд банк надад болон цагдаад мэдээлэл өгөхгүй байсан. Энэ байдлаас болж би ч бас зөндөө дарамтад орсон. Найз нөхөд, дүү, хүү нь хүртэл олон нийтийн сүлжээгээр зураг хөрөг тавьж доромжилсон. Хийгээгүй, залилаагүй хэргийнхээ төлөө цагдаа сэргийлэхээр байцаагдаж зөндөө явсан. Манай хойд ээж, Т.Б эгч хоёр нийлж зөндөө асуудал гаргасан, би ч бас гомдолтой байна. Хэрэг эвгүйтэхэд бүгд л С-г хараагүй үзээгүй болж, намайг барьж гүтгэвэл мөнгө олно гэж бодсон юм шиг байна. Би ч Т.Б эгчийг гэртээ байхад нь очиж ятгаж байранд ор гэж хэлээгүй, дүү нь маргаантай байсан бичиг баримтаа С-гаар бүтээлгэсэн, мөн хүмүүст зээл гаргаж байхыг харж мэдсэн учраас эгчдээ хэлсэн, үүнээс үүдэж Т.Б 8 хувийн хүүтэй байрны зээл хөөцөлдүүлсэн. Т.Б-ийн нэхэмжлээд байгаа 14,000,000 төгрөгийг би аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 2 ширхэг баримт, Т.Б-ийн Хаан банкин дахь 0 дугаартай дансны хуулга, Б.Г-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 0 дугаартай дансны хуулга, Б.Г-ийн Хаан банкин дахь 0 дугаартай дансны хуулга, Увс аймгийн А  сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1130 дугаар тодорхойлолт, 1 дугаарын утас руу явуулсан  зурвасууд, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

   4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар орон сууц хөлслүүлэх 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, Г.А-ийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг  зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

   1. Нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч Г.А-д холбогдуулан гаргасан зуучлалын хөлс 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

     2.1. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.А нь би банкны эдийн засагч танина, та 8 хувийн хүүтэй зээлд орж байр авч болно гэхээр нь хариуцагч Г.А-д нийт 14,000,000 төгрөгийг өгсөн. Хариуцагч Г.А-д дээрх төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл холбогдох арга хэмжээ аваагүй бөгөөд төлнө гэх боловч нэг ч төгрөг хийгээгүй байна. Иймд Г.А-аас 14,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

  3.1. Би ч Т.Б эгчийг гэртээ байхад нь очиж ятгаж байранд ор гэж хэлээгүй, дүү нь маргаантай байсан бичиг баримтаа С-аар бүтээлгэсэн, мөн хүмүүст зээл гаргаж байхыг харж мэдсэн учраас эгчдээ хэлсэн, үүнээс үүдэж Т.Б 8 хувийн хүүтэй байрны зээл хөөцөлдүүлсэн. Т.Б-ийн нэхэмжлээд байгаа 14,000,000 төгрөгийг би аваагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

   Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас зүс таних эмэгтэйгээс байр худалдан авахаар 6,000,000 төгрөг шилжүүлэн залилуулсан гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг "хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулахад зуучлах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагч Г.А нь нэхэмжлэгч Т.Б-т таньдаг эдийн засагчаар дамжуулан банкнаас ипотекийн 8 хувийн хүүтэй зээл авч өгөх үүрэг хүлээсэн, талууд зуучлалын хөлсний талаар харилцан тохиролцоогүй байна. 

   Зохигчдын аль аль нь банкны эдийн засагчтай холбогдож чадахгүй байгаагийн улмаас зуучлалын ажиллагаа амжилттай хэрэгжээгүй байна.

  Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээнд зуучлах гэрээг бичгээр хийнэ гэж, 42 дугаар зүйлийн 42.10-д Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө заасан.

   Талууд хариуцагч Г.А нь нэхэмжлэгч Т.Б-т таньдаг эдийн засагчаар дамжуулан банкнаас ипотекийн 8 хувийн хүүтэй зээл авч өгөх үүрэг хүлээсэн үйл баримтын хувьд маргаагүй, харин зуучлалын хөлс 14,000,000 төгрөгийг хариуцагч аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

  Нэхэмжлэгч Т.Б-ээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон дансны дэлгэрэнгүй хуулгуудыг ирүүлсэн ба Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 2 ширхэг баримтаар О.Оюунтүлхүүрийн данс руу нийт 600,000 төгрөг, Т.Б-ийн Хаан банкин дахь 0 дугаартай данснаас С.О-ийн данс руу 6,000,000 төгрөг, Г.А-ийн данс руу 400,000 төгрөг, О.О-ийн данс руу нийт 2,100,000 төгрөг, Б.Г-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 423006027 дугаартай данснаас О.О-ийн данс руу 3,999,996 төгрөг, Хаан банкин дахь 0 дугаартай данснаас О.О-ийн данс руу 1,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн байх ба тухайн мөнгүүдийг нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Г.А-ийн данс руу бус, өөр хүмүүсийн данс руу шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас  зуучлалын хөлс 14,000,000 төгрөгийг шаардах эрхгүй, хариуцагчийн “зуучлалын хөлс 14,000,000 төгрөгийг хүлээн аваагүй” гэх тайлбар үндэслэлтэй.

  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ” гэж, мөн зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан.

   Түүнчлэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан ба нэхэмжлэгч Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хооронд шилжүүлсэн гэх нийт 14,000,000 төгрөгийг шаардсан бөгөөд тухайн шаардлагатай холбоотой гомдлыг эрүүгийн журмаар шалгуулахаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх ба 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлтэй холбоотой гомдлыг эрүүгийн журмаар шалгуулах явцад хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар тасалдсан байх тул хариуцагч талын “гэрээний үүрэгтэй холбоотой 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

   Нэхэмжлэгчээс ирүүлсэн 1 дугаарын утас руу явуулсан зурвасууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул эдгээр зурвасуудыг үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.

  Иймд Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.2, 42 дугаар зүйлийн 42.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч Г.А-д холбогдох зуучлалын хөлс 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

   Нэхэмжлэгч Т.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.2, 42 дугаар зүйлийн 42.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч Г.А-д холбогдох зуучлалын хөлс 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                            Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ