Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 293

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч М.Амарзаяа,

            Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Нина, өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хамба овогт Баттулгын Сүхбаярт холбогдох 201726011019 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 32-556 г тоотод оршин суудаг, ерөнхий боловсролын “Жаргалан” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ял шийтгэлгүй Хамба овогт Баттулгын Сүхбаяр /РД:НН00271219/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Сүхбаяр нь 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Орбитын 35 тоот хашаан дотор Б.Галсан, М.Мөнхбаяр нарыг “хажуугаар өнгөрөхдөө мөрлөсөн, олууллаа нийлж дарамт үзүүлсэн" гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Өсвөр насны шүүгдэгч Б.Сүхбаяр нь 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Орбитын 35 тоот хашаан дотор хохирогч Б.Галсан, М.Мөнхбаяр нарыг “хажуугаар өнгөрөхдөө мөрлөсөн, олууллаа нийлж дарамт үзүүлсэн" гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан М.Мөнхбаярын гомдол /хх-ийн 5 х/

 

             Хохирогч М.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 07-ны орой 23 цаг өнгөрч байхад дүү нарын хамт 2 дугаар хороонд байх Стар гэх зааланд тоглоод гарч явтал бид нарын хажуугаар Сүхээ гэх залуу зөрж өнгөрсөн. Хойно явсан Тэгшбуянтай мөрлөлцсөн юм уу хаашаа юм, гэнэт л та нар зүгээр яв л даа, яагаад мөрлөөд байгаа юм гээд орилсон. Сүхээ чангаар дуугарч хэрүүл үүсгэхдээ “та нар 5 минут хүлээж бай, би эргэж ирнэ” гээд хажуудаа байсан охиныг дагуулаад явсан. Бид нар хашаандаа ирсэн. Галсан бид хоёр тамхи татах гээд 00 орохоор гэрээс гартал Сүхээ хашааны гадаа найзуудыгаа дагуулаад ирчихсэн “гараад ирээ үзье” гээд байсан. Галсан хашаан дотроос “та нар зүгээр зайлаа” гэхэд хашаа даваад хүмүүс ороод ирэх шиг болсон. Би энэ үед 00-д байсан бөгөөд 00-оос гараад ирэхэд Галсанг хэдэн залуучууд тойроод зогчихсон, хэрэлдээд байж байсан. Намайг дөхөөд очиход Сүхээ миний баруун хөмсөгний хавьцаа цохиход би доошоо тонгойсон. Энэ үед нүүр лүү өшиглөх шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 х/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6142 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-М.Мөнхбаярын биед духны баруун дээд хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хамрын уг орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 24 х/

 

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан Б.Галсангийн өргөдөл /хх-ийн 4 х/

 

              Хохирогч Б.Галсангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр миний бие Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Стар гэх зааланд сагс тоглоод гарч явтал Сүхбаяр гэх залуу миний хажууд явсан Тэгшээтэй маргаад байхаар нь би хажуугаар нь ороод жаахан дээрэлхээд хөөх шахуу юм болоод явуулсан чинь тэрээр эргэж ирээд надтай зодолдож миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн үед Сүхбаяраас өөр хүн намайг зодож цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 х/

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6137 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-Б.Галсангийн биед зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж хэсэгт цэгчилсэн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17-р хуудас/

 

Шинжээч Т.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Галсангийн биед үзлэг хийхэд зүүн хацарт зулгаралт, зөөлөн цэгчилсэн цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Б.Галсангийн биед учирсан хүзүү, цээж хэсэгт цэгчилсэн цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд зүүн хацарт зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 х/

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Сүхбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Толгойтын хуучин эцэс гэх газар найз охин Намуунаагийн хамт зааланд сагс тоглох гээд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байх Стар гэх заал руу явж байсан. Заал руу явж байгаад Толгойтын хуучин эцсийн орчим 6-7 тооны хүүхдүүдтэй зөрсөн. Зөрөхөд хамгийн сүүлд явж байсан Тэгшбуян гэх танил хүүхэд намайг мөрлөсөн. Тэгсэн Тэгшбуян надад хандаж яаж яваад байгаа пизда вэ гэж хэл амаар доромжилсон. Би хариуд нь өөрөө мөрлөө биз дээ гэсэн. Тэгтэл Тэгшбуянтай хамт явж байсан Галсан чи яаж байна аа гээд байсан. Галсан над руу дөхөж ирээд намайг гараараа нэг удаа хэвлийн тус газар цохьсон. Тэгсэнээ намайг зайл, яв гэж хөөсөн. Тэр үед ямар нэгэн зодоон болоогүй. Тэгээд би тэд нарт хандаж наанаа байж байгаарай гэж хэлээд найз охин Намуунааг дагуулаад найзуудыгаа дуудах гээд Толгойтын хуучин эцэс рүү явсан. Толгойтын хуучин эцэс дээр очтол найзууд болох Очирхүү, Лхагвасүрэн, Жаргалсайхан нар байсан. Найзууддаа болсон явдлын талаар хэлээд найзуудыгаа дагуулаад Тэгшбуян Галсан нарыг байж байгаарай гэсэн газар луу явсан. Яваад очтол тэд нар байгаагүй. Тэд нарыг байхгүй болохоор нь харихаар болоод гэр лүүгээ алхаж явтал замд хашаан дотор Тэгшбуянгаас бусад нь байсан. Би хашааны гаднаас тэд нарт хандаж гараад ир гэтэл Галсан чаддаг юм бол ороод ир гэхээр нь хашааг нь даваад ганцаараа орсон. Хашаанд ороод би Галсанруу дөхөж очоод баруун гараараа Галсангийн нүүрэн тус газарлуу 1-2 удаа цохисон. Галсан намайг заамдаад авсан. Тэгтэл Жаргалсайхан араас орж ирээд Галсан бид хоёрыг болиулж салгасан. Тэр үед Мөнхбаяр бие засах жорлонгийн хажууд нуугдаад байхаар нь би Мөнхбаярт хандаж “чи муу юу хийж байгаа юм” гээд түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Мөн Мөнхбаярыг доошоо суухад нь нүүрэн тус газар нь 1 удаа зүүн хөлөөрөө өшиглөсөн. Мөнхбаяр намайг цохиж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Б.Сүхбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны /хх-ийн 61 х/ дагуу прокурор түүнд 450 нэгжээр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Б.Сүхбаяр нь 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

   Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Сүхбаярыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Сүхбаяр нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Өсвөр насны шүүгдэгч Б.Сүхбаяр нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учруулсан хохирол гэж хохирогч Б.Галсанд 250.000 төгрөг, хохирогч М.Мөнхбаярт 250.000 төгрөг тус тус төлсөн гэж мэдүүлсэн ба хохирогч нараас нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг хэрэгт хавсаргасан /хх-ийн 61-63 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбаярын бусдад учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Сүхбаярын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч Хамба овогт Баттулгын Сүхбаярыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Сүхбаярыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Сүхбаяр нь торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Сүхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сүхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ