Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1662

 

 

 

 

 

 

 

 

 

                           “Р К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01954 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Р К” ХХК-ийн хариуцагч БХЯ, “БХАҮН” ТӨААТҮГ нарт холбогдуулан гаргасан 1 503 863 555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, Л.Ц, хариуцагч “БХАҮН” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч БХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Р К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч А.Энхгэрэл, Л.Цэндсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эзэн Чингис хааны алдраар нэрлэгдсэн Тэмүүжин өрлөг цэргийн дунд сургуулийн барилгын ажлыг БХЯны захиалгаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар ерөнхий гүйцэтгэгч, “Р К” ХХК нь туслан гүйцэтгэгчээр 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж гэрээний дагуу ажлаа эхэлсэн бөгөөд 2016 оны 01 сард уг ажлыг хийж гүйцэтгэж дуусаад улсын комисст хүлээлгэн өгсөн.

“Тэмүүжин өрлөг" цэргийн бүрэн дунд сургуулийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд барилгын ажлын зураг төсөл дутуу хийгдсэнээс болж, барилга угсралтын ажлын төсөв дутуу батлагдсан байсан.

БХЯнаас Тэмүүжин өрлөг цэргийн бүрэн дунд сургуулийн барилга угсралтын ажлыг манай компани дараах гэрээг байгуулан ажил үүрэг гүйцэтгэсэн юм.

1. ТГ-01 /2013 тоот гэрээгээр зоорийн суурийг эргүүлж булах, нягтруулах газар шорооны ажлыг 39 139 000 төгрөг,

2. ТГ-02/2013 тоот гэрээгээр зоорийн давхрын төмөр бетон хана, багана, дам нуруу, хучилт цутгах, зоорийн ханын дулаалга, уур ус тусгаарлах ажлууд 591 414 000 төгрөг,

3. ТГ-03/2013 тоот гэрээгээр 0,00 түвшингээс дээшхи төмөр бетон, араг бүтээцийн ажил 1 104 447 000 төгрөг,

4. ТГ-09/2013 тоот гэрээгээр хана, хамар хана өргийн ажил 327 473 413 төгрөг,

5. ТГ-10/2013 тоот гэрээгээр цонх, хаалганы ажил 140 128 956 төгрөг,

6. ТГ-11/2013 тоот гэрээгээр гадна заслын ажил 458 421 333 төгрөг,

7. ТГ-13/2013 тоот гэрээгээр дээврийн ажил 258 114 869 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэхээр нийт 2 919 138 571 төгрөгийн гэрээ байгуулан ажилласан.

Мөн 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр уг барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГазартай ТГ-01/2014 тоот гэрээ байгуулан дараах ажлыг хийж гүйцэтгэсэн.

1. Дотор засал 320 641 728 төгрөг,

2. Шалны ажил 335 534 238 төгрөг,

3. Хаалганы ажил 51 044 919 төгрөг,

4. Бусад ажил 6 047 955 төгрөг,

5. Дотор халаалт, салхивчны ажил 306 692 446 төгрөг,

6. Дотор цэвэр, бохир ус хангамжийн ажил 56 926 669 төгрөг,

7. Дотор цахилгаан хангамжийн ажил 185 692 539 төгрөг,

8. Дотор холбоо дохиолол 74 802 745 төгрөг,

9. Гадна зам талбайн тохижилтын ажил 11 571 579 төгрөг, нийт 1 448 964 818 төгрөгийн ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн. Дээрх санхүүжилт бүрэн орсон.

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх явцад буюу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үед БХЯны барилга захиалагчийн албаны холбогдох албан тушаалтнууд болон Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн хариуцсан албан тушаалтнуудын санал санаачилгаар барилга угсралтын ажлын явцад хийц бүтцийг өөрчлөх, өрсөн ханыг буцааж нураах, өөр газар шинэ хана өрөх, өөрчлөх, уг барилгын зураг төсөвт ороогүй боловч зайлшгүй хийх шаардлагатай ажлууд гарсныг манай компани нөөц бололцоогоо ашиглан өөрийн зардлаар болон хувь хүн, компаниудаас бараа материал зээлээр авч хийж гүйцэтгэсэн.

Хариуцагч нар нэмэлт ажлын зардлыг шийдвэрлэж, гаргаж өгнө гэж бүх ажлыг хийж дуусгуулсан боловч өнөөдрийг хүртэл санхүүжилт олгоогүй. “Р К” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нэмэгдэл ажлын зардлыг задаргаагаар тооцвол:

1. Анх сургуулийн барилга угсралтын ажлын зураг төсвийг гаргахад хийгддэг хөрсний геологийн дүгнэлтийг буруу хийгдсэнээс болж барилгын суурь гүнийг ухах явцад хөрсний ус илэрч суурь суух гүн 1,6-4 метрээр доошилсон. Суурийн газар шорооны ажлын нэмэгдэл зардал 205 463 710 төгрөг,

2. Хөрсний ус зайлуулах ажлын зардал 51 500 000 төгрөг,

3. Суурийн нэмэгдэл ажлын зардал 6 844 804 төгрөг,

4. Уг барилга нь А, Б, В гэсэн гурван блок, 3-н давхар барилгаас бүрдсэн барилга юм. Анх БХЯнаас барилгын зураг төсөл боловсруулах даалгаварт Б блокны барилга нь зоорьтой байхаар өгөгдсөн. Үүний дагуу зураг төсөл анхнаасаа 3-н блокны нэг нь зоорьтой нөгөө 2 нь гарааш, ангийн зориулалттай байсныг барилга угсралтын ажлын явцад А, Б, В блокуудыг З-ланг нь зоорьтой болгосноор төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлын зардал гарсан. Гараашийн хаалгыг хааж цонх болгох, 2 блокийн бетон цутгалтын ажил, ангиудын ханыг буулгаж, буудлагын том заалтай болгож засварлуулсан. Энэ ажлын зардал 58 035 856 төгрөг,

5. Дотор гадна талын төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлын зардал 520 603 922 төгрөг,

6. A, В блокны зоорийн давхарт бүтэн чулуун плита болгосон ба спорт заалны шалыг бүтэн резинэн шал хийсэн ажил болох шалны нэмэгдэл ажлын зардал 295 187 150 төгрөг,

7. Дээврийн төмөр хийцийн нэмэгдэл ажлын зардал 75 120 179 төгрөг,

8. Гал тогооны тоног төхөөрөмжийн цахилгааны угсралтын ажил 29 885 599 төгрөг,

9. Барилга угсралтын ажлын зураг болон огт төсөвлөгдөөгүй гадна халаалт, цэвэр ус, дулааны үзелийн ажлын зардал 87 611 218 төгрөг,

10. Барилга угсралтын ажлын зураг болон огт төсөвлөгдөөгүй гадна бохир усны ажлын зардал 94 037 639 төгрөг,

11. Барилга угсралтын ажлын зураг болон огт төсөвлөгдөөгүй гадна цахилгааны ажлын зардал 15 333 174 төгрөг, нийт 1 439 623 252 төгрөг болсон.

Мөн БХЯны холбогдох албан тушаалтнууд 120*14 м хэмжээтэй казармын худал хэлж барилгын туурийг буулгуулж, цэвэрлүүлсэн ажлын хөлс 64 240 303 төгрөгийг манай компанид өгөөгүй биднийг хохироож байна.

Манай компанийн хувьд нэмэлт ажлын санхүүжилтийг авах талаар МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БХЯны холбогдох бүхий л албан тушаалтанд албан бичиг өгч, уулзаж байсан боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

БХЯ, Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГазраас Тэмүүжин өрлөг цэргийн бүрэн дунд сургуулийн барилга угсралтын ажлын нэмэгдэл зардал 1 439 623 252 төгрөг, Батлан хамгаалах их сургуулийн хашаанд байр хуучин цэргийн казармын барилгыг буулгаж, ачих ажлын зардал 64 240 303 төгрөг, нийт 1 503 863 555 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Шаардах эрхийн тухайд БХЯнаас гэрээгээр хүлээсэн үүрэг буюу нэмэлт ажлын хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэмэлт гарсан зардлууд болон хуучин цэргийн барилга буулгасан ажлын хөлсөнд 1 136 208 555 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Харин “Батлах хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-нь үндэслэлгүйгээр менежментийн зардал суутгаж авсан тул 367 655 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч БХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрмөнх, Э.Мөнхнаран нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БХЯ нь “Шифт” ХХК-тай зураг төсөл боловсруулах ажлын гэрээг 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. Тус зураг төслийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,9 тэрбум төгрөгөөр тухайн барилга баригдаж дуусахаар тохиролцож, барилгын гүйцэтгэгчээр “Талст Өргөө” ХХК тендерт шалгарч 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Тухайн барилга нь 94х27.5 хэмжээтэй 500 хүүхдийн хүчин чадалтай, 34 881,9 шоо метр эзлэхүүнтэй, төмөр бетон карказан хийцтэй, хөнгөн бетон блокон хана дүүргэгчтэй, металл ган нуруутай, сендвичэн болон хар цаасан хавтгай дээвэртэй барилга байсан. 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилтээс “Талст Өргөө” ХХК-д 1 153 184 804 төгрөгийг олгосон. Тухайн компани урьдчилгаа төлбөрийн 700 000 000 төгрөгийн баталгааг Сангийн яам-нд хуурамчаар гаргаж өгсөн нь аудитын хяналт шалгалтаар илэрч гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн хэлж буй асуудлуудтай холбоотойгоор барилгын зураг төслийн ажилд өөрчлөлт орж, анхны төсөвт өртөг 1,9 тэрбум төгрөг байснаас 5 256 500 000 төгрөг болж нэмэгдсэн. “БХЯ”-ны сайдын 2013 оны А/186 дугаар тушаалаар ерөнхий гүйцэтгэгчээр Монгол цэрэг жуулчин төрийн өмчит үйлдвэрийн газартай гэрээ байгуулж, тус байгууллага нь туслан гүйцэтгэгчээр “Талст Өргөө” ХХК-тай гэрээ байгуулсан. “Талст Өргөө” ХХК нь одоогоор нэрээ өөрчлөн “Р К” ХХК болсон. Ингээд компанийн нэр өөрчлөгдсөн боловч захирал болон ажилчид өөрчлөгдөөгүй тул барилгын ажлыг үргэлжлүүлээд явсан байдаг. Барилгын тухайд БХЯ нь Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээнд 3 давхар дунд сургуулийн угсралтын ажлыг тодорхой зааж өгсөн байгаа. Гадна инженерийн шугам сүлжээ гэж байгаа. Үүнд дулаан, цахилгаан шугам, цэвэр, бохир усан хангамж, холбоо, гадна ажлын тохижилтын хамт батлагдаж, техникийн өгөгдлийн дагуу барилгыг 5 256 500 000 төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаар гэрээнд заасан байгаа юм. Тухайн барилгын төсөв нь Сангийн яамд буюу төрийн төсөвт тусгагдсаны дагуу барилгын санхүүжилт хийгддэг. Барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой 2012 онд “Талст Өргөө” ХХК-д 1 153 184 804 төгрөг, 2013 онд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт-т 2 656 500 000 төгрөг, 2014 онд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 1 247 000 000 төгрөг, 2015 онд мөн Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 199 500 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд нийт 5 256 184 000 төгрөгийг гүйцэтгэгч компаниудад шилжүүлсэн. Барилга зураг төслийнхөө дагуу баригдаж ашиглалтад орсон. Иймд БХЯ Иргэний хуульд заасан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргийг биелүүлсэн гэж үзэж байгаа тул “Р К” ХХК-ийн нэхэмжилж буй 1 503 863 555 төгрөгийг төлөх нь үндэслэлгүй юм. Батлан хамгаалахын яам-наас ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор гэрээнд заасан хугацаанд ажлаа дуусгахыг шаардах нь зүй ёсны асуудал бөгөөд барилгын ажлыг хурдан дуусга гэж шахаж шаардсан учраас бид иргэд, Аж ахуйн нэгжээс зээл авч барилгын ажлыг дуусган хүлээлгэж өгсөн гэх тайлбар үндэслэлгүй. Харин нэмэлт ажил хийсэн тохиолдолд нэмэлт ажлын зардал гарсан бол иргэд хоорондын барилгын ажил биш учраас Барилга хөгжлийн үндэсний төвөөр дамжин улсын төсөвт тусгагдаж байж санхүү хийгдэх журамтай. Иймд улсын төсөвт тусгагдаагүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг гарган өгөх боломжгүй. Барилгын ажил 5,4 тэрбум төгрөгөөр хийгдэнэ гэж төсөвлөгдсөн байсан боловч Улсын төсвөөс 5,2 тэрбум төгрөг гэж төсөвлөгдсөн байсан. 144 000 000 төгрөгийн зөрүү гарч байгаа нь БХЯ-наас хассан асуудал биш бөгөөд Сангийн яамнаас баталсан төсөвт өртгийн хүрээнд төсөвлөгдсөн мөнгө юм. БХЯ нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1 503 863 555 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “БХАҮН” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тэмүүжин Өрлөг” цэргийн бүрэн дунд сургуулийн барилга угсралтын ажилд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдож “Р К” ХХК туслан гүйцэтгэгчээр сонгогдсон байгаа. Туслан гүйцэтгэгчээр сонгогдсон “Р К” ХХК-тай гэрээ байгуулсан. “Р К” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулсан төлбөрөө захиалагчаас бүрэн хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Гэрээт ажлын хүрээнд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар оролцохдоо гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн барилгын ажилд хяналт, шалгалт хийх болон санхүүжилтийг хариуцан ажиллаж байсан. “Р К” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулсны үндсэн дээр ямар нэгэн зөрчилгүй ажиллаж байсан. Ажлыг хүлээлгэж өгч байхад ямар нэгэн гомдол санал гарч байгаагүй ба нэмэлт ажил хийсэн бол хуулийн дагуу баталгаажуулах ёстой. Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хийх ажлынхаа хүрээнд “Р К” ХХК-тай ямар нэгэн нэмэлт ажлын гэрээ, ам хэлцэл байгуулж байгаагүй талаар талууд тайлбарлаж байна. 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэх агентлаг болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хяналт, шалгалт хийсэн дүгнэлт байдаг. Тухайн дүгнэлтэд “Шифт” ХХК-ийн 2012 онд боловсруулсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байгааг шалгаж, бетон карказын ажлыг бүрэн дуусгаж, дотор заслын ажил хийгдэж байна гэж тодорхойлох хэсэгт бичсэн байгаа юм. Улсын байцаагчийн хяналтын дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт ажлын зураг төслийн дагуу хучилт хийгээгүй, цутгамал бетоныг эвдэж, ажлын арматур тасалж, нэмэлт арматурыг ажлын зургийн дагуу байрлуулаагүй байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Сангийн яам хянасан ямар нэгэн материал нотлох баримтад байдаггүй. Хийсэн ажлаа баримтаар нотлох ёстой гэж үзэж байна. Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар барилга барих үйл ажиллагаанд хуульд зааснаар хийх ёстой ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. Нотлох баримтгүйгээр өөрсдийн үйл ажиллагааны талаар амаар тайлбарласныг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БХЯнаас 211 534 456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Р К” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 292 329 099 төгрөгт холбогдох хэсэг болон “БХАҮН” ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 677 267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХЯнаас 1 215 622 төгрөгийг гаргуулж “Р К” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, А.Энхгэрэл нар давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх "Роксолид констракшн" ХХК-ийн нэхэмжлэлтэй БХЯ, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГазарт холбогдох 1 503 863 555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн маргаантай харилцаа, маргааны зүйлийг буруу тодорхойлж Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч "Роксолид констракшн” ХХК-ийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, А.Энхгэрэл бид анхан шатны шүүхийн шийдвэрээр 1 292 329 099 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүх эрх зүйн маргаантай харилцаа, маргааны зүйлийг зөв тодорхойлж, хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэсэн тухайд:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцөл нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг зөв тодорхойлох, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой тайлбарлан хэрэглээгүй. Гэтэл анхан шатны шүүх маргалдаж буй талуудын хоорондын харилцааг буруу тодорхойлж, гэрээгээр тохиролцсон ажлуудаас гадна хийсэн нэмэлт ажлуудыг хэний хүсэлтээр хийх болсон, түүний хөлс, санхүүжилтийг хариуцан төлөх үүрэг хэзээ, хэнд үүссэн зэрэгт нарийвчлан дүгнэлт хийлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...”Роксопид констрашн” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ААТТӨҮГ (БХАҮН ААТТӨҮГ) Монгоп цэрэг жуупчин ТӨҮГ/-тай байгуулсан байх туп Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ААТТӨҮГ-аас гэрээгээр хүлээсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй, гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төпөх үүргийг БХЯ (БХЯ)-наас шаардах эрхгүй,  "БХЯ-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хариуцагчаар татсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна" гэж дүгнэсэн атлаа БХЯ-аас 211 534 456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон БХАҮН ААТТӨҮГ-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, БХЯ-ны захиалгаар “Тэмүүжин-Өрлөг” цэргийн бүрэн дунд сургуулийн 3 давхар барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч “Р К” ХХК барьж гүйцэтгэн БХЯ-д 2015 онд хүлээлгэн өгсөн.

Тус сургуулийн барилга нь улсын төсвөөс санхүүжигдэх тул захиалагч талаас Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, БХИС-ийн хашаанд байршилтай 94.20x27.50 хэмжээтэй цутгамал төмөр бетон баганан суурь, хучилттай 3 давхар дунд сургуулийн барилгыг гад инженерийн шугам сүлжээний хамт нийт 5 418 894 378 төгрөгөөр барьж гүйцэтгэх зураг төсвийг “Шифт” ХХК-аар хийлгүүлсэн юм.

Уг зураг, төсвийн дагуу захиалагч БХЯ нь барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчээр өөрийн харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ААТТӨҮГ-ыг тендерээр шалгаруулж дээрх барилгын ажлыг 5 256 500 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан байдаг. Энэхүү барилгын санхүүжилтийн мөнгийг (улсын төсвөөс дутуу санхүүжсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно) БХЯ нь харьяа БХАҮН-д бүрэн шилжүүлсэн гэдэг боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй юм.

Харин БХАҮН ААТТӨҮГ нь "Роксолид констракшн" ХХК-тай нийт 8 гэрээ байгууллага барилгын суурийн ажил, араг бүтээцийн ажил, хучилтын ажил, шалны ажил гэх мэт ажлыг тус тусад нь гэрээ байгуулах замаар нийт 4 368 103 389 төгрөгөөр  гүйцэтгэхээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Дээрх гэрээний санхүүжилтийг БХАҮН ААТТӨҮГ-аас авсан гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй бөгөөд БХАҮН ААТТӨҮГ-тай байгуулсан гэрээгээр тохиролцсон үе шатны ажлуудаас гадна барилгын ерөнхий захиалагч БХЯ-ны хүсэлт, шахалт, шаардлагаар барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр бүхэлд нь барьж дуусган ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн.

“Р К” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын хөлсний үлдэгдлийг бус харин Тэмүүжин-Өрлөг бүрэн дунд сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх явцад барилгын зураг болон төсөвт огт тусгагдаагүй ажлууд, барилгын зурагт байгаа, барилгын материалын тоо хэмжээ, түүний нэгж үнэ нь төсөвт дутуу тусгагдсан болон зураг, төсвийг захиалагчийн хүсэлтээр буюу БХЯны хүсэлтээр өөрчилж хийсэн нэмэлт ажлын зардал, хөлсийг шаардсан. Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг гүйцэтгэх явц зайлшгүй хийгдэх болсон ажил буюу дээрх нэмэлт ажлууд зайлшгүй хийгдэж байж барилга ашиглалтад орох, гэрээнээс гадна нэмэлт ажлуудыг БХЯны хүсэлтээр гүйцэтгэсэн юм. Үүнтэй холбоотой хөлс, зардлыг төлөөгүй нэхэмжлэгчийг хүнд дарамтад оруулж хохироож байгаа учир нэхэмжлэгч компани өнөөдөр нэр бүхий 19 иргэд, байгууллагад 1.5 тэрбум төгрөгийн өр, төлбөр тус барилгыг барихтай холбоотойгоор үүссэнийг хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот, шүүхийн шийдвэрүүдээр нотолно.

Нэхэмжлэгчийн зүгээс тус хэргийн хариуцагчаар БХЯ-ыг хамтран хариуцагчаар татсан нь хэдийгээр БХЯ-тай гэрээ байгуулаагүй ч БХЯ-ны хүсэлтээр дээрх нэмэлт ажлуудыг гүйцэтгэн ашиглалтад оруулж, БХЯ тус сургуулийн барилгыг хүлээн авч, тус барилгыг өнөөдрийг хүртэл хэвийн ашиглаж байгаатай нь холбоотой юм.

Дээрх үндэслэлүүдээр, мөн анхнаасаа барилгын зураг, төсөв нь алдаатайн улмаас нэмэлт ажлуудыг БХЯ-ны хүсэлтээр гүйцэтгэн барьж дуусгасны хөлс, зардал буюу дутуу санхүүжүүлсэн хэмжээгээр БХЯ-ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хуулийн болон бодит үндэслэлтэй байна. Гэтэл Анхан шатны шүүх БХЯ-тай гэрээ байгуулаагүй, БХЯ-наас гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэж, ийнхүү дүгнэсэн атлаа БХЯ-наас нэхэмжлэлийн зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж маргалдаж буй талуудын эрх зүйн харилцаа, маргааны зүйлийг буруу тодорхойлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ.

2.Шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: "Шүүхээс “Р К” ХХК-ийг нэр бүхий 19 байгууллагад нийт 1.5 тэрбум төгрөгийн ор төлбөртэй тухай шүүхийн шийдвэрүүд, ерөнхий инженер болон төсвийн хяналтын инженер нарын хийсэн тооцоолол, хурлын болон уулзалтын тэмдэглэлүүдээр нэмэлт ажлуудыг хийсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, гүйцэтгэгч захиалагчид гэрээгээр тохиролцоогүй, нэмэлт ажил гүйцэтгэх болсон талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна" гэж дүгнэжээ. Тэмүүжин өрлөг цэргийн дунд сургуулийн барилгын ажилд төсөвт тусгагдсан боловч дутуу тусгагдсан, огт тусгагдаагүй зардлын талаарх үйл баримтыг нотолсон баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогддог, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой доорх баримтуудыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн ба тэдгээрийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч нарын зүгээс няцааж чадаагүй юм.

Дээрх инженерүүдийн хийсэн тооцоолол нь гэрээний хоёр талын инженерүүдийн гаргасан буюу барилгын үндсэн ажлын зураг, төсвийг хооронд нь тулган харьцуулах замаар хэнд ч ойлгогдохуйц байдлаар гаргасан тооцоо нийлсэн хүснэгт болохоос нэхэмжлэгч компанийн инженерүүдийн зохиосон тооцоо, төсөв биш юм.

Мөн хариуцагч БХЯ нь өөрөө бусад төрийн байгууллагууд буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Барилгын хөгжлийн төвд явуулсан албан бичигтээ "... барилгын санхүүжилт дутуу, барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажил огт тусгагдаагүй, барилгын зураг болон төсөв хоорондын зөрүүнээс болж барилгын ажил хойшлогдож байгаа, барилгын ажлын зурагт байгаа тоо, хэмжээ нь төсөвт дутуу тусгагдсан, зайлшгүй нэмэлт ажлууд хийгдсэн..." талаарх хариуцагчийн өөрийн хүлээн зөвшөөрсөн албан тоотууд, БХЯ болон БХАНҮ ААТТӨҮГ-ын удирдлагуудтай хуралдсан хурлын тэмдэглэлүүд нь “Р К” ХХК-ийг нэмэлт ажил хийсэн, тухайн үед барилгын зураг, төсөв алдаатай, зураг төсөвт огт тусгагдаагүй, дутуу тусгагдсан гэдгийг тухайн үед нь мэдэгдэж байсан, захиалагчийн хүсэлтээр нэмэлт ажил хийсэн гэдгийг захиалагч БХЯ нь өөрөө нотолсон албан тоотууд, хурлын тэмдэглэлүүд хэрэгт байсаар байтал шүүх энэ талаар нэхэмжлэгч компанийг мэдэгдээгүй, нэмэлт зардал гарах талаар мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж худал дүгнэлт хийсэн.

Ийнхүү дүгнэсэн атлаа дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.1, 345.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 болон 40.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн ба анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Тус барилгын ажилд нэмэлт зардал гарсан нь нэхэмжлэгчийн буруугаас болоогүй, нэхэмжлэгч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлтэй ажлын үе шат бүрт хэсэгчлэн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед нэмэлт ажлын зардал гарна гэдгийг мэдэгдээгүй захиалагчийн буруутай нөхцөл байдал хэргийг хэлэлцэх явцад маш тодорхой нотлогдон тогтоогдсон. Тус барилгыг захиалагч БХЯ хүлээн авч, одоо хэвийн үйл ажиллагаа явуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй.

Шүүх гэрээний нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн тохиолдолд гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг, мөн нэмэгдсэн төсөв, ажлын хэмжээгээр нэхэмжлэгч шаардах эрхтэй, тэр эрхээ хэрэгжүүлээгүй нь өөрийнх нь буруу мэтээр нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн явдал нь хариуцагч нэмэгдсэн хэмжээний хөлсийг нэмж төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна.

Түүнчлэн шүүх барилгын анхны зураг төсөв Монгол улсад мөрдөгдөж буй стандартын дагуу хийгдсэн эсэх, бодитой үнэн зөв зохиогдсон эсэх, зураг, төсөв зөрүүтэй эсэх, анхны хийсэн зураг, төсөв болон бодит гүйцэтгэлд хийгдсэн 1.4 тэрбумын төсөвт өртөг хоорондын зөрүү, ялгаа байгаа эсэхэд үнэн зөв үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй төдийгүй нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт ажил . хийгдсэн талаарх мэргэшсэн төсөвчний төсөв нь бодитой эсэх, нэмэлт ажил хийгдсэн бол түүний төсөвт өртгийг тодорхойлуулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэгчийн хүсэлт үндэслэлтэй, тусгай мэдлэг шаардсан шинжээч томилох шаардлагатай, шинжээчийн дүгнэлт нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна гэж хүсэлтийг хангасан захирамж гаргасан билээ.

Гэтэл шинжээчийн дүгнэлт нь бүхэлдээ үндэслэл муутай, зөрүүтэй, эргэлзээ бүхий гарсан. Тухайлбал, шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр хавсралтад нэхэмжлэгч байгууллагад дүн 851 149 982 төгрөг, 2 дугаар хавсралтад гүйцэтгэгч байгууллагад өгөх боломжтой дүн 1 446 942 231 төгрөг гэж зөрүүтэй дүгнэлт гаргаж, гүйцэтгэгч байгууллагад тодорхой мөнгөн дүнг олгохоор дүгнэлт гаргаж шинжээчийн эрх, үүргээ хэтрүүлсэн, Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дугээр зүйлийн 14.1, 17 дугаар зүйлийн 17.2 болон 17.4 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон юм.

Нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий эргэлзээтэй, илэрхий зөрүүтэй байсан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шүүх татгалзаж, тусгай мэдлэг шаардсан, шинжээчийн дүгнэлт гаргах нь хэргийг шийдвэрлэхэд чухал, нотолгооны ач холбогдолтой гэж үзэж хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэж, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй, үгүйсгэсэн үндэслэлээ ч шийдвэртээ тусгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32018/17528 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй. Анхнаасаа шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй талаараа тайлбар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй, шүүх хуралдаанд шинжээчид дүгнэлтийнхээ үнэн зөвийг тайлбарлаж чадаагүй юм.

Үндсэн төсөвт санхүүжилт тусгагдаагүй үйл баримт нь 1 дүгээр хавтасны 16 дугаар хуудаст авагдсан төсвийн жагсаалтаас тодорхой харагдахаас гадна, 1 дүгээр хавтасны 170, 172 дугаар талд авагдсан техникийн нөхцөл 2014 онд нөхөн хийсэн нь харагддаг. 1 дүгээр хавтасны 177-184 дүгээр хуудаст авагдсан Тэмүүжин Өрлөг цэргийн дунд сургуулийн барилгын ажлын зураг боловсруулах гэрээнд гадна инженерийн байгууламжийн зураг ороогүй, тусдаа гэрээ байгуулж зурна гэсэн заалтад тодорхой тусгагдсан байдаг. Барилгын ажил явагдаж байх'цаг хугацаанд хоёр талын инженерүүдээс барилга угсралтын ажлын зургийн тоо хэмжээг төсвийн тоо хэмжээтэй харьцуулан тооцсон акт 2 дугаар хавтасны 97, БХЯ, Барилга захиалагчийн албаны төлөөлөлтэй 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан хурлын тэмдэглэл 2 дугаар хавтасны 99 дүгээр хуудас, Дээврийн төмөр хийцийн зөрүүг тооцож, БХЯ-ны барилга захиалагчийн албаны удирдлагуудтай хуралдсан хурлын тэмдэглэл 2 дугаар хавтасны 100 дугаар хуудас, БХЯ-ны Барилга захиалагчийн албаны удирдлагуудтай барилгын зураг, төсвийн зөрүүний талаар хуралдсан 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл 2 дугаар хавтас 101,102-р хуудас, БХЯ-ны барилга захиалагчийн албаны удирдлагуудтай 2013.09.25-ны өдөр барилгын суурийн газар шорооны нэмэгдэл ажлын тухай хэлэлцсэн протокол, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр БХЯны Барилга захиалагчийн албанаас “Шифт” ХХК-руу дулаан техникийн нөхцөл гарсан тул дулааны зураг төсвийг хийлгэх талаар хүргүүлж байсан албан бичиг 2 дугаар хавтас 129 дүгээр тал, гэрч Даваадоржийн мэдүүлэг, “Р К” ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүссэн 1,4 тэр бум төгрөгийн өр төлбөрийг тодорхойлсон албан бичиг, шинжээчийн дүгнэлт, 1 дүгээр хавтас 159-161 хуудаст авагдсан БХЯ-ны төлбөр тооцоог хүлээн зөвшөөрсөн албан бичгүүдээр “Тэмүүжин өрлөг" цэргийн дунд сургуулийн барилгын ажлын төсөвт дутуу тусгагдсан нэмэлт ажлын зардал, огт төсөвлөөгүй ажлын зардал гарсан үйл баримт тогтоогдож байна. Зардлын тооцоог төсөвлөсөн мэргэшсэн төсөвчний тооцоог шинжээчийн дүгнэлт нотлох байсан хэдий ч шинжээч нар өөрсдийн дүгнэлтийн үнэн зөвийг тайлбарлаж чадаагүй, эргэлзээ бүхий байдал /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1/ үүссэн байхад нөхцөл байдлыг арилгалгүй хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГазрын тухайд маргаан бүхий барилгын ерөнхий гүйцэтгэгч, менежментийг хийсэн гэх боловч түүнийг няцаасан тайлбар нотлох баримт өгөөгүй, шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүхийн зардлыг шийдвэртээ хуваарилалгүй орхигдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг зөрчсөн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч “Р К” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч БХЯ, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-т холбогдох Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөлд байдлыг харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэсэн хууль бус шийдвэр болсон гэж үзэж, тус шүүхийн 2019 оны №101/ШШ2019/01954 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. БХЯыг төлөөлж "Барилга захиалагчийн алба" ТӨААТҮГ-ын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 5 256 500 000 төгрөгийн өртөг бүхий Тэмүүжин Өрлөг сургуулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Уг гэрээгээр захиалагч нь "Барилга захиалагчийн алба" ТӨААТҮГ бөгөөд гүйцэтгэгч "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨААТҮГ нь 94.20 х 27.50 хэмжээтэй 500 сурагч суралцуулах хүчин чадал бүхий 3 давхар дунд сургуулийн барилга угсралтын ажлыг гадна инженерийн шугам сүлжээ /дулаан, цахилгааны шугам, цахилгааны дэд өртөө, цэвэр бохир усан хангамж, холбоо/-ны ажлыг гадна тохижилтын ажлын хамт батлагдсан зураг төсөв, ажлын даалгавар, техникийн нөхцөлийн дагуу барьж байгуулан ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан.

"Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨААТҮГ болон "Роксолид констракшн" ХХК нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ТГ-1/2014 тоот Барилгын ажил гүйцэтгэх түншлэлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт "ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно" гэж заасан зохицуулалтын хүрээнд хэрэгжсэн гэрээ юм.

Уг зохицуулалтаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэгч байгууллага болох "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨААТҮГ нь туслан гүйцэтгэгч компани болох "Роксолид" констракшн ХХК-ийн хувьд захиалагч байгууллага юм.

БХЯ нь "Роксолид констракшн" ХХК-тай ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй ба шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэсэн заалтыг үндэслэж БХЯнаас 211 534 456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Роксолид констракшн" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт "гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно" гэж, 345.2-т "гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч нь энэ тухай захиалагчид нэн дарай мэдэгдэх үүрэгтэй" гэж заасан.

Хуулийн энэхүү зохицуулалт нь гэрээгээр хийж гүйцэтгэх ажлын төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал энэ талаар харилцан тохиролцох, түүнчлэн ажил гүйцэтгэгч энэ талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргийг хүлээж, захиалагч гэрээг цааш үргэлжлүүлэх, эсхүл өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр гэрээнээс татгалзах эрхтэй гэсэн агуулгыг илэрхийлж байна.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлыг БХЯтай аман хэлцлээр тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 159-161 дүгээр тал, 179-181 дүгээр тал, мөн 2 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр талд авагдсан баримтуудаар нотлогдож байна гэж үзэхээр байх тул холбогдох зардлыг БХЯнаас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

Гэвч дээр дурдсан хавтаст хэргийн дугаар бүхий баримтуудад гэрээгээр хийж гүйцэтгэх ажлын төсвийн хэмжээний талаар харилцан тохиролцсон тогтоосон тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй ба Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т заасан "гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч нь энэ тухай захиалагчид нэн дарай мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул холбогдох зардлыг шууд БХЯнаас төлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зүйн хувь үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 15 дахь талд гүйцэтгэгч нь захиалагчид гэрээгээр тохиролцоогүй, нэмэлт ажил үүрэг гүйцэтгэх болсон талаар болон уг үүргийг гүйцэтгэхтэй холбоотой хөлс нэмэгдэх талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар мөн тогтоогдохгүй байна гэж тэмдэглэсэн хэдий ч шүүхийн шийдвэрийн 17 дахь талд "нэхэмжлэгч /гүйцэтгэгч/-ийг гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байна." гэж тус тус дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт дурдсан үндэслэлүүд нь агуулгын хувьд зөрчилдөж байна.

3. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан харилцан хамаарал бүхий гэрээний бодит хүсэл зориг юу байсныг тогтоохгүй ба шийдвэрлэсэн хэргийг бодитойгоор шийдвэрлэх боломжийг хязгаарлах нөхцөл болсон гэж тус тус үзэж байна.

Иймд хариуцагч БХЯнаас 211 534 456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Роксолид констракшн" ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Р К” ХХК нь БХЯ болон “БХАҮН” ТӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүрэгт 1 503 863 555 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ гэрээний үнийн дүн, төсөвт урьдчилан тусгагдаагүй нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын зардал, хөлс гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь ажил гүйцэтгэгч компанийн хийж гүйцэтгэсэн бүх ажил нь төсөвт тусгагдсан 5 256 500 000 төгрөгт багтсан, захиалагч ажлын хөлсийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан байна.

 

“Р К” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн ТГ-01/2013, ТГ-02/2013, ТГ-03/2013 тоот Батлан хамгаалах Их Сургуулийн Тэмүүжин-Өрлөг бүрэн дунд сургуулийн барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гурвалсан гэрээг захиалагч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ, ерөнхий гүйцэтгэгч Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-тай, 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ТГ-09/2013, ТГ-10/2013, ТГ-11/2013 тоот гэрээг, мөн 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн ТГ-13/2013 тоот гэрээг тус тус “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-тай, 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ТГ-1/2014 тоот Барилгын ажил гүйцэтгэх түншлэлийн гэрээг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-тай байгуулсан нь хэрэгт авагдсан бөгөөд /хх1-191-250, хх2-1-13, 14-18/ нэхэмжлэгч дээрх гэрээ тус бүрт заасан ажлыг тендерт тусгагдсан үнийн дүнд нийцүүлэн хийж гүйцэтгэх, Монгол цэрэг жуулчин ТӨҮГ, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргийг харилцан хүлээсэн, талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхээр маргаагүй байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Монгол цэрэг жуулчин ТӨҮГ-ыг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болгон өөрчилсөн, гэрээний тал Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ болсон тухайд талууд маргаагүй.

 

Мөн дээрх ажлын захиалагч нь БХЯ, түүнийг төлөөлж Барилга захиалагчийн алба гэрээ байгуулсан, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ нь ерөнхий гүйцэтгэгчийн үүрэг хүлээж, Тэмүүжин-Өрлөг сургуулийн барилга угсралтын ажлыг 5 256 500 000 төгрөгийн төсөвт багтаан гүйцэтгэх үүрэг хүлээснээр туслан гүйцэтгэгч “Р К” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээ тус бүрээр тодорхойлсон барилгын ажлын үр дүнг захиалагч хүлээн авснаар санхүүжилт хийгдсэн тухайд талууд маргаагүй, харин гэрээнд тусгагдаагүй ажлуудыг хийж, зардал төсөв нэмэгдсэн эсэхээр маргасан байна.

 

Шүүх Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ, “Р К” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв бөгөөд ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болохоос гадна туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах талаарх мөн хуулийн  347 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр гүйцэтгэж буй ажил нь барилгын ажил  тул Барилгын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг талууд мөрдөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч “Р К” ХХК нь зураг төсөлд, төсөвт тусгагдаагүй нэмэгдэл ажлын зардал гэж 11 төрлөөр жагсаасан нийт 1 439 623 252 төгрөгийг хариуцагч БХЯнаас шаардсан ч “Шифт” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажлын зураг төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, хянан баталгаажуулсан болон ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт оруулсан баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаагүй байна.

 

Иймд Барилгын тухай хуулийн /2008 оны/ 12 дугаар зүйлд 12.1 дэх хэсгээр барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ...зураг төсөл зохиогч, хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглосон, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгээр барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглосон байхад зураг төсөл гэрээнд тусгагдаагүй ажлыг гүйцэтгэсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

 

Мөн нэмэлт ажлын зардлын төсвийг зохиож, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянагдаж зөвшөөрөгдсөн баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ төсөв зохиож болохыг заасан ч барилгын ажлын тухайд зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахыг Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгээр хориглосон, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт зааснаар барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулах ёстой. Хэрэгт ийм баримт авагдаагүй байна.

 

Нэмэлт ажил хийгдэж буйг тухай бүр захиалагчид мэдэгдэж байсныг нотолно гэж нэхэмжлэгч талын зааж буй барилга угсралтын ажлын зургийн тоо хэмжээг төсвийн тоо хэмжээтэй харьцуулсан тооцоо /хх2-97-98/, захиалагч, ажил гүйцэтгэгчийн төлөөлөгчид оролцсон хурлын тэмдэглэлд /хх2-99-105/  нэмэлт хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх, нэмэгдэл ажлын объёмыг хянан баталгаажуулах гэж тэмдэглэсэн нь дээрх хуулийн зохицуулалтын шаардлагыг хангахгүй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.

 

Түүнээс гадна Тэмүүжин-Өрлөг бүрэн дунд сургуулийн барилгыг хүлээлгэн өгсөн 2015 оны 7 дугаар сарын 07-ны акт Барилгын чанарын дотоодын хяналтын дүгнэлт /2015.10.20/ -д барилга угсралтын ажил нь “Шифт” ХХК-ийн боловсруулсан зураг төсвийн дагуу чанартай хийгдсэн талаар дүгнэгдсэн байна. /хх2-25-27/

 

Дээрхээс дүгнэвэл 1 292 329 099 төгрөгийн гэрээнд тусгагдаагүй ажлыг гүйцэтгэсэн гэж, нэмэлт зардлыг шаардах хууль зүйн үндэслэлгүй, эрх бүхий этгээд магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан байх, улсын төсвөөс санхүүжүүлэхийг зөвшөөрсөн байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, шүүх БХЯанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.2, 16.7 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин зураг төслийн ажлыг гүйцэтгэгч “Шифт” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан барилгын зураг төслийн нэмэлт гэрээнд гадна дулааны зураг төслийг техникийн нөхцөлийн дагуу нэмэлт гэрээ байгуулахаар тусгагдсан, /хх1-179/,  захиалагч, ажил гүйцэтгэгч нарын төлөөлөгчдийн оролцсон 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлд БХЯ-ны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Т.Билгүүнболд гадна халаалт, цэвэр ус, холбоо дохиоллын зургийн төсвийг хийлгэх ажлыг зөвшөөрч байсан /хх2-101/ баримтууд хэрэгт авагдсан, мөн шинжээчийн дүгнэлтэд бүрэн хийгдсэн талаар дурджээ./хх3-65/

 

Шүүх хэргийн дээрх баримтуудыг үндэслэн гадна халаалт, цэвэр ус, дулааны үзелийн ажлын зардал 87 611 218 төгрөг, гадна бохир усны ажлын зардал 94 037 639 төгрөг, гал тогооны тоног төхөөрөмжийн цахилгаан угсралтын ажлын зардал 29 885 599 төгрөг, нийт 211 534 456 төгрөгийн нэмэлт зардлыг захиалагч БХЯнаас гаргуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт нийцсэн, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлсэн байх тул хариуцагч  БХЯны давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Мөн ерөнхий гүйцэтгэгчийн зардалд төсөвт өртгийн 5 хувь олгогдох талаар “БХАҮН” ТӨААТҮГ, “Р К” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх түншлэлийн гэрээний 7.2 дахь заалтаар талууд харилцан тохиролцсоныг үндэслэн хяналтын зардлыг суутгасан байх тул “БХАҮН” ТӨААТҮГ-д холбогдуулан гаргасан 367 655 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01954 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 6 619 595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО  

 

                                                    ШҮҮГЧИД                             Н.БАТЗОРИГ

 

                                                                                                  А.ОТГОНЦЭЦЭГ