| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00549/И |
| Дугаар | 152/ШШ2023/00474 |
| Огноо | 2023-11-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 152/ШШ2023/00474
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, шүүгч Л.Дэлгэрцэцэг, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э,
Нэхэмжлэгч: Д.О нарын,
Хариуцагч: С.М-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 18,414,950 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг, нийт 20,414,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, Д.О, хариуцагч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, иргэдийн төлөөлөгч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э, Д.О нар нь хариуцагч С.М-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 18,414,950 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг, нийт 20,414,950 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2020 оны намар 10 дугаар сард хамт ажилладаг тасгийн дарга С.М-аас олон жил жимс тариалсан туршлагатай хүн гэж итэсний үндсэн дээр 1300 ширхэг мод /үүнээс 120 ширхэг эр мод, 1180 ширхэг эм мод/ нэг ширхэгийг нь 2000 төгрөг, нийт 2,600,000 төгрөгөөр зээлээр худалдаж авсан. 2019 онд газраа худалдаж аваад 2020 онд 4 машин модоор 2,5 га газрыг хашаалсан. Намар нь С.М-аас модоо авахдаа “бидэнд газар тариалангийн талаар ямар ч мэдлэг байхгүй, танд итгэж таны модыг сайн гэж сонссон, бид цаашид газар тариалан эрхэлж, жимс тарих гэж байгаа юм, бидэнд зааж зөвлөж байгаарай” гэж хэлээд 1300 ширхэг мод худалдаж аваад тарьсан. Эхэндээ яаж тарих, ургуулах аргачлал гэх мэт бүх зүйлээ заагаад өгсөн. Мод маань маш сайн ургаж, бид хүмүүсээс зөвлөгөө авч маш их хүч хөдөлмөр гаргаж цаг хугацаа зарцуулсан. 2022 оны 8 дугаар сард бидний авсан модны тэн хагас нь эр мод гэдгийг мэдсэн. Мэдээд С.М руу залгахад “Х суманд явж байна” гэж хэлсэн ба тун удалгүй ирж үзэж, тоолоод 400-500 ширхэг эр мод байна гэж зөвшөөрөөд сольж өгнө гэж хэлээд явсан. Бид хоёр 2 хүүхэдтэйгээ хадам аавтайгаа хамт очиж С.М-ын эхнэртэй уулзаад Д.Э “Та нарын өгсөн модны бараг тал хувь нь эр мод байна, та нар яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд “талбайгаар дүүрэн мод байна, өөрсдөө гараад дуртайгаа ав” гэж хариулсан. Уг нь бид бидний эцэгтэй адил хүн байж ийм зан гаргачихаад ядаж уучлалт гуйх байх гэж бодсон боловч огт уучлалт гуйгаагүй. С.М ч гэсэн өөрөө бидэн шиг хүүхэдтэй хүн, залуу хүмүүс амьдралаа дээшлүүлэх гээд байгаа хөрөнгөө зараад газар тариалан эрхэлж, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хөдөлмөрлөж байхад бидний хөдөлмөрийг үгүй хийсэн. Бидний 3 жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл талаар өнгөрсөн. С.М-ын хариуцлагагүй байдлаас болж бид ямар ч ашиггүй, зээлээ төлсөн байдалтай байна. Тухайн андуурч өгсөн эр мод нь эм байсан бол бидний зорилго төлөвлөгөө биелэх байсан. Эрхийн доголдолтой бараа материал бидэнд нийлүүлсэн гэж үзэж байна. Бидний зүгээс эр модыг эм болгоод өг гэсэн боловч зөвхөн миний талбайгаас үрсэлгээ ав гэсэн шаардлагыг тавьсан учраас бид хүлээн зөвшөөрөхгүй цагдаагийн байгууллагад хандсан боловч эрүүгийн хэрэг биш гэж үзсэн тул бид иргэний шүүхэд хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийт эр модны үнэ, бидний 3 жилийн хөдөлмөрийн хөлс, 1300 ширхэг модыг тарьж ургуулахад шаардсан бордоо, ус, цахилгаан, манаачийн хөлс зэргийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн дагуу өгсөн үнийн дүнгээ шаардаж байна. С.М-аас авсан 519 ширхэг эм гэж өгсөн эр үрсэлгээний үнэ 1 х 3500 = 1,816,500 төгрөг, 2020 оны намар 1300 ширхэг чацарганы мод суулгахад ашигласан био ялзмагны үнэ 210,000 төгрөг, түүний 50 хувь буюу 519 ширхэг эр модонд хэрэглэсэн үнэ болох 150,000 төгрөг, Улаанбаатар хотоос ачааны машинд ачуулсан зардал 90,000 төгрөг, 2021 оны хавар Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас авсан бордооны үнэ 80,200 төгрөг, үүнээс 519 ширхэг эм гэж өгсөн эр мод бордсон 50 хувь буюу 40,100 төгрөг, 2022 оны 6 дугаар сард МАГ ХХК-ийн Азотын бордоо 20 кг 120,000 төгрөг, Фитоснорин 130,000 төгрөг, үүнээс 519 ширхэг эм гэж өгсөн эр үрслэгээнд хэрэглэсэн хэмжээний үнэ болох 65,000 төгрөг, 2022 оны зун Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хөнгөлөлттэй үнээр авсан бордооны үнэ 195,500 төгрөг, үүнээс 519 ширхэг эм гэж өгсөн эр мод бордсон 50 хувь буюу 97,750 төгрөг, 2020 оны намар тухайн 1300 ширхэг суулгацыг миний аав болох А.Д болон 1 туслах ажилтан буюу Ц гэх хүнийг өдрийн 30,000 төгрөгөөр цалинжуулан авч тарьсан. Үүнээс 519 ширхэг эм гэж өгсөн эр мод тарьсан ажлын хөлс 1 хүнээр тооцоход цалингийн хөлсний доод хэмжээ буюу 420,000 төгрөг, 2021 оны хавар 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 6 сарын хугацаанд тухайн 1300 ширхэг модыг арчлах ажлыг хийж байсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хөдөлмөрийн хөлс авах 6 х 420,000 = 2,520,000 төгрөг, үүнээс эм гэж өгсөн 519 ширхэг эр мод арчилж ургуулсны хөлс 1,260,000 төгрөг, 2022 оны хавар 5 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 6 сарын хугацаанд тухайн 1300 ширхэг модыг арчлах ажлыг хийж байсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хөдөлмөрийн хөлс авах 6 х 420000 = 2,520,000 төгрөг үүнээс эм гэж өгсөн 519 ширхэг мод арчилсны хөлс 50 хувь тооцоход 1,260,000 төгрөг болж байна. Бид 2020 оны намраас 2022 оны 8 дугаар сар хүртэл 1300 ширхэг чацарганы модыг тарьж ургуулж, ургацаа авч амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй, өмнөө зорилго тавин ажиллаж байсан. Гэтэл миний болон гэр бүлийн бүх төлөвлөгөөг үгүй хийсэн тул сэтгэл санааны маш их хохиролтой байна. Иймд сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь С.М-аас 1300 ширхэг суулгацны үнийг эхнэрийнхээ эгч А.Б-ээс зээлдэн авч С.М-д өгсөн. Мөн тухайн чацарганы талбайг услах, услалтын системийг хадам ээж болох С.Жгаас 8,000,000 төгрөг зээлээр авч Улаанбаатар хотоос авч бүрэн системжүүлсэн. Өөрт байсан мөнгөөрөө 2 худаг гараар ухаж 1 худганд 4 ширхэг кольцоо тавьсан гэх мэтээр өөртөө байсан бүх мөнгөө тухайн чацарганы 1300 ширхэг үрсэлгээг ургуулахын төлөө захиран зарцуулсан. Ургацны нөхөн төлбөр: 2022 оны намар эм гэж өгсөн 519 ширхэг эр модноос 1 модноос 1 кг жимс гарна гэж тооцоход 519 кг 1 кг х 2800 төгрөг = 1,453,200 төгрөг, 2023 оны намар эм гэж өгсөн 519 ширхэг эр модноос 1 модноос 3 кг жимс гарна гэж тооцоход 519 кг 1 кг х 2800 төгрөг = 4,359,600 төгрөг, 2024 оны намар эм гэж өгсөн 519 ширхэг эр модноос 1 модноос 1 кг жимс гарна гэж тооцоход 519 кг 4 кг х 2800 төгрөг = 5,812,800 төгрөг, 2022 оны 3 дугаар сараас эхлэн өөрийн аав болох А.Д-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулан талбайгаа мануулж байгаа. Иймд тухайн 1300 ширхэг модонд ногдох хувь буюу 8 x 420,000 = 3,360,000 төгрөгийн 50 хувь болох 1,680,000 төгрөг, нийт 20,414,950 төгрөгийг хариуцагч С.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.М нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Д.Э, Д.О нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 1. Надаас авсан 519 ширхэг эм гэж өгсөн эр үрсэлгээний үнэ 1 x 3500= 1,816,500 төгрөг гэсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Би Д.О--тэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олон жил хамт ажилласан нэгнийгээ маш сайн таньдаг, нэг албан газрын ажилчид байсан. 2020 оны 10 дугаар сард намайг талбай дээр байхад Д.О нөхөртэйгөө хамт танаас жимсний үрсэлгээний мод авмаар байна гэж ирж уулзсан. Би тэр үед нь чи өөр хүнээс ав гээд зөвшөөрөөгүй. Гэтэл 2-З хоногийн дараа дахин ирээд би гадуур зөндөө хүнтэй уулзлаа, таны модыг л сайн гэж дууллаа гээд гуйгаад байхаар нь би өөрийнх нь хүсэлтээр 2 настай 1300 ширхэг үрсэлгээний мод авахаар тохирч 130 ширхэг эр мод, 1170 ширхэг эм мод өгсөн. Тэр үед би 2 настай 1 ширхэг үрсэлгээний модыг 2500 төгрөгөөр, З настай 1 ширхэг үрсэлгээний модыг 3500 төгрөгөөр зарж борлуулж байсан. З настай мод ав гэхэд бид үнэ өртөг хямд 2 настай мод авна гэсэн. Тэгээд 2 настай модоо та яриад өг гэхээр нь би 1 ширхэгийн 2200 төгрөгөөр ав гэхэд Д.О 1 ширхэгийн 2000 төгрөгөөр өгчих гэхээр хүн чанар гаргаад би зөвшөөрч 1300 x 2000 = 2,600,000 төгрөгөөр зарахаар тохирсон. Би өөрийнхөө модноос 101, 102 ширхэгээр багцалж тоолж бэлтгээд ирж аваарай гэхэд та авч ирээд өг гэхээр би өөрөө 1300 ширхэг модын хүргэж өгөхөд өөрсдөө талбай дээрээ нүхээ ухаж байсан. Тэгээд тохирсон ёсоор 1300 x 2000 = 2,600,000 төгрөгөө өг гэхэд Д.О одоо мөнгөгүй байна, би танд 12 дугаар сард мөнгийг тань өгье гэж гуйгаад 12 дугаар сард модны мөнгө шилжүүлгээр хийсэн. Тэгтэл нэхэмжлэхэд 519 ширхэг эр мод, үнэ 3500 төгрөгөөр тооцоод 1,816,500 төгрөг гэж худлаа бичсэн байна. Би тухайн үед тэдний гуйлтаар дандаа 2 настай модыг 1 ширхэгийн 2000 төгрөгөөр тооцож зарсан байгааг бүдүүлгээр гуйвуулан намайг гүжирдэж байгаад туйлын гомдолтой байна. Тухайн үед надаас мод авахдаа байнга зөвлөгөө авч байсан. Би тухайн үед модоо хүргэж өгөхдөө 9 ширхэг эм мод дараалан суулгаад 1 ширхэг эр мод суулгадаг гэж зааж өгөөд 1300 ширхэг модоо хүлээлгэж өгөөд явсан. Модоо авсны 5 хоногийн дараа нөхөр нь надтай утсаар яриад та 100 ширхэг мод дутуу өгсөн байна гэхээр нь би өөрөө талбай дээр нь очиж мод тарих нүхийг тоолоход 1400 ширхэг нүх ухсан байсан. Тэр үед хоёулаа бантсандаа намайг та дахин 40-50 ширхэг мод нэмээд өг гэж гуйхаар нь 40 ширхэг мод нэмж өгөөд үнийг нь нэмээд тооцчихоорой гэж хэлсэн. Тэгтэл 2020 оны 12 дугаар сард мөнгөө шилжүүлэхдээ 2,600,000 төгрөг шилжүүлсэн. 40 ширхэг модны мөнгө өгөхгүй намайг бас хохироосон. Би Д.О-тэй хамт ажилладаг болохоор хүнлэг сэтгэл гаргаж байсан. Тэрнээс илүүдсэндээ эд нарт модоо өгөөгүй, зах зээлийн ханшнаас доогуур өгсөн. Д.О-д 40 ширхэг модны үнэ 80,000 төгрөг дутуу байна гэхэд наймаа хийж үзээгүй юм уу гээд утсаар загнасан. Дахиад 2021 оны 6 сард надтай утсаар яриад тарьсан мод шарлаад байна, та ирээд үзээд өгөөч гэсэн ба би ажил ихтэй завгүй байгаад очиж чадаагүй. Дахин 7 сард бас гуйсны дагуу моднуудыг нь очиж үзэхэд нөхрийнх нь аав байсан, тарьсан моднууд хир ургаж байна гэхэд маш сайн ургаж байна гээд баяртай байсан, моднууд нь ч сайн ургасан байсан. Улмаар 2022 оны хавар манай модны навч шарлаад байна, та ирээд үзээд өгөөч гэж гуйгаад байхаар нь очиж үзээд мод ус дутагдахаар, үндэсний сульдаагаар өвчлөхөөр эсвэл бордоо дутагдах үед, мөн танай талбай хулганы нүх ихтэй байна, модны үндэс хулгана идэхээр мод жимсээ өгөхгүй шарладаг гэдгийг сайн хэлж өгсөн.Тэдний талбайд маш их хулганы нүх малтсан байсан. Дахиад нэг ярихад нь би очиж амжаагүй. Тэгтэл 2022 оны 7 дугаар сард Д.О надтай утсаар яриад та надад 800 ширхэг эр мод өгсөн байна гэж ярихад би хөдөө явж байсан. Тэгээд би оройхон хөдөөнөөс орж ирээд шууд тэдний хашаанд очсон. Тэгэхэд Д.О, Д.Э нар аавтайгаа гурвуулаа байсан. Би очоод моднууд үзэхэд гоё ургасан, мод жимслэх жамаараа жимс гарсан байсан. Би жимслээгүй модыг тоолсон 504 ширхэг мод байсан түүнээс би 130 ширхэг эр модоо хасахаар 374 ширхэг мод жимслээгүй байсан. Би жимслээгүй моднууд дотор эм мод бас байна гэхэд бүгд эр мод гэсэн гээд маргаад байхаар тэгвэл та нар өөр мод ав гэхэд аваагүй. Тэр үед бүгд эр мод гээд Хөдөө аж ахуйн газрын агрономич П-р үзүүлсэн гээд дайраад байсан. Тэгтэл Д.О-гийн төрсөн дүү П-тай хамт нэг газар ажилладаг учир эд нар янз бүрийн хуйвалдаан зохион байгуулж байгаад гомдолтой байна. Би 13 жил жимс тариалж байгаа, ХХААХҮЯ-аас зарласан жимс, жимсгэний модны суулгац нийлүүлэх тендерт удаа дараа шалгарч 205,000 мод нийлүүлж байсан. Мөн хувь хүмүүст байнга үрсэлгээний мод зарж байсан. Д.О бид 2 нэг байгууллагад хамт ажиллаж байсны хувьд би модоо маш бага үнээр үнэ тохирч зарсан болохоос надад энэ хүнд мод зарах ямар ч шаардлага байгаагүй. Ингэж хүний нэр төр, бизнест халдаж, хүн чанаргүй зан гаргаж буйд гомдолтой байна. 2. Д.Э, Д.О нарын 1300 ширхэг чацарганы мод суулгахад гарсан зардлуудыг би хариуцах ёсгүй. Тэд миний төлөө мод тарьж өгч байгаа бишдээ. Надаас биш өөр хэнээс ч мод авч тарьсан энэ зардлаа өөрсдөө гаргах л байсан. Ийм болчимгүй үйлдэл хийж буйдаа дүгнэлт хиймээр юм. Д.О төрийн албан хаагч хүн байж ямар ч ёс зүйгүй авирлаж үндэслэлгүй нэхэмжлэх гаргаад буйд харамсаж байна. Би 13 жил чацарганы мод тариалахдаа хэнтэй ч ийм маргаан үүсгэж байгаагүй. Би өөрөө бас хуульч хүн, хуулийн байгууллагад тасралтгүй З0 гаруй жил ажилласан хүний хувьд ямар нэг хүнийг хуурч мэхлэх, залилах, худал хэлэх зэрэг зан үйл гаргаж байгаагүй. 3. Миний бие нь Д.Э, Д.О нарт өөрсдийнх нь гуйлтаар 1300 ширхэг 2 настай үрсэлгээний мод зарсан болохоос өөрсдийнхөө зардлаар надад тарьж өгөхөөр ярилцаж, тохирсон зүйл огт байхгүй. Нийт 345 ширхэг эр модноос 1300 чацарганы модонд ногдох 130 ширхэг эр модыг хасаад үлдэх 215 ширхэг эр модны үнийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч Н.У “Нэхэмжлэгч талд толорхой хэмжээний хохирол учирсан нь тогтоогдож байгаа боловч нэхэмжилсэн мөнгөн дүнгийн хувьд хэтэрхий өндөр байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 341 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, Голомт банкин дахь С.Ж, Д.О нарын 1 дугаартай дансны хуулга, Шинэ хөдөө төслийн хүрээнд ургамал хамгааллын бодис тараасан 2021 оны жагсаалт, 2 ширхэг төлбөрийн баримт /хх-ийн 13-14 хуудас/, Увс аймаг дахь эрдэм шинжилгээний хүрээлэн, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Увс аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газарт хандаж гаргаж байсан Д.Э-ын хүсэлт, 279 дугаар шинжээчийн дүгнэлт, 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр МАГ ХХК-ийн зарлагын баримт, мод үржүүлгийн, ойжуулалтын ажлын гарын авлага, өргөдөл гомдол хүлээн авах маягт, 07, 45 дугаар кассын орлогын ордер, 22 ширхэг фото зургийн үзүүлэлт, Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээ, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарын эрхлэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 01/001 дүгээр албан бичиг, чуйская сортын тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.
5. Хариуцагчаас дансны хуулга, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гэрээг шүүхэд ирүүлсэн.
6. Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, далангийн ард байрлах чацарганы талбайд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгч нарын хүсэлтээр А.Д, М.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, нэхэмжлэгч нар болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээчээр Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарыг томилсон ба тухайн салбарын дүгнэлт зэрэг баримтыг нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн.
¯ÍÄÝÑËÝÕ íü:
1. Нэхэмжлэгч Д.Э, Д.О нарын хариуцагч С.М-т холбогдуулан гаргасан Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 20,414,950 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг, нийт 20,414,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 640,200 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 19,774,750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны намар 10 дугаар сард С.М-аас олон жил жимс тариалсан туршлагатай хүн гэж итэсний үндсэн дээр 1300 ширхэг мод /үүнээс 120 ширхэг эр мод, 1180 ширхэг эм мод/ нэг ширхэгийг нь 2000 төгрөг, нийт 2,600,000 төгрөгөөр зээлээр худалдаж авсан. 2022 оны 8 дугаар сард бидний авсан модны тэн хагас нь эр мод гэдгийг мэдсэн. С.М 400-500 ширхэг эр мод байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул нийт эр модны үнэ, бидний 3 жилийн хөдөлмөрийн хөлс, 1300 ширхэг модыг тарьж ургуулахад шаардсан бордоо, ус, цахилгаан, манаачийн хөлс, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилж байна тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие нь Д.Э, Д.О нарт өөрсдийнх нь гуйлтаар 1300 ширхэг /130 ширхэг эр мод, 1170 ширхэг эм мод/ 2 настай үрсэлгээний мод зарсан. Нийт 130 эр мод өгөх байснаас 215 ширхэг илүү эр мод өгснийг хүлээн зөвшөөрч байгаа тул 215 ширхэг эр модны үнийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү тайлбарласан.
4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 341 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолоор С.М-ыг 2 настай чацарганы суулгацыг эр, эм мод болохыг анхнаасаа мэдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Д.Э-т 1300 ширхэг чацарганы суулгац худалдахдаа зориуд хуурч мэхлэн эр модны суулгац зарсан үйл баримт тогтоогдохгүй байх ба энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Талуудын хооронд чацарганы үрсэлгээ худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага тавиагүй байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, нийт 1300 ширхэг чацарганы үрсэлгээний мод нийлүүлсэн, үнийг төлсөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй, харин нийт 1300 ширхэг чацарганы үрсэлгээний модноос эр мод 130 ширхэг, эм мод 1170 ширхэг байх ёстойгоос нэхэмжлэгч “519 ширхэг эр мод илүү байснаас үр жимс авч чадаагүй, хөдөлмөрийн хөлс, бордоо, ус, цахилгаан, манаачийн хөлс, сэтгэл санаа зэргээр хохирсон” гэж, хариуцагч “нийлүүлсэн хэмжээнээс эр мод илүү байсныг хүлээн зөвшөөрсөн боловч 519 ширхэг бус, нийт эр модны тоо 345 ширхэг байснаас нийлүүлсэн 1300 ширхэг чацарганы үрсэлгээний модонд ногдох эр мод 130 ширхэгийг хасаж үлдэх 215 ширхэг эр модны үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, бусад хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
5. Худалдагчийн зүгээс худалдан авагчид шилжүүлж буй хөрөнгө нь тоо, хэмжээ, чанарын хувьд худалдах-худалдан авах гэрээгээр талууд харилцан тохирч, тогтоосонтой нийцэж байвал тухайн эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан.
Харин Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж, 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Э, Д.О нар эд хөрөнгө биет байдлын доголдолтой бол худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Нэхэмжлэгч Д.Э, Д.О нар доголдолтой эд хөрөнгийн үнэ болон ажлын хөлс, гарсан зардал, сэтгэл санааны хохирол зэргийг шаардаж байна.
6. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, далангийн ард байрлах чацарганы талбайд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нь Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн мэргэжилтнийг байлцуулан хийсэн үзлэгээр чацарганы эр мод нийт 639 ширхэг гэж, тус шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн зохигчид болон Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн мэргэжилтнийг байлцуулан хийсэн үзлэгээр чацарганы эр мод нийт 563 ширхэг байсныг тогтоосон байна. Гэвч дээрх үзлэгүүдээр харилцан адилгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хариуцагч талын хүсэлтээр дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасныг хангаж, шинжээчээр Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарыг томилсон.
Шинжээчээр Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбар нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн чацарганы талбайд чацарганы эр мод 345 ширхэг, чацарганы үхсэн эр мод 1, талбайгаас сугалж авсан гэх чацарганы эр мод 163 ширхэг, нийт эр мод 509 ширхэг байсан талаар дүгнэлт гарган ирүүлжээ. Мөн дүгнэлтэд хоосон нүхний тоо нийт 304 ширхэг байсан гэсэн ба тухайн хоосон нүхэнд хэдэн ширхэг эр, эм мод байсан болохыг тогтоох боломжгүй тул чацарганы эр мод нийт хэдэн ширхэгийг тарьсан болох нь тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн “Нийт 345 ширхэг эр модноос 1300 чацарганы модонд ногдох 130 ширхэг эр модыг хасаад үлдэх 215 ширхэг эр модны үнийг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарын хэмжээнд хариуцагч С.М-аас 215 ширхэг эр модны үнэ 430,000 /215 х 2000 төгрөг = 430,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, Д.О нарт олгох нь зүйтэй.
Түүнчлэн хавтаст хэргийн 12 дугаар хуудаст авагдсан Шинэ хөдөө төслийн хүрээнд ургамал хамгааллын бодис тараасан 2021 оны жагсаалтаар Д.Э 80,200 төгрөгийн ургамал хамгааллын бодис авсан болох нь тогтоогдож байна. Мөн хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Э нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр МАГ ХХК-аас 130,000 төгрөгийн бордоо худалдан авсан байх тул ургамал хамгааллын бодисын үнэ 80,200 төгрөг, бордооны үнэ 130,000 төгрөг, нийт 210,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нараас ажлын хөлс гаргуулах тухай шаардлагаа нотлохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Д, М.Ц нарыг гэрчээр оролцуулсан ба гэрч А.Д “Би хүү, бэр хоёрынхоо чацарганы талбайд 2022 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл манаачийн ажил хийж талбайг нь харж хамгаалж байсан. Надад ямар нэгэн орлого байхгүй. Харин элэгний хавдар өвчний улмаас группт байдаг. Би хүү Д.Э, бэр Д.О нарын талбайг манаж байсны хөлсөнд сарын 400,000 төгрөг авч байсан. Тухайн хөлс нь хоол унд, түлээ нүүрс, эм тарианд хэрэглэгдээд дуусдаг байсан. Нийт 8 сарын цалин буюу 3,200,000 төгрөгийн ажлын хөлс авсан” гэж, гэрч М.Ц “2022 оны 10 дугаар сарын дунд үеэс мөн оны 11 дүгээр сарын сүүл хүртэл Д.Э, Д.О нарын чацарганы талбайд чацарганы мод суулгах ажил хийсэн ба 1 сар ажилласан. Би Д.Э-ыг сайн таньдаг тул өдрийн 30,000 төгрөгөөр ажиллаж өгсөн. Цалинд нийт 900,000 төгрөг авсан байх” гэж тус тус мэдүүлсэн боловч тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Голомт банкин дахь С.Ж, Д.О нарын 1 дугаартай дансны хуулгаас үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Увс ялзмаг, Анардарь гэх утгатай гүйлгээг хийсэн байх боловч тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас гадна гүйлгээний утгаас харахад тухайн ялзмагийг Д.Э, Д.О худалдаж авсан эсэх нь эргэлзээтэй.
Мөн 2 ширхэг төлбөрийн баримт /хх-ийн 13-14 хуудас/, 22 ширхэг фото зургийн үзүүлэлт, Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээнүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нараас ирүүлсэн 44,500, 153,500 төгрөгийн үнийн дүнтэй, 07, 45 дугаар кассын орлогын ордеруудад З.Д, Д.Э нарын нэр бичигдсэн байх боловч гүйлгээний утга бичигдээгүй байх тул эдгээр баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгож боломжгүй гэж үзлээ.
Ургацын нөхөн төлбөр буюу 2022-2024 онд 519 ширхэг чацарганы модноос авах ёстой байсан гэх жимсний үнэ 11,625,600 төгрөгийг бодит хохиролд тооцох боломжгүй тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж хуульчилсан. Нэхэмжлэгч нарын “Бид 2020 оны намраас 2022 оны 8 дугаар сар хүртэл 1300 ширхэг чацарганы модыг тарьж ургуулж, ургацаа авч амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй, өмнөө зорилго тавин ажиллаж байсан. Гэтэл миний болон гэр бүлийн бүх төлөвлөгөөг үгүй хийсэн тул сэтгэл санааны маш их хохиролтой байна. Иймд сэтгэл санааны хохиролд 2,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх сэтгэл санааны хохирлыг арилгах талаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар зохицуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хангах үндэслэлгүй байна.
8. Иргэдийн төлөөлөгч Н.У-ын “Нэхэмжлэгч талд тодорхой хэмжээний хохирол учирсан нь тогтоогдож байгаа боловч нэхэмжилсэн мөнгөн дүнгийн хувьд хэтэрхий өндөр байна” гэх дүгнэлтийг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
9. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.М-аас 640,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э, Д.О нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,774,750 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э, Д.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ болох 640,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19,856 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, Д.О нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч С.М-аас 640,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э, Д.О нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 19,774,750 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Э, Д.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-аас 19,856 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, Д.О нарт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ÄÀÐÃÀËÀÃ×, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР
ЕРӨНХИЙ Ø¯¯Ã× Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ