| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0327/Э |
| Дугаар | 297 |
| Огноо | 2017-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Н.Адъяа, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайжууд овогт Намсрайн Адъяад холбогдох 1708004570015 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 9 дүгээр гудамж, 11 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй,
1983 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн шүүхийн 32 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1984 оны 12 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан Тайжууд овогт Намсрайн Адъяа /РД:ИС61121912/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Адъяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” хүнсний дэлгүүрийн гадна талд иргэн Ц.Чулуунбаатарыг “түлхүүр багаж нэхлээ” гэх шалтгаанаар архины шилээр нуруун тус газарт нь хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Н.Адъяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” хүнсний дэлгүүрийн гадна талд иргэн Ц.Чулуунбаатарыг “түлхүүр багаж нэхлээ” гэх шалтгаанаар архины шилээр нуруун тус газарт нь хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан Ц.Чулуунбаатарын өргөдөл /хх-ийн 3х/
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах дэслэгч Б.Содном, ахлах ахлагч Б.Баянжаргал нарын Илтгэх хуудсанд: “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд Сэлбэ-10-аас 17:57 цагт “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Оргил дэлгүүрийн урд хутгалуулсан хүн байна” гэх дуудлага шалгахад Намсрайгийн Адъяа нь Ц.Чулуунбаатарын нуруун тус газар архины шил хагалж зүссэн байсанг илрүүлж хүлээлгэн өгөв...” гэжээ. /хх-ийн 4х/
Хохирогч Ц.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Оргил” дэлгүүрийн үүдэнд хэдэн хүн архи уугаад сууж байсан. Би түлхүүр багажаа авах гээд очиход Адъяа гэх залуу намайг юм үзээгүй гэх зэргээр доромжилж байгаад нэг архины шил авч хагалаад над руу дайраад нүүр, толгой руу хатгах гээд байхаар нь би бултаад доошоо болтол миний нурууны баруун хэсэгт шилээр зүсэж хатгасан. Тэгээд миний нуруунаас цус гараад эмнэлэг, цагдаа дуудсан. ...Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 48-49х/
Гэрч Ч.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Адъяа, бид нар архиа ууж дуусаад явах гэтэл Чулуунбаатар гээд тэр хавьд түүхий эд авдаг залуу ирсэн ямар нэгэн зүйл нэхээд байх шиг байсан ба Адъяа тэр 2 хоорондоо маргалдаад байсан. Маргалдаж байгаад тэр 2 зууралдсан. Тэгээд тэр 2 газарт унаад босч ирэхдээ Адъяа тэнд байсан хоосон архины шил аваад Чулуунбаатарын нуруун тус газарт нэг удаа хатгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9100 тоот дүгнэлтэд:
- Чулуунбаатарын биед нуруу, баруун бугалагын гүн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 17х/
Шүүгдэгч Н.Адъяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төв зам руу гартал нэг эмэгтэй жолооч жижиг тэрэгтэй байсан ба түлхүүр багажгүй гээд байсан. Тэгээд Амараа хохирогч Чулуунбаатарын гэр лүү явж түлхүүр авчирсан. Удалгүй Чулуунбаатар ирээд түлхүүрээ авъя гэж хэлсэн. Тухайн үед автомашинаа засаж дуусаагүй байсан. Тэгээд би түр байж байгаач гэж хэлэхэд Чулуунбаатар чамд ямар хамаатай юм бэ гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Бид 2 маргаад зууралдсан ба намайг унагаахаар нь би хашааны буланд байсан хоосон архины шилийг аваад Чулуунбаатарын ар нуруу хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд эргүүлийн цагдаа ирээд намайг аваад явсан ...Миний хувьд хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Эмчилгээний зардал 500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 х/
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшин байна. Хохирогч Ц.Чулуунбаатарт эмчилгээний зардал болон цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэхэд нь 1.500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Н.Адъяа нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны /хх-ийн 51, 56 дугаар хуудас/ дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Адъяа нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Адъяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Адъяа нь урьд 1983 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн шүүхийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Н.Адъяа нь хохирогч Ц.Чулуунбаатарт эрүүл мэндийн хохирлын төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн “хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн хх-ийн 57, 49 х/
Шүүгдэгч Н.Адъяагийн бусдад учруулсан хохирлыг төлсөн, 56 настай зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Адъяагийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Намсрайн Адъяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Адъяаг нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Адъяа нь торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Адъяа нь цагдан хоригсдон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Адъяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ