| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2026/0032/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/161 |
| Огноо | 2026-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/161
2026 01 13 2026/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Улсын яллагч М.Билгүүтэй,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
Шүүгдэгч Х.З, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Х.З-т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр, ***** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй. ****** овогт Х.З /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.З нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг, ***** үйлдвэрийн баруун замд Тoyota Landcriuser маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас КТМ *** 500 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолоочтой мөргөлдөж мотоциклийн жолооч Э.Г-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Х.З нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг, ***** үйлдвэрийн баруун замд ТToyota Landcriuser маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас КТМ 500 **- F-500 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолоочтой мөргөлдөж мотоциклийн жолооч Э.Г-н амь насыг хохироосон...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-20х/,
Цогцосны гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 21-23х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-н өгсөн "... Тухайн өдрийн орой 19 цагийн үед нөхрийн маань эмэгтэй дүү над руу залгаад "Та ахтай сүүлд хэзээ ярьсан бэ, түргэний эмч яриад байна ахыг осолд орсон гэж байна" гээд надад хэлсэн ингэж би ослын талаар мэдсэн...." гэх мэдүүлэг/хх-ийн 33х/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн **** дугаартай “Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг босон гэх хугацаанд үүсгэгдсэн байна. Гэмтлийн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Шинжилгээгээр үхлийн шалтгаанд нөлөөлөх өвчингүй байна. Амь хохирогч нь авто ослын улмаас үүссэн гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 2025.07.23-ны 00:49 минутад цогцост анх үзлэг хийхэд нас бараад 5-6 цаг орчим болсон байжээ. Амь хохирогч нь 1-р бүлгийн цустай байна. Амь хохирогчийн цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн зүйл илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис илрээгүй....." гэх дүгнэлт/хх-ийн 110-114х/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн ахлах шинжээч эмчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн **** дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн хамгаалалтын малгайд 205х110мм талбайд хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ зулгаралт байна. Шар өнгийн футболконд 40х26мм, 10х6мм, 8х6мм хэмжээтэй, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт, 110мм хэмжээтэй, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. Хар өнгийн өмдөнд 200х160мм хэмжээтэй, хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ халцралт байна. Бусад эд зүйл, хувцаснууд гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн объектыг Биологийн лабораторид бүрэн хүлээлгэн өгөв. Шинжээчийн ******* тоот дүгнэлт, зургийн үзүүлэлтийн хамт Бүртгэл, мэдээлэл технологийн хэлтэст хүлээлгэн өгөв....." гэх дүгнэлт/хх-ийн 140-142х/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн **** дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Х.З 62 эр гэж хаягласан хуруу шилтэй цусны дээжээс спирт болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй....." гэх дүгнэлт /хх-ийн 157-158х/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 09 дугаар сарын 04-ны өдрийн **** дугаартай “Н.А /РД: ********/- ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна......" гэх дүгнэлт /хх-ийн 178-180х/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн материалыг ашиглан зам МТМ 500 EXC-F-500 маркийн тээврийн хэрэгслийн тоормосны гэх мөр нь бүрэн зогсолтын мөр биш тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. ****** тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээнд ирүүлсэн объектын хамт ШБМХ-т хүлээлгэн өгөв......." гэх дүгнэлт /хх-ийн 187-188х/,
2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн **** дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 201-202х/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Х.З нь “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 33,354,721 төгрөг, баримтгүй зардал 6,200,000 төгрөг, мотоциклын зардал 12,440,000 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт 9,000,000 төгрөг, нийт 60.994.721 төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүгдэгч Х.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 60.863.100 төгрөгийг төлсөн байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн **** дугаартай дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хор уршиг учирсан болохыг тогтоосон байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүгнээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж хуульчилсан.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 118.800.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-д гаргуулан олгож шийдвэрлэсэн.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн 60.994.721 төгрөгөөс шүүгдэгч Х.З-н төлсөн 60.863.100 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл төлбөр болох 131.531 төгрөгийг шүүгдэгч Х.З-с гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-д олгож шийдвэрлэсэн.
Шүүхээс гаргуулж шийдвэрлэсэн нийт 118.931.531 төгрөгийг шүүгдэгч Х.З нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.З-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух, газар ажил сургуулиа өөрчилсөн тохиолдолд энэ талаар хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж байна.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.З-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж байна.
Мөн түүнчлэн түүнд хорих ял оногдуулахгүй байж, ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжоор нь хангаснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол, төлбөр төлөгдөх боломжийг харгалзан үзсэн болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт Х.З-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд энэ талаар хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.З нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс нь эхлэн тоолсугай.
8. Ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС