| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/2322/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/188 |
| Огноо | 2026-01-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/188
2026 01 16 2026/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
Хохирогч: Д.Ч /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Борхүү,
Шүүгдэгч: Г.М, түүний өмгөөлөгч Ж.Төмөрхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт Г.М-т холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, ******* төрсөн, ** настай, дээд боловсролтой, ********* ажилтай, ************** ажилтай/, ам бүл 5, ээж, аав дүү нарын хамт ******************** тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ****** овогт Г.М /РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо ****** сургуулийн баруун талын авто замд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг 21 минутын үед Subaru Forester маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.., гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Д.Ч-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Г.М нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо ******* сургуулийн баруун талын авто замд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг 21 минутын үед Subaru Forester маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.., гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Д.Ч-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна. Үүнд:
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хх-06 хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-07-14 хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт, гэрэл зургийн үзүүлэлт, /спиртын агууламж 2.173 хувь/ /хх-15 хуудас/,
Хохирогч Д.Ч-н ... Би 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг өнгөрөөд ****** зах ороод тэндээсээ хими цэвэрлэгээ орох гээд ******** сургуулийн хойд талд байрнууд дунд явган хүний замаар явж байхад хажууханд уралдааны автомашины дуу гарахаар нь эргээд харах гэтэл нэг мэдсэн газарт хэвтэж байсан бөгөөд ослын дараагаар миний хажууд хүмүүс ирсэн бөгөөд нэг хүн нь түргэн дуудаач гээд байсан. Ослын дараагаар би Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж тэр өдрөө мэс засалд ороод зүүн хөлөө өвдөгний дээгүүр тайруулсан... гэх мэдүүлэг, /хх-19 хуудас/,
Гэрч Б.Б-н ... Өглөө намайг гэртээ байж байхад М залгаад уулзъя хүрээд ир гээд надруу локешион явуулаад би локешион харж явсаар байгаад М-г олоод ирсэн, ирэхэд М машин дотор жолоочийнхоо ард сууж байсан ба би жолоочийн хажуугийн суудалд суугаад бид 2 цирк орж нэг газарт орж юм ярьж сууя гэж ярилцаад М машинаа жолоодоод хөдөлсөн, тэгээд байрнууд тойроод баруун зүүн эргээд яваад байсан. Гэтэл нэг байрны хажуугаар байгаад зүүн гар тийш эргэх гэтэл нэг боржур мөргөснөө шахаад яг мөргөсөн эсэхийг мэдэхгүй машин дайвалзаад зүүн гар тийш огцом дараад нэг байрны шат мөргөөд зогссон. Тэгээд бууж ирээд харахад нэг хүн газарт шатан дээр уначихсан байсан..." гэх мэдүүлэг, /хх-65 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай шинжээчийн ... Д.Ч-н биед зүүн шилбэний өвдөгний үеэр болон дээд хэсгээр тайрагдал, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 12.100.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 60 хувь тогтонги
алдалдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт, /xx-87-89 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн өдрийн ********** дугаартай шинжээчийн ...Хохирогч Д.Ч /РД: ********/-ын сэтгэцэд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг нь цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь эрүүл мэндийн эмчилгээ эдгэрэл, гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэгт орчин, хувь хүний сэтгэлзүйн онцлог, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна.... гэх дүгнэлт, /хх-98-100 хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адъяатөмөрийн 2025.08-12-ны өдрийн **** дугаартай "Мөрдөгчийн магадлагаа" /хх-103 хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал шүүгдэгч Г.М-н үйлдэл нь “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байгаа, мөн шүүгдэгч Г.М-г драйгер багажаар шалгахад 2.173 %-н согтолттой байсан нөхцөл байдал тус тус тогтоогдож байгаа тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаар 15.973.350 төгрөг, цалин хөлс, олох ёстой байсан орлого 32.000.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч нь 21.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 7.316.000 төгрөгийг мөн төлж барагдуулжээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарах болохыг тогтоожээ.
Хуульзүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалаар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг баталсан ба гуравдугаар зэрэглэлд хамаарах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор зохицуулсан.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 18.208.080 төгрөгийг шүүгдэгч Г.М-с хохирогч Д.Ч-д олгож шийдвэрлэлээ.
Шүүхээс дээрх хохирлыг тооцохдоо тус гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, түүнээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас зэргийг харгалзан үзсэн болно.
Мөн хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учрахаас өмнө **** ХХК-д ********* ажиллаж байсан ба 4.000.000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан тул 8 сарын хугацааны цалин хөлс болох 32.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хохирогч Д.Ч нь өмнө ****** ХХК-д ************ ажиллаж, 4.000.000 төгрөгийн цалин авч байсан болох нь **** ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ** дугаартай албан тоот, хохирогчийн ***** банкны депозит дансны хуулга, хохирогчийн **** ХХК-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч нь нийгмийн даатгалын шимтгэл болон татвар төлж байсан талаар баримтыг ирүүлээгүй тул ажил, хөдөлмөр эрхэлж байсан болох нь хангалттай тогтоогдохгүй байгаа учир гаргуулах үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
Гэвч хохирогчийн хавтаст хэрэгт гаргаж ирүүлсэн дээрх нотлох баримтуудаар түүний ажил хөдөлмөр эрхэлж байсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.М-с 32.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч-д олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Г.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн эмчилгээний зардалд 21.500.000 төгрөгийг төлсөн ба үүнээс илүү төлсөн 5.526.650 төгрөгийг нь шүүгдэгчээс гаргуулсан хохирол, төлбөрөөс хасаж тооцуулах хүсэлтийг гаргаж байх тул хасаж тооцсон болно.
Иймд шүүгдэгч Г.М-с нийт 44.681.430 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч-д олгож байна.
Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид эмчилгээний зардалтай холбоотой төлбөрөөс зохих хувийг төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух хаяг болох Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь ********** суралцдаг болох нь түүний шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байх ба сургууль нь Сүхбаатар дүүрэгт байрладаг байна.
Иймд шүүгдэгчийн суралцах эрхийг нь хангах үүднээс түүний зорчих эрхийг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж шийдвэрлэсэн болно.
Мөн түүнчлэн түүнд хорих ял оногдуулахгүй байж, ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжоор нь хангаснаар хохирогчид гаргуулж шийдвэрлэсэн хохирол, төлбөр төлөгдөх боломжийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Г.М-т хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг уг нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэйг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт Г.М-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус заасныг журамлан шүүгдэгч Г.М-с нийт 44.681.430 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч-д олгосугай.
6.Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС