Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Жаргалсайханы Энх-Амгалан,

Шүүгдэгч Пүрэвийн Намжилдорж, түүний өмгөөлөгч Борисын Отгонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадарч овогт Пүрэвийн Намжилдоржид холбогдох 201726010609 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10-29 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Бадарч овогт Пүрэвийн Намжилдорж /РД:ПЮ83103118/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Намжилдорж нь 2017 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 10 дугаар гудамжны 29 тоотод байрлах хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, шалтгаангүйгээр алхыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Б.Лхагваминжийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Намжилдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр найз Дуламсүрэн, Лхагваминж хоёрыг гэртээ дуудсан. Бас Өлзийхутаг хүүхэдтэйгээ манай гэрт ирсэн. Би гэртээ эхнэр хоёр хүүхэдтэй цуг байсан. Бид хоол унд идээд тэд нарын авчирсан архийг нь уугаад, тоглосон. Тоглоод 23 цагийн үед Лхаваминж унтаад өгсөн. Лхагваминж манайд ирэхдээ халамцуу байсан. Тэгээд тоглож байгаад тэд оройтлоо гээд явахаар болсон. Тэд нарыг дуудсан шалтгаан нь Дуламсүрэн над руу утсаар яриад “манай нөхөр чи бид хоёрыг хардаад байна, чи хэлж ойлгуулаач” гэж надад хэлсэн. Дуламсүрэн, Лхагваминж хоёр манай гэрт хонохоор ирсэн. Би Лхагваминжид “Дуламсүрэн бид хоёр багийн найзууд ямар нэг асуудал байхгүй” гэж хэлэхэд Лхагваминж “чи эр янхан” гээд намайг түлхэж унагаасан. Би Лхагваминжийн араас нь алх барьж гараад айлгая гэсэн бодолтой алхаа далайхад эрчиндээ Лхагваминжийг  цохисон”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            1 ширхэг төмөр алхыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-10 х/

 

             Хохирогч П.Лхагваминжийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...Миний санаж байгаагаар 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр найз Намжилдорж над руу утсаар залгаад “маргааш манайд хүрээд ирээч 18-ны өдрийг тоглож наадаад цуг өнгөрөөе” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би за тэгье, маргааш би танайд яваад очъё” гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр оройн 19 цаг өнгөрч байхад найз охин Дуламсүрэнг дагуулаад Намжилдоржийн гэрт очсон. Тухайн үед замдаа хүнсний дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн архи, том савалгаатай 2 литрийн пиво 1 ширхэгийг аваад тэдний гэрт очсон. Тэр өдөр Намжилдорж гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт байж байсан. Тэр үед бид хэд хоол цай идэж уучихаад сууж байтал гаднаас тэдний гэрт найз нь гэх нэг эмэгтэй хүүхдээ дагуулаад орж ирсэн. Тэгээд бүгдээрээ тойрч суугаад хөзөр тоглосон. Тэр хооронд би авчирсан 1 шил архи болон пивоо задалсан. Тухайн үед задалсан архиа Намжилдорж бид хоёр хувааж уусан. Харин пивыг нь манай найз Дуламсүрэн болон Намжилдоржийн эхнэр Чаминцэцэг хоёр түлхүү ууж байсан. Харин сүүлд орж ирсэн Өлзийхутаг гэх эмэгтэй огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Учир нь тэр эмэгтэй машин барьж байсан юм. Тэгтэл миний нойр хүрээд байхаар нь би орон дээр нь хэсэг зуур хэвтсэн. Намайг хэвтсэнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Тэгсэн чинь 00 цаг өнгөрч байхад манай найз охин Дуламсүрэн намайг сэрээгээд явъя гэртээ харъя гэсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд Намжилдоржийн гэрээс найз охиныхоо хамтаар гараад Өлзийхутагийн машин ороод суусан. Тэгтэл бид нарын араас Намжилдорж гарч ирээд Өлзийхутаг гэх эмэгтэйтэй юм ярьж байснаа гэнэт машины ард талын хаалгыг онгойлгоод ямар ч шалтгаангүйгээр миний ам болон уруулын хэсэгт барьж байсан төмөр алхаар 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Намжилдоржийн гарыг нь барьж байгаад хойш нь түлхэн машинаас буусан. Тэгтэл миний амнаас цус гараад нэг шүд уначихсан. Тэр үед би Намжилдоржийг барьж байгаад газар унагаан “чи миний шүдийг цохичихлоо ш дээ” гэж хэлээд уурласан. Тэгсэн чинь манай найз охин машинаас бууж ирээд Намжилдорж бид хоёрын дундуур ороод, салгаад намайг машинд суулгасан. Тэгээд гэртээ харихаар Өлзийхутаг гэх эмэгтэйн машинтай явсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 х/

 

 Гэрч Г.Өлзийхутагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай 10 жилийн ангийн хүүхэд болох Намжилдорж над руу 14 цагийн үед залгаад манай гэрт хүрээд ирээч, ойрд уулзсангүй, бас манай хоёр найз ирж байгаа, бүгдээрэй хөзөр тоглоод юм ярьж сууя гэсэн утгатай зүйл хэлээд надтай утсаар ярьсан. Тэгэхээр нь би 20 цагийн үед хүүгээ дагуулаад Намжилдоржийн гэрт очсон. Намайг очих үед Намжилдоржийн яриад байсан хоёр найз нь тэдний гэрт ирчихсэн сууж байсан. Тэгээд бид нар хоол унд хийж идээд юм яриад хөзөр тоглосон. Энэ үед Намжилдоржийн найз гэх Лхагваминж гэдэг залуу 1 шил архи, 1 ширхэг том савтай пиво гаргаж ирээд уухаар задалсан. Тэр үед архийг нь Лхагваминж, Намжилдорж хоёр хувааж уусан. Харин пивыг нь Намжилдоржийн эхнэр Чаминцэцэг, Лхагваминжийн эхнэр Дуламсүрэн нар ууж байсан. Тухайн үед би машин барьж явсан учраас архи, пиво огт хэрэглээгүй. Тэгээд бид нар нилээн сууж хөзөр тоглож байтал Лхагваминж гэх залуу орон дээр унтчихсан. Тэр үед Дуламсүрэн бид хоёр Намжилдоржийн гэрээс гарах гээд Лхагваминжийг сэрээгээд гурвуулаа тэдний гэрээс гараад миний унаж явсан машинд суусан. Тэгээд машинд суугаад явах гэж байтал Намжилдорж гэрээсээ гарч ирээд надтай юм ярьчихаад арын суудал дээр сууж байсан Лхагваминжтэй гэнэт муудалцаад эхэлсэн. Тэгтэл Лхагваминж гэх залуу “намайг алхаар цохьчихлоо ш дээ” гэж орилж байсан. Үүний дараа Намжилдорж, Лхагваминж хоёр хоорондоо ноцолдож эхэлсэн. Тэгтэл Дуламсүрэн, Чаминцэцэг хоёр дундуур нь ороод салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 х/

 

Гэрч М.Чаминцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Намжилдорж бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт гэртээ байж байсан. Тэгтэл орой 19 цагийн үед манай нөхрийн найз Лхагваминж гэх залуу эхнэр Дуламсүрэнгийн хамтаар манайд ирсэн. Тэгээд манай гэрт хөзөр тоглоод хоол унд идээд сууж байтал манай нөхрийн найз болох Өлзийхутаг гэх эмэгтэй бага насны хүүхдээ дагуулаад бас манайд ирсэн. Тэгээд бид нар бүгдээрээ нийлээд хөзөр тоглоод хоол унд идсэн. Энэ үед Лхагваминжийн авчирсан 1 шил архийг манай нөхөр Намжилдорж хоёр хувааж уусан. Харин том савтай 1 пивыг Лхагваминжийн эхнэр Дуламсүрэн бид хоёр уугаад хөзөр тоглосон. Харин Өлзийхутаг машин барьж явсан учраас огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд байж байтал Лхагваминж манай орон дээр хэвтчихсэн. Харин бусад нь хоорондоо юм яриад хөзрөө тоглож байгаад Өлзийхутаг, Дуламсүрэн, Лхагваминж нар гэртээ харихаар болоод Лхагваминжийг сэрээгээд манай гэрээс явахаар гарсан. Тэгтэл тэд нарын араас Намжилдорж алх барьж гараад машин дотор сууж байсан Лхагваминжийг цохисон байсан. Гэхдээ намайг гэрээс гараад Намжилдорж руу очиход машины дэргэд Лхагваминж тэр хоёр машинаасаа буучихсан ноцолдоод байж байсан. Тэр үед Лхагваминжийн ам болон шүднээс нь цус гарчихсан харагдаж байсан. Харин Намжилдорж гартаа төмөр алх барьчихсан байсан. Тэгэхээр нь би алхыг нь булааж аваад гэртээ оруулж тавьсан. Үүний дараа Лхагваминжийн эхнэр Дуламсүрэн гэх эмэгтэй Лхагваминжийг машинд суулгаад гэртээ харихаар манай хашааны гаднаас хөдөлсөн... ...Хэрэг гарах ямар ч шалтгаан байгаагүй. Архины халуунд ийм хэрэг гарчихсан гэж бодож байгаа. Энэ хоёрын хооронд урьдын таарамжгүй харилцаа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/

 

Гэрч М.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Лхагваминж ажлын газрын хүмүүстэйгээ амралтанд явж байгаад өдөр 16 цагийн үед халамцуу байдалтай гэртээ ирсэн. Тэгээд байж байтал Лхагваминжийн найз болох Намжилдорж утсаар олон хоног хүрээд ир гэж дуудсан байсан учраас тэр өдөр 19 цагийн үед Лхагваминж бид хоёр Намжилдоржийнх руу очихоор болсон. Тэгээд бид хоёр замдаа хүнсний дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн хар Чингис нэртэй архи, том савалгаатай Нийслэл нэртэй пиво болон хүүхдүүд нь чихэр, жимс аваад Намжилдоржийнд очсон. Тэгээд Намжилдоржийн гэрт очтол тэд нар хоол унд хийчихсэн байсан учраас хоол цай идэж уугаад хэсэг зуур суусан. Тэгтэл Намжилдоржийн найз гэх нэг эмэгтэй, бага насны хүүхдээ дагуулаад тэднийд орж ирсэн. Тэр үед Лхагваминж бид хоёр авчирсан архи, пивоо гаргаад задалсан. Тухайн үед Лхагваминж, Намжилдорж хоёр задалсан архийг бараг хувааж уусан. Харин пивыг нь Чаминцэцэг бид хоёр хувааж уусан. Тэр үед Намжилдоржийн найз гэх эмэгтэй огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Учир нь машин барьж явсан. Тэгтэл Лхагваминж орон дээр нь унтчихсан. Энэ хооронд бид нар хөзөр тоглоод байж байсан. Тэгээд нилээн удаан тоглож, юм ярьж сууж байгаад 00 цаг өнгөрч байхад Намжилдоржийн найз гэх эмэгтэй гэртээ харихаар болсон. Тэгэхээр нь Лхагваминж бид хоёр машинд нь дайгдах санаатай би Лхагваминжийг сэрээгээд Намжилдоржийн гэрээс гарсан. Тэгээд Лхагваминж бид хоёр нөгөө эгчийн машины хойд талд сууж байтал Намжилдорж гартаа юм барьчихсан хашаанаасаа гараад ирсэн. Тэгтэл машины жолооч эмэгтэйтэй юм яриад зогсож байснаа гэнэт машины хойд талын хаалгыг онгойлгоод Лхагваминжийг буугаад ир гэж хэлээд машинаас буух үед гартаа барьж байсан зүйлээрээ амны хэсэгт нь нэг удаа цохичихсон. Тэгтэл Лхагваминж гарыг нь барьж аваад давхралдаад газар уначихсан. Тэр үед би Намжилдоржийн гараас алхыг нь булааж аваад Лхагваминж болон Намжилдорж хоёрыг болилдоо гэж хэлээд дундуур нь орсон. Үүний дараа Лхагваминжийг машинд суулгаад гэртээ харихаар явсан. ...Намжилдоржийн гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, муудалцсан зүйл огт гараагүй. Яагаад ийм хэрэг болсныг би ойлгоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4042 дугаартай дүгнэлтэд:

а/ Б.Лхагваминжийн биед тархи доргилт, баруун дээд 3 дугаар шүдний хугарал, шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25 х/

 

 Шүүгдэгч П.Намжилдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Сансарын 10-29 тоотод байрлах гэртээ байж байсан. Тухайн үед би найз Лхагваминж, түүний эхнэр Дуламсүрэн нарыг урьд өдөр нь утсаар дуудсан байсан учраас орой 21 цагийн үед тэр хоёр манайд хүрч ирсэн. Тухайн үед Лхагваминж бага зэрэг халамцуу байдалтай 1 шил 0.75 литрийн архи, 2 литрийн савлагаатай пиво авчирсан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад хоол унд идээд сууж байтал гаднаас миний найз болох Өлзийхутаг бага насны нэг хүүхдээ дагуулаад манайд орж ирсэн. Тэр үед бид нар Лхагваминжийн авчирсан архи, пивыг задлаад хөзөр тоглосон. Тэгээд задалсан архиа Лхагваминж бид хоёр хувааж уугаад бараг дуусгасан. Гэхдээ бага зэрэг ёроолдоо үлдсэн байсан. Харин манай эхнэр Чаминцэцэг, Лхагваминжийн эхнэр Дуламсүрэн нар 2 литрийн савлагаатай пивыг ууж байсан. Энэ үед Өлзийхутаг хөзөр тоглоод, цай ууж байсан, архи пивоноос огт уугаагүй. Ингээд байж байтал Лхагваминж нилээн муудаад хэсэг зуур манай орон дээр унтсан. Энэ хооронд Чаминцэцэг, Дуламсүрэн, Өлзийхутаг бид дөрөв хөзөр тоглоод сууцгаасан. Тэгээд байж байтал Лхагваминж, Дуламсүрэн хоёр Өлзийхутагийн машинд дайгдаад гэртээ харихаар манай гэрээс гарсан. Тэгэхээр нь би Лхагваминж, Дуламсүрэн нарын ардаас үүдний таамбарт байсан төмөр алхыг аваад яваад очтол тэр хоёр Өлзийхутагийн машины ард талын суудал дээр суучихсан харагдсан. Тэр үед би машины хойд талын хаалгыг онгойлгоод Лхагваминжид хандаж “чи манай гэрт хононо гэсэн биз дээ, явах байсан юм бол эртхэн хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлээд гартаа барьж явсан төмөр алхыг далайгаад Лхагваминжийн амны хэсэгт нэг удаа алхаараа цохичихсон. Тэгсэн чинь Лхагваминж машинаас бууж ирээд “чи яаж байна аа” гээд над руу дайраад, намайг нэг тонгорч унагаасан. Тэр үед Дуламсүрэн, Чаминцэцэг хоёр дундуур орж салгаж холдуулсан. Үүний дараа би гэртээ орсон. Харин Лхагваминж, Дуламсүрэн нар Өлзийхутагийн машинд суугаад гэртээ харихаар явсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. ...Лхагваминж бид хоёрын дунд ямар ч таарамжгүй харилцаа байгаагүй. Бид хоёр сайхан найзууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33, 34-35 х/

 

 Шүүгдэгч П.Намжилдоржийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 х/

 Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48 х/

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 61 х/

Бакалаврын дипломны хуулбар /хх-ийн 62 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч П.Намжилдорж нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Сансарын 10 дугаар гудамжны 29 тоотод байрлах хашаан дотор ямар нэгэн шалтгаангүйгээр алхаар хохирогч Б.Лхагваминжийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч П.Лхагваминжийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:            “...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр оройн 19 цаг өнгөрч байхад найз охин Дуламсүрэнг дагуулаад Намжилдоржийн гэрт очсон. Би авчирсан 1 шил архи болон пивоо задалж архиа Намжилдорж бид хоёр хувааж уусан. Тэгтэл миний нойр хүрээд байхаар нь би орон дээр нь хэсэг зуур хэвтсэн. Тэгсэн чинь 00 цаг өнгөрч байхад манай найз охин Дуламсүрэн намайг сэрээгээд явъя гэртээ харъя гэсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд Намжилдоржийн гэрээс найз охиныхоо хамтаар гараад Өлзийхутагийн машин ороод суусан. Тэгтэл бид нарын араас Намжилдорж гарч ирээд Өлзийхутаг гэх эмэгтэйтэй юм ярьж байснаа гэнэт машины ард талын хаалгыг онгойлгоод ямар ч шалтгаангүйгээр миний ам болон уруулын хэсэгт барьж байсан төмөр алхаар 1 удаа цохисон. Миний амнаас цус гараад нэг шүд уначихсан. Тэр үед би Намжилдоржийг барьж байгаад газар унагаан “чи миний шүдийг цохичихлоо ш дээ” гэж хэлээд уурласан. Тэгсэн чинь манай найз охин машинаас бууж ирээд Намжилдорж бид хоёрын дундуур ороод, салгаад намайг машинд суулгасан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4042 дугаартай дүгнэлтэд:

а/ Б.Лхагваминжийн биед тархи доргилт, баруун дээд 3 дугаар шүдний хугарал, шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25 х/

 

 Гэрч Г.Өлзийхутагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар нилээн сууж хөзөр тоглож байтал Лхагваминж гэх залуу орон дээр унтчихсан. Тэр үед Дуламсүрэн бид хоёр Намжилдоржийн гэрээс гарах гээд Лхагваминжийг сэрээгээд гурвуулаа тэдний гэрээс гараад миний унаж явсан машинд суусан. Тэгээд машинд суугаад явах гэж байтал Намжилдорж гэрээсээ гарч ирээд надтай юм ярьчихаад арын суудал дээр сууж байсан Лхагваминжтэй гэнэт муудалцаад эхэлсэн. Тэгтэл Лхагваминж гэх залуу “намайг алхаар цохьчихлоо ш дээ” гэж орилж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 х/

 

Гэрч М.Чаминцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Лхагваминжийн авчирсан 1 шил архийг манай нөхөр Намжилдорж хоёр хувааж уусан. Тэгээд байж байтал Лхагваминж манай орон дээр хэвтчихсэн. Харин бусад нь хоорондоо юм яриад хөзрөө тоглож байгаад Өлзийхутаг, Дуламсүрэн, Лхагваминж нар гэртээ харихаар болоод Лхагваминжийг сэрээгээд манай гэрээс явахаар гарсан. Тэгтэл тэд нарын араас Намжилдорж алх барьж гараад машин дотор сууж байсан Лхагваминжийг цохисон байсан. Тэр үед Лхагваминжийн ам болон шүднээс нь цус гарчихсан харагдаж байсан. Харин Намжилдорж гартаа төмөр алх барьчихсан байсан...Хэрэг гарах ямар ч шалтгаан байгаагүй. Архины халуунд ийм хэрэг гарчихсан гэж бодож байгаа. Энэ хоёрын хооронд урьдын таарамжгүй харилцаа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 х/

 

Гэрч М.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Лхагваминж бид хоёр машинд нь дайгдах санаатай би Лхагваминжийг сэрээгээд Намжилдоржийн гэрээс гарсан. Тэгээд Лхагваминж бид хоёр нөгөө эгчийн машины хойд талд сууж байтал Намжилдорж гартаа юм барьчихсан хашаанаасаа гараад ирсэн. Тэгтэл машины жолооч эмэгтэйтэй юм яриад зогсож байснаа гэнэт машины хойд талын хаалгыг онгойлгоод Лхагваминжийг буугаад ир гэж хэлээд машинаас буух үед гартаа барьж байсан зүйлээрээ амны хэсэгт нь нэг удаа цохичихсон. Тэгтэл Лхагваминж гарыг нь барьж аваад давхралдаад газар уначихсан. Тэр үед би Намжилдоржийн гараас алхыг нь булааж аваад Лхагваминж болон Намжилдорж хоёрыг болилдоо гэж хэлээд дундуур нь орсон. Яагаад ийм хэрэг болсныг би ойлгоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

            Төмөр алх 1 ширхэг  эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-10 х/

 

Шүүгдэгч П.Намжилдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Лхагваминж, Дуламсүрэн хоёр Өлзийхутагийн машинд дайгдаад гэртээ харихаар манай гэрээс гарсан. Тэгэхээр нь би Лхагваминж, Дуламсүрэн нарын ардаас үүдний таамбарт байсан төмөр алхыг аваад яваад очтол тэр хоёр Өлзийхутагийн машины ард талын суудал дээр суучихсан харагдсан. Тэр үед би машины хойд талын хаалгыг онгойлгоод Лхагваминжид хандаж “чи манай гэрт хононо гэсэн биз дээ, явах байсан юм бол эртхэн хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлээд гартаа барьж явсан төмөр алхыг далайгаад Лхагваминжийн амны хэсэгт нэг удаа алхаараа цохичихсон... Тэд нарыг дуудсан шалтгаан нь Дуламсүрэн над руу утсаар яриад “манай нөхөр чи бид хоёрыг хардаад байна, чи хэлж ойлгуулаач” гэж надад хэлсэн. Дуламсүрэн, Лхагваминж хоёр манай гэрт хонохоор ирсэн. Би Лхагваминжид “Дуламсүрэн бид хоёр багийн найзууд ямар нэг асуудал байхгүй” гэж хэлэхэд Лхагваминж “чи эр янхан” гээд намайг түлхэж унагаасан. Би Лхагваминжийн араас нь алх барьж гараад айлгая гэсэн бодолтой алхаа далайхад эрчиндээ Лхагваминжийг  цохисон”  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33, 34-35 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хуульзүйн дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын “П.Намжилдорж нь алхаар хохирогчийн нүүрэн тус газар цохиж хөнгөн  хохирол учруулсан” талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгч П.Намжилдорж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд харин тухайн хэрэг гарах болсон шалтгаан, сэдэлтийн талаар  хохирогч, гэрч, шүүгдэгч нар нь өөр байдлаар мэдүүлсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь тухайн хэргийн зүйлчлэл, шийдвэрлэлтэд нөлөөлөхөөргүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

 

         Сонгинохайрхан дүүргийн прокурорын  газраас шүүгдэгч П.Намжилдоржид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт “...танхайрах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

 

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч П.Намжилдоржид 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, танхайрах гэмт хэргийн хувьд гэмт хэргийг үйлдсэн субъектын тооноос хамааран зүйлчлэгдэх болсон нь шүүгдэгч П.Намжилдоржийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул шүүгдэгч П.Намжилдоржид холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж,  түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Намжилдорж, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй ба харин шүүгдэгчид торгох ял оногдуулах талаар санал гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авч хангах боломжгүй гэж үзлээ. Үүнд: шүүгдэгч П.Намжилдорж нь ам бүл дөрөв, эхнэр болон 8 настай 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрөө хувиараа ажил хөдөлмөр эрэлдэг, өрхийн сарын орлого нь 300.000-400.000 төгрөг байдаг талаар мэдүүлж байгаа ч орлогын эх үүсвэрийг нотолсон ямар нэгэн баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын  тухай хуулийн  5 дугаар зүйлд “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул П.Намжилдоржид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна.

Шүүгдэгч П.Намжилдорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан П.Намжилдоржид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

             Шүүгдэгч П.Намжилдорж нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 55 х/-аар тогтоогдож байна.

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Намжилдорж нь хохирогч Б.Лхагваминжид шүд хийлгүүлсэн, зардал нь 70.000 төгрөг болсон талаар мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ ба хохирогч Б.Лхагваминж нь мөрдөн байцаалтын шатанд  нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 12-13 х, гэж мэдүүлсэн тул шүүгдэгч П.Намжилдоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Намжилдоржид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Намжилдорж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шинэчилэн найруулсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Бадарч овогт Пүрэвийн Намжилдоржид холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Бадарч овогт Пүрэвийн Намжилдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Намжилдоржийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу шүүгдэгч П.Намжилдоржид оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Намжилдорж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялын 8 цагийн  ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч П.Намжилдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан П.Намжилдоржид буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан П.Намжилдоржид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ