Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/929

 

                                        Ж.Б-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хорлоо,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/948 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2106 00872 0778 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Ж-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......../,

Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 181.3 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 886 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

Ж.Б нь 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн ...дугаар хороо, 26 дугаар гудамжны ... тоот хашаанд байх иргэн Ш.М-н эзэмшлийн 20 тонны багтаамжтай контейнерийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-с 3.200.000 төгрөг гаргуулж, хохирогч Ш.М-т олгохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ж.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Прокурорын зөвлөснөөр шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцсон явдал нь хуулийн мэдлэг муу, би өөрийгөө өмгөөлөх, шүүх бүрэлдэхүүнд өөрийгөө зөв ойлгуулахад саад тотгор боллоо. Хохирол болох 3.200.000 төгрөгийг би бөөнд нь нэг дор төлөх ёстой гэж ойлгосон нь буруу байж. Би одоо 37 настай, ид ажил хөдөлмөр эрхлэх насан дээрээ байна. Шударга хөдөлмөрөөр олсон орлогоосоо хохирлоо хохирогчтой тохирсон хуваарийн дагуу цувуулан төлж барагдуулах бүрэн боломж байна. Мөн хүнээс авч амжаагүй, мөнгөний авлагаасаа нэг мөсөн төлөх боломж байна. Төв аймгийн Баян сумын харьяат Д овогтой Т, түүний эхнэр О нараас авах авлага 12.000.000 төгрөг байгаа. Би гэм буруугаа бүрэн ухамсарлаж, гэмшиж байгаа бөгөөд хохирлоо нөхөн төлөхийн тулд шоронд биш нийгэм дунд хөдөлмөрлөж байх хэрэгтэй байна. Амьдралаа шинээр дахин эхэлж, нийгэмдээ хөдөлмөрлөж амьдрах бололцоо олгож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Д.Хорлоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ж.Б-д өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар прокурорын зүгээс зөвлөсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүх Ж.Б-д өмгөөлөгч авах боломжит хугацааг олгосон. Ж.Б-н үйлдэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, 26 дугаар гудамжны ... тоот хашаанд байх иргэн Ш.М-н эзэмшлийн 20 тонны багтаамжтай контейнерийг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ш.М-н “...2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр манай Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, 26 дугаар гудамжны ... тоот хашааг сахиж байгаа Одончимэг над руу утасдаж “контейнерийг Ж.Б ачиж явсан” талаар хэлсэн. Энэ мэдээллийн дагуу хашаандаа очтол контейнерийн цоожийг эвдэлж, том сейфийг гаргаж тавиад хашааны хойд талаас ачаад явсан байсан. ... Ж.Б нь манай нөхрийн дүү юм. Нөхөр маань 2019 онд нас барсан. ... Ж.Б-д манай контейнерийг захиран зарцуулах эрх байхгүй. Манай нөхөр бид хоёрын гэр бүлийн дундын өмч юм. ...” /хх 10-13/,

гэрч З.О-н “... Ш.М-г манай хашаанд байх Ж.Б гэх залуугийн бэр эгч гэдгээр нь мэднэ. ... Контейнер М гэдэг хүүхдийнх байх гэж бодож байна. Тухайн контейнерт Ж.Б хүрдэггүй, түлхүүр нь ч байдаггүй байсан. Харин Ш.М онгойлгож эд зүйлээ хийдэг байсан. ... Контейнерийн цоожийг Ж.Б юмаар цохиод байсан. Тэгээд онгойлгосон байх. ...” /хх 20-21/,

гэрч Б.У-н “... манай хөрш залгаа хашаанд Ш.М гэх эмэгтэй нөхөр  хүүхдийн хамт амьдардаг байсан. Тэгээд манай газар болон, ойр орчмын айлуудын газар гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орж газраа чөлөөлөхөөр болсон. ... Цэнхэр өнгийн контейнер Ш.М-н хашааны зүүн талд байрлалтай байдаг байсан. ...” /хх 23/,

гэрч Д.Г-н “... Би нийт 1.950.000 төгрөгөөр Ж.Б-с цэнхэр контейнерийг худалдаж авсан. ... Ж.Б нь энэ контейнерийг манай ах нас барахаасаа өмнө надад өгсөн юм гэж хэлж байсан ч гаалийн бичиг, гэрчилгээ  гэж ямар нэгэн юм үзүүлж байгаагүй. ...” /хх 114/ гэсэн мэдүүлгүүд,

гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 40-41/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-г бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Ж.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Ж.Б нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /63х8=504 цаг/, эдлэх ялаас хасаж /720-504=216/, түүний эдлэх ялыг 216 /хоёр зуун арван зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Ж.Б нь уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхаарвал зохино.

Хэдийгээр шүүгдэгч Ж.Б нь гомдолдоо 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулах талаар хүсэлт гаргасан нь уг хуулийн шаардлагад нийцэж байгаа боловч давж заалдах шатны шүүхээс хорих ялыг хөнгөрүүлж өөр төрлийн хөнгөн ял оногдуулах нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхээс илүү түүний эрх зүйн байдалд эерэг нөлөөтэй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Ж.Б-н гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/948 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Б-н нийт цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /63х8=504 цаг/, эдлэх ялаас хасаж /720-504=216/, түүний эдлэх ялыг 216 /хоёр зуун арван зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.” гэсэн,

- тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Б-г нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР