Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 150

 

“А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Засаг дарга, тус аймгийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурал, Баяндун сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:             Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Х.Батсүрэн

                                  Б.Мөнхтуяа

                                  Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар санал, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 02,  Баяндун сумын 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “А И” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай

Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0051 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Э, хариуцагч Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 136 дугаар санал, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02,  болон 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын “А И” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0051 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-ын гомдлын агуулгад: Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өргөдөл гаргасан талбай дээр давхцал байгаа эсэх дээр “Усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай давхцалгүй” гэсэн лавлагааг кадастрын зургийн хамт, мөн Ашигт малтмал газрын тосны газраас “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хил, Усны сан бүхий хамгаалалттай бүс, Ойн сан бүхий газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна” гэсэн лавлагаануудыг шүүхэд ирүүлсэн. Гэтэл ганц лавлагаа болох Онон-Улзын сав газрын захиргааны “Улз” голын сав газарт хамаарах хамгаалалтын бүстэй 0.6 га талбайтай “давхацсан байна” гэсэн албан бичиг дээр үндэслэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй.

4. Ашигт малтмал газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу шүүлт хийж үзээд ямар нэг байдлаар хориглосон талбайтай давхцалгүй бол Засаг даргаас санал авахаар хүргүүлдэг журмын дагуу манай өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэний үндсэн дээр Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн байхад шүүх зөвхөн нэг талыг барьсан, хариуцагчийн дуудсан гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

5. Маргаан бүхий акт нь 2016 оны 1 дүгээр сарын үед хамаарах байхад давж заалдах шатны шүүхийн магадлалд “Баяндун сумын 2016 оны 7 дугаар сард гарсан тогтоолын талбайд хамаарч байна” гэж дүгнэсэн нь алдаатай болсон.

6. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч “А И” ХХК нь аймгийн Засаг дарга болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хууль зүйн үндэслэлгүйгээр дэмжээгүй, хуулиар хориглосон зүйл байхгүй байхад дэмжихгүй санал өгсөн” гэх үндэслэлээр маргаж байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, өргөдлийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, улмаар 2016 оны 1 дүгээр сарын 27-нд аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” тухай албан бичгийг Ашигт малтмалын газарт хүргүүлж байжээ.

9. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй этгээд нь Ашигт малтмалын газар байх бөгөөд Засаг даргын дэмжээгүй шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах эрх нь мөн Ашигт малтмалын газрын даргад хадгалагдаж байна. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдээс Засаг даргын дэмжээгүй саналын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар эрх бүхий захиргааны байгууллагад хандаагүй, тухайн ач холбогдолтой цаг хугацаанд маргаагүй учраас нэхэмжлэгчийн эрх хэрхэн яаж сэргэх нь тодорхойгүй байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд бус зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох болсон тул нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтаас гадуур “хайгуулын тусгай зөвшөөрөл авах” хүсэл зориг хангагдах боломжгүй болжээ.

10. Нөгөө талаар аймгийн Засаг даргын “дэмжээгүй” санал хууль зөрчөөгүй, заавал дэмжсэн санал өгөх үүргийг хуулиар хүлээгээгүй, нэхэмжлэгчийн “усны хамгаалалтын бүстэй давхцалгүй” тухай гомдол дараах байдлаар няцаагдаж байна. Үүнд, нэгдүгээрт, аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авсан ба Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах бүрэн эрхтэй байх бөгөөд энэхүү эрхийн хүрээнд маргаан бүхий талбайг усны хамгаалалтын бүстэй “давхцалтай” гэж үзсэн нь хууль зөрчөөгүй, эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байна.

11. Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэгт /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн/ зааснаар өргөдөлд дурдсан талбай нь хориглосон газартай давхцалтай бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тул орон нутгийн байгууллагаас эрх хэмжээний хүрээнд тогтоосон усны хамгаалалтын бүс нь “хориглосон газарт” хамаарах учир хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг, дэмжихийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм. Иймээс нэхэмжлэгчийн “ганц лавлагаа болох Онон-Улзын сав газрын хамгаалалтын захиргааны “давхацсан байна” гэсэн албан бичгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн” тухай гомдол үндэслэлгүй. Хэдийгээр Ашигт малтмалын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас усны хамгаалалтын бүстэй “давхцалгүй” гэж тодорхойлсон боловч энэ нь орон нутгийн байгууллага буюу аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон хамгаалалтын бүс тогтоох эрхийг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй юм.

12. Нэхэмжлэгчийн “маргаан бүхий акт нь 2016 оны 1 дүгээр сард хамаарах байхад шүүх 2016 оны 7 дугаар сард гарсан тогтоолыг үндэслэн, хамгаалалтын бүсэд “хамаарч байна” гэж дүгнэсэн нь алдаатай” тухай гомдлын хувьд Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 5 дугаар тогтоолоор усан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг баталсан байх бөгөөд энэхүү үйл баримтаас өмнө буюу 2015 онд Онон-Улз голын сав газрын захиргааны мэдээллийн санд “усны онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай” тухай мэдээлэл бүртгэгдсэн байсан болох нь Онон-Улз голын сав газрын захиргааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаар албан бичиг, гэрч Б.Б-ын мэдүүлгээр тогтоогдсон, хариуцагч нь дээрх үйл баримтыг үндэслэн “дэмжээгүй” санал гаргасан нь хууль зөрчөөгүй, эрх зүйн алдаатай шийдвэр биш байна.

13. Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0051 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                  М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ