Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 407

 

Д.Б, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаар магадлалтай, 1734003830156 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1963 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дэмбэрэл овогт Д.Б.

2.Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Дэмбэрэл овогт Б.Б нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Прокуророос шүүгдэгч Б.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч Б.Б-ийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 3.950.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 21 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б, Б.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх Д.Б-ыг цагаатгахдаа түүнийг яллаж буй нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлүүдийг шийдвэртээ тодорхой заасан байгаа. Тухайлбал гэрч А.Ганболд, Д.Баттулга, Д.Чимгээ нарын мэдүүлгүүд болон Д.Б-ы биед гэмтэл учирсан, түүний нүдний шилийг хохирогч Б.Б авч эвдсэн зэрэг нөхцөл байдлуудыг шийдвэрт тусгасан болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийж хууль зөрчжээ. Мөн Д.Батсайханыг эцэгтэйгээ хамтран бусдын эрх чөлөөнд халдсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Орхон, Булган аймгууд дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгож байгаа.

Иймд анхан шатны шүүхүүдийн шийдвэрт хийсэн дүгнэлтүүд ижил төстэй байх нь зөв юм. Гэтэл Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүх энэ талаар хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Б.Б-ыг бүлэглэн зодсон гэдэг нь гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогддог. Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Д.Б, Б.Б нарыг 2016 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 210 тоот өрөөнд хохирогч Б.Б-ыг бүлэглэн зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэлд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, хохирогч Б.Б, гэрч А.Ганболд, Б.Баттулга, Д.Чимгээ нарын мэдүүлгүүдээр хохирогчид учирсан гэмтлийг Д.Б учруулаагүй болох нь тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна шүүгдэгч Б.Б-ийг 2016 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 210 тоот өрөөнд Б.Б-ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна гэж үзэв.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Д.Б-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Анхан шатны шүүх Б.Б-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ээс хохирогчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.

Хохирогч Б.Б-ы хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Б-ээс өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, эмчилгээний зардал 1.950.000 төгрөг, нийт 3.950.000 төгрөг гаргуулсан хэсгээс өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “шүүгдэгч Б.Б-ээс 3.950.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгож” гэснийг “шүүгдэгч Б.Б-ээс 1.950.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгож” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                         ДАРГАЛАГЧ                                                    Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН