Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/02553

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 25 өдөр                   Дугаар 183/ШШ2023/02553            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д

 

Хариуцагч:  ХХК

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажлаас халагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Д нь “*********” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажлаас халагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“****” ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс сарын 1,500,000 төгрөгийн цалинтай тээврийн жолоочоор ажилд орсон. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ачаатай машины хучлага хуулж байгаад унаж, 2 хөлөндөө бэртэл авсан. Бэртэл аваад Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэгт үзүүлж тэнд эмчлэх боломжгүй гэсний дагуу Улаанбаатар хотод ирж Гэмтэл, согог судлалын төвд ирж үзүүлж, эмчлүүлсэн. 2 хөл гипстэй 3 сар гаруй хэвтрийн дэглэмтэй гэртээ байсан. Компаниас эмчилгээний зардал болон цалин шаардахад хүлээж аваагүй тул 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтад хандаж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт гаргуулсан, 2023 оны 01 дүгээр сард цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч эрүүгийн хэрэг биш гэсэн үндэслэлээр хэрэг хаагдсан. Тэр үед гэмтлийн зэрэг тогтоолгоход хүндэвтэр зэрэг гарсан. Тэгээд байгууллага дээрээ ирээд уулзахад 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр халагдах тушаал гарсан гэх боловч тушаал болон хөдөлмөрийн гэрээг өгөөгүй тул Засгийн газрын *** төвд хандаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас байцаагч томилогдож компаниас шаардсанаар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халсан тушаалыг өгсөн, хөдөлмөрийн гэрээг өгөөгүй. Захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-ыг баримталсан. Тус хуулиар ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон байх шаардлагатай. Гэтэл тус комиссын шийдвэргүйгээр халсан. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаар тэмдэглэл гарсан гэжээ.

2.Хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчийг ажлаа хийх боломжгүй байсан гэж хараад байгаа буюу 12 дугаар сарын 06-ны өдрийн эмчийн магадлагаагаар энэ хүн ажил үүрэг хийх боломжгүй гээд дүгнэснийг үндэслээд ажил хийх боломжгүй, өвчтэй байгаа, мөн өвчний акт болон бусад холбогдох баримтыг ирүүлээгүй тул хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлаас чөлөөлсөн. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Ж.Д шаардлагатай эм, тарианы болон бусад шаардлагатай зардлыг тухай бүр шилжүүлж байсан. Тухайлбал, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 362,300 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4,850,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 624,057 төгрөг шилжүүлсэн учир ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаар тэмдэглэл, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын хариуцагч компанийн тамгаар баталгаажуулсан хуулбарыг,

Хариуцагч талаас “***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Ж.Д ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ****** дугаар Ж.Д жолоочийн ажилд томилсон тушаал, “***” олон улсын тээвэ ХХК-ийн 8 дугаар сарын ажилчдын тушаалын хавсралт зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр халагдах тушаал гарсан гэх боловч тушаал болон хөдөлмөрийн гэрээг өгөөгүй тул Засгийн газрын ***** төвд хандаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас байцаагч томилогдож компаниас шаардсанаар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халсан тушаалыг өгсөн. Ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон байх шаардлагатай. Гэтэл тус комиссын шийдвэргүйгээр захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-ыг баримтлан ажлаас халсан нь хууль бус гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ Ж.Д Хөдөлмөрийн тухай хуулин 80 дугаар зүйлийн 80.1.3-д заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь буруу боловч тэрээр өвчний актаа ажил олгогч байгууллагад ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Ж.Д шаардлагатай эм, тарианы болон бусад шаардлагатай зардлыг тухай бүр шилжүүлж байсан тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажлаас халагдсан тушаал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч “***” ХХК-нд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн жолоочийн орон тоонд томилогдон ажиллаж байсан. (“***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар тушаал)

 

4.2.2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч нэхэмжлэгч Ж.Д нь хөнгөн гэмтэж, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон. (Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт)

 

4.3.Хариуцагч “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар Ж.Д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-д заасныг баримтлан жолоочийн албан тушаалаас чөлөөлсөн.

 

4.4.Жолоочийн 1 сарын цалин 620,000 төгрөг бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалинг хариуцагч "***” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ж.Д олгосон, хөдөлмөрийн чадвар алдалтын талаар зохих байгууллагын дүгнэлт гараагүй зэрэг үйл баримтын хувьд талууд маргаангүй.

 

4.5.Хариуцагч компанийн зүгээс ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулаагүйн улмаас 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гардан авч, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хороо хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаар тэмдэглэл гарч, нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацаанд байна.

 

5.Хариуцагч “***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалд “...Д нь ажлын байранд өөр компанийн ажлыг гүйцэтгэх явцдаа гэмтэл авч хөдөлмөрийн чадвар 50 хүртэл хувиар алдсан тогтоогдож эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон...” гэж дурдсан байх боловч хавтаст хэрэгт эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт авагдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд “...Энэ хүн хөдөлмөрийн чадвараа алдсан тогтоогдсон зүйлгүй... Хууль зүйн үүднээс ч нотлох баримт хангах зүйл байхгүй. Энэ дээр бол маргахгүй...” гэж тайлбарлаж байх тул ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтын талаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

6.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сарын 1,500,000 төгрөгийн цалинтай гэж дурдсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн (“***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалд “...сарын 620,000 төгрөгийн цалинтайгаар ажиллуулсугай” гэх баримтыг нэхэмжлэгч талаас няцааж маргаагүй тул сарын цалинг 620,000 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй юм.

 

Иймд ажил олгогчийн санаачилгаар буюу хариуцагч “***” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль бус болох нь тогтоогдсон тул Ж.Д урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн томилж, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны буюу нийт 9 сарын цалин болох 5,580,000 төгрөгийг хариуцагч “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-аас гаргуулж Ж.Д олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч “ ***” ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б овогт Ж.Д “****” ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 5,580,000 төгрөгийг “****” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч “****” ХХК-д даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “***” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 104.230 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 119.2 119.7 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ТӨРБОЛД