Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1659

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01128 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Ч-гийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ш.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1343 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1962 дугаар магадлалаар Ш.Ч- надаас 59 560 000 төгрөг гаргуулж иргэн Э.Эрдэнэцогтод олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, дээр дурдсан шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр миний өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байр, 08 тоотод орших 15 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг битүүмжилж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тус орон сууцыг хурааж, энэ талаар тогтоол үйлдсэн болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд шинжээч нь миний өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байр, 08 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014334 дугаарт бүртгэлтэй, нэг өрөө орон сууцыг 32 700 000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4/9683 дугаартай мэдэгдлээр хүлээн авч мэдсэн. Миний бие тус үнэлгээг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтыг үндэслэн шүүхэд үнэлгээний талаар гомдол гаргасан. Миний өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байр, 08 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014334 дугаарт бүртгэлтэй 15 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг үнэлэхдээ тухайн орон сууцыг зах зээлийн одоогийн ханш, үнэлгээнээс доогуур үнэлсэн нь нэхэмжлэгч миний эрх ашгийг зөрчиж байна. Учир нь уг орон сууц нь хуучнаар Од кино театрын хажууд байрладаг, хотын A зэрэглэлийн бүсэд оршдог юм. Мөн энэхүү орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Вендо” ХХК-аар үнэлүүлэхэд 43 000 000 төгрөгөөр үнэлснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02189 дугаартай шийдвэрээр Үнэлгээний Олон улсын стандарт 2017 ашиглаагүй, хариуцагч стандарт хэрхэн өөрчлөгдсөн ялгаатай зүйл нь юу болох дээр тодорхой тайлбар гаргаагүй гэсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгосон. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дээрх орон сууцыг “Хөрөнгө эстимэйт” ХХК-аар үнэлүүлэхэд 47 415 900 төгрөгөөр үнэлснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00532 дугаартай шийдвэрээр “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрлийг сунгуулсан эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл дээрх орон сууцыг өмнө нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 43 000 000 төгрөг, 47 415 900 төгрөгөөр үнэлснийг шүүхээс үнэлсэн асуудлаар нь бус процессын асуудлаар хүчингүй болгосон атал “М О” ХХКнь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дээрх орон сууцыг 32 700 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэллээ гэж үзэж байна. 4 сарын өмнө 47 415 900 төгрөгөөр үнэлэгдэж байсан орон сууц зах зээлийн үнэ ханш хэлбэлзээгүй байхад бүхэл бүтэн 14 715 900 төгрөгөөр огцом багасгаж үнэлэгдсэн нь хачирхалтай. Иймд миний өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байр, 08 тоотод байрлах нэг өрөө орон сууцыг шинжээч зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн тул шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар 15-ны өдрийн 182/ШШ2017/01343 дугаар шийдвэрээр Ш.Ч-гээс 56 560 000 төгрөг гаргуулж Э.Эрдэнэцогтод олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллаж байна.

Төлбөр төлөгч Ш.Ч-гийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаар холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахад бүртгэлийн газруудаас Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байрны 8 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014334 дугаарт бүртгэлтэй 15 м.кв талбайтай 1 өрөө орон сууц бүртгэлтэй бөгөөд төлбөр авагч Э.Эрдэнэцогттой байгуулсан зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Баянзүрх дүүрэг, 4 дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 44/2 дугаар байрны 50 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020761 дугаарт бүртгэлтэй 53.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц бүртгэлтэй бөгөөд иргэн Д.Шараатай байгуулсан зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан.

Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 19 дүгээр гудамж 292 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006497 дугаарт бүртгэлтэй 211.5 м.кв талбайтай хувийн сууц, Г-2202001105 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүртгэлтэй бөгөөд Хас банктай байгуулсан зээлийн барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан. Авто тээврийн үндэсний төвөөс KIA PREGIO 5715 УБП маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн.

Төлбөр төлөгчид төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул төлбөр авагчийн барьцаанд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байрны 8 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014334 дугаарт бүртгэлтэй 15 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудаас үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 143 тоот "Вендо ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоох шинжээчээр томилсон. Шинжээч “Вендо” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 43 000 000 төгрөгөөр тогтоосон боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02189 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон тул 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр шинжээч томилох тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг дахин үнэлгээ тогтоолгохоор томилсон. "Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр барьцаа хөрөнгө нь 47 415 900 төгрөгөөр үнэлсэн боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 532 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон. Иймд дахин үнэлгээ хийлгэхээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 115 дугаар тогтоолоор томилсон. “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгө нь 32 700 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээг талуудад мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 32 700 000 төгрөгийг 70 хувиар тооцон 22 890 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон тус газраас зохион байгуулах 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт анхны дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдлүүдийг төлбөр авагчид хүлээлгэн өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тухайн орон сууцтай танилцсан ба газар дээр нь үзлэг хийхэд 1964 онд ашиглалтад орсон, хуучнаар Од кино театрын урд байрлалтай, тоосгон барилгын 3 дугаар давхарт байсан. Уг байр нь нэг том өрөөтэй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр ашигтай талбай нь 15 м.кв талбайтай ба бид 2009 оны стандартын дагуу хэмжилт хийхэд нийт талбай нь 28.1 м.кв талбайтай, 1 өрөө, жижиг арктай, гал тогоо тусдаа хуучны, ашиглалтын тухайд хүнд байдалд орсон байр байсан. Үнэлгээг 3 аргаар тооцдог ба уг аргаар нь тооцсон. Нэгдүгээрт өртгийн хандлагаар тооцохдоо 28.1 м.кв гэх нийт талбайг Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 203 дугаар тушаалын дагуу тэнхлэгийн талбайд шилжүүлэх итгэлцүүрээр 1.1-ээр хэрэглэнэ гэсэн заалтаар тооцоход 30 гаруй м.кв талбайтай болж байгаа. Уг тушаалд байх 922 000 гэх нэгжийн үнээр үржүүлээд бодохоор энэ байрыг барих өртөг нь 30 789 000 төгрөг байжээ. Уг байрыг ашиглах нийт хугацаа нь 60 жил байхаас 55 жил ашигласан ба 91.67%-ийн элэгдлийг хасаад бодохоор 2 500 000 төгрөгийн өртөгтэй байшин байсан. Хоёрдугаарт түрээсийн орлогоор тооцдог өртгийн хандлагаар тооцоход 1 өрөө байрын зах зээлийн түрээсийн судалгаа хийхэд сарын 400 000-500 000 төгрөг гэхээр жилийн 5 400 000 төгрөгөөс татвар, алдагдлыг хасвал жилдээ 4 600 000 төгрөгийн орлоготой. Уг байрны үлдсэн 5 жилийн хугацаагаар үнэлбэл 16 600 000 төгрөгийн үнэтэй байж болох байшин байна. Учир нь уг байранд цааш ашиглах хугацаа байхгүй тул муу гарсан. Гуравдугаарт зах зээлийн харьцуулалтын аргаар тооцохдоо 3 орон сууц буюу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооллын 1 өрөө 18 м.кв талбайтай, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн 15 м.кв талбайтай 1 өрөө, Билэг их дэлгүүрийн орчимд байдаг 18 м.кв талбайтай 1 өрөө байрын мэдээллийг хэрэглэсэн. Энэ 18 м.кв талбай гэдэг нь дандаа ашигтай талбайгаараа дандаа зарах гээд тавьсан байгаа мэдээлэл, бид гэрчилгээнд байгаа ашигтай талбайн гол үндэслэлийг бодитой зүйл гэж үздэг. Ингээд бодохоор угсармал орон сууцны 1 өрөө байр 60 000 000 төгрөг, цагдаагийн хэлтсийн байр нь үнэлгээ хийж байгаа байртай яг ижилхэн байр байсан ба үнэ нь 30 000 000 төгрөг гэхээр хамгийн ойр мэдээлэл нь 30 000 000 төгрөгийн тоосгон байр байсан. Ашигтай талбайгаар нь тооцохоор тайлангийн хавсралт 2-ын А хүснэгтэд байгаагаар харьцуулахаар бодитоор орон сууц зарах гэж байгаа бол 5% орчим хямдарна гэж тооцоод 57 000 000 төгрөг, 28 000 000 төгрөг, 57 900 000 төгрөг байх боломжтой гээд ашигтай талбайд хуваавал 1 м.кв нь угсармалын хувьд 3 200 000 төгрөг, тоосгон байшин 1 583 000 төгрөг, билэг их дэлгүүрийн хойно байрлах угсармал байрынх 3 200 000 төгрөг байсан байна. Эхний болон сүүлийн угсармал 2 байрын хийцийн хувьд өөрөөр үнэлээд 5% бууруулж тооцсон. Мөн ижилхэн тоосгон байшин нь үнэлгээ хийлгэж байгаа байртай илүү адилхан байна гэдэгт 2 дахин хүчин зүйл байсан гэхээр ашигтай м.кв нэгж талбай нь 2 182 000 төгрөг болж байна. Үүнийгээ үнэлж байгаа ашигтай талбайгаараа үржүүлэхээр 32 700 000 төгрөг гарсан. Ингээд үнэлгээчин ямарваа нэгэн зүйлээс хараат бусаар, нөлөөлөлд автахгүйгээр олон улсын стандартын дагуу үнэлсэн байгаа гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.Ч нь өөрийн өмч болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хороолол, 17 дугаар байр, 8 тоотод байрлах 15 м.кв нэг өрөө орон сууцыг үнэлгээний байгууллага 32 700 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийг Ш.Ч- нь анх удаа гаргаагүй бөгөөд урьд нь танай шүүхэд яг ийм нэхэмжлэлийг хоёр удаа гаргаж байсан. Гэтэл Ш.Ч- нь гурав дахь удаа гаргасан үнэлгээг бас л үндэслэлгүй буюу хэт доогуур үнэлсэн байна хэмээн нэхэмжлэл гаргасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байгууллага болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулж буй үйл ажиллагааг удаа дараа санаатайгаар саатуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс зориуд санаатайгаар зайлсхийх үйлдэл гэж үзэж байна. Хэргийн гол нь үнэлгээнд байгаа бус цаг хугацааг удаашруулах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх гэсэн зорилго агуулж байна. Дээрх байр нь 1962 онд баригдсан. Барилгын тухай хууль тогтоомжид заасан ашиглалтын хугацаа дууссан 15 м.кв талбай бүхий ванны өрөө байхгүй хэт хуучин бөгөөд хэрэв мэргэжлийн хяналтын байгууллага тухайн байранд шинжилгээ хийвэл хүн хэвийн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гаргахаар тийм л байр юм. Ш.Ч- нь дээрх байраа 200 сая төгрөгийн үнэтэй гэсэн ямар ч хүний санаанд багтахааргүй үнэлгээ гаргаж гурав дахь удаагаа үнэлгээний гомдол гаргаад байна. Хэрэв үнэхээр 200 сая төгрөгийн үнэтэй байр юм бол байраа зараад миний төлбөрийг төлөөд цаана нь 140 сая төгрөг үлдэхээр байна. Ер нь үнэлгээ тогтоож байгаа нь албадан дуудлага худалдааны доод ханшийг тогтоож албадан дуудлага худалдаанд оролцогчдын өрсөлдөөний явцад зах зээлийн үнэ ханшинд буюу үнэлгээ нь өсөж зарагдах боломжийг олгож байгаа болохоос дээд ханшийг тогтоож байгаа асуудал биш юм. Ш.Ч- нь өөрөө тус байранд амьдардаггүй бөгөөд (Ш.Ч- нь хэд хэдэн байртай) энэ байраа түрээсэлж, шүүхийн шийдвэр гарснаас хойш л гэхэд хоёр жил ашиг олсоор байна. 2012 оны 11 сард анх Ш.Ч-тэй барьцааны гэрээ хийсэн барьцааны гэрээ гэдэг нь зээлээ төлж чадахгүй бол байраа зараад төлнө гэсэн утгатай гэрээ юм. Мөн 2017 оны 6 сард гарсан шүүхийн шийдвэрийг иргэн хүний хувьд биелүүлэх үүрэгтэй. Гэтэл одоо байраа заруулахгүйн тулд үнэлгээний гомдлыг гурав дахь удаагаа гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, шүүхийг үл тоомсорлон, надад эд хөрөнгө сэтгэл санааны их хохирол учруулсаар байна. Анх 2012 оны 11 сард зээл өгснөөс хойш 6 жил 6 cap, гурван шатны шүүхээр 2 жил, НШШГГт 1 жил 4 cap болж байна. “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлсэн 32 700 000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байр, 8 тоотод байрлах 15 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ш.Ч-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 03691 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэттэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

1. Шинжээч "Вендо" ХХК нь дээрх орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр 43 000 000 төгрөг гэж үнэлснийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/02189 дугаартай шийдвэрээр "одоо хүчин төгөлдөр үнэлгээний олон улсын стандартыг ашиглаагүй байна" гэсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгосон байдаг.

2.Шинжээч "Хөрөнгө эстимэйт" ХХК нь дээрх орон сууцыг 28,4 м.кв талбайтай хэмээн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 47 415 900 төгрөгөөр үнэлснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00532 дугаартай шийдвэрээр "шинжээчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулсан эсэх нь тодорхой биш" гэсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгосон.

3. Шинжээч “М О” ХХКнь дээрх орон сууцыг 15 м.кв талбайтайгаар тооцон 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 32 700 000 төгрөгөөр үнэлсэн юм.

Шинжээч “М О” ХХКнь үнэлгээний тайлангийнхаа 4.3 дах хэсэгт зах зээлийн хандлагаар хийсэн тооцооллын хүснэгтэд Үнэлж буй хөрөнгийн талбайн хэмжээ 15 м.кв-ыг нэгж талбайн жигнэсэн дундаж үнэ 2182,2-оороо үржүүлээд Үнэлэгдэх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 32 732,4 гэж гарган Зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд 100% ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 32 700 000 төгрөгөөр тогтоосон.

Гэтэл тус үнэлгээний тайлангийнхаа 2 дугаар хавсралт Сууцны өрөө тасалгааны хэмжилтийн зураг гэсэн талд орон сууцны нийт талбайн хэмжээ 28.10 м.кв гэж тооцоолсон.

Өөрөөр хэлбэл шинжээч “М О” ХХКнь дээрх орон сууцыг бодит байдал дээр 28.10 м.кв гэж хэмжсэн хирнээ үнэлгээгээ гаргахдаа 15 м.кв талбайтайгаар тооцон үнэлж алдаа гаргаж нэхэмжлэгчийн орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу 32 700 000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй юм. Учир нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргахдаа бодит байгаа талбайг нэгж талбайн үнээр үржүүлж гаргадаг билээ. Хэрэв 28.10 м.кв-ыг нэгж талбайн жигнэсэн дундаж үнэ 2182,2-оор үржүүлбэл 61 319 000 төгрөг гарч байгаа болно.

Энэхүү орон сууцыг шинжээч "Хөрөнгө эстимэйт" ХХК үнэлэхдээ бодит байгаа талбай гэх 28.4 м.кв-ыг нэгж талбайн үнээр үржүүлэн 47 415 000 төгрөгөөр үнэлж байсан байдаг. Түүнчлэн 2018 оны 8-12 дугаар саруудад 40 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэж байсан /шинжээчийн дүгнэлтүүд нь зөвхөн процессын алдаа гаргасан гэсэн үндэслэлээр л хүчингүй болж байсан/ орон сууц ямар ч өөрчлөлт гараагүй /орон сууц өөрчлөгдөөгүй, зах зээлийн үнэ ханш өөрчлөгдөөгүй/ байхад 4 сар гаруй буюу маш богино хугацааны дараа 10 гаруй сая төгрөгөөр үнэ нь буурч өөрчлөгдөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Ш.Ч- нь "Брайт Пойнт" ХХК-аар дээрх орон сууцныхаа м.кв-ыг хэмжүүлэхэд нийт талбай нь 28.74 м.кв байна гэж гаргасныг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ш.Ч-гийн гомдлыг хангаж, орон сууцыг 32 700 000 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

 

            Нэхэмжлэгч Ш.Ч- нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01343 дугаар шийдвэрээр хариуцагч Ш.Ч-гээс 59 560 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Эрдэнэцогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 168 750 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1962 дугаар магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 976 дугаар захирамжийн дагуу мөн өдөр 123 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 18300263 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 96-98 дугаар тал/

 

            Барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байр, 08 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205014334 дугаарт бүртгэлтэй, нэг өрөө орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 18300263/04 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18300263/06 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.  

 

            Дээрх хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 115 дугаар тогтоолоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна. /хх 39 дүгээр тал/

 

Шинжээч “М О” ХХКнь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байр, 08 тоотод байрлах 15 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 32 700 000 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож үнэлгээг тогтоохдоо адил бүсэд байрлах орон сууцны ашигтай талбайгаар зах зээлийн үнийн харьцуулалтын аргаар үнэлснээ тайлбарласан байх бөгөөд 28.10 м.кв талбайгаар үнэлэх ёстой гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                       ШҮҮГЧИД                              Н.БАТЗОРИГ

 

  А.ОТГОНЦЭЦЭГ