Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Ж.Энх-Амгалан,

            шүүгдэгч Б.Өнөржаргал, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бөмбөө овогт Батболдын Өнөржаргалд холбогдох 201726011193 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, өвөө, эмээгийн хамт, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооллын 41 дүгээр байрны 46 тоотод оршин суух, 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 332 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн Бөмбөө овогт Батболдын Өнөржаргал /РД:УШ93083012/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Өнөржаргал нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын шинэ эцсийн орчимд Х.Янсанжавыг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Өнөржаргал нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын шинэ эцсийн орчимд иргэн Х.Янсанжавыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Х.Янсанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарангийн голын шинэ эцэст амьдардаг төрсөн эцэг Л.Сүхээгийн гэрт очих гээд явж байгаад урьд нь зодоон хийж байсан Өнөржаргал, үл таних залуутай хамт явж байгаатай тааралдсан. Өнөржаргал согтуу над руу хандаж “чи шорондоо яваагүй юм уу” гэж хэлэхээр нь “юу яриад байгаа юм гэсэн чинь” над руу дайраад миний нүүрэнд гараараа 4-5 удаа цохиж аваад толгойруу бас гараараа цохисон. ...Миний хамар чихэгдсэн байсан. Үүнийгээ гаргуулах зардалд 200.000 төгрөг бэлнээр Өнөржаргалаас авсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13, 38 х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7628 тоот дүгнэлтэд:

            - Янсанжавын биед тархи доргилт, дух зүүн шанаа, 2 нүдний дээд доод зовхи, дээд уруул, баруун нүдний алимд цус хуралт, хамрын баруун дээвэр ясны хугарал тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            - Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 16х/

 

                Шүүгдэгч Б.Өнөржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарангийн голын эцэст хамт архи уудаг хэсэг хүмүүстэй уугаад явж байтал зүс таньдаг Янасанжавтай тааралдсан чинь хамт архи ууя гэхээр нь зөвшөөрөөд хамт архи уугаад сууж байтал Янсанжав надад томроод бид 2 муудалцсан. Тэгсэн Янсанжав намайг эхлээд цохиод зугтаачихаар нь араас нь гүйцэж очоод Янсанжавыг Минимаркет дэлгүүрийн урд барьж аваад би Янсанжавын нүүрэн тус газар нь 4-5 удаа цохисон. Тэнд байсан хүмүүс боль боль гээд салгасан. Янсанжавын хамарнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 39 х/

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв тул дахиж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

                  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Өнөржаргал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны /хх-ийн 61 х/ дагуу прокурор түүнд 450 нэгжээр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Өнөржаргал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

   Иймд шүүгдэгч Б.Өнөржаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Б.Өнөржаргал нь хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 хувьтай,  группид байдаг,  үе үе ухаан алдаж  унадаг, өндөр настай эмээ, өвөөгийн хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд түүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй байна. Харин прокурорын саналыг харгалзан Б.Өнөржаргалд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Өнөржаргал нь урьд 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-44/ зэргээр тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Өнөржаргал нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрт 200.000 төгрөгийг хохирогч Х.Янсанжавд төлсөн, “хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 38х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Б.Өнөржаргалын бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Б.Өнөржаргалын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бөмбөө овогт Батболдын Өнөржаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөржаргалыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Өнөржаргал нь торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Өнөржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өнөржаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ