| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04286/И |
| Дугаар | 183/ШШ2023/03153 |
| Огноо | 2023-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2023/03153
2023 оны 10 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2023/03153 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Х-д холбогдох,
нохойны төлбөр болох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
Хариуцагч Э.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь*******д холбогдуулан нохойны төлбөр болох 1,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Японы Акита үүлдрийн Акия гэх нохойг 1,000,000 төгрөгөөр худалдан авсан ба уг 1,000,000 төгрөгийг*******ы Хаан банкны******* дугаар дансанд шилжүүлсэн. Уг нохойг бичиг баримтын хамт хүлээн авсан. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр*******ы дүү гэх хүн******* дугаар залгаж, Акия гэх нэртэй нохойгоо буцаан авах санал тавьсан. ******* миний бие уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч, Халиун болон түүний ээж, дүү нартай нохойгоо буцаан авах талаар харилцан ярилцан тохиролцон, тэд нохойгоо үржилд оруулна, гөлөг өгнө гэж хэлээд нохойгоо буцаан аваад явсан.
1.2.2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Японоос*******ы дүү рүү залгаж гөлгөө авах талаар ярьсан боловч хэл амаар доромжилж, гөлөг болон мөнгийг буцааж өгөхгүй гээд хэл амаар доромжилсон. Одоо болтол нохойгоор үржилд оруулаагүй. Иймд*******аас нохойны төлбөр болох 1,000,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Энэ хүн үнэхээр их сонирхож, гуйж байгаад 1,000,000 төгрөгөөр авсан. Нохойгоо байсхийгээд алдаад байхаар нь харъя гээд 2 удаа уулзсан. Уулзахад нохой минь ер нь өнгө үзэмж муу өрөвдмөөр зутруу харагдаж байсан. Анх энэ хүнд нохойгоо өгөхдөө сайн хүнд өгчихлөө гэж их баярласан. Гэтэл хамгийн сэтгэлгүй, хатуу хүнд өгснөө мэдсэн. Дүү 1 дүгээр сард гаднаас ирээд нохойгоо харъя гээд утсаар яриад уулзсан. Тэгэхэд******* 2-3 хоногийн дараа Япон явах гэж байгаа, нохойгоо авч явах гэсэн боловч нохойноос авсан шинжилгээ хилээр авч гарах боломжгүй гэж гарвал хил дээр шууд унтуулдаг гэнэ, энэ хүнд өгөөд явахаас гэхэд нь танихгүй хүнд үлдээж явах гэж байгаа бол манайд үлдээгээд яв, олон хүний гар дамжуулж нохой зовоогоод яах вэ гээд тохирцгоосон.
2.2.Амралтын өдөр******* утасдаад нохойгоо ууланд авч яваад ирье гэхэд нь аваачиж өгсөн. Тэр өдөр манайх хөдөө ажил гараад явсан байсан. Гэтэл орой нохойгоо өгөх гэсэн юм гэхэд нь танайх ер нь нохойгоо буцаагаад авбал яасан юм гэхэд өмнөөс баахан уурласан. Энэ айлд манай нохой очоод 6 сар болсон, буцаж ирэхдээ хуучин хүзүүвчтэйгээ ирсэн, хүзүүвчийг нь тайлахад хүзүүвчний дотор тал нь сөрдийсөн, үсгүй амьтны хүзүүг холгож үрээд шарх болохоор байсан. Үнэхээр тэр нохойг гэсэн бага боловч сэтгэл байсан бол хүзүүвчийг нь хүртэл сольчихож болох байсан байх. Энэ 6 сар дотор **** нохойны эзэн шиг эзэн байж чадаагүй.
2.3.Гэрэлээ явахдаа хэрэв та нарт ямар нэг ажил гараад нохойгоо буцааж өгөх бол би дуртай авна гэж байсан. Мөн мөнгө, төгрөг буцаан өгөх, авах тухай ярьж тохироогүй. Харин нохойгоо нийлүүлбэл гөлөг өгье гэж байсан. Одоо шал өөр юм яриад байна.
2.4.Нохойгоо ав гэхээр авахгүй, мөнгө нэхээд байгаа гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас**************,******* дугаар дансны 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар,
Хариуцагч талаас 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарыг тус тус гаргаж өгснийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Японы Акита үүлдрийн Акия гэх нохойг 1,000,000 төгрөгөөр худалдан авсан ба уг 1,000,000 төгрөгийг*******ы Хаан банкны******* дугаар дансанд шилжүүлсэн. Уг нохойг бичиг баримтын хамт хүлээн авсан. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр*******ы дүү гэх хүн******* дугаар залгаж, Акия гэх нэртэй нохойгоо буцаан авах санал тавьсан. ******* миний бие уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч, Халиун болон түүний ээж, дүү нартай нохойгоо буцаан авах талаар харилцан ярилцан тохиролцон, тэд нохойгоо үржилд оруулна, гөлөг өгнө гэж хэлээд нохойгоо буцаан аваад явсан. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Японоос*******ы дүү рүү залгаж гөлгөө авах талаар ярьсан боловч хэл амаар доромжилж, гөлөг болон мөнгийг буцааж өгөхгүй гэсэн. Иймд нохойны төлбөр болох 1,000,000 төгрөг гаруулж өгнө үү гэж тодорхойлсон.
3.Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нохойг өрөвдөж, танихгүй хүнд үлдээж байхаар манайд түр үлдээчих гэж авсан. Нийлүүлбэл гөлөг өгнө гэсэн боловч ижил үүлдрийн нохой байгаагүй учраас нийлүүлж чадаагүй. Иймд зун гөлөг өгөх боломжгүй болсон. Одоо нохойгоо авах боломжтой, нохойны төлбөр болох 1,000,000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******аас Японы Акита үүлдрийн Акия гэх нэртэй нохойг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан нь талуудын тайлбар болон Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 3 дахь тал)
4.2.2023 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч ******* нь Япон явах шаардлага гарсан тул худалдаж авсан Акия гэх нэртэй нохойг өмнөх эзэнд нь буцааж өгсөн болох нь хариуцагчийн “...энэ хүнд өгөөд явахаас гэхэд нь танихгүй хүнд үлдээж явах гэж байгаа бол манайд үлдээгээд яв, олон хүний гар дамжуулж нохой зовоогоод яах вэ гээд тохирцгоосон...” гэх тайлбараар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 17 дахь талын ар тал)
4.3.Өмнөх эзэн нь нохойны оронд гөлөг өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хариуцагчийн “...хэрэв та нарт ямар нэг ажил гараад нохойгоо буцааж өгөх бол би дуртай авна гэж байсан..., Харин нохойгоо нийлүүлбэл гөлөг өгье гэж байсан...” гэх тайлбараар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 18 дахь тал)
5.Нэхэмжлэгч *******гийн зүгээс Японы Акита үүлдрийн Акия нэртэй нохойг хариуцагч*******аас 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан буюу зохигчдын хооронд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.
6.Дээрх гэрээний дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгч ******* нь нохойны үнийг худалдагч буюу хариуцагч*******д шилжүүлж,******* нь нохойг *******д шилжүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж заасны дагуу талууд хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон байна.
7.Харин нэхэмжлэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сард Япон Улс руу явах шалтгаанаар нохойг гуравдагч этгээдэд үлдээх гэж байгаа талаар хариуцагч*******д хэлэхэд түүний зүгээс “танихгүй хүнд үлдээж байхаар, манайд үлдээгээд яв, олон хүний гар дамжуулж нохой зовоогоод яах вэ, нохойг нийлүүлбэл гөлөг өгөх” тухай санал гаргасан (хавтаст хэргийн 18 дахь тал), ******* уг саналыг зөвшөөрч, нохойг*******д үлдээсэн үйл баримтын талаар талуудын хооронд маргаангүй байна.
8.Иймд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******ы зүгээс нохойг өөртөө буцаан авах, түүний оронд зун гөлөг өгөх тухай хүсэл зоригоо илэрхийлсэн, нэхэмжлэгч ******* уг саналыг хүлээж авсан буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар*******ы хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
9.Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсноор талуудын хооронд хэлцэл байгуулагдсанд тооцох бөгөөд хариуцагчийн хувьд “нохойг үлдээж, гөлөг авна гэж тохирсон, мөнгө авна гэж тохироогүй” гэж маргаж байх тул талуудын хооронд иргэний ямар эрх, үүрэг үүсгэхэд чиглэсэн хэлцэл байгуулагдсан болохыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасны дагуу тэдний хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах замаар дүгнэх нь зүйтэй.
10.Нэхэмжлэгч ******* нь Япон Улс руу явах болсон тул Акия гэх нэртэй нохойг бусдад шилжүүлэх шаардлага гарсан бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан “...хэрэв та нарт ямар нэг ажил гараад нохойгоо буцааж өгөх бол би дуртай авна гэж байсан...” гэх тайлбараас (хавтаст хэргийн 18 дахь тал) үзэхэд*******ы саналыг хүлээж авснаар тэрээр Монгол Улсад буцаж ирэхдээ Акия гэх нэртэй нохойг бус зөвхөн түүний гөлгийг авах хүсэл зоригтой байсан буюу нохойг буцаан авах үүргийг*******ы өмнө хүлээгээгүй байна.
11.Өөрөөр хэлбэл, Э.Халиуны зүгээс *******гийн шаардсанаар гөлгийг түүнд шилжүүлэн өгч чадахгүй тохиолдолд Акия гэх нэртэй нохойг буцаан авахыг түүнээс шаардах эрхгүй буюу Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь Японы Акита үүлдрийн Акия нэртэй өөрийн нохойг үлдээж, түүний оронд уг нохойн гөлгийг буцааж авах, хариуцагч******* нь Акия нэртэй нохойн гөлгийг *******д шилжүүлэн өгөх нь гэрээний гол нөхцөл байжээ.
13.Иймд хариуцагч******* нь Японы Акита үүлдрийн нохойн гөлгийг *******д хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь Акия гэх нэртэй нохойн үнэ болох 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
14.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч*******аас 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэлээ.
15.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас 1,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД