Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Б.Дэлгэрдалай,

            шүүгдэгч С.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Соёлмандахын Баясгаланд холбогдох 1708005540024 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын оперторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 58 дугаар байрны 27 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар гурил ХХК-д борлуулалтын мэргэжилтэн ажилтай, урьд ял шийтгэлгүй, Монгол овгийн Соёлмандахын Баясгалан, регистрийн дугаар ТЯ88120912

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Баясгалан нь согтуурсан үедээ 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Г.Нямсамбуугийн эзэмшлийн УНГ 00-01 улсын дугаартай “Тоёота Альфард” маркын автомашины крыло, хаалга, толь зэргийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.551.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар С.Баясгалан нь  бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шгэмт хэрэг үйлдсэн болох нь нолтогдон тогтоогджээ. Тодруулбал,

Шүүгдэгч С.Баясгалан нь согтуурсан үедээ 2017 оны 7 дугаар сарын 23-ны үүрийн  05 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Г.Нямсамбуугийн эзэмшлийн УНГ 00-01 улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн автомашины крыло, хаалга, толь зэргийг өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.551.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Г.Нямсамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би 2017 оны 7 сарын 22-ны орой 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн 00-01 УНГ улсын дугаартай “Тоёота альфард” маркийн автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33-р байрны 7-р орцны харалдаа байрлуулж тавиад гэртээ орж амарсан. Тэгээд өнөө өглөө буюу 7 сарын 23-ны өглөө босоод машин дээрээ очсон чинь миний машины 4 талын хаалга, хойд урд крыло, шил арчигч зэрэг эд ангийг нь хонхойлгоод эвдчихсэн байсан ба манай байрны оршин суугч нэг залуу хүрч ирээд “таны машиныг нэг согтуу залуу өнөө өглөө өшиглөж, цохиж байгаад манай орц луу орсон, намайг өглөө гэрээсээ гарахад тэр залуу 5, 6 давхрын шатан дээр унтаж байсан, одоо байж магадгүй” гэж хэлэхээр нь 33-р байрны 6-р орц руу ороод 5 давхрын шатан дээр очиход дээгүүрээ саарал өнгийн подволктой, жинсэн өмдтэй, хар пүүзтэй согтуу залуу унтаж байхаар нь цагдаа дуудаж эрүүлжүүлсэн. Тэр залуу миний машиныг эвдэж гэмтээсэн байсан. ...Надад одоо гомдол, санал байхгүй, би Баясгалан гэх залуугаас хохирлын 2.500.000 төгрөгөө авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5, 10, 12 х/,

 

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 х/,

 

            “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд: “Урд буфер 45.000 төгрөг, баруун урд крыло 68.000 төгрөг, баруун урд хаалга 360.000 төгрөг, баруун хойд хаалга 50.000 төгрөг, баруун хойд крыло 40.000 төгрөг, хойд шил арчигч 25.000 төгрөг, зүүн урд хаалга 25.000 төгрөг, зүүн хойд хаалга 48.000 төгрөг, хаалганы бариул 50.000 төгрөг, багаажны хаалга 10.000 төгрөг, шууд зардал 435.000 төгрөг, 800 грамм будаг тус мат 160.000 төгрөг, будгийн ажлын хөлс 640.000 төгрөг, эд анги солих зардал 30.000 төгрөг, шууд бус зардал 830.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон 1.551.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 26-29х/

 

                Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд: “С.Баясгалангаас тухайн үед өмсөж явсан хар өнгийн үдээстэй, 43 размерын Nike фирмийн хуучин өмсөж байсан хар өнгөтэй хос пүүзийг хураан авав.” гэжээ.

 

                Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтооол /хх-ийн 32х/

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4034 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн пүүзэн хос гутал нь 43 размерын гутал байна, шинжилгээнд ирүүлсэн зураг дээрх 4 ш өсгийн мөр шинжилгээнд харьцуулах загвар болон ирүүлсэн хар өнгийн пүүзэн баруун гутлын өсгийн хэсгээр дарагдаж гарсан байж болно, хээний ерөнхий шинж тэмдгээр ижил байна...” гэжээ. /хх-ийн 37-38х/,

 

            Гэрч Х.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өглөө 04 цаг 30 минутын үед орчим сэрээд тагтан дээрээ тамхи татаад зогсож байсан чинь 33 дугаар байрны 7-р орцны харалдаа байсан цагаан өнгийн “Тоёота альфард” маркийн автомашиныг хаалгыг нь нэг залуу татаад, толийг нь гараараа цохиод байхаар нь энэ залуу машиныхаа түлхүүрийг дотор нь хийж түгжчихээд хаалгаа онгойлгох гээд татаад байгаа юм болов уу гэж бодсон. Тэгсэн чинь нөгөө залуу тухайн автомашины хаалга, крылон, хойд талын крылон зэрэг эд анги руу хөлөөрөө өшиглөөд байхаар нь би эхэндээ өөрийнхөө машиныг өшиглөөд байна гэж бодоод нээх их юм бодоогүй. ...Гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 99004777 гэсэн дугаараасаа 102-луу дуудлага өгсөн чинь миний дуудлагыг хүлээж авсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 х/

 

            Шүүгдэгч С.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Архи, айраг, пиво их уугаад ухаанаа алдчихсан байсан болохоор согтуугийн халуунд тийм үйлдэл хийчихсэн байна. Би өөрийнхөө гутлын мөрийг хараад “би л энэ машиныг өшиглөж эвдсэн гэдгээ мэдсэн. Тэрнээс бол би юу ч санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй,  мөрдөн байцаалтад мэдүүлсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч С.Баясгалан нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны /хх-ийн 73х/ дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Баясгалан нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

   Иймд шүүгдэгч С.Баясгаланг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд  прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Баясгалан нь урьд ял шийтгэгдэж болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 55х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч С.Баясгалан нь хохирогч Г.Нямсамбууд эд хөрөнгийн хохирлын төлбөрт 2.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн хх-ийн 12, 71-72х, /

 

Шүүгдэгч С.Баясгалангийн бусдад учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгчийн хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан пүүз 1 хосыг шүүгдэгч С.Баясгаланд тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

Шүүгдэгч С.Баясгалангийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Монгол овогт Соёлмандахын Баясгаланг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баясгаланг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Баясгалан нь торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, пүүз 1 хосыг шүүгдэгч С.Баясгаланд  тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Баясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Баясгаланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ