Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 1686

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01250 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Д-ын хариуцагч Б.Ж-д холбогдуулан гаргасан 11 600 000 төгрөг гаргуулж, эд хөрөнгөд учруулсан доголдлыг засахыг хариуцагчид даалгах, алданги 5 800 000 төгрөг, сейфний үнэ 250 000 төгрөг, засвар хийж сэргээхэд зайлшгүй шаардлагатай 7 541 500 төгрөг, нийт 25 191 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын МУИС-ийн 20 дугаар байрны 01 тоот 250 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд уг ажлын байрыг Б.Ж-тай 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн.

Талуудын байгуулсан түрээсийн гэрээгээр 250 м.кв байрыг нэг м.кв-ийг 10,000 төгрөгөөр буюу сарын түрээсийн төлбөр 2 500 000 төгрөг, жилийн 30 000 000 төгрөг байхаар анх тохирсон. Ингээд 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийг сард 5 800 000 төгрөг байхаар нэмэгдүүлж, хугацааг гурван жилээр сунгасан.

2016 оны 4 дүгээр сард хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд 2016 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөр 11 600 000 төгрөгийг төлөөгүй бөгөөд байр хүлээлгэж өгөөд гарахад байрны цонхны бариул эвдэрсэн, зарим цонхны шил хагарсан байдалтай, разетик, хана, таазны доголдолтой зүйл хүлээж авсан.

Байрнаас гарсны дараа цахилгааны мөнгөний тооцооны үлдэгдэл зэрэг асуудал үүсч байсан учраас түрээслэх явцад эд хөрөнгөд учруулсан доголдол гэмтлийг засч анх авсан байдлаар нь хүлээлгэн өгөхийг даалгах шаардлага гаргасан.

Одоо түрээслэх явцад эд хөрөнгөд учруулсан доголдол гэмтлийг засч анх авсан байдлаар нь хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагаасаа татгалзаж байна.

Талуудын байгуулсан гэрээний 5.2.4-д заасны дагуу гэрээ дуусгавар болмогц хэвийн элэгдэл, хорогдлыг тооцон бүрэн бүтэн байдлаар эд хөрөнгийг буцаан өгнө, 5.2.5-д түрээслэгч хүлээлгэн өгсөн өдрөөс хойш гэрээний дагуу ашиглалтын хугацаанд өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа хохирлыг бүрэн хариуцна гэж тохиролцсон учраас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-аар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын МУИС-ийн 20 дугаар байрны 01 тоот 250 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмнөх байдалд нь буцаан оруулах шаардлагатай зардлын үнэлгээг хийлгэсэн.

Энэ үнэлгээгээр хариуцагчийн түрээсэлж байсан объектыг засан сайжруулахад 7 541 500 төгрөгийн зардал гаргах нь тогтоогдсон. Мөн талуудын байгуулсан түрээсийн гэрээнд түрээсийн төлбөрөө төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

Хариуцагч нь дээрх байрыг түрээслэхдээ 2 хаалгатай орос сейфийг худалдаж авахаар нэхэмжлэгчтэй тохиролцож гэрээндээ энэ талаар тохиролцсон бөгөөд түрээсийн талбайг чөлөөлөхдөө уг сейфийг Жавхлан нь авч явсан байдаг.

Ийм учраас хариуцагч Г.Жавхлангаас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 11 600 000 төгрөг, алданги 5 800 000 төгрөг, сейфний үнэ 250 000 төгрөг, засан сайжруулалтын зардал 7 541 500 төгрөг, нийт 25 191 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ж- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие тухайн байрыг 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж эхэлсэн бөгөөд анх хүлээж авахад шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан учраас би өөрийн хөрөнгөөр засаж сайжруулсан.

Анх түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай, сарын төлбөр нь 2 500 000 төгрөг тогтмол байхаар байгуулсан боловч нэхэмжлэгч нь 1 жил 6 сарын дараа түрээсийн төлбөрийг 6 000 000 төгрөг болно гэж хэлсэн.

Тухайн үед миний бие найзтайгаа хамтраад байрнуудаа барьцаанд тавьж их хэмжээний зээл авч тоног төхөөрөмжүүдээ худалдан авч суурилуулаад үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд аргагүй эрхэнд энэ нөхцөлийг нь хүлээн зөвшөөрч, түрээсийн төлбөр чинь арай их байна гэхэд 5 800 000 төгрөг болгосон.

Миний хувьд түрээсийн төлбөрөө тогтмол төлдөг байсан бөгөөд нэхэмжлэгч Х.Д- болон бидний хувьд итгэлцэл байсан учраас түрээсийн төлбөрөө бэлнээр өгдөг байсан.

Түрээсийн хугацаанд уг байранд байнга засвар үйлчилгээ хийж байсан бөгөөд нэхэмжлэгч тал хүртэл миний хийсэн засварын мөнгийг түрээсийн төлбөрөөсөө хасах байдлаар тооцдог байсан.

Миний бие тухайн түрээсийн байрыг ашиглах хугацаандаа ямар нэгэн байдлаар хохирол учруулсан, эд хөрөнгийг эвдэлж гэмтээсэн зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ хавсаргасан фото зургууд нь тус байрыг хүлээлгэж өгснөөс хойш обойг нь хуулсан үеийн зурагнууд байна.

Анхны байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараа бид 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 02 тоот түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг сарын 4 650 000 төгрөг байхаар тохиролцсон.

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр надтай тааралдаад түрээсийн төлбөрийн зөрүү нэхэж, тодорхойлолт бичүүлж авсан учраас миний хувьд энэ төлбөртэй холбоотой зөрүүг л нэхэмжилж байгаа юм байна гэж ойлгоод бичиж өгсөн.

Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрөө 1 хоног ч хэтрүүлэхгүйгээр надаас нэхэж авдаг байсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сард тухайн хөрөнгийг чөлөөлж өгөхөд надаас ямар нэгэн төлбөр нэхээгүй хүлээж авчхаад одоо 2016 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөр 11 600 000 төгрөг, алданги 5 800 000 төгрөг, засан сайжруулалтын зардал 7 541 500 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Сейфний хувьд бол анх уг байрыг түрээслэхэд дотор нь байсан бөгөөд нэхэмжлэгч өөрөө ахын дуу наадахаа аваарай гэж хэлээд өгсөн болохоор би авч явсан учраас буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 298 дугаар зүйлийн 298.1, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ж-гаас 14 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 991 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь түрээслэх явцад эд хөрөнгөд учруулсан доголдол гэмтлийг засч, анх авсан байдлаар нь хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,460 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж-гаас 228 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Д- давж заалдах гомдолдоо:

... Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх шийдвэртээ "... Талууд 2016 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын МУИС-ын 20 дугаар байрны 1 тоот хаягт байрлах ажлын байрыг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаар маргаагүй учраас Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцох нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг хүлээн авсан 2016 оны 4 дүгээр сараас хойш хуульд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр 6 сарын дотор нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй явдалд хариуцагч буруугүй байх тул энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна..." гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт "Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, хөлслөгч эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй." гэж заасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.", 78 дугаар зүйлийн 78.1.1-д "үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол хойшлуулсан хугацаанд"хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох талаар заасан. Талууд 2016 оны 4 дүгээр сард ажлын байрыг хүлээлцсэн бөгөөд түрээслэгч Б.Ж- нь түрээсийн өр болон байрны элэгдэл, доголдлыг засах асуудлаар мөнгө төгрөгийн боломж байхгүй байна, боломжтой болтол хүлээгээч, түр хойшлуулж байгаа ч гэсэн яриа, хүсэлтийн дагуу шүүхэд хандах хүртэл Б.Ж-гийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж ирсэн тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 4 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл 3 жилийн хугацаанд түр зогссон байсан болно. Энэ хугацаанд байнга шаардаж, утсаар ярьж, хэлж сануулж ирсэн. 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр уулзаж, улмаар бичлэг хийж баримтжуулан үүргээ биелүүлэхийг шаардаж, одоо биелүүлэхгүй бол шүүхэд хандлаа гэж хэлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх шаардах эрх үүссэн цаг хугацааг байр хүлээлцсэн 2016 оны 4 дүгээр сараар тооцсон нь үндэслэлгүй. 2016-2019 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд Х.Д- би Б.Ж-гийн гүйцэтгэх ёстой үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж ирсэн болохоос шаардах эрхээсээ татгалзаагүй, хохирол учирсан атал татгалзах ч үндэслэлгүй, харин энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байсан. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг буруу, хуулийг буруу тайлбарлан дүгнэж алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.", 75.2.4-д "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил" гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гаргасан бөгөөд үүнээс өмнө удаа дараа байнга хариуцагчаас үүргээ биелүүлэхийг шаардаж ирсэн. Энэ талаар Улсын их дэлгүүрт таарч уулзалтыг баримтжуулж бичлэг хийж, шүүхэд өглөө гэдгээ ч мэдэгдэж байсан. Хариуцагч Б.Ж- ч мөнгөний боломжгүй байна, шүүхэд өг өг гэж хариу хэлж байсан. Иймээс нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, түрээсийн байранд учруулсан эвдрэл гэмтлийн засан сайжруулалтын зардал болох 7 541 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ж- давж заалдах гомдолдоо:

... Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Ж-гийн 2017 оны 4 сард бичиж өгсөн гэх "тодорхойлолт", харилцан ярианы бичлэг зэрэг баримтыг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн. Хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу бэлнээр өгч ирсэн. нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 2016 оны 2, 3-р саруудын түрээсийн төлбөрийг бэлнээр төлсөн. хэрэв төлөөгүй байсан бол нэхэмжлэгч нь түрээсийн байранд байсан манай эд хөрөнгийг суллаж өгөхгүй байсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Б.Ж-гийн 2017 оны 4 сард бичсэн "тодорхойлолт"-г үндэслэсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан.

Энэхүү тодорхойлолтыг нэхэмжлэгч нь олон нийтийн газарт хариуцагчийг эвгүй байдалд оруулж, хүчээр бичүүлсэн.

Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримт болох тус тодорхойлолтыг харвал яг ямар гэрээний дагуу төлбөр төлөх гэж байгаа нь тодорхойгүй, мөн тодорхойлолт дээр "...2015 оны 2, 3 сарын түрээсийн мөнгө зөрүүг ойрын хугацаанд..." гэж бичсэн байдаг. Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нягталж үзэлгүй 2016 оны 2, 3 сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй нь энэхүү тодорхойлолтоор тогтоогдож байна хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "Нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэл болсон тус "тодорхойлолт" дээр 2015 оны гэж тодорхой бичсэн байхад шүүх түүнийг 2016 оны гэж хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 02 тоот түрээсийн гэрээний дагуу 2016 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг нэг сарын 4 650 000 төгрөгөөр тооцон нийт 9 300 000 төгрөг гаргуулах гэж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлбөр нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон 2011 оны гэрээ нь талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон тул шүүхээс 2015 оны гэрээний дагуу төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж "хариуцагч Б.Ж-гаас 14 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Д-д олгож" гэсэн хэсгийг “хариуцагч Б.Жавлангаас 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Д-д олгож" гэж өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Х.Д- нь Б.Ж-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 11 600 000 төгрөг, алданги 5 800 000 төгрөг, засан сайжруулалтын зардал 7 541 500 төгрөг, сейфний үнэ 250 000 төгрөг, нийт 25 191 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, засан сайжруулах зардлыг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.

 

            Хариуцагч Б.Ж- нь Х.Д-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0029315 тоот гэрчилгээтэй, өмчлөх эрхийн 2202003291 улсын бүртгэлийн дугаар бүхий Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын МУИС-ын 20 дугаар байрны 01 тоот хаягт байрлах 250 м.кв ажлын байрыг 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс хойш түрээсийн гэрээгээр ашиглаж байсан, хамгийн сүүлд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02 тоот түрээсийн гэрээг байгуулж, сарын түрээсийн төлбөрийн 4 650 000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон, 2016 оны 4 дүгээр сард түрээсийн байрыг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч нь төлбөрийг сард 5 800 000 төгрөг гэж тооцон 2016 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 11 600 000 төгрөг гаргуулахаар шаардсан ч талууд дээрх гэрээгээр сарын түрээсийн төлбөрийг 4 650 000 төгрөгөөр тогтоожээ.

 

Хариуцагч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй гэж маргасан боловч 2016 оны 2, 3 дугаар сарын төлбөрийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй, харин 2015 оны 2, 3 дугаар сарын түрээсийн төлбөрийн зөрүүг төлөх талаарх тодорхойлолтыг гаргасан нь хэрэгт баримтаар авагдсан байна.

 

Иймд шүүх талуудын гэрээгээр тохиролцсон хэмжээ болох 4 650 000 төгрөгөөр болон алданги тооцох талаарх  гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 13 950 000 төгрөг /4 650 000*2+алданги 4 650 000/-өөр хангасан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 6.2-т “0,5 хувийн торгууль” гэж бичсэн ч агуулгаараа түрээсийн төлбөр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгээс тооцох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тохиролцоо гэж үзэхээр байх тул шүүх алданги тооцож гаргуулсныг буруутгах үндэслэлгүй, түрээсийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Ашиглалтын хугацаанд түрээслэгчийн буруутай үйл ажиллагаанаас түрээсийн эд хөрөнгөд эвдрэл, гэмтэл гарч хохирол учирсан гэж үзвэл гэрээний 5.2.4, 5.2.5-д зааснаар шаардахаар талууд гэрээгээр тохиролцсон байна. Энэ тохиолдолд гэрээ дуусгавар болсноос хойш 6 сарын хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэйг Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасан.

 

 Түрээсийн байрыг 2016 оны 4 дүгээр сард түрээслүүлэгч хүлээн авсан үйл баримтын тухайд талууд маргаагүй бөгөөд шүүх засан сайжруулалтын зардал 7 541 500 төгрөг нэхэмжилснийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 7 541 500 төгрөгийг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулахыг талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 950 төгрөг, нэхэмжлэгчээс төлсөн 135 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

 

                                                                                         А.ОТГОНЦЭЦЭГ