Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/03180

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 13 өдөр                Дугаар 183/ШШ2023/03180                Улаанбаатар хот 

 

е

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш.Р-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Ш.Г-д холбогдох,

 

Ажиллаж байсан хугацааны цалин 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******од холбогдуулан ажиллаж байсан хугацааны цалин 3,000,000 төгрөг гаруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр******* нь Дарь-Эхэд зам засварын ажил авлаа, чи Хэнтийгээс хэдэн хүн авч ирээд бригад болж манай компанид ажиллаж өгөөч, 1 хүнийг өдрийн 45,000 төгрөгөөр гэрээ хийх үү гэхэд нь болно гээд 13 хүн авч очиж 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс намайг 3,000,000 төгрөгөөр цалинжуулна, компанид хамаагүй гэж хэлсэн. Одоог болтол энэ хүнээс цалингаа авч чадаагүй өдийг хүрч байна. Бусад 13 ажилтны хувьд компанид нь холбогдуулж нэхэмжлэл гаргаад цалингаа гаргуулсан, би гаргуулаагүй үлдсэн. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

 

2.Хариуцагч******* нь 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн хувийг гардаж авсан (хавтаст хэргийн 16 дахь тал), түүнээс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний******* дугаар утас руу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр залгахад хариу өгөөгүй (хавтаст хэргийн 21 дэх тал) тул мөн өдөр “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг түүний шүүхэд мэдүүлсэн (хавтаст хэргийн 16 дахь тал) хаягаар илгээхэд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус хаягт тийм хүн байдаггүй, уг хаягт бүртгэлгүй тухай хорооны Засаг даргын тодорхойлолттойгоор буцаагдсан (хавтаст хэргийн 23 дахь тал), хариуцагч нь өөрийн оршин суугаа газрын хаяг өөрчлөгдсөн талаар шүүхэд мэдэгдээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас *******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажил гүйцэтгэх явцын фото зураг (хавтаст хэргийн 3-8 дахь тал) зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгснийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр******* нь Дарь-Эхэд зам засварын ажил авлаа, чи Хэнтийгээс хэдэн хүн авч ирээд бригад болж манай компанид ажиллаж өгөөч, 1 хүнийг өдрийн 45,000 төгрөгөөр, намайг 3,000,000 төгрөгөөр цалинжуулна гэсэн. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ажиллаж эхэлсэн. Одоог болтол энэ хүнээс цалингаа авч чадаагүй өдийг хүрч байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршин суугаа хаяг өөрчлөгдсөн талаар шүүхэд мэдэгдээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж заасны дагуу түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч ******* болон хариуцагч******* нар нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэг талаас зам засварын ажлыг тодорхой хугацаанд гүйцэтгэх, нөгөө талаас гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 3,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон.  (хавтаст хэргийн 6-8 дахь тал)

 

4.2.Ш.Г нь тохиролцсоны дагуу ажлын хөлсийг төлөөгүй.

 

5.Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.Хариуцагч*******ын зүгээс нэхэмжлэлийн хувийг гардаж авсан ч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааны товыг лавлах үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлд дурдсан ажлын хөлс болох 3,000,000 төгрөгийг төлөөгүй гэж үзлээ.

 

7.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******оос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******оос 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ТӨРБОЛД