2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2026/ШЦТ/183

 

 

 

 

 

 

 

 

 

   2026          01              15                                          2026/ШЦТ/183

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ, насанд хүрээгүй хохирогч Л.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Л, хохирогч Б.М, тэдгээрийн өмгөөлөгч С.Б, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 000000 0000 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “О” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Зээлийн 00 дүгээр гудамж 00а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Болорцэцэгийн З (РД:**00000000).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Зээлийн 1 дүгээр гудамж 68 тоот хашаанд насанд хүрээгүй хохирогч Л.Этай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгойн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Мгийн хэвлий тус газарт хутгалж зүүн бугалга, өгзөгт хатгагдаж зүссэн буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 950 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргах зүйлгүй, түүний өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол, хохирогч нарын өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлүүлэх байр суурьтай оролцсон.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Зээлийн 1 дүгээр гудамж 68 тоот хашаанд насанд хүрээгүй хохирогч Л.Этай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгойн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд хүүхдээ өмөөрөн очсон хохирогч Б.Мгийн хэвлий тус газарт хутгалж зүүн бугалга, өгзөгт хатгагдаж зүссэн буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь насанд хүрээгүй хохирогч Л.Эын “...Би 2024 оны 10 дугаар сарын 14-нд би хичээлээ тараад дүүгээ аваад 14 цагийн үед нарны хүүхдүүд цэцэрлэгээс бас дүүгээ аваад Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Зээлийн 1 дүгээр гудамжинд гэртэйгээ ойртоод хоёр дүүгээ гэртээ орж бай гэж хэлээд дүү нараа гэрт оруулаад хамт явж байсан ангийн найзууд Д, А, Х, Ц, М нартай юм яриад байж байсан чинь манай хөрш айлын хашаанаас Тонтууш гэх ах гарч ирээд чимээгүй бай гээд хэлсэн би за гэж хэлээд өөдөөс нь инээсэн чинь яасан инээгээд байна уу чамайг хүнгүй газар аваачаад зодчихно шүү гээд дараан нь чи аавдаа хэлээд лай болдог шүү гэж хэлсэн... Тэгээд би аав руу залгаад утсаар ярьж байсан чинь хажуу талаас нөгөө танихгүй ах яасан ахын дүү Тонтууштай юм ярьсан юм уу гээд миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би доош тонгойгоод байж байсан чинь миний толгой хажуу хэсэг рүү нэг удаа өшиглөөд би тэр зуур манараад ухаан орсон чинь дахин миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Би ухаан ороход миний дух, хамар хэсгээс цус гараад манай найзууд миний цусыг арчиж байсан. Хэсэг хугацааны дараа манай найз М аав чинь хутгалуулсан байна гэж надад хэлсэн. …манай аав хутгалуулсан гээд гэдсээ дарж байсан. Би гэмтлийн эмнэлэг дээр очиж 3-4 оёдол тавиулсан...." гэсэн мэдүүлэг /1-р хх23/

Хохирогч Б.Мгийн "...Би гэрийнхээ гадаа очсон чинь манай хүүхэд дээш харсан нүүр нь цус болсон байдалтай байсан. Би машинаас буугаад хэн ийм болгосон талаар асуухад манай хашааны баруун талын хашаанд нэг ах байгаа гээд би баруун хашаа руу яваад орсон чинь өөдөөс нэг залуу хутга барьсан байдалтай гараад ирсэн. Тэгээд би тухайн залууд хандаж чи согтуу байна маргааш уулзъя гэж хэлээд гарах гээд явсан чинь миний араас баруун бөөр хэсэгт барьж байсан хутгаараа хутгалах шиг болсон чинь тухайн залуутай хамт байсан гэх хоёр хүн салгаад би өөрийн хашааны баруун хойд хэсэгт очоод суусан. Миний хэвлий хэсгээс цус гараад би гараараа дараад үеэл ах Ч руу залгаад ахаа намайг хутгалчихлаа гэж хэлээд тэрнээс хойш сайн санахгүй байсан нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирсэн эмч миний шарх руу хуруугаа хийж үзэхэд би ухаан ороод дараа нь хагалгаанд орсны дараа сэрсэн. Миний баруун бөөр, зүүн өгзөг, зүүн гар хэсэгт хутгалуулсан шархтай... сэтгэл санааны хохирол учирсан..." гэсэн мэдүүлэг. /1-р хх27-28/,

Иргэний нэхэмжлэгч Г.Мгийн "...Эын хажуу айлын хашаанаас нэг ах гарч ирээд Эын толгой хэсэг рүү 2 удаа цохиж газар унагаад нуруу хэсэгт нь байсан гар утас унаад дэлгэц нь хагарсан, нөгөө хүн гэр рүүгээ орсон..." гэсэн мэдүүлэг /2-р хх69/,

Гэрч Б.Ггын "...З ах Мөнх-Эрдэнийг орж ирэхгүй болохоор нь араас нь гарсан юм, тэгсэн гудамжинд хүмүүс орилолдоод байгаа чимээ сонсогдохоор нь би гараад хартал З ах, нэг хүүхэдтэй маргалдаад зогсож байхаар нь би очоод дагуулаад гэртээ оруулсан, мөн М ч гэсэн цуг гэрт орж ирсэн юм, би яасан юу болсон юм гэсэн чинь М гудамд хүүхдүүд орилолдоод байхаар нь орцгоо гээд чанга дуугарсан чинь надтай ирээд маргалдсан гэж байсан. Тэгээд удалгүй хашааны гаднаас нэг хүн орилоод ороод ирэхээр нь З гарч харчхаад буцаж орж ирснээ гал тогооны шүүгээн дотроос цагаан өнгийн иштэй хутга аваад гарахаар нь би сандраад араас нь гарахад тухайн гаднаас орж ирсэн нэг гудамжны М ахтай шууд барьцалдаж аваад хашааны үүдэн дээр байхдаа З ах, М гэх ахын зүүн талын бөгс, баруун талын бөөр хэсэг, зүүн гарын булчин хэсэгт нэг, нэг удаа хутгалчихсан юм, тэгээд болоогүй дахиж ноцолдож газар унацгаагаад байсан ба би тэр хэд дээр очиж арай гэж салгаад, З ахын гараас хутгыг нь булааж аваад гэрийнх нь үүдний шалавч доор хийгээд нуучихсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх33/,

Гэрч А.Нын"... З ах намайг гэрийн хаяа манаад өг гээд гэрт нь ирсэн. Тэгээд Зын гэрт бид хоёр тал архи хувааж ууж дуусгаад З дахин тал Тайга нэртэй 0.75 грамм архи авч ирээд хувааж ууж байхад З, М гэрээсээ гараад явсан удаагүй хүмүүс орилолдоод би гарч харсан чинь өмнө нь харж байгаагүй 3 хүүхэд З, М хоёртой маргалдаад зогсож байсан. Би юу болсон талаар асуусан чинь тухайн 3 хүүхдээс арай өндөр бор царайтай хүүхэд намайг З зодчихлоо гэж хэлсэн. Тухайн хүүхдийн дух нь шалбарсан зогсож, цаанаас 2 эмэгтэй гарч ирээд З руу дайраад уурлаад байсан. Тэр үед би салгаад гэр рүү оруулаад байж байтал гаднаас танихгүй эрэгтэй ална гэж орилоод хашаан дотор жижиг төмөр аваад орилсон. Тэгээд гэрт байсан З, Гантулга, М, Гантулгын найз охин бид хэд гэрээс гарсан чинь З буцаж гэрт ороод цагаан өнгийн хутга авч ирэхэд нь би боль зүгээр бай гэж хэлсэн чинь тухайн хүнтэй алалцана гээд хөөсөн чинь нөгөө хүн зугтааж байгаад газар унасан чинь З тухайн хүний гэдэс хэсэгт хутгаараа нэг удаа хутгалсан. Гадаа байсан 10 жилийн хүүхдийн дух нь шалбарсан харагдсан Зт зодуулсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх35/,

Насанд хүрээгүй гэрч М.Мийн "... З ах гарч ирээд Э гэдэг хүүхдийн нүүр хэсэгт нэг удаа цохисон арагшаа газар унасан чинь дахин толгой хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Эын толгойноос цус гараад аавыгаа дуудсан... аав нь З ахын хашаа руу яваад орсон, би Эын цусыг арчаад хашаа руу орох гэхэд Эын аав нь хутгалуулсан хашаанаас гараад гудамжинд байж байсан. Би харсан чинь гэдэс хэсэгтээ цус болсон гараараа дарсан бас бөгс хэсгээс нь цус гарсан байсныг би гараараа дарж байж түргэн тусламж ирсэн аваад явсан” гэсэн мэдүүлэг /1-р хх38/,

Насанд хүрээгүй гэрч Г.Мгийн "... манай ангийн хүүхэд Эын аав тухайн айлын хашаа руу орохдоо гартаа ямар нэгэн зүйл бариагүй хашаа руу яваад орсон өөдөөс нь нэг ах хутга бариад гэрээсээ гараад ирэхээр нь Эын аав хашаан дотор байсан нэг мод аваад өөрийгөө хамгаалсан ба хашаанаас гүйж гарах гэж байгаад хашааны үүд хэсэгт бүдэрч унасан. Тэгээд би Э руу харчхаад буцаад харсан Эын аав нь хашааны завсраар гараад ирчихсэн байхаар нь яваад очсон чинь бөөр хэсэгтээ гараа дарчихсан сууж байсан" гэсэн мэдүүлэг /2-р хх7/, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан хутга, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлохдоо 13575 дугаар дүгнэлтэд “Б.Мгийн биед хэвлийн баруун хажуу хэсгээр нэвтэрсэн, хэвлийн шулуун булчин, бөөрний өөхөн эслэг гэмтээсэн, зүүн бугалга, өгзөгт нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо." /1-р хх63-66/, материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээгээр бөөр болон бөөрний дээд булчирхайд гэмтэл учраагүй, эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан /1-р хх136-100/ буюу хэвлийд нэвтэрсэн шарх нь дотор эрхтнийг гэмтээгүй, мөн амь тэнссэн байдал үүсээгүй гэж дүгнэснийг хүлээн авсан болно.

13624 дугаар дүгнэлтэд "...Л.Эын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой..." гэжээ. /1-р хх70-71/

4. Хохирогч нарын биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч нарыг хөлөөрөө өшиглөж, хутгалсан үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *******ын хохирогч Б.М рүү хутга барин дайрсан үйлдлийг хүнийг алах санаа зорилго тогтоогдоогүй үндэслэлээр учруулсан гэмтлээр нь зүйлчилж оруулж ирснийг хүлээн авсан болно.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

7. Хохирогч нар баримтаар 878,200 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс 2,860,000 төгрөгийг төлсөн байна.

Мөн хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалинд 6,400,000 төгрөг, хохирогч нарын сэтгэцэд учирсан гэмт хорын хохирлыг нэхэмжилсэн.

8. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг төлүүлэхээр заасан бөгөөд хохирогч Б.М нь сарын 2,500,000 төгрөгийн цалинтай, нийгмийн даатгал төлдөг нь тогтоогдсон. /1хх210, 2хх14/ Гэмт хэргийн улмаас 2 сарын хугацаанд хөдөлмөр эрхэлж чадаагүй нь үндэслэлтэй байх тул дутуу авсан цалин хөлсөнд 5,000,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1664 дугаартай "... Тухайн гэмт хэргийн улмаас Бийн М-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь нь түр зуурынх эсхүл байнгын эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх эсэх, үргэлжлэх цаг хугацаа нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай..." гэсэн дүгнэлт /1-р хх152/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1665 дугаартай ... Хохирогч Лгийн Эын сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурынх эсхүл байнгынх эсэх, хэрхэн нөлөөлөх эсэх, нөлөөлөх бол үргэлжлэх цаг хугацаа зэрэ нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, нийгэм хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэв зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах зэргээс шалтгаална. Дээрх шинжүүд нь гэм хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай..." гэсэн дүгнэлт /1-р хх166/ тус тус гарчээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд хоёрдугаар зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заажээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан бөгөөд хохирогч Б.Мгийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 6,600,000  төгрөг, насанд хүрээгүй хохирогч Л.Эын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,960,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Улмаар нийт 15,560,000 төгрөгөөс хохиролд төлсөн 1,981,800 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгчээс 13,578,200 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

10. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 24/012 дугаартай "...самсунг А71 загварын гар утас 140.000 төгрөг " гэсэн хөрөнгийн үнэлгээ /1-р хх 147/ гарсан. 

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.Мд 140,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулж олгуулахаар шийдвэрлэлээ.

11. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан зардал 1,875,200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

12.1. Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан бол,

12.2. Хохирогчийн өмгөөлөгчөөс “...хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн, мөн тухайн хэрэгт нэг гэр бүлийн хоёр хүнд гэмтэл учруулсан. Хуучин хуулиар танхайн гэмт хэрэг байгаа. Мөн миний үйлчлүүлэгч нарт сэтгэцэд учирсан хор уршиг их учирсан байгаа. Иймд сэтгэцэд учирсан хохирлыг дээд хэмжээгээр тогтоож өгнө үү. Мөн эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн мөнгийг гаргуулж өгнө үү. Торгуулийн ял оногдуулахад биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар тогтоож өгнө үү. Мөн хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” дүгнэлтийг,

12.3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд сэтгэцэд учирсан хохирлын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр тогтоож өгнө үү. Ажилгүй байсан цалин хөлсийг нэхэмжлэхийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүгдэгчийн зүгээс ажил хийгээд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү” дүгнэлтийг тус тус гаргасан.

13. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

15. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

16. Шүүгдэгч нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, нэг хүний эрүүл мэндэд халдахдаа хутгалсан нөхцөл байдал, баримтаар хохирол төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

17. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см, бариул хэсэг нь 14 см нийт 34 см урттай цагаан өнгийн хутгыг устгуулахаар эд мөр устгах комисст шилжүүлэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бгийн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 460 /дөрвөн зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин 5,000,000 /таван сая/ төгрөг, түүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч Л.Эын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,960,000 /гурван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчээс 1,981,800 төгрөг төлснийг хасаж тооцон нийт 13,578,200 /арван гурван сая таван зуун далан найман мянга хоёр зуу/ төгрөгийг хохирогч нарт олгож, хохирогч нар нь цаашид гарах гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэйг дурдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар хохирогч эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан зардал 1,875,200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 140,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Мд олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20 см, бариул хэсэг нь 14 см нийт 34 см урттай цагаан өнгийн хутгыг устгуулахаар эд мөр устгах комисс шилжүүлэн өгч, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХБААТАР