Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00166 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах, Зэвсэгт хүчний 123 дугаар анги /9067809/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 6-13 тоотод оршин суух, Мянгад овогт Мишигийн Бямбажав /ПД61031876/-т холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 8,308,690 /найман сая гурван зуун найман мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулах тухай 

 

            Нэхэмжлэлий агуулга: “Иргэн М.Бямбажав нь тус ангийн хүнсний няраваар ажиллаж байх хугацаандаа удаа дараа хүнсний зүйл илүү зарлагадах дутагдуулах зэргээр байгууллагын эд хөрөнгийг дутагдуулж байсан. 2017 оны баримтын шалгалтаар хүнсний бараа материалын тооллого хийхэд 1,500,000 төгрөгийг илүү зарлагадсан мөн 59,582,000 төгрөгийн хүнсний материал дутагдуулсан тооцоо гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар дутагдуулсан хүнсний материалаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр 51,087,758 төгрөгийн хүнсний материалын үнэ хасагдаж 3,865,760 төгрөгийн төлбөр барагдуулаагүй. Мөн 4,628,500 төгрөгийн хүнсний материалын үнийг төлөөгүй. Илүү зарлагадсан хүнсний материалын үнээс 7,034,800 төгрөгийг төлж 3,680,190 төгрөгийг төлөөгүй тул нийт 8,308,650 төгрөгийг барагдуулж анги байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Няраваар ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг завшаагүй, үрэгдүүлээгүй бөгөөд хүнсний материал илүү зарлагдсан болон дутагдуулсан талаарх гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй болно. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нэхэмжлэлд дурдсан хүнсний  материал илүү зарлагдсан болон дутагдуулсан асуудал нь тухайн ангид алба хаасан болон хааж буй нэр бүхий удирдах, гүйцэтгэх албан хаагч нарт хамааралтай бөгөөд хариуцагч М.Бямбажавт хамааралгүй.

Гэтэл Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч М.Бямбажавыг няравын ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоолгохоор танай шүүхэд гомдол гаргасан.

Иймд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн М.Бямбажаваас 8308690 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00166 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан хариуцагч М.Бямбажаваас 3,680,190 /гурван сая зургаан зуун наян мянга нэг зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,628,500 /дөрвөн сая зургаан зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамж 147,889 /нэг зуун дөчин долоон мянга найман зуун наян ес/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Бямбажаваас улсын тэмдэгтийн хураамж 73,834 /далан гурван мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан М.Бямбажаваас 3680190 төгрөг гаргуулж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид олгохоор шийдвэрлэсэнийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хуульд зааснаар үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дугаар зүйлийн 229.1 дэх заалтуудыг ажил олгогчоос ажилтанд хөдөлмөрийн гэрээний дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх эсэх харилцаанд хэрэглэхгүй. Ажилтны ажил олгогчид хохирол учруулсан гэх асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын байгууллагаас хааж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй байх эрх зүйн үндэслэл биш гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх 5 үндэслэлийг 135.3-т ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна,  135.4-т ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэжээ.

Анхан шатны шүүх Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь М.Бямбажавтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсэх, уг гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ямар тохиолдлыг тохирч тусгасан болох, ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ямар үндэслэл байгаа эсэх зэрэг асуудалд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Зэвсэгт хүчний 123 дугаар анги М.Бямбажавд холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргаснаас үзэхэд шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ховд аймгийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 5/12 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолыг М.Бямбажавыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын нэгэн адил үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.2-т заасныг зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас М.Бямбажаваас 3680190 төгрөг гаргуулж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь М.Бямбажавд холбогдуулан Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хүнсний нярваар ажиллаж байхдаа илүү зарлагадсан болон дутагдуулсан хүнсний материалын үнэ 8,308,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч М.Бямбажавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Зэвсэгт хүчний 123 дугаар ангид тухайн үед  ажиллаж байсан удирдлагуудын үйл ажиллагаатай холбоотой, М.Бямбажавд хамааралгүй нотлох баримтаар тогтоогдоогүй, уг маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлээр шийдвэрлэх ёстой” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх “хариуцагч М.Бямбажав нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/12 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд гомдол гаргаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,680,190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

            Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан тул хариуцагчийн гэм буруутай болох нь прокурорын тогтоолоор тогтоогдсон гэж үзэхгүй. Анхан шатны шүүх хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолоор хариуцагчийн гэм буруу нь тогтоогдсон, уг тогтоолд гомдол гаргаагүй нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь буруу байна.

Мөн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолд дээд шатны прокурорт гомдол гаргах эсэх нь М.Бямбажавын хуульд заасан эрхээ эдлэх тухай ойлголт юм. Гэтэл хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Хариуцагч М.Бямбажав нь 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Зэвсэгт хүчний 123 дугаар ангид нярваар ажиллаж байжээ.

            Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь 2015, 2016, 2017 оны 2 дугаар улирлыг дуустал хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийснээс түүний төлөөгүй үлдсэн хүнсний материалын үнэ 4,628,500 төгрөг, илүү зарлагдсан бараа материалын үнэ 3,680,190 төгрөг нийт 8,308,690 төгрөгийг хариуцагч М.Бямбажаваас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч уг төлбөрийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ. 

            Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 1.13 дахь хэсэгт “ажилтан М.Бямбажав нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр” заасан боловч ямар тохиолдолд бүрэн хариуцлага хүлээхийг талууд тодорхой тохиролцсон байна. Тухайлбал уг заалтын тайлбар хэсэгт “эд хариуцагч нь эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн, муутгасан, хууль бусаар захиран зарцуулсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд бүрэн хариуцлага хүлээх”-ээр талууд тохиролцжээ.

            Гэтэл хэрэгт хариуцагч М.Бямбажав нь гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна.

            Мөн ажил олгогч нь ажилтантай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байхгүй байх тул хариуцагчаас төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т “ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж заасан байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,000 төгрөгийг хариуцагч М.Бямбажавд шүүгчийн захирамжаар буцаан олголоо.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бямбажавд холбогдох 8,308,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч М.Бямбажавд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР