Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/00902

 

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/00902

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З

Хариуцагч:Э

Хариуцагч: С

Хариуцагч: Г

Орон сууцны төлбөрт 249 090 000 төгрөгийг гаргуулах үндсэн,

 

Хариуцагч М.Энхбаярын Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 12004 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 51 тоот хаягт байрлах 108.3 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Т,

хариуцагч М.,

хариуцагч Э.Г

хариуцагч М.Э

гэрч Л.Б

нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ********* ХХК хариуцагч М.Энхбаярт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 51 тоот хаягт байрлах 108.3 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Э.*********, Э.********* нарыг оролцуулж, хариуцагч М.Энхбаяр, Э.*********, Э.********* нарт холбогдуулан орон сууцны үнэ 249 090 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч М.Энхбаяр Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 51 тоот хаягт байрлах 108.3 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********* ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ********* ХХК-тай дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Белмонте 2 төслийн А блокын дотор цахилгаан ажлыг бараа материалын хамт, өөрийн хүн хүч тоног төхөөрөмжөөр холбогдох *********-д болон холбогдох норм, дүрэм, цахилгааны техникийн ажил ********* 3.05.06-90, техникийн нөхцөл, зургийн дагуу чанартай биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, иж бүрэн угсарч хүлээлгэн өгөх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн 1204 дүгээр байрны 14 дүгээр давхрын 108.3 м.кв талбайтай 51 тоотын орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь хэсэгт гүйцэтгэгчийн гэрээнд заасан ажлын гүйцэтгэл 20 хувьд хүргэснийг талууд инженерээр баталгаажуулснаар орон сууцны түлхүүрийг захиалагч гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь хэсэг орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гүйцэтгэгчид гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусган ажлын үр дүнг актаар захиалагчид хүлээлгэн өгч захиалагчийн төслийн албаны дарга, инженер техникийн ажилчид хяналтын албанаас гүйцэтгэгчид тавьсан торгууль, алданги байгаа эсэхийг бичгээр авсны үндсэн дээр чанарыг шалгаж, хоёр талаас тооцоо нийлсний үндсэн дээр олгоно гэж тохиролцсон байдаг. ********* ХХК-ийн зүгээс дээрх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх ажлыг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эхлүүлсэн боловч дэлхий нийтийг хамарсан цар тал тахал гарсны улмаас гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж дуусгаж боломжгүй болсон. Иймээс гэрээний хугацааг сунгаж, хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орчимд гэрээний үүргийн гүйцэтгэл 20 хувьдаа хүрсэн тул талууд үүргийн гүйцэтгэлийн 20 хувийг дүгнэсэн акт үйлдэж, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн 1204 дүгээр байрны 14 дүгээр давхрын 108.3 м.кв талбайтай 51 тоотын орон сууцны түлхүүрийг хүлээн авсан. Энэхүү орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа бөгөөд тухайн өдрөөр эзэмшил, ашиглалтыг ********* ХХК-д хүлээлгэн өгсөн. Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 14 дүгээр давхрын 108.3 м.кв талбайтай 51 тоотын орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч М.Энхбаяр гэр бүлийн хамт амьдарч байгаа болох нь түүний тайлбараар нотлогдсон. Хариуцагч М.Энхбаяр нь ...орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар ********* ХХК-тай харилцан тохиролцсон хариуцагчаас орон сууцаа худалдан авах үед түүний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байсан бөгөөд тус орон сууцыг ********* ХХК нь ********* ХХК-иас захиалж, төлбөрийг тэдний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар төлөхөөр харилцан тохиролцсон байсан. ********* ХХК болон бидний хооронд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б-51 дугаар бүхий Орон сууны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан гэх агуулгатай тайлбар, сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч М.Энхбаяраас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 200 000 000 төгрөгийг Э.********* гэх этгээдэд шилжүүлсэн гэх баримтууд хэрэгт авагдсан байдаг. Хариуцагч Э.*********аас Э.*********т мөнгөн хөрөнгийг шилжүулсэн гэх. үйл баримтууд тогтоогдов. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Иймээс худалдан авах гэрээгээр тохиролцсон хөрөнгийг хүлээн авсан худалдан авагч нь төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй. Хариуцагч М.Энхбаяраас шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 51 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний агуулгаас харвал гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т м.кв-ийн үнэ 2 300 000, 2.3-т Нийт орон сууцны үнэ 249 090 000 2.5-д Захиалагчтай байрны төлбөрийг 2020 оны 09 сарын 15-ны өдрийн ********* ХХК-тай хийсэн цахилгаан ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар тооцсон бөгөөд тухайн компанийн албан хүсэлтийг иргэн М.Энхбаярын нэр дээр шилжүүлэв. Тус байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон байрны түлхүүр өгөхдөө манай компанийн санхүүгийн албанаас зөвшөөрлийн бичигтэй ирнэ гэж заасан байна. М.Энхбаярын зүгээс ********* ХХК-д нэг ч төгрөгийг шилжүүлж байгаагүй. Иймээс орон сууцны төлбөрт 249 090 000 төгрөгийг М.Энхбаяраас гаргуулахаар шаардаж байна. Нөгөөтэйгүүр хариуцагчийн тайлбарт дурьдаж, хэрэгт гаргаж өгсөн 200 000 000 төгрөгийг төлсөн Э.********* нь ********* ХХК-д дамжуулан шилжүүлэх үүрэгтэй гэж үзсэн ч хариуцагч М.Энхбаяр нь 49 090 000 төгрөгт ногдох үүргийг гүйцэтгээгүй. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарын дагуу асуудалд хандаж үзвэл хариуцагч Энхбаяраас Э.*********т 200 000 000 төгрөгийг, Э.*********аас Э.*********т ********* ХХК-д зорилгоор шилжүүлсэн гэж үзсэн ч Э.*********, Э.********* нар нь уг мөнгөн хөрөнгийг ********* ХХК-д шилжүүлж өгөөгүй бол зохих хэсгээр Э.*********, М.Энхбаяр, Э.********* нар нь төлөх үүрэгтэй болж болох юм. Иймээс хариуцагч нараас 249 090 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М.Энхбаяр болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ********* ХХК-иас тухайн байрыг орон сууцны зуучийн компаниар дамжуулж, 200 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн байрыг ********* ХХК нь ********* ХХК-иас захиалсан байсан. Ингээд 2020 оны 10 сарын 12-ны өдөр миний бие байрны үнийг бүрэн төлсөн тул ********* ХХК-ийн зөвшөөрснөөр миний бие ********* ХХК-тай уг орон сууны гэрээ байгуулж, байраа хүлээж авсан. Уг байрны гэрээг шилжүүлж хийхэд З.********* захирал байсан бөгөөд намайг хууль бусаар уг байрыг авсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Байрандаа ороод амьдарч байхад хүртэл ирээд орчихсон уу гээд асуугаад явж байсан. Би байрныхаа үнийг төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

3. Хариуцагч Э.********* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Миний бие Э.********* 2020 оны 1 дүгээр сараас ********* ХХК-д З.********* захирлын томилгоогоор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Нутгийн удирдлагын ордон төслийн ажилд гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажилд орсон. Мөн оны 4 дүгээр сард Белмонте-2 орон сууны төслийг хариуцан ажилласан. Уг төслийн санхүүжилт 100 хувь бартераар Богд вилла хотхоноос гэрээний дагуу өгсөн байруудыг З.********* захирлын зөвшөөрөл, зааврын дагуу зарж борлуулж төслүүдийн ажилд зарцуулсан болно. З.********* захирлын зөвшөөрлөөр санхүүг нь миний хувь дансаар Хаан банкны 5063532742 тоот дансаар ордог байсан. ********* ХХК нь энэ үед 4-н төсөл дээр зэрэг ажиллаж байсан бөгөөд санхүүжилт нь Белмонте-2 төслийн санхүүжилтээс зохих хэмжээгээр орж байсан. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла хотхон 1204-51 тоот байр мөн адил эдгээр төслүүдэд зарцуулагдсан. Тухайн байрыг 1 м.кв-ыг 1 750 000 төгрөгөөр тооцож, Э.*********тай зарахаар тохирсон бөгөөд 189 000 000 төгрөгөөр М.Энхбаяр худалдаж авсан. Э.********* нь манай компанитай өмнө нь хамтран ажиллаж хэд хэдэн байрыг зарж өгсөн бөгөөд мөнгийг нь миний дансаар өгч, түүнийг нь дээрх төсөлд хэрэглэсэн. Энэ талаарх баримтууд бүгд З.********* захиралд хүлээлгэж өгсөн бөгөөд одоо байрны мөнгийг гаргуулна гэсэн нь үндэслэлгүй. Санхүүжилтгүй болоод бүх төлбөр тооцоо, ажилчдын цалин, хоол болон бараа материал зэргийг бартераар авсан байраа зарж, мөнгөөр нь хүргэж байсан. тухайн үед ********* ХХК-ийн байгуулагдаж байсан гэрээнүүдэд гүйцэтгэх захирал Э.********* гэж байгаа бөгөөд одоо бараг намайг танихгүй мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Бид бартераар гэрээ байгуулахдаа байрны үнийг зах зээлийн ханшаар тооцдоггүй бөгөөд авсан байраа зарахдаа захиралтай ярилцаад үнээ тогтоодог гэв.

 

4. Хариуцагч Э.********* шүүх хуралдаанд хариу тайлбартаа: Миний бие ********* ХХК-ийн бартераар авсан хэд хэдэн байрыг зарж өгөх ажлыг өмнө нь хийж байсан бөгөөд З.********* захирлыг таньдаг. Ингээд байр зарна гэсэн хүсэлтийн дагуу үл хөдлөх хөрөнгө зуучийн Нетс пропертис ХХК-иар зуучлуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 51 тоот хаягт байрлах 108.3 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг М.Энхбаяр гэдэг хүнд 200 000 000 төгрөгөөр худалдсан. Хөрөнгө зуучийн компанид гэрээний дагуу 4 400 000 төгрөгийг төлж, 189 000 000 төгрөгийг ********* ХХК-ийн захирал Э.*********ийн Хаан банкны 5063532742 тоот дансанд шилжүүлж, өгсөн. Тухайн үед ********* ХХК-ийн захирал З.*********ийн 2020.09.25-ны өдрийн албан бичигт 1204-51 тоот 4 өрөө байрын захиалгын гэрээг Э.*********т шилжүүлж өгөх талаар бичиж өгсний дагуу гэрээг ********* ХХК, М.Энхбаяр нарын хооронд 2020.10.12-ны өдөр дахин байгуулж, байрыг хүлээлгэж өгөөд, би тооцоогоо дуусгасан. Гэрээ байгуулсан үнийн тухайд би мэдэхгүй бодитоор зарж өгөөрэй гэсэн үнэ нь 189 000 000 төгрөг байсан гэв.

 

5. Хариуцагч М.Энхбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 51 тоот хаягт байрлах 108.3 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг ********* ХХК-иас худалдаж авахаар тохиролцож, тэдний томилсон этгээдтэй гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг дансаар төлсөн. ********* ХХК-тай гэрээ байгуулж, байрны түлхүүрийг хүлээн авч байрандаа орж, 2020 оны 10 сараас амьдарч байна. иймд гэрээний үүргээ биелүүлсэн тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Энхбаярын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг маргаад байх зүйл байхгүй. Байрандаа амьдарч байгаа бөгөөд байрны үнийг бүрэн төлчихвөл маргаад байх зүйл байхгүй гэв.

 

7. Нэхэмжлэгчээс ********* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, З.*********ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020.09.15-ны өдрийн ********* ХХК болон ********* ХХК нарын хооронд байгуулагдсан Дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ, ********* ХХК,********* ХХК нарын хооронд 2022.02.07-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалгын гэрээ зэргийг ирүүлсэн./хх-ийн 4-12/

8. Хариуцагч М.Энхбаяраас М.Энхбаяр, ********* ХХК нарын хооронд 2020.10.12-ны өдөр байгуулагдсан Б-51 дугаар Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, М.Энхбаярын Төрийн банкны харилцах дансны хуулга, ХУД-4Х Богд вилла 1204Т-51, М.Энхбаярын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга, М.Энхбаяраас 2022.05.04-ний өдөр ********* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, шуудангийн баримт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 22-26, 62-66, 136,137/

9. Хариуцагч Э.*********оос Э.*********ийн 2020.06 сараас 2020 оны 10 сар хүртэлх Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, ********* ХХК-иас 2020.09.05-ны өдөр ********* ХХК-д гаргасан хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн баримт, 2020.04.16-ны өдрийн ********* ХХК, ********* ХХК нарын хооронд байгуулагдсан 20/08 дугаартай Карказын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ, Темпланд ХХК, ********* ХХК нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах тухай гэрээ, Темпланд ХХК, ********* ХХК нарын хооронд байгуулагдсан 2020.07.01-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний нарийвчилсан нөхцөлт гэрээ, Л.*********гийн Хаан банкны дансны хуулга, ********* ХХК, ********* ХХК нарын хооронд байгуулагдсан 2020.08.17-ны өдрийн Өрлөг, шаврын ажил гүйцэтгэх гэрээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 47-61, 149-163, 176-179/

10. Хариуцагч Э.*********аас Э.*********ын 5023279999 тоот данс эзэмшдэг Хаан банкны тодорхойлолт, Э.*********ийн гараар бичиж өгсөн тодорхойлолт, Э.*********ын Хаан банкны дансны хуулга зэргийг ирүүлсэн./ хх-ийн 103-110/

11. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.07.06-ны өдрийн 6/5882 тоот, ********* ХХК-ийн 2023.01.25-ны өдрийн албан тоот, баримтын хамт, Нэтс пропертис ХХК-ийн 2023.02.03-ны өдрийн 23/25 албан тоот, Хаан банк ХХК-ийн 2023.02.01-ний өдрийн 5622014863 дугаартай дансыг эзэмшигч ********* ********* гэсэн тодорхойлолт ирсэн ба хариуцагч Э.*********ийн хүсэлтээр гэрчээр Л.*********, М.********* нарыг оролцуулсан. /хх-ийн 95, 192/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ********* ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ********* ХХК-тай дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Белмонте-2 төслийн А блокын дотор цахилгааны ажлыг бараа материалын хамт, өөрийн хүн хүч тоног төхөөрөмжөөр холбогдох *********-д болон холбогдох норм, дүрэм цахилгааны техникийн ажил ********* 3.05.06-90, техникийн нөхцөл, зургийн дагуу чанартай биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, иж бүрэн угсарч хүлээлгэн өгөх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204-14 давхарын 108.3 м.кв талбайтай 51 тоотын орон сууцыг өгөхөөр тохиролцсон. ********* ХХК-ийн зүгээс гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх ажлыг 2020 оны 9 дүгээр сарын 15-н ы өдөр эхлүүлсэн боловч дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж дуусгах боломжгүй болж өнөөдрийг хүрсэн. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орчимд гэрээний үүргийн гүйцэтгэл 20 хувьдаа хүрсэн тул талууд үүргийн гүйцэтгэлийн 20 хувийг дүгнэсэн акт үйлдэж, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн 1204 дүгээр байрны 14 дүгээр давхрын 108.3 м.кв талбайтай 51 тоотын орон сууцны түлхүүрийг хүлээн авсан бөгөөд тус байранд хариуцагч М.Энхбаяр нь гэр бүлийн хамт амьдарч байгаа. Хариуцагч М.Энхбаяраас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 200 000 000 төгрөгийг Э.*********т шилжүүлж, Э.********* нь Э.*********т шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогддог. Ингэхээр М.Энхбаяр нь 49 090 000 төгрөгийн өр төлбөртэй байгаа юм. Иймд хариуцагч нараас 249 090 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч М.Энхбаярын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг маргаад байх зүйл байхгүй. Байрандаа амьдарч байгаа бөгөөд байрны үнийг бүрэн төлчихвөл маргаад байх зүйл байхгүй. гэж тайлбарлав.

 

3.    Хариуцагч С.Энхбаяр нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Миний бие ********* ХХК-иас тухайн байрыг орон сууцны зуучийн компаниар дамжуулж, 200 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн байрыг ********* ХХК нь ********* ХХК-иас захиалсан байсан. Ингээд 2020 оны 10 сарын 12-ны өдөр миний бие байрны үнийг бүрэн төлсөн тул ********* ХХК-ийн зөвшөөрснөөр миний бие ********* ХХК-тай уг орон сууны гэрээ байгуулж, байраа хүлээж авсан. Байрны үнийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ...4 өрөө орон сууцыг ********* ХХК-иас худалдаж авахаар тохиролцож, тэдний томилсон этгээдтэй гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг дансаар төлсөн. ********* ХХК-тай гэрээ байгуулж, байрны түлхүүрийг хүлээн авч байрандаа орж, 2020 оны 10 сараас амьдарч байна. иймд гэрээний үүргээ биелүүлсэн тул өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч Э.********* татгалзлын үндэслэлээ 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр *********ын эзэмшлийн Хаан банкны 5023279999 тоот данснаас миний эзэмшлийн 5063532742 тоот дансанд гүйлгээний утга Богд вилла 1204-51 гэсэн бичиглэлээр 50 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 5 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөг, 10 дугаар сарын 02-ны өдөр 15 000 000 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдөр 15 000 000 төгрөг, 10 дугаар саын 09-ний өдөр 5 000 000 төгрөг, 10 дугаар сарын 12-ны өдөр 59 000 000 төгрөг, нийт 189 000 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Дээрх мөнгөнөөс ********* ХХК-ийн захирал З.*********ийн Хаан банкны 5622014863 тоот дансанд, эхнэр Л.*********гийн ********* тоот данснаас 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 32 000 000 төгрөгийг, миний эзэмшлийн 5063532742 тоот данснаас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 30 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж дээрх мөнгөнөөс нийт 62 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ********* ХХК-ийн захирал З.*********т шилжүүлж, үлдэгдэл 127 000 000 төгрөгийг ********* ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлав.

 

5. Хариуцагч Э.********* татгалзлын үндэслэлээ ...********* ХХК-ийн захирал З.*********ийн 2020.09.25-ны өдрийн албан бичигт 1204-51 тоот 4 өрөө байрын захиалгын гэрээг Э.*********т шилжүүлж өгөх талаар бичиж өгсний дагуу гэрээг ********* ХХК, М.Энхбаяр нарын хооронд 2020.10.12-ны өдөр дахин байгуулж, байрыг хүлээлгэж өгөөд, би тооцоогоо дуусгасан. Гэрээ байгуулсан үнийн тухайд би мэдэхгүй бодитоор зарж өгөөрэй гэсэн үнэ нь 189 000 000 төгрөг. Гэтэл одоо ажил гүйцэтгэх гэрээнийхээ үнээр буюу бартерийнхаа үнээр шаардаж байгаа нь үндэслэлгүй. гэж маргажээ.

 

6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч Л.*********, М.********* нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч ********* ХХК нь ********* ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч ********* ХХК нь Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Белмонте 2 төслийн А блокын дотор цахилгааны ажлыг бараа материалын хамт, өөрийн хүн хүч тоног төхөөрөмжөөр техникийн нөхцөл, зургийн дагуу чанартай биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, иж бүрэн угсарч хүлээлгэн өгөх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн 1204 дүгээр байрны 14 дүгээр давхрын 108.3 м.кв талбайтай 51 тоотын орон сууцыг өгөхөөр тохиролцсон гэрээг байгуулсан байх ба гэрээний нийт дүнг 293 408 386 төгрөг байхаар тохиролцож, бартерт өгөх байрны үнийг 249 090 000 төгрөгөөр үнэлэн гэрээг байгуулжээ./хх-ийн 6-9/

8. Дээрх гэрээний дагуу ********* ХХК, ********* ХХК нарын хооронд байгуулагдсан Орон сууцны захиалгын Б-10151 дугаар гэрээ /2022.02.07-ны өдөр/ хэрэгт авагдсан байна./хх-ийн10-13/

9. 2020 оны 10 сарын 12-ны өдрийн гэрээг М.Энхбаяр, ********* ХХК нарын хооронд Орон сууцны хөрөнгө оруулалтын Б-51 дугаар гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний 2.5-д Захиалагчтай байрны нийт төлбөрийг 2020 оны 09 сарын 15-ны өдрийн ********* ХХК-тай хийсэн дотор цахилгааны ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар тооцсон бөгөөд тухайн компанийн албан хүсэлтийг иргэн М.Энхбаярын нэр дээр шилжүүлэв. Тус байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон байрны түлхүүр өгөхдөө манай компанийн санхүүгийн албанаас зөвшөөрлийн бичигтэй ирнэ. гээд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 22-24/

10. Хариуцагч М.Энхбаяр нь 2020 оны 10 сарын 12-ны өдөр ********* ХХК-ийн ********* ХХК-иас ажлын хөлсөнд бартераар авсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богд Вилла төслийн 1204 дүгээр байрны 14 дүгээр давхрын 108.3 м.кв талбайтай 51 тоотын орон сууцыг худалдан авч, улмаар орон сууцны төлбөрийг мөн өдрөө хариуцагч Э.*********ын дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

11. Дээрх орон сууцыг захиран зарцуулах эрхийг болон гэрээ байгуулах эрхийг ********* ХХК нь хариуцагч Э.********* шилжүүлэн өгсөн нь хавтаст хэргийн 25-р талд авагдсан ********* ХХК-ийн 2020.09.25-ны өдрийн 0925 дугаар захирал З.********* гэсэн гарын үсэг, тамга тэмдэг бүхий ********* ХХК-д гаргасан Хүсэлт гаргах тухай тоотоор тогтоогдож байна.

12. Эдгээрээс дүгнэхэд ********* ХХК нь бартераар шилжүүлэн авсан дээрх орон сууцыг хариуцагч М.Энхбаярт 189 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд энэ асуудлаар маргаагүй байна.

13. Харин нэхэмжлэгч тал ...бартераар авсан байрны үнэ 249 090 000 төгрөг бөгөөд байрны үнийг М.Энхбаярын зүгээс ********* ХХК-д нэг ч төгрөгийг шилжүүлж байгаагүй. Иймээс орон сууцны төлбөрт 249 090 000 төгрөгийг М.Энхбаяраас гаргуулахаар шаардаж байна. Нөгөөтэйгүүр хариуцагчийн тайлбарт дурьдаж, хэрэгт гаргаж өгсөн 200 000 000 төгрөгийг төлсөн Э.********* нь ********* ХХК-д дамжуулан шилжүүлэх үүрэгтэй гэж үзсэн ч хариуцагч М.Энхбаяр нь 49 090 000 төгрөгт ногдох үүргийг гүйцэтгээгүй. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарын дагуу асуудалд хандаж үзвэл хариуцагч Энхбаяраас Э.*********т 200 000 000 төгрөгийг, Э.*********аас Э.*********т ********* ХХК-д зорилгоор шилжүүлсэн гэж үзсэн ч Э.*********, Э.********* нар нь уг мөнгөн хөрөнгийг ********* ХХК-д шилжүүлж өгөөгүй бол зохих хэсгээр Э.*********, М.Энхбаяр, Э.********* нар нь төлөх үүрэгтэй болж болох юм. Иймээс хариуцагч нараас 249 090 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэж тайлбарласан байна.

14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах үндэслэлгүй байна.

15. Нэхэмжлэгч ********* ХХК бартераар авсан байрны үнийг 249 090 000 төгрөгөөр хариуцагч М.Энхбаярт худалсан талаар хэрэгт авагдсан баримтгүй, түүнчлэн Э.********* нь байрны үнэ 189 000 000 төгрөгийг ********* ХХК-д өгөөгүй гэх баримтгүй зэргээс нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хэрэгт баримтаар нотлоогүй байна.

16. Тодруулбал, 2020 оны 10 сарын 12-ны өдөр М.Энхбаяр, ********* ХХК нарын хооронд Орон сууцны хөрөнгө оруулалтын Б-51 дугаар гэрээнд бичигдсэн үнээр нэхэмжлэгч ********* ХХК нь байрны үнэ гэж тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх гэрээний дагуу шаардах эрхгүй байна.

17. Мөн хариуцагч Э.********* нь ********* ХХК-нд тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж тухайн төслүүдийг хариуцан ажиллаж байсан үйл баримтын тухайд нэхэмжлэгч тал маргаагүй.

18. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч М.Энхбаяр нь орон сууцны үнэ 189 000 000 төгрөгийг ********* ХХК-иас томилогдсон этгээд болох хариуцагч Э.*********т бүрэн төлж, тухайн байрыг худалдан авсан, түүнчлэн хариуцагч Э.********* нь байрны үнэ 189 000 000 төгрөгийг хариуцагч ********* ХХК-ийн эрх бүхий этгээд Э.*********т шилжүүлэн өгсөн, хариуцагч Э.********* нь ********* ХХК-ийн захирал болон тус компанийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан хариуцагч нарын дансны хуулгууд, ********* ХХК-ийн захирал З.*********ийн 5622014863 тоот дансны мэдээлэл, гэрч Л.*********гийн ********* тоот дансны хуулга болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

19. Хариуцагч М.Энхбаяр нэхэмжлэгч ********* ХХК-д холбогдуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 51 тоот хаягт байрлах 108.3 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

20. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

21. Гэрээний зүйл болох барилгыг төлбөр төлснөөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшилдээ авсан талаар тайлбарлаж, уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш уг байрыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч энэ асуудлаар маргаагүй байна.

22. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Энхбаяр нь хүсэл зоригийн дагуу орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 51 тоот хаягт байрлах 108.3 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болсон байх ба дээрх орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь эрх бүхий байгууллагын лавлагаагаар тогтоодож байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

23. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Энхбаяр, Э.*********, Э.********* нараас орон сууцны үнэ 249 090 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Энхбаярыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн 1204 дүгээр байрны 1 дүгээр орцны 14 давхрын 51 тоот хаягт байрлах 108.3 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ********* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 473 600 төгрөгийг, хариуцагч М.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч ********* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч М.Энхбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ