Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ю.Тогоонтөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/000165 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол хороолол, 903-130 тоотод оршин суух, УО69121511 тоот регистрийн дугаартай, Түмэд овогт Юрагийн Тогоонтөмөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 02-11 тоотод оршин суух, ПЮ72080400 тоот регистрийн дугаартай, Тариачин овогт Дамдинсүрэнгийн Баасансүрэнд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хариуцагч Д.Баасансүрэн, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Эвлэрлэлийн гэрээ хангуулж төлбөрийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Ю.Тогоонтөмөр нь иргэн Д.Баасансүрэнтэй 2007 оноос 2015 оны 8 сар хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан. Иргэн Д.Баасансүрэн өөрийн дүү, гэр бүлийнхэнтэйгээ хамт гэрийг маань булааж, үр хүүхдүүдээс маань өнчрүүлэх хүртэл өөрийн хөрөнгөөр бүтээж босгосон орон сууц, унах унаа, хайрлах үр хүүхэдтэй байлаа.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06115 дугаартай шүүхийн шийдвэртэй иргэний хэрэг дээр эвлэрлийн гэрээ байгуулж, өөрийн орон сууцыг маань дур мэдэн зарсан асуудал дээр иргэн Д.Баасансүрэнд буулт хийж, өөртөө 12,500,000 төгрөгийг авч үлдсэн. Эвлэрлийн гэрээ байгуулахтай холбогдуулан иргэн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд иргэн Д.Баасансүрэн нь иргэн Ю.Тогоонтөмөрийн орон сууцыг зарсан мөнгөнөөс өөрт ногдох хувь болгож, тэрхүү мөнгөөр иргэн Д.Баасансүрэн нь үр хүүхдүүдэд маань орон сууц авч амьдрах, улмаар гэрээнд дурдагдсанаар энэхүү төлбөрийг хүүхдийн тэтгэлгийг бөөнөөр нэг удаагийн төлбөр хэлбэрээр авснаар үзэж жичид нь шүүхийн шийдвэрт хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр тохиролцсон билээ. Энэ нь гар гэрээн дээр “...бусад харилцааг гэрээнээс тусад нь гэрээгээр зохицуулна...” гэж бичигдэж, талууд гарын үсэг зурсан юм.

Гэтэл үүнээс хойш иргэн Д.Баасансүрэн нь гар гэрээ болон аман хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хүүхдийн тэтгэлгийг үргэлжлүүлэн авахаар хөөцөлдөж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өргөдөл гарган хүүхдийн тэтгэлгийг авсаар байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны зохих байгууллагаар шалгуулахад иргэн Д.Баасансүрэн нь дээр дурдсан төлбөрийг зохих зориулалтаар ашиглаагүй, хүүхдүүдэд амьдрах нөхцөл байдлыг дээшлүүлэхээр хэрэглээгүй, орон сууц худалдан аваагүй, өөр бусад байдлаар хэрэглэсэн нь түүний оршин суугаа хаягаар нотлогдож байна. Би өөрөө хүүхдүүдийнхээ бусад хэрэгцээг даагаад явна, онгод сахиус надад тусалж байгаа гээд л явсан эмэгтэй. Гэтэл хамт амьдарч байсан эмэгтэй маань одоо худалч, залилагч болчхоод явж байна. Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газарт хандсан боловч гэмт үйлдэлд татан оролцуулж хөрөнгө мөнгийг завшуулсан этгээдэд эрүүгийн хэрэг огт үүсгэхгүй хаацайлсаар байна.

Түүнчлэн хамт амьдарч байх хугацаандаа ХААН банкнаас удаа дараалан цалингийн зээлийг миний нэр дээр хамтран зээлдэгчээр орж авч, ХААН банкны 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ-14/195 дугаартай гэрээгээр нийт 10,290,000 /арван сая хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг авахуулж, өөртөө болон дүү Д.Жаргалсүрэнд хэрэглүүлсэн. Энэхүү зээлээр өөрийн төрсөн дүү Д.Жаргалсүрэнд наймаа хувийн бизнес хийх, өөрийн унах унаа болох жижиг машин /Мазда Демио-2/-ыг авахуулж, эдгээрийг надаас тусгаар болох үедээ авч явсан билээ. ХААН банкны цалингийн зээлийг би хамт байх хугацаандаа болон тусгаар болсон үедээ ч боломжоороо өөрөө төлж явсан. Аргагүй хүндрэлд ороод энэхүү зээлээ өөрөө төлж барагдуулж дуусгана уу гэж хүсэлт гаргасан боловч иргэн Д.Баасансүрэн, Д.Жаргалсүрэн нар нь огт төлөөгүй. ХААН банканд хамтран зээлдэгч хариуцах учир шалтгааныг бичиж тайлбар хүсэлт гаргасан боловч эдгээр иргэдээс ХААН банк авч чадаагүй. Миний бие нь энэхүү зээлийн үлдэгдлийг үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт өөрт ногдсон 12,500,000 төгрөгөөс барагдуулсан. Тухайн төлбөрийн төлөгдсөн үлдэгдэл нь 5,832,646.94 /таван сая найман зуун гучин хоёр мянга зургаан зуун дөчин зургаан төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг болсон. Үүнийг ХААН банкны Тусгай активын газрын 5998001003 дансанд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний бие тушааж, өр төлбөрийг барагдуулсан. Энэ талаар мөн иргэн Д.Баасансүрэнд мэдэгдэж, холбогдох төлбөрийг өөрийг нь төлөөлөн 100 хувь барагдуулсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэж, хүүхдийн тэтгэлэгт тооцуулах хүсэлтээ гаргана уу гэсэн боловч тэрээр хүлээн аваагүй, “хуцаа чи новшоо” гэж хариулсан.

Дээр дурдсан гар гэрээ болон аман хэлцлүүдээр иргэн Д.Баасансүрэн нь хамт амьдрах хугацаанд миний бий болгосон хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулахгүй бөгөөд эдгээрийг хүүхдийн тэтгэлэг гэж авч үзэж, хүүхдүүдэд зөвхөн зарцуулна, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байгаа болно гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаардаг. Хүүхдийн тэтгэлэгт тооцуулах гээд байгаа хөрөнгө нь Ю.Тогоонтөмөр бид хоёрыг хамтран амьдарснаас хойш бий болсон өмч тул энэ байрны мөнгийг гэр бүлийн гишүүд тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож бүх гишүүдэд оногдох хувиа авсан. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06115 тоот захирамжид зохигчид эвлэрснийг баталж, нэхэмжлэгч Ю.Тогоонтөмөр нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэтэл нэхэмжлэгч бид хоёрын хамтран амьдарч байх хугацаандаа бий болсон байрыг тухайн үед гэр бүлийн гишүүд тус бүрт 25 хувь оногдохоор хувааж эвлэрлийн гэрээ байгуулсан байтал бүхэлд нь өөрийн өмч мэтээр хандаж энэ мөнгийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж, мөн хуулийн 14.6-т “өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу энэхүү байраа гэр бүлийн гишүүдийн тоогоор 4 хувааж, цаашид маргахгүйгээр эвлэрч, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06115 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад дахин уг захирамжид дурдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч үр хүүхдээ гэр бүлийн дундын өмчийг өмчлөх эрхгүй мэтээр ойлгож, дундын өмчийн эд хөрөнгөнөөс хүүхдийн тэтгэлгийг гаргуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ю.Тогоонтөмөрийн тухайн үед авсан цалингийн зээлийн гэрээнд “цалингийн зээл авахдаа хүнээс зээлсэн мөнгө өгөх, салсан эхнэрийнхээ хүүхдүүдэд мөнгө өгөх, дүү хэрэгт холбогдоход зээлсэн мөнгө төлөхөд зээл авах шаардлагатай байна. Иймээс хамтран зээлдэгч байх шаардлагатай” гэсний дагуу гарын үсэг зурсан. Би Ю.Тогоонтөмөрт хэрэг болох үед буюу дүү нь хэрэгт холбогдоод байхад мөн салсан эхнэр нь мөнгө нэхэж цагдаад өгч байхад тухай бүрд нь цалингийн зээл авч өгч байснаас гадна унаж явсан машинаа дүүд нь өгч байсан. Гэтэл энэ хүн одоо миний тусыг мартаж зөвхөн өөрийн цалингийн зээлийг тооцож байгаа нь харамсалтай байна. Тэр үед цалинг кассаас бэлэн мөнгөөр олгодог байсан учир цалингийн зээл авч байсан баримт байхгүй байгаа болно. Үүнийг Ю.Тогоонтөмөрийн дүү нар болон манай аав, ээж, гэр бүлийнхэн мэдэж байгаа. Энэхүү зээлээрээ миний төрсөн дүү Д.Жаргалсайханд автомашин авахад хэрэглэсэн гэдэг нь ор үндэсгүй зүйл юм. Иймээс Ю.Тогоонтөмөрийн авсан зээлийг би төлөх үүрэг хүлээхгүй. 

Нэхэмжлэгч Ю.Тогоонтөмөр нь “Хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгож, сэтгэл санаа, бие махбодын хохирлоо нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан асрамжийг тогтооно. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлд “хүүхдээ асран хамгаалах”-ыг эцэг эхийн үүрэг гэж тус тус тодорхойлсон байдаг. Бага насны хүүхдийн тухайн үеийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй байхад өсөж дассан орчныг нь солих, бидний хүүхдийн асрамжийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн бидний хүүхэд төрөх үед бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан бөгөөд нэхэмжлэгч Ю.Тогоонтөмөр бид хоёр Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр байгаа болно.

Мөн Ю.Тогоонтөмөр хуучин эхнэртэйгээ хамтран амьдрах болсноор бид хамтран амьдрах боломжгүй болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7017 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ю.Тогоонтөмөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэгч Ю.Тогоонтөмөр хүүхдүүдийг өөрийн асрамжид авах талаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд ийнхүү бид тусдаа амьдрах болсноор хүүхдүүдийн эцэг байх үүргээс салгаж буй хэмээн ойлгож хүүхдүүдийг өөрийн асрамжид авах талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Д.Баасансүрэн миний бие хүүхдүүдийнхээ эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн явдал байхгүй, эрх зүйн чадамжгүй гэж тооцогдоогүй, эх байх эрхээ хязгаарлуулж, хасуулаагүй, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлээгүй байхад өөрөөр хэлбэл хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоотой хэвээр байхад үндэслэлгүйгээр хүүхдийн асрамжийг өөрчлөх нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч манай гэр бүлийнхнийг гэмт хэрэг үйлдсэн талаар нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч, нэхэмжлэгч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхаар хуульчилжээ.

Нэхэмжлэгч 200 сая төгрөгийн гэм хор учруулсан талаар нэмэгдүүлсэн шаардлагад нэхэмжлэгч нотлох баримтаа хавсаргаж өгөөгүй байхад шүүх түүнийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан хэмээн хүлээн авч, хариуцагчаас хариу тайлбар авч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Гэтэл нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагад холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн шаардлагын бүрдүүлбэрийг хангаагүй байхад нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хариуцагчид гардуулан, хариу тайлбар авч байгаа нь хууль үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 511 дугаар зүйлийн 511.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Тогоонтөмөрт хариуцагч Д.Баасансүрэн миний зүгээс ямар хохирол учруулсан болох нь тодорхойгүй, манай гэр бүлийнхнээс түүнд таагүй хандаж байсан, нэр төр сэтгэл санааны хямралд орсон гэж тайлбарлах боловч үүний улмаас ямар гэм хор түүнд учирсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул сэтгэл санааны хохиролд 200 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00165 дугаар шийдвэрээр:” 1.Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-д заасыг баримтлан нэхэмжлэгч Ю.Тогоонтөмөрийн хариуцагч Д.Баасансүрэнд холбогдуулан гаргасан гэр бүлийн баталгаагүй хамт амьдарсан хугацаанд бий болгосон эд хөрөнгөөс олсон орлого болон гар гэрээ, аман хэлцлээр хүлээсэн үүргийнх нь биелэлтийг хангуулж 37,500,000 төгрөг, ХААН банкнаас хамт авсан цалингийн зээлийн үлдэгдлийг түүний өмнөөс бүрэн төлж барагдуулсан 5,832,646 төгрөгийг тус тус гаргуулж хүүхдийн тэтгэлгийг нэг удаагийн мөнгөн төлбөрөөр төлснөөр тооцуулах, сэтгэл санаа бие махбодын хохирлыг нөхөн төлүүлж, хариуцагч Д.Баасансүрэнгээр уучлалт гуйлгуулахыг даалгуулах, эсийн донороор иргэн Ю.Тогоонтөмөрийг хууль бусаар ашигласны төлбөрийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Т.Цолмон, 2011 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Т.Энх-Очир нарыг эх Д.Баасансүрэнгийн асрамжид үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөх хугацааг хойшлуулсан тус шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШЗ2018/02147 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлөх хугацааг мөн тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШЗ2019/00420 дугаартай шүүгчийн захирамжаар хойшлуулсан бөгөөд эдгээр улсын тэмдэгтийн хураамж нь  төлөгдөөгүй байх тул дээрх шүүгчийн захирамжид дурдагдсан нийт 140,400 төгрөгийг нэхэмжлэгч Ю.Тогоонтөмөрөөс  гаргуулж улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч нь жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 4.1.6 дугаар заалтуудыг илт зөрчиж, дан эмэгтэй хүмүүсээс бүрдсэн бүрэлдэхүүн асуудлыг хэлэлцэж, тухайн хуулийн 5.1.2, 5.1.3 дугаар заалтуудыг илтэд зөрчсөн үйл ажиллагаа явууллаа. Хуралдаан мэтгэлцээний зарчмаар явагдана, хуралдааны үед нэхэмжлэгч, хариуцагч холбогдох төлөөллөөс илэрхийлсэн гол үг хэллэгүүдийг тэмдэглэлд тусгасангүй, шүүх бүрэлдэхүүн зөвхөн эмэгтэй хүн гэсэн үндэслэлээр л асуудалд хандлаа.

Шүүх бүрэлдэхүүнийг дахин томилж, нэхэмжлэлийн тэтгэлэгт тооцуулах, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай шаардлагыг дахин хэлэлцүүлж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч   Ю.Тогоонтөмөр нь эвлэрлийн гэрээний үүрэг хангуулах, төлбөрийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулах шаардлагыг хариуцагч Д.Баасансүрэнд холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоолгох,сэтгэл санаа, бие махбодын хохирлоо нөхөн төлүүлэх тухай нэмэгдүүлсэн шаардлагыг  гаргажээ. /хх-ийн 119-120 дугаар тал/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Д.Баасансүрэн бид хоёрын хамтран амьдарч байсан хугацаанд бий болгосон эд хөрөнгөнөөс олсон орлого болон гар гэрээ аман хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулж 37.500.000 төгрөг, ХААН банкнаас хамт авсан цалингийн зээлийн үлдэгдлийг түүний өмнөөс бүрэн төлж барагдуулсан 5.832.646 төгрөгийг тус тус гаргуулж хүүхдийн тэтгэлэгийг нэг удаагийн мөнгөн төлбөрөөр төлснөөр тооцуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, сэтгэл санаа бие махбодын хохирлыг нөхөн төлүүлж, Д.Баасансүрэнгээр уучлалт гуйлгуулахыг даалгах, эсийн донороор иргэн Ю.Тогоонтөмөрийг хууль бусаар ашиглсаныг төлбөрийг шүүхээр тогтоолгон гаргуулах, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар тус тус гаргуулах”-ыг хүсэж байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь “Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар  хамтран амьдрах хугацаанд бий болсон эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаардаг.Нэхэмжилж буй орон сууцны үнэ нь Ю.Тогоонтөмөр бид хоёрыг хамтран амьдарснаас хойш хугацаанд бий болсон өмч хөрөнгө юм. Энэхүү орон сууцны үнийг гэр бүлийн гишүүд тус бүрт 25 хувь оногдохоор гишүүдийн тоогоор 4 хувааж, цаашид маргахгүйгээр эвлэрч, эвлэрлийг баталж Баянзүрх дүүргийн шүүх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 101/ШШ2016/06115 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал Ю.Тогоонтөмөр нь өөрийн өмч мэтээр хандаж,  уг орон сууцны гурван хүнд оногдох үнийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ю.Тогоонтөмөрийн  “хүнээс авсан зээлээ буцааж өгөх, салсан эхнэрийнхээ хүүхдүүдэд мөнгө өгөх, дүү нь хэрэгт холбогдоход зээлсэн мөнгөө төлөх шаардлагатай.” байна гээд цалингийн зээл авахад нь хамтран зээлдэгч шаардлагатай байна гэсний дагуу би гарын үсэг зурсан. Ю.Тогоонтөмөрийн  хүүхдүүдийг өөрийн асрамжид авах, сэтгэл санаа, бие махбодын хохирол нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад: 

1.Зохигчид  2007 оны 5 сараас 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл  хамтын амьдралтай байх хугацаандаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Их Монгол хорооллын 903 дугаар байрны 130 тоот орон сууцанд амьдарч байсан ба тус тус амьдрах болсноор уг орон сууцыг худалдаж,түүний үнэ 50.000.000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүд 25 хувиар хувааж Д.Баасансүрэн, охин Т.Цолмон, хүү Т.Энх-Очир нар 37.500.000 төгрөг, Ю.Тогоонтөмөр 12.500.000 төгрөгийг авахаар цаашид маргахгүйгээр эвлэрч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсаныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06115 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэжээ./хх-ийн 9-10 дугаар тал/ 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ю.Тогоонтөмөр нь ХААН банктай  барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийн зээл авсан байх ба уг гэрээнд  Д.Баасансүрэн хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байна.Мөн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 4.5.00.000 төгрөгийн нэмэлт зээл авсан ба зээлийг 2017 онд Ю.Тогоонтөмөр төлж дуусгасан байх бөгөөд талууд энэ талаар   маргаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2.-т зааснаар “Хүүхдийн тэтгэлгийн мөнгөнд тооцон төлбөр төлөгчөөс гаргуулан авсан эд хөрөнгийг энэ хуульд ззаасан журмын дагуу худалдан борлуулж,эсхүл шилжүүлнэ.”  Гэж хуульчилжээ.

Нэхэмжлэлэгчийн дээрх шаарлага нь  энэ хуульд заасан журмын дагуу зохицуулагдах үндэслэл тогтоогдоогүй байна.

2. Нэхэмжлэгч нь хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах шаардлагын үндэслэлийн талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй  байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүдээ өөрийн асрамжид авах болсон шалтгаан нөхцөл,эхийн асрамжид амьдарч байгаа одоогийн орчин нөхцлийг ямар шалтгааны улмаас өөрчлөх болсон үндэслэлүүдийн талаарх баримтаа  ирүүүлээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар “Эцэг эх байх эрхийг хязгаарласан”, 29 дүгээр зүйлд “эцэг,эх байх эрх хязгаарласныг хүчингүйд болсонд тооцсон”, 30 дугаар зүйлд “Эцэг эх байх эрхийг хасах” тухай эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан байх бөгөөд хуулийн энэ зүйл заалтад заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хуульд заасан үндэслэлээр зохих этгээдийн хүсэлтээр хүүхдийн асрамжийг шүүх өөрчилж болохыг хуульчилжээ. Гэхдээ эх хүнийх нь хувьд Д.Баасансүрэнгийн хэрэгжүүлэх эрх үүргийг дээрх хуульд заасан үндэслэлээр шүүхээс хязгаарлаагүй байна.

Нэхэмжлэгч  Ю.Тогоонтөмөрийн тайлбарт дурдсан үйл баримтууд нь  анхан шатны шүүхийн шийдвэрээр охин Т.Цолмон, хүү Т.Энх-Очир нар эхийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг өөрчлөх үндэслэл болохгүй байхаас гадна хэрэгт авагдсан баримтуудаар эх Д.Баасансүрэн нь дээрх Гэр бүлийн тухай хуульд заасан “хүүхдийн асрамжтай холбоотой эрх, үүргээ биелүүлээгүй санаатайгаар зайлсхийсэн, хүүхэдтэйгээ удаа дараа харгис, хэрцгий харьцсан, үр хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл ийм чадваргүй болсон, хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан зэрэг хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш нөхцөл байдал, үйл ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг хохироосон нь тогтоогдоогүй байх тул хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн нөхцөлийг өөрчлөх үндэслэлгүй байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эцэг, эх нь тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй”  бөгөөд охин Т.Цолмон, хүү Т.Энх-Очир нар эцэг эхийнхээ хэнтэй нь хамт амьдрах талаар саналаа илэрхийлсэн байна./1 дүгээр хх-191-194 дүгээр тал/

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй  бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул   охин Т.Цолмон,хүү Т.Энх-Очир нарыг эхийн  асрамжид үлдээж  шийдвэрлэсэн   анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн  үндэслэлтэй болжээ.

3.Сэтгэл санаа, бие махбодын хохиролыг нөхөн гаргуулах, Д.Баасансүрэнгээр уучлалт гуйлгуулахыг даалгах,эсийн донороор иргэн Ю.Тогоонтөмөрийг хууль бусаар ашигласны төлбөрийг шүүхээр тооцуулан гаргуулах тухай шаадлагын талаар анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж,хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар тодорхой зааж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заалттай нийцсэн байна.

4.Нэхэмжлэгчийн  нэхэмжлэл гаргахдаа  төлөх   улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 58  дугаар зүйлийн  58.4.-т зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШЗ2018/02147 дугаар захирамжаар,мөн нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлөх хугацааг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШЗ2019/00420 дугаартай шүүгчийн захирамжаар хойшлуулсан байх бөгөөд дээрх улсын тэмдэгтийн хураамжийг  нэхэмжлэл хэрэгсэхгүй болгосон тохиолдолд Ю.Тогоонтөмөрөөс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцсэн гэж үзлээ.

 Нэхэмжлэгч Ю.Тогоонтөмөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг нотлох баримтаар нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж,   дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг төлөхийг түүний хүсэлтээр анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШЗ2019/00892 дугаар шүүгчийн захирамжаар 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.

 Ю.Тогоонтөмөрийн давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай гаргасан хүсэлтийг тус шүүх хүлээн авч 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар түүнийг 140400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хуурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Ю.Тогоонтөмөрөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөгийг гаргуулж улсын орлго болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны  өдрийн 153/ШШ2019/00165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   нэхэмжлэгч Ю.Тогоонтөмөрийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хуурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Ю.Тогоонтөмөрөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөгийг гаргуулж улсын орлго болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                      

                                                                                               Н.ТУЯА