Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/03467

 

2023 оны 10 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2023/03467 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ..........байрлах, регистрийн ......... дугаартай, Ф  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........... байранд байрлах, регистрийн ...... дугаартай, Л ХХК-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 5.281.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э , нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ф ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Ф  ХХК нь Л ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №......... тоот Худалдааны хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний 1.1-д заасны дагуу Португали улсад үйлдвэрлэсэн арван нэр төрлийн дарсыг нийлүүлсэн. Гэрээ байгуулж, дарс нийлүүлсэн цагаас хойш борлуулагч тал болох Л  ХХК нь зөвхөн нэг удаа 100.000 төгрөгийн төлөлтийг манай компанид төлсөн ба бусад дарс борлуулсан орлогын мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Манай компани 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.242.000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2.040.000 төгрөгийн, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 4.676.400 төгрөгийн, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 583.200 төгрөг, нийт 8.541.600 төгрөгийн үнэ бүхий дарсуудыг нийлүүлсэн ба нэг удаа 100.000 төгрөгийг төлсөн. Ингээд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй удаа дараа нэхэмжлэх, албан тоот хүргүүлсэн ч Л ХХК нь дахин төлөлт хийлгүйгээр хөл хорио, цар тахалын улмаас борлуулалтгүй байна гэх зэрэг шалтгаантай тайлбар Л  ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг өгсөөр байна. Тиймээс бид 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр барааны буцаалт хийж, тооцоо нийлэх актүйлдэхэд Л  ХХК-ийн нягтлан бодогч Ц.И  өөрийн биеэр тооцоог хийж, борлогдоогүй дарсуудыг буцаан хүлээлгэж өгсөн. Харин борлогдсон боловч төлөлт хийгээгүй байгаа дасны тооцоог хийхэд 3.474.400 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гарсан. Манай компани 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3.474.400 төгрөгийн нэхэмжлэх хүргүүлсэн боловч одоо болтол төлж барагдуулаагүй байх тул Хамтран ажиллах гэрээний 7.1-д заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлж, албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Мөн Л ХХК нь анх бидэнтэй гэрээ байгуулахдаа мэдэгдэж байсан хаяг дээрээ байдаггүй учир шүүхээс эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж гүйцэтгэх захирал, хаягийн мэдээллийг олсон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, гэрээний 4.4-т заасны дагуу алданги /Иргэний хуульд заасны дагуу үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн байх тул 50 хувиар тооцов/ 1.737.200 төгрөгийг нэмж гаргуулна. Иймд, Л  ХХК-иас Худалдааны хамтран ажиллах гэрээний дагуу тооцоо нийлсэн актын үлдэгдэл төлбөрт 3.474.400 төгрөг, алданги 1.737.200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, нийт 5.281.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Л  ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г-ын П-д Б.Н  нь анх Л  ХХК-ийн үйл ажиллагааг цэглэх, санхүүгийн тайлан гаргаж байлгах зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 934 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан Л ХХК-н кульша шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлж байхад Л ХХК-д ямар нэгэн өр төлбөр байхгүй, чамд ямар хариуцлага үүсэхгүй хэмээн итгүүлж хувьцааг үнэ төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Компанийн хувьцаа бэлэглэх гэрээний 4.2-т Бэлэглэгч тал компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг бэлэг хүлээн авагч талд үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэх үүрэгтэй гэж, 4.6-т Энэхүү гэрээг байгуулахаас өмнөх бэлэглэж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, зээл торгууль, компанийн аливаа өр төлбөрийг бэлэглэгч төлж барагдуулах үүрэгтэй гэж, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний 5.1-т Эрх шилжүүлэгч тал гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчиж компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулснаас учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж тус тус заажээ. Гэтэл Л  ХХК нь шилжүүлж авахаас өмнө татвар, нийгмийн даатгалын өртэй, мөн олон харилцагч компаниудад өр төлбөр үүссэн, эхнээсээ нэхэгдээд байж байна. Энэхүү өр төлбөрийн талаар хэлэхэд Б.Н нь Би ч өр төлбөртэй талаар мэдээгүй гэдэг тайлбарыг хэлдэг. Хэрэв ийнхүү өр төлбөртэй гэдгийг бол компанийн хувьцааг шилжүүлэн авахгүй байсан бөгөөд компанийн хувьцааг бүр шилжүүлэн авах ямар ч зорилгогүй, түр л хувьцааг эзэмшиж байсан болно. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж, 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бустооцуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байна. Иймд Г.П, Б.Н  нарын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 935 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэж өгнө үү хэмээн тус шүүхэд нэхэмжлэх гаргасан бөгөөд хариуцагч тал нь Шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг өгсөн. Ийнхүү тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/.... тоот шүүхийн шийдвэр гарсан бөгөөд хариуцагч Б.Н а нь өнөөдрийг хүртэл Монгол Улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх мэдээллийг өөрчлүүлэхгүй байсаар байна. Б.Н нь надаас Л  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн тамга тэмдэг, санхүүгийн тамга тэмдэг, 2 банк васко зэргийг хүлээн авсан. Уг компанийг өөрт шилжүүлэн авснаас хойш харилцагч компаниудын өр нэхэх дарамт өнөөг хүртэл ирдэг, татвар, нийгмийн даатгалын байцаагч нар байнга залгаж өр барагдуулах талаар ярьсан хэвээр байна. Энэ талаар тухай бүрд хэлэхэд Б.Н нь Ойлгож байгаа, удахгүй шилжүүлнэ. Г.С тай шүүхдэж байгаа гэх тайлбар хийдэг. Өмнө нэг компанид хамтран ажиллаж байснаа бодож өнөөг хүртэл хүлээж хүлээцтэй ирсэн бөгөөд харилцагч компани нь шүүхэд Л ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, намайг улсын бүртгэл дээр мэдээлэл нь ийм байгаа учир гэж цагдаагаас холбогдож эхэлсэн. Мөн энэ талаар хэлж Та улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээлэл дээрээс намайг хасаж өгнө үү, би ямар ч гэм буруугүй, хэнээс ч гэрээ хийж бараа аваагүй байж эрэн сурвалжлуулж цагдаагийн байгууллагад очих байх хэцүү байна гэдгээ илэрхийлсээр ирсэн. Үүгээр ч зогсохгүй миний өөрийн мэргэжлийн дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа ТББ-даа санхүүжилт татах, хөрөнгө оруулалтын талаар хамтрагч нартай болох үед миний нэр дээрх татварын тодорхойлолтыг хүсдэг ба гаргаж өгөхөд маш их өр төлбөртэй компанитай харагдаж, бусдад итгэлгүй нэгнээр дүгнэгдэж байна. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дахин эрэн сурвалжлуулж байгаа тухай Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс ярьсан ба энэ тухай мэдмэгц тус дүүргийн шүүх дээр өөрийн биеэр ирж шүүгчийн туслахтай уулзсан болно. Өнөөдрийг хүртэл Б.Н-г хүн ёсоор өөрөө сайн дураар Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг улсын бүртгэлийн байгууллагад хандаж улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх өөрчлөлтийг хийх болов уу гэж итгэж байсан бөгөөд удаа дараа эрэн сурвалжлуулах арга хэмжээ авч байгаа учир 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/.....тоот шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудасны лавлагаа хүссэн ба албан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэлийн хуудсыг бичүүлэх хүсэлт гаргаж байгаа болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.09.19-ний өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.12.10-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ, нэхэмжлэх, 2021.05.05-ны өдрийн Л  ХХК-д шаардлага хүргэх тухай, 2021.08.25-ны өдрийн №.......... дугаар Л ХК-д мэдэгдэл, 2020.08.03-ны өдрийн .... хүсэлт илгээх тухай,2020.06.25-ны өдрийн ... хүсэлт илгээх тухай, Ф  ХХК-ийн барааны буцаалт хийсэн акт, мэйл, 2022.02.09-ний өдрийн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс албан тоот, 2023.06.20-ны өдрийн итгэмжлэл, зарлагын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт шаардсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ф  ХХК хамтран ажиллах гэрээний үүрэгт 5.281.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Л  ХХК-д холбогдуулан шаарджээ.

 

Хариуцагч Л  ХХК-д нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, нэг жилийн хугацаанд бараа нийлүүлж, нөгөө тал нь түүний үнийг төлөхөөр тохиролцсон байх ба энэхүү гэрээний хугацаанд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.242.000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2.040.000 төгрөгийн, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 4.676.400 төгрөгийн, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 583.200 төгрөг, нийт 8.541.600 төгрөгийн үнэ бүхий дарсуудыг нийлүүлсэн боловч хариуцагч нь үнийг бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

 

Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан барааны үлдэгдэл төлбөрт 3.474.400 төгрөг, алданги 1.737.200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, нийт 5.281.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд тэдний 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ..... тоот Тооцоо нийлсэн акт-аар барааны үлдэгдэл төлбөр 3.474.000 төгрөг болох нь тогтоогдож байна.

 

Мөн гэрээний 4.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

Түүнчлэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн ....... дугаар болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ...... дугаар тодорхойлолтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах замаар оршин байрлах хаягийг тогтоолгосон байх ба үүнтэй холбоотой гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасантай нийцэж байна.

 

Хариуцагч ЛХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд Г.П  нь шүүхэд гаргасан тайлбартаа Би тухайн компанийг өр төлбөртэй байсныг мэдэхгүйгээр хувьцааг шилжүүлэн авсан, одоо өмнөх төлөөлөх эрх бүхий этгээдтэй буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч өдий хүртэл хугацаанд улсын бүртгэлд бүртгэгдээгүйгээс намайг шүүх, цагдаагийн байгууллага болон татвар, нийгмийн даатгалын газруудаас байнга дууддаг гэжээ.

 

Гэвч энэхүү үйл баримт нь нэхэмжлэгч Ф ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоогүй бөгөөд компанийн дотоод асуудал нь нэхэмжлэгчийн гэрээний дагуу шаардаж буй барааны үнийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн Л ХХК-ийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Иймд хариуцагч Л   ХХК-иас хамтран ажиллах гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохиролд нийт 5.281.800 төгрөгийг гаргуулж Ф  ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас 99.459 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ф  ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Л  ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 3.474.400 төгрөг, алданги 1.737.200 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 70.200 төгрөг, нийт 5.281.800 төгрөгийг гаргуулж Ф  ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ф  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л  ХХК-иас 99.459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО