| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/04496/И |
| Дугаар | 183/ШШ2023/03509 |
| Огноо | 2023-11-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2023/03509
| 2023 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2023/03509 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х
Хариуцагч: С
Эрхийн бичгийн төлбөрт 1 140 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
хариуцагчийн төлөөлөгч Ц.Д,
нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авав.
/нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ТБАГУТУГ хариуцагч******* ХХК-д холбогдуулан эрхийн бичгийн төлбөрт 1 140 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* /төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар/ нь Монгол Улсад аж ахуйн нэгж иргэд харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргаж харилцаа холбооны тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг байгууллага юм. ******* болон******* ХХК-ийн хооронд******* тоот радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл байгуулсан. Энэ тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт жилд 2013-2014 онд 785 000 төгрөг, 2014-2017 хүртэл 680 000 төгрөг, 2017-2018 онд 460 000 төгрөг нийт 3 285 000 төгрөг төлөх ёстой байснаас хариуцагч 2 145 000 төгрөгийг барагдуулсан бөгөөд одоо 1 140 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд******* ХХК радио давтамж ашиглах эрхийн бичгийн төлбөр болох 1 140 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Радио давтамж ашиглах эрхийн бичиг нь ******* болон******* ХХК-ийн хооронд байгуулагдсан******* дугаар гэрээнд заасан хугацаа дуусгавар болсноор хүчингүй болсон бөгөөд******* ХХК-ийн зүгээс гэрээ дуусгавар болмогц төлбөрийн үлдэгдлийг бүрэн барагдуулж, холбогдох техникийн төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн болно. Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар радио давтамж ашиглах эрхийн бичгийн төлбөр-ийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд тус эрхийн бичгийг цуцлах ёстой бөгөөд манай байгууллага нь төлбөрийн асуудал үүсгэж байгаагүй тул энэ хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгоогүй. Гэтэл өнөөдөр хэдэн оны үлдэгдэл төлбөр болох нь тодорхойгүй буюу нийт 1 140 000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь******* ХХК-ийн 2013-2018 оны хоорондын ашиглалтын үлдэгдэл төлбөр нийт 1 140 000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч яг аль оны төлбөр болох нь тодорхойгүй байхаас гадна гэрээний дагуу 2018 онд төлөх ёстой төлбөр гэж тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн дэлгэрэнгүй лавлагаа, Радио давтамж ашиглах эрхийн бичгийн хуулбар,******* дугаар радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ, хавсралт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 2-9/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* болон******* ХХК-ийн хооронд******* тоот радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл байгуулсан. Энэ тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт жилд 2013-2014 онд 785 000 төгрөг, 2014-2017 хүртэл 680 000 төгрөг, 2017-2018 онд 460 000 төгрөг нийт 3 285 000 төгрөг төлөх ёстой байснаас хариуцагч 2 145 000 төгрөгийг барагдуулсан бөгөөд одоо 1 140 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна... гэж тайлбарлав.
3. Хариуцагч төлөөлөгч Ц.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Тухайн үед бид нар төлж байсан гэдэг зүйлийг хэлдэг. 2018 онд 6 сард тухайн төхөөрөмжүүдийг буцааж өгөөд төлбөрөө дуусгаад хаасан байдаг. Гэрээнээс үүдэлтэй маргааны хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Харилцаа холбоо зохицуулах хороо,******* ХХК нарын хооронд******* дугаар Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талуудын хооронд байгуулсан*******дугаар эрхийн бичгийн гэрээний дугаарлалтыг******* болгон өөрчлөлт оруулж, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 2 жилийн хугацааны сунгалт хийж, эрхийн бичигт заагдсан давтамжийн зурвасыг VHF долгионд дотоод хэрэгцээнд харилцааны станцын зориулалтаар ашиглаж, эрхийн бичгээр зөвхөн радио давтамж ашиглах эрх олгогдох бөгөөд нийтийн үйлчилгээ явуулах эрх олгогдохгүй байхаар гэрээг байгуулсан байна.
Дээрх******* дугаар эрхийн бичгийн гэрээг байгуулсан асуудлаар талууд маргаагүй байх ба хариуцагч******* ХХК нь 2013 оноос 2014 он хүртэл 195 000 төгрөг, 2014 оноос 2015 оны хооронд 1 250 000 төгрөг, 2015 оноос 2016 он хүртэл 0 төгрөг, 2016 оноос 2017 он хооронд 700 000 төгрөг, 2017 оноос 2018 он хүртэл 0 төгрөг, нийт 2 145 000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 1 140 000 төгрөгийг төлөөгүйгээс маргаан үүссэн байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.
Өөрөөр хэлбэл******* дугаар Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хүчинтэй байх хугацаа болох 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 5 жил өнгөрсөн байх ба энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэснээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч нь дээрх хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үндэслэлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-д холбогдох эрхийн бичгийн төлбөрт 1 140 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ТБАГУТУГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ