Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/28

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

иргэний хариуцагч М.У,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нд холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Аы Н, 1978 оны 6 дугаар сарын 10-ны өдөр У хотын Н дүүрэгт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх, нийгмийн багш мэргэжилтэй, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрны туслах багшийн ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар 0000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н нь Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дуустал ажиллах хугацаанд Б аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/27 дугаартай захирамжаар батлагдсан тус аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн орон тооноос хэтрүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/54 дугаартай тушаалаар “хичээл зохицуулагч” гэх албан тушаалд иргэн М.Уыг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар “үдийн хоолны ахлах тогооч” гэх албан тушаалд иргэн С.Жийг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаар “үдийн хоолны үйлчлэгч” гэх албан тушаалд иргэн Б.Дг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/52 дугаартай тушаалаар “үдийн хоолны туслах тогооч” гэх албан тушаалд иргэн Х.Б нарыг тус тус томилж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1. Шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: “...миний бие анх 2021 оны 4 дүгээр сард Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тэгээд 1 жил ажилласны дараа 2022 оноос эхэлж У багш захирлаар орж ирсэн. У багш бүр 5, 6 сар ажиллаж байгаад дахиад ажлаа өгсөн. Би 2 дахь удаагаа 2022 оны 9 дүгээр сард захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дахин томилогдсон. Тэгээд 2 дахь удаагаа томилогдоход У багш болохоороо “би хичээл зохицуулагчийн орон тоог төсвийн тодотголд суулгачихсан байгаа. Удахгүй батлагдаж ирнэ” гэж надад худлаа хэлж намайг ямар ч гарцаагүй байдалд оруулаад тушаал гаргуулаад тамгаа өөрөө дарсан. Тэгээд тамгаа өгөхгүй нэлээн удаан явж байгаад “би тамга дараад энэ хичээл зохицуулагчийн ажил дээр би томилогдоно. Төсвийн тодотгол дээр би оруулчихсан байгаа” гэж хэлээд Засаг даргын өрөөн дээр яг өөрөө сууж байгаад тушаалаа гаргуулаад тамгаа дараад тамгаа өгч байсан. Аймгийн Засаг даргын захирамжаар орон тоо нэмэх ёстой гэдгийг У ч гэсэн мэдэж байсан. Тухайн үед харин тэрийг би ёстой мэдэж байгаагүй. Яагаад гэхээр би өмнө нь ямар нэгэн орон тоо нэмүүлье гэж нааш цааш бичиг цаас явуулж байгаагүй. Орон тоо нэмүүлэх ч манай сургуульд тийм шаардлага байгаагүй учраас орон тоо нэмүүлье гэсэн надад тийм сэдэл байгаагүй. У багш өөрөө шууд “энэ орон тоог удахгүй нэмэгдэж ирнэ, чи энэ дээр гарын үсгээ зурчих. Би тамгаа өөрөө дарчихна” гээд тамга даруулж тухайн үедээ өөртөө давуу байдал олгож, миний хууль мэдэхгүй байдлыг ашигласан.

Үдийн цай, үдийн хоолны хувьд үдийн хоол тухайн үед түрээсээр явдаг байсан. Тэгээд түрээсийг нь цуцлаад энэ нь сургуулийн харьяанд орж байгаа шүү. Та ажиллах хүнээ бэлдээрэй, энэ хүмүүсийн тушаалыг явуулаарай гэсний дагуу зөвхөн тэр хүмүүсийн тушаал явуулсан болохоос биш тэр хүмүүстэй би ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаад, дараа нь тэр хүмүүст ямар нэгэн байдлаар цалин олгож байгаагүй. Тэгэхээр энэ бол түрээснээс сургууль руу шилжиж байсан үеийн бэлтгэл ажлын л үйл явц байсан болохоос биш, ямар нэгэн цалин гаргаж гэрээ байгуулж байгаагүй. Тэгээд тухайн үед хуулиа мэдээгүй байсан буруугаа ойлгож байгаа. Орон тоо яаж нэмэгдэж ирдэг гэдгийг тухайн үед үнэхээр мэдээгүй юм байна. Тэр аймгийн Засаг даргаас батлагдаж ирсэн орон тооны дагуу явах ёстой гэдгийг мэдээгүйн улмаас ийм алдаа гарлаа гэж буруугаа хүлээж байна.” гэв.

2. Иргэний хариуцагч М.У мэдүүлэхдээ: “...миний бие 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр А.Н захирлын тушаалаар тухайн сургуулийн хичээл зохицуулагчийн албан тушаалд томилогдон ажилласан. Тэгээд 5 дугаар сарын сүүлээр таны орон тоо илүү байгаа юм байна. Бичиг ирлээ, та ажлаа өг гэсэн. 5 дугаар сарын сүүл үед хичээл тарах ёстой байсан. Тэгээд 8 дугаар сарын 01-ний өдөр амралтаа аваад явсан. 8 дугаар сарын 01-ний өдөр А.Н намайг хичээл зохицуулагчийн албан тушаалаас чөлөөлсөн. Тэр хугацаанд цалин авч ажилласан маань үнэн болно. Би тухайн үед мэдүүлэг дээрээ бас хэлсэн байгаа. Тухайн 6 дугаар сарын сүүлээр 7 сард төсвийн тодотгол хийгдэх ёстой. Тухайн үед би захирал байсан учраас манай сургууль нэг хичээл зохицуулагчийн албан тушаал байж болох юм байна. Өөр сургуулиудад байгаа юм байна гэдэг үүднээс юунд нь оруулсан.

Шүүгдэгч А.Н тухайн үед манай нягтлан бодогчоос өөрөө утасдаж асуусан байсан. Би шүүгдэгчид намайг ажилтай болгож өгөөрэй гээд үүнд саналаа хэлсэн. Тушаал гаргаж ирээд Засаг даргын өрөөнд архив, бичиг хэргийн эрхлэгчээр нь тушаал гаргуулж ирсэн. Би өмнө нь захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тухайн үед шаардлага хангахгүй. Дараа нь шалгалтад орж тэнцээд ажлаа хийж байсан. Дараа нь би ял сонсоод 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан байсан. Би тухайн шүүхийн шийдвэрт ямар нэгэн маргаан гаргаагүй. Ямар нэгэн шийдвэр гаргах албан тушаалтан нь сумын Засаг дарга байсан. Түүнд саналаа хэлсэн. Түр орлон гүйцэтгэгч шалгалтад орж чадахгүй байх. Та өөр хүнээр захирал хийлгээч гэх саналаа хэлээд байсан. Тэгээд тэр хүн тоогоогүй. Би захирлын өрөөнд биш сумын Засаг даргын өрөөнд байсан. Тухайн тамга тэмдгээ сумын Засаг даргад хүлээлгэж өгөхөөр дуудсан. Та надад тамга, тэмдгээ хүлээлгэж өг, өөр хүнийг томилж ажиллуулна. Таны шүүхийн шийдвэр гарсан байна. Тэгээд тэр үед нь урьдчилж тамга, тэмдгээ хүлээлгэж өгсөн. Өөр тайлбар байхгүй.” гэв.

3. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “...хавтаст хэрэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ гэвэл шүүгдэгчийн хувьд Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тухайн бүтэц орон тоонд багтаагүй нэр бүхий дараах хүмүүсийг ажилд авч ажил ажиллуулах боломж нөхцөлийг хангасан үйлдэл нь бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхээр байгаа. Тодруулбал, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Б/54 дугаартай тушаалаар М.Уыг хичээл зохицуулагч гэдэг албан тушаалд, мөн тухайн өдрийн 50 гэсэн тушаалаар үдийн хоолны ахлах тогоочоор Жийг, мөн 51 дугаартай тушаалаар үдийн хоолны үйлчлэгчээр Дг, мөн 52 дугаартай тушаалаар үдийн хоолны туслах тогооч Б нарыг тус тус томилж, ажилд томилох тушаал гаргаж, тэдэнд давуу байдал бий болгосон үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул түүний дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.

Гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулж хохирол, хор уршгийн асуудал яригдана. Шүүгдэгчийн хувьд өөртөө давуу байдал бий болгоогүй. Бусдад давуу байдал бий болгосон байгаа. Үүнтэй холбогдуулж давуу байдал бий болгосон буюу тухайн тушаал шийдвэрийн дагуу ажил хөдөлмөр эрхэлсэн иргэний хариуцагч У, Ж, Д, Б нар иргэний хариуцагчаар тогтоогдсон байгаа. Энэ хэрэгт М.Уын хувьд 13,843,379 төгрөгийн цалин авсан байгаа. Жийн хувьд 10,491,842 төгрөг байгаа. Дгийн хувьд 12,351,658 төгрөг, Бийн хувьд 9,545,063 төгрөг тус тус авсан байгаа. Дээрх мөнгийг иргэний хариуцагч нараас тус тус гаргуулж, холбогдох төрийн байгууллагын төрийн сангийн дансанд төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Харин шүүгдэгчийн хувьд бусад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байгаа.” гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “...шүүгдэгчийн хувьд 4 ажилтантай холбоотой тушаал шийдвэр гаргаснаараа бусдад давуу байдал бий болгосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд шүүгдэгчийн зүгээс бол маргаагүй.

Яагаад одоо энэ тушаал гаргасан үндэслэлийн талаар бол тодорхой үүрэг бас мэдүүлсэн байгаа. За өнөөдөр энэ иргэний хариуцагчаар оролцож байгаа иргэний хариуцагчийн зүгээс ажлаа өгөх, ажлаасаа чөлөөлөгдөхгүй үед тамга тэмдгээ хүлээлгэж өгөх хугацаандаа намайг ямар нэгэн ажилтай болгож өгнө үү гэдэг санал гаргаад мөн одоо энэ хичээл зохицуулагч гэдэг орон тоо дээр намайг авч ажиллуулах бүрэн боломжтой гэдэг гол анхны санаачилгыг бол гаргасан хүн нь өөрөө ингээд иргэний хариуцагч байгаа гэдгийг бас дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч бол багш хийж байсан. Сургалтын менежерээр ажиллаагүй. Гэхдээ түүнийг түр хугацаагаар захирлын чөлөөтэй, орон тоон дээр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэр гаргасантай холбоотой энэ 3, 4 төрлийн тушаал шийдвэр гарч, гэмт хэрэгт холбогдох нөхцөл байдал бүрдсэн байдаг. Шүүгдэгч нь тухайн үед М.Уын хичээл зохицуулагчийн орон тоо байгаа гэдэг. Өмнөх хуучны Засаг дарга нь захирлаар ажиллаж байсан хүний одоо үгэнд итгэж ийм тушаал гаргасан юм. Анхандаа би мэдээгүй, мэдсэн бол би ийм тушаал гаргахгүй байх байсан юм. Би хийсэн гэмт хэргээ гэмшиж байгаа, гэм буруугаа зөвшөөрч байгаа гэснээр энэ асуудал дээр бидний зүгээс гэм буруугүй гэдэг үүднээсээ маргах боломжгүй. Тиймээс үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа.

Тогооч, туслах тогооч, үйлчлэгчийн 3 ажилтны хувьд аймгийн Боловсролын газрын мэргэжилтнээс Боловсролын ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг ирсэн. Тухайн албан бичгийн дагуу 9 дүгээр сард эхлэх ёстой хичээлийн жилийн бэлтгэл ажлыг та нар хангана. Өөрөөр хэлбэл гэрээгээр гүйцэтгүүлдэг байсан зарим нэг нь ажил энэ сургуулийн захиргаан дээрээ шилжиж, сургуулийн захиргааны зүгээс өөрсдөө үдийн хоол, цайны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбоотой 3 ажилтныг бэлтгэл ажилтай холбоотой тушаал гаргасан болохоос хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс олгоогүй байсан. Д, Б, Ж гэх 3 ажилтан нь одоо хүртэл Б сумын ерөнхий боловсролын сургууль дээр ажиллаж байгаа. Түүнтэй гэрээ хийсэн хүн нь Б гэх дараагийн захирал нь байгаа. Цалин хөлс олгоод өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Б мөн адилхан ажиллаж байгаа. Гэтэл энэ орон тоо илүү орон тоо байсан юм бол үүн дээр бүтэц дээрээ байгаагүй байсан юм бол өнөөдөр хүртэл энэ 3 хүн ажиллах ёсгүй байсан.

Бын үйлдэл холбогдлыг гэмт хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байна гэдэг үүднээсээ хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа. Гэтэл энэ 3 хүнийг бэлтгэл ажил хангахтай холбоотой тушаал шийдвэр гаргасан нь шийдвэр хуульд нийцээгүй. 2018 оны норм норматив дээрээ байхгүй орон тоо байна гэдгээрээ тушаал шийдвэр гаргаснаараа буруутгагдаж байгаа. Мөн адилхан энэ шийдвэр гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Норм, норматив дээр байгаагүй гэдэг тодорхой. Гэхдээ дээд шатны байгууллагын шаардлагын дагуу, албан бичгийн дагуу энэ шийдвэрийг гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Энэ асуудал дээр ч гэсэн шүүгдэгчийн хувьд маргахгүй, гэм буруугаа зөвшөөрсөн байр сууриасаа оролцож байгаа.

Хохирлын хувьд иргэний хариуцагч нарын зүгээс Б, Ж, Д гэх 3 ажилтны хувьд төлж өгье, хэрэв үүнийг хохирол гэж үзвэл гэж мэдүүлсэн байгаа. Тухайн хүмүүсээр гаргуулан шийдвэрлэх боломжтой. Гэхдээ энэ хүмүүс ажиллах ёстой байсан гэдэг нь нотлогдож байгаа. Төсөв дээрээ хүүхдүүдэд үдийн цай, үдийн хоол гэдэг зүйлийг одоо хүртэл өгч байгаа. Одоо хүртэл эдгээр хүмүүсээс 3 хүн ажиллаад цалин хөлс аваад явж байгаа байхгүй юу, тэгэхээр энэ ажиллах ёсгүй, цалин авах ёсгүй гэж үзэхэд бас эргэлзээтэй нөхцөл байдал.

Тэгвэл өнөөдөр хүртэлх хугацааны цалингаа гаргуулах юм уу, цаашид эдгээр хүмүүс ажиллана. Тэтгэвэрт гарах хүртэл ажиллах байх, тэр хүртэлх цалингаа 3 хүн өгөөд явж байх асуудал бас гарч ирж байгаа. Тэгвэл анхнаасаа энэ 3 хүн ажиллах ёсгүй, тушаал гаргах ёсгүй гэж байгаа бол цалингаа өнөөдөр хүртэл яагаад аваад явж байгаа юм бэ, яагаад хүүхдүүдэд үдийн хоолоо өгөөд байгаа юм. Сургууль үдийн хоол гэдэг юмыг өгөхгүй байх ёстой шүү дээ. Тиймээс энэ 3 хүнтэй холбоотой асуудал дээр шүүгдэгч ямар ч гэсэн цалин өгөөгүй тушаал гаргасан болохоос биш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан.

М.Уын цалин хөлстэй холбоотой асуудал дээрээ шүүх шийдвэр гаргах байх. Нэгэнт энэ орон тоог анхнаасаа байгаагүй гэдгийг М.У нь өөрөө мэдсээр байж шинээр ажлаа түр орлон гүйцэтгэгчээр ажиллах гэж байгаа шүүгдэгчээр тушаалыг өөрөө боловсруулж өөрөө санаачилсан. Энэ нэг орон тоо байна. Үүнийгээ төсвийн тодотголыг би хийсэн байгаа. Цаашдаа ажиллуулах боломжтой гэдгийг санал болгосон. Сумын Засаг дарга үүнийг би батлуулж өгнө гэж шахаж шаардаж, энэ хүнийг ажилтай болгоорой гэх үүднээс томилсон шийдвэр гаргуулсан. Бүтэц орон тоотой холбоотой хяналт шалгалт очиж, хичээл зохицуулагчийн орон тоо илүү байна гэдгийг мэдэгдэнгүүтээ шүүгдэгчийн зүгээс М.Уыг чөлөөлсөн тушаал шийдвэрийг гаргасан. Шүүгдэгч нь аль аль гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул түүнийг гэм буруутайд тооцож, хохирол төлбөрийг иргэний хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

5. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 96 дугаартай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 06-07 дахь тал/, Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Ж.Бын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай “Гомдол гаргах тухай” албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 08 дугаар хуудас/, Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/43 дугаартай “Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ныг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 09, 61, 87 дахь тал/, иргэн А.Ны Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/,  Б аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/27 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамж, түүний хавсралтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 11-12, 82-83, 114-115 дахь тал/, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/50 дугаартай иргэн Б.Жийг үдийн хоолны ахлах тогоочоор томилох тухай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 14, 94 дэх тал/, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай иргэн Б.Дг үдийн хоолны үйлчлэгчээр томилох тухай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 15,  92 дахь тал/, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/52 дугаартай иргэн Х.Бийг үдийн хоолны туслах тогоочоор томилох тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 16, 93 дахь тал/, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/54 дугаартай иргэн М.Уыг хичээл зохицуулагчаар томилох тухай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 17, 88 дахь тал/, Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 47/23 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/, Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/1861 дугаартай “Тогтоолын хэрэгжилт хангах тухай” албан бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-35 дахь тал/, гэрч Н.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал/, гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал/, гэрч К.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал/, гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/, гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/, гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал/, гэрч С.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/, гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/, Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/44 дугаартай Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд Ж.Быг томилох тухай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/, Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 222 дугаартай албан бичиг, түүний хавсралт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тайлангийн хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 63-65 дахь тал/, Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 283 дугаартай албан бичиг, хавсралтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 66-69 дэх тал/, Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/1861 дугаартай “Тогтоолын хэрэгжилт хангах тухай”, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1/4825 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 70-74 дэх тал/, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаартай албан бичиг, хавсралт тайлбарын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/, Б аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/501 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамж болон түүний хавсралтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал/, Б аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 дугаартай “А.Ныг захирлын ажилд түр томилсон тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/46 дугаартай “М.Уыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/48 дугаартай “Б.Дг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дотуур байрны гал тогооны туслахаар түр ажиллуулах тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/42 дугаартай “...С.Жийг үдийн хоолны тогооч, Х.Бийг үдийн хоолны туслах тогооч гэж өөрчлөн томилох тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 97 дахь тал/, иргэний хариуцагч М.У, Х.Б, С.Ж, Б.Д нарын цалингийн тооцоо /1 дэх хавтаст хэргийн 105-108 дахь тал/, яллагдагч А.Ны хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 дэх хавтаст хэргийн 116-152, 190-200 дахь тал/, яллагдагч А.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 186-187 дахь тал/, иргэний хариуцагч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 209 дэх тал/, иргэний хариуцагч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал/, иргэний хариуцагч С.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215 дахь тал/, иргэний хариуцагч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал/, яллагдагч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 117-118 дахь тал/, иргэний хариуцагч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 131-132 дахь тал/, иргэний хариуцагч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 148 дахь тал/, гэрч Б.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 152-153 дахь тал/, гэрч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 155-156 дахь тал/, гэрч К.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 158-159 дэх тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.

6. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал. 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Ны  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: 

7. Хэргийн үйл баримт.

Шүүгдэгч А.Н нь Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дуустал ажиллах хугацаанд Б аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/27 дугаартай захирамжаар батлагдсан тус аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн орон тооноос хэтрүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/54 дугаартай тушаалаар “хичээл зохицуулагч” гэх албан тушаалд иргэн М.Уыг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар “үдийн хоолны ахлах тогооч” гэх албан тушаалд иргэн С.Жийг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаар “үдийн хоолны үйлчлэгч” гэх албан тушаалд иргэн Б.Дг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/52 дугаартай тушаалаар “үдийн хоолны туслах тогооч” гэх албан тушаалд иргэн Х.Б нарыг тус тус томилсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

7.1. Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Ж.Бын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай “Гомдол гаргах тухай” албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 08 дугаар тал/,

7.2. Б аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/27 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамж, түүний хавсралтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 82-83, 114-115 дахь тал/,

7.3. Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/50 дугаартай иргэн Б.Жийг үдийн хоолны ахлах тогоочоор томилох тухай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/,

7.4. Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай иргэн Б.Дг үдийн хоолны үйлчлэгчээр томилох тухай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/,

7.5. Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/52 дугаартай иргэн Х.Бийг үдийн хоолны туслах тогоочоор томилох тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/,

7.6 Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/54 дугаартай иргэн М.Уыг хичээл зохицуулагчаар томилох тухай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал/,

7.7. Б аймгийн Б сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 дугаартай “А.Ныг захирлын ажилд түр томилсон тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/,

7.8. Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/43 дугаартай “Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ныг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 61, 87 дахь тал/,

7.9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...танай байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулаад Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Н нь албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж, сургуулийнхаа бүтэц, орон тоонд байхгүй албан тушаалыг бий болгон бусдад давуу байдал бий болгож, төсөвт нийтдээ 46,615,954 төгрөгийн хохирлыг учруулсан гэж үзэж байгаа бол би энэ хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор шүүхийн шатанд гэм буруутай хүмүүсээс гаргуулан авч, Б сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн нэмэлт санхүүжилтийн дансанд эсхүл шүүхээс хаана уг мөнгийг төвлөрүүл гэсний дагуу шаардаж авч, төрийн байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх арга хэмжээ авна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

7.10. Гэрч Н.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Засгийн газрын 2018 оны 18 дугаар тогтоолын хавсралт “Ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах ажлын төлөвлөгөө”-ний ...стандартын шаардлагад нийцүүлэх хэсгийн 3-д Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын түрээсийн гэрээг дуусгавар болгох /орон нутагт 36 сургууль, нийслэлд 107 сургууль/ гэх заалтыг хэрэгжүүлэх талаар Боловсролын ерөнхий газраас 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1/1861 дугаартай албан бичгээр дээрх төлөвлөгөөг хавсарган ирүүлж, түрээсийн гэрээг дуусгавар болгож бие дааж ажиллуулах талаар нэгж байгууллагуудад мэдээлэл хүргэж, бэлтгэл ажлыг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дотор бичгээр ирүүлнэ үү гэсэн.

Би уг албан бичгийг аймгийн сумдын сургуулиудад явуулсан. Дээрх албан бичгийн хариу тайланг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Боловсролын ерөнхий газарт явуулсан. Тухайн үед төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах талаар сургуулиудаас ахлах тогооч, туслах тогооч, бэлтгэгч, угаагч зэрэг албан тушаалыг орон тоо дээрээ нэмүүлэх шаардлагатай талаар мэдэгдсэн. Тэгэхээр нь би тэр талаарх судалгаа, тайланг гаргасан ба Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Нтай утсаар ярихад тэр манай сургууль түрээсийн гэрээгээ дуусгаж, бид 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үдийн хоол хэрэгжүүлэхээр болсон гэж хэлж байсан.

...би А.Нд хандан та энэ орон тоонд хүн авч ажиллуул, удахгүй орон тоо чинь нэмэгдэнэ гэж хэлсэн удаа байхгүй. Би юу гэж тийм зүйл хэлж байх билээ дээ. Орон тоонд байхгүй хүнийг авч ажиллуулахад цалин яах билээ гээд асуудал их байгаа шүү дээ.

...Боловсролын газарт 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт, тайлан явуулсны дагуу манай аймгийн 4 сургуульд үдийн хоолны орон тоо нэмэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

7.11. Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.У нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хичээл зохицуулагчаар ажилласан.

...Х.Б нь одоо хүртэл туслах тогоочоор ажиллаж байгаа,

...С.Ж нь одоо хүртэл үдийн хоолны ахлах тогоочоор ажиллаж байгаа,

...Б.Д нь одоо хүртэл үдийн хоолны үйлчлэгчээр ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал/

7.12. Гэрч К.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/54 дугаар тушаалыг гаргаж, уг тушаалаар хичээл зохицуулагч гэх албан тушаалд Мийн Уыг А.Н нь ажилд томилсон. М.Уын томилогдсон орон тоо нь манай сургуулийн бүтэц орон тоо болох аймгийн Засаг даргаас 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр А/27 дугаартай захирамжаар гаргасан орон тоонд байхгүй. Би хичээл зохицуулагч гэх орон тоог бүтэц орон тоонд байхгүй талаар А.Н тушаалыг нь надад гаргаж өгөхөд түүнд хэлсэн. Тэгэхэд тэр би энэ орон тоог төсөвт суулгаж байгаа гэх утгатай зүйлийг хэлээд цалинг бодож олго гэсэн тул түүний тушаалыг үндэслэн цалин бодож олгосон.

М.Уыг А.Н нь захирал болсон өдрөө түүнийг ажилд томилж байсан. Учир М.У нь А.Ны өмнө сургуулийн захирал хийж байсан. М.У нь хичээл зохицуулагчаар 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Тэр уг хугацаанд нийтдээ 13,843,379 төгрөгийн цалин авсан.

...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар үдийн хоолны туслах тогооч гэх албан тушаалд Хы Бийг,

...Б/51 дугаар тушаалаар үдийн хоолны үйлчлэгч гэх албан тушаалд Батнасангийн Дг,

...Б/50 дугаар тушаалаар үдийн хоолны ахлах тогооч гэх албан тушаалд Солтанмуратын Жийг ажилд авсан талаар би мэдэхгүй байна. Учир нь энэ гурван хүнийг ажилд авсан тушаал гаргаж байгаа талаар надад хэлсэн удаа байхгүй. Учир нь тэр үед сургууль амарч байсан. Харин сургуулийн захирал А.Н нь чөлөөлөгдөж, ажлаа Ж.Бтай хүлээлцэх үед миний бие очсон байхад А.Н нь дээрх 3 хүний тушаалыг надад гаргаж өгсөн. Тэгэхээр нь би энэ тушаалын дагуу хичээл амарсан байсан 8 дугаар сард цалин бодож олгоогүй. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үдийн хоолны туслах тогооч гэх албан тушаалд Хы Б ажиллаж, нийтдээ 9,545,063 төгрөгийн цалинг бодож олгосон. Манай сургуулийн бүтэц орон тоог 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А/501 тоот тушаалаар баталсан ба уг захирамжийн хавсралтын 19 дугаарт “гал тогооны туслах тогооч” гэж түүний албан тушаал орсон байгаа. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үдийн хоолны ахлах тогооч гэх албан тушаалд Солтанмуратын Ж ажиллаж, нийтдээ 10,491,842 төгрөгийн цалинг бодож олгосон. Манай сургуулийн бүтэц орон тоог 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А/501 тоот тушаалаар баталсан ба уг захирамжийн хавсралтын 16 дугаарт “тогооч /үдийн хоол/” гэж түүний албан тушаал орсон байгаа. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл үдийн хоолны цэвэрлэгч гэх албан тушаалд Батнасангийн Д ажиллаж, нийтдээ 12,351,658 төгрөгийн цалинг бодож олгосон. Манай сургуулийн бүтэц орон тоог 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А/501 тоот тушаалаар баталсан ба уг захирамжийн хавсралтад түүний албан тушаал байхгүй. Харин тэр уг орон тоонд батлагдсан дотуур байрны гал тогооны туслахаар ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

7.13. Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний оронд сургуулийн захирлаар таны асууж байгаа А.Н нь томилогдсон ба тэр намайг хичээл зохицуулагч гэх албан тушаалд томилсон. Тэр намайг таныг ажилгүй яаж байлгах вэ гээд энэ албан тушаалд томилж байсан. Уг албан тушаал нь сургуулийн бүтэц орон тоонд байсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ А.Н нь намайг хичээл зохицуулагчаар томилсон тул би энэ ажлыг хийсэн. Тус хичээл зохицуулагч гэх ажлын албан тушаалын тодорхойлолт байхгүй. Би хичээл зохицуулагчаар ажиллаж байхдаа багш, сурагчдын ирц аваад сургуулийн хичээл орох боломжийг хангаж байсан.

...би хичээл зохицуулагчаар 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. Тэгээд 2023 оны 9 дүгээр сараас монгол хэл, уран зохиолын багшаар үндсэн орон тоонд ажиллаж байгаа....” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/

7.14. Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 8 дугаар сард манай сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Н нь намайг “үдийн хоолны үйлчлэгч” гэх албан тушаалд томилсон, та сургуулийн үндсэн ажилтан болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг ажилд ажиллаж байна. Харин шинээр захирал Ж.Б нь миний орон тоо батлагдаагүй гээд 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлаас гараад Казахстан улс руу явсан хүний оронд дотуур байрны гал тогооны бэлтгэгчээр томилсон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал/,

7.15. Гэрч С.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...сургууль амарсны дараа намар сургуульд ирэхэд намайг болон Б, Д нарыг ажилд томилсон тушаал гаргасан байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/,

7.16. Гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.Н нь намайг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс “үдийн хоолны туслах тогооч" гэх албан тушаалд томилсон байлаа. Би А.Нд намайг сургуульд ажилтай болгож өгөөч гээд 1 жилийн өмнө өргөдөл бичиж өгсөн байсан. Миний ар гэр, амьдралын боломж муу тул түүнээс гуйсан. Тэгээд А.Н нь намайг сургуульд үдийн хоолны туслах тогоочоор авсан талаар тушаал гаргасан өдрөө намайг утсаар яриад өрөөндөө дуудаж уулзаж хэлсэн. Түүний дараа сургуулийн захирал Ж.Б нь сургуулийн орон тоонд таны орон тоо батлагдаж ирсэн гээд намайг үдийн хоолны туслах тогоочоор 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр авсан. Одоо би яг үндсэн орон тоонд ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/,

7.17. Б аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 222 дугаартай албан бичиг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

7.18. Боловсролын ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/1861 дугаартай “Тогтоолын хэрэгжилт хангах тухай”, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1/4825 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгүүд /1 дэх хавтаст хэргийн 70-74 дэх тал/,

7.19 Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаартай албан бичиг, тайлбар /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

7.20. Б аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/501 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамж, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

7.21. Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/46 дугаартай “М.Уыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/,

7.22. Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/48 дугаартай “Б.Дг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дотуур байрны гал тогооны туслахаар түр ажиллуулах тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/,

7.23. Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/42 дугаартай “С.Жийг үдийн хоолны тогооч, Х.Бийг үдийн хоолны туслах тогооч гэж өөрчлөн томилох тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 97 дахь тал/,

7.24. Иргэний хариуцагч М.У, Х.Б, С.Ж, Б.Д нарын цалингийн тооцоо /1 дэх хавтаст хэргийн 105-108 дахь тал/,

7.25. Яллагдагч А.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нэгдүгээрт би 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар хичээл зохицуулагчаар М.Уыг томилсон. Түүнийг томилсон шалтгаан нь тэр надад би хичээл зохицуулагч гэх орон тоог захирал байхдаа батлуулсан, удахгүй тэр хариу нь ирнэ, би аймгийн Засаг даргад танилцуулсан гэсэн утгатай зүйлийг надад амаар хэлсэн. Тэгэхээр нь би түүнд та тэгвэл энэ албан тушаалаа батлуулсан захирамжаа заавал авч ирээрэй гэж хэлэхэд тэр би авч ирнэ гэж хэлсэн. Тэгээд М.Уын гуйлтаар түүнийг хичээл зохицуулагчаар томилсон ба намайг ажиллаж байх хугацаанд М.Уын хэлээд байсан хичээл зохицуулагч гэх орон тоо нь батлагдаж ирээгүй. Би тэгээд энэ тухай аймаг, сумын Засаг даргаас асууж тодруулсан зүйл байхгүй. Би М.Уыг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр орон тоо нь батлагдаж ирэхгүй байсан тул М.Уад хандан таны хэлээд байсан хичээл зохицуулагч гэх орон тоо батлагдаж ирэхгүй байна гэж хэлээд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.

Хоёрдугаарт 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр сургуулийн үдийн хоолны ахлах тогоочоор С.Ж, туслах тогоочоор Х.Б, үдийн хоолны үйлчлэгчээр Б.Д нарыг ажилд томилсон тушаал гаргасан. Энэ тушаалыг гаргах болсон шалтгаан нь Боловсролын ерөнхий газраас 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн албан бичгийн хүрээнд авсан. Уг албан бичгийн хариу нь 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэсэн байсан тул тэднийг ажиллуулахаар тушаал гаргаж байсан.

...2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 6 дугаар сар, 9 дүгээр сар хүртэл цалин олгосон байдаг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 186-187 дахь тал/,

7.26. Иргэний хариуцагч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би А.Нд захирлын ажлаа өгсний дараа намайг ажилтай болгож өгөөрэй гэж хэлэхэд тэр намайг хичээл зохицуулагчаар томилж ажиллуулсан. Уг орон тоог сургуулийн бүтэц, орон тоонд байгаа гэж бодож байсан. Хэрэв шүүхээс миний дээрх хугацаанд хөдөлмөрлөж авсан цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг намайг төл гэсэн шийдвэр гарвал уг шийдвэрийг биелүүлж төлнө...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 209 дэх тал/,

7.27. Иргэний хариуцагч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хэрэв шүүхээс миний дээрх хугацаанд хөдөлмөрлөж авсан цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг намайг төл гэсэн шийдвэр гарвал уг шийдвэрийг биелүүлж төлнө...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал/,  

7.28. Иргэний хариуцагч С.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг намайг төл гэсэн шийдвэр гарвал уг шийдвэрийг биелүүлж төлнө...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215 дахь тал/,

7.29. Иргэний хариуцагч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...шийдвэр гарвал уг шийдвэрийг биелүүлж төлнө...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал/,

7.30. Яллагдагч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь манай сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Н нь Б, Д, Ж нарыг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажилд томилсон тушаалыг гаргасан байсан. Миний бие 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр сургуулийн захирал болсон.

...миний бие А.Ны хууль бус үйлдлийн талаар шүгэл үлээж хуулийн байгууллагад болон шүүхэд гомдол гаргаж байсан. Тэр гаргасан шийдвэр нь хууль ёсны байгаа эсэхийг шалгуулах гэсэн юм. Би гомдол гаргасны дараа манай сургуулийн бүтэц орон тоонд байхгүй хүмүүсийг А.Н нь ажилд авсан гэх үйлдлийн талаар ямар нэгэн шийдвэр ирээгүй тул 2024 оны 6 сард сургуулийн орон тоог батлуулан авч, уг бүтэц орон тоог хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 117-118 дахь тал/

7.31. Иргэний хариуцагч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...би Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2022 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. Уг албан тушаалд ажиллаж байхдаа танай байгууллагад албан тушаалын гэмт хэргээр шалгагдаад шүүхээр ял шийтгэгдсэн тул ажлаа өгч байсан. Миний оронд сургуулийн захирлаар таны асууж байгаа А.Н нь томилогдсон ба тэр намайг хичээл зохицуулагч гэх албан тушаалд томилсон. Тэр намайг таныг ажилгүй яаж байлгах вэ гээд энэ албан тушаалд томилж байсан.

...тус хичээл зохицуулагч гэх ажлын албан тушаалын тодорхойлолт байхгүй. Би хичээл зохицуулагчаар ажиллаж байхдаа багш, сурагчдын ирц аваад сургуулийн хичээл орох боломжийг хангаж байсан.

...Би хичээл зохицуулагчаар 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сараас монгол хэл, уран зохиолын багшаар үндсэн орон тоонд ажиллаж байгаа.

А.Н нь намайг хичээл зохицуулагчаар томилохдоо би таны ажлыг авчхаад яаж таныг ажилгүй байлгах вэ гэж хэлээд томилсон тушаал гаргасан ба би ямар нэгэн байдлаар түүнд хичээл зохицуулагчаар томилж өгөх талаар өргөдөл хүсэлт өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 131-132 дахь тал/,

7.32. Иргэний хариуцагч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...би сонсохдоо А.Н нь хичээл зохицуулагч гэх орон тоо байгаа эсэх талаар нягтлан бодогч К.Жээс асуухад тэр орон тоо байхгүй гэхэд намайг томилсон байлаа. А.Н нь намайг хичээл зохицуулагчаар томилсон шийдвэр гаргаагүй бол би түүнээс ажил гуйхгүй байсан. Тэр заавал намайг орон тоо батлагдаагүй албан тушаалд томилох шаардлага байхгүй байсан. Би түүнийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхад захирлын сонгон шалгаруулалтад орж тэнцэж байсан ба тэр үйлдэлд А.Н нь юм боддог эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд түүнээс хичээл зохицуулагчаар намайг оруулаад өг гэж гуйсан, шаардсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 148 дахь тал/,

7.33. Гэрч Б.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би юу гэж сургуулийн дотоод ажилд орох билээ. Миний хувьд А.Ныг захирлаар түр томилсон захирамжийг гаргаж, М.Уыг ажлаас чөлөөлж байсан. Учир нь, М.У ял шийтгэгдсэн тул түүнийг ажлаас чөлөөлж байсан. Харин таны хэлж байгаа шиг А.Нд хандаж М.Уыг хичээл зохицуулагчаар болон бусад ажилд ав гэж хэлсэн удаа байхгүй. Тэгээд ч би хичээл зохицуулагч гэх орон тоо байгаа эсэхийг анх удаа сонсож байна. Би захирамж гаргасны дараа тэд ажлаа нэгэндээ өгсөн байсан ба би М.Уыг сургуульд ажиллаад байгаа талаар сонссон тул А.Нд нэг удаа “чи шүүхээс ял шийтгэгдсэн хүн авч болж байгаа юм уу” гэж хэлэхэд тэр надад тодорхой хариу өгөлгүй явсан. Түүнээс биш М.Уыг ажилд авах талаар түүнд шахалт дарамт учруулсан удаа байхгүй. А.Н нь миний талаар худал хэлээд байгаа...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

7.34. Гэрч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Засгийн газрын 2021 оны 18 дугаар тогтоолын хавсралт ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах, ажлын төлөвлөгөөг харлаа. Уг төлөвлөгөөг харахад 2021-2024 онд тодорхой үе шаттайгаар үдийн хоолыг хэрэгжүүлэх ажлыг явуулсан. Энэ талаар төлөвлөгөө бүхий хүснэгт дэх мэдээллээс тодорхой харагдаж байна. Харин Боловсролын ерөнхий газраас 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1/1301 дугаар албан бичгээр аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газар тус төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаарх төлөвлөгөөг хэрэгжүүлэн бие даан ажиллах талаар нэгж байгууллагуудад мэдээлэл хүргэж холбогдох бэлтгэл ажлыг ханган авч хэрэгжүүлсэн мэдээллийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ирүүлэх талаар тусгасан байна.

Энэ бичгийн дагуу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 222 дугаартай албан бичгээр Хоол, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст хариуг явуулсан байна. Уг хариуг харахад хүснэгтэн мэдээллийн 9 дүгээрт Б сумын 1 дүгээр сургуулиас “Энэ хичээлийн жилийн 9 дүгээр сарын 01-ээс эхэлж хоол, үйлдвэрлэл үйлчилгээг /ХХҮ/ сургууль өөрөө бие даан хэрэгжүүлж эхэлнэ” гэсэн мэдээллийг өгсөн байна. Мөн аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 283 дугаартай албан бичгээр хариуг Боловсролын ерөнхий газарт хариуг явуулсан байна. Уг хариу бүхий бичгийг харахад аймгийн хэмжээнд 7 сургуулиас хүснэгт нь мэдээллээр үдийн хоолонд ажиллах хүн хүч, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, гал тогооны байр, тайлбар зэргийн харуулсан мэдээллийг явуулан, ажилтан алба хаагчдын орон тоо шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн байна.

Ерөнхийдөө бол Засгийн газрын төлөвлөгөө, Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн бичгийг үндэслэн хэн нэгнийг ажилд авч болохгүй, харин тухайн үдийн хоолыг хэрэгжүүлэхийн тулд шаардагдах хүн хүч, тоног төхөөрөмж, төсвөө суулгуулж авах зорилготой юм байна. Тухайн төлөвлөгөө, албан бичгийн хамт уг үдийн хоолыг хэрэгжүүлэх цалин хөлс, төсөв нь нэмэгдэж ирээгүй, энэ бичгээр ч ирэх боломжгүй. Харин судалгааг авсны үндсэн дээр тухайн онд эсхүл ирэх оны төсөвт ажилчдын цалин хөлс, шаардлагатай тоног төхөөрөмж, хоолны зардал нэмэгдэж ирэх боломжтой. Харин үдийн хоолонд тогооч ажилтан авахын тулд тухайн сургууль нь орон тоондоо тэр орон тоог шинээр нэмсэн байх ёстой...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 155-156 дахь тал/,

7.35. Гэрч К.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Засгийн газрын 2021 оны 18 дугаартай төлөвлөгөө, Боловсролын ерөнхий газраас ирүүлсэн бичгийг үндэслэн хэн нэгнийг ажилд авч болохгүй, харин тухайн үдийн хоолыг хэрэгжүүлэхийн тулд шаардагдах хүн хүч, тоног төхөөрөмж, орон байрны засварт шаардлагатай төсвийг мэдээлэн суулгуулж авах зорилготой гэж харагдаж байна.

...дээрх төлөвлөгөө, албан бичиг зэргээр үдийн хоолны тогооч, туслах тогооч, сав угаагч зэрэг албан тушаалд хүн ажиллуулахаар төсөв цалин батлагдаж ирээгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 158-159 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

8. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

9. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/27 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамжийн хавсралтаар Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн орон тоо нийтдээ 118 байхаар баталсан байх ба “хичээл зохицуулагч” гэх орон тоо тус сургуулийн бүтцэд байхгүй байхад шүүгдэгч А.Н нь иргэний хариуцагч М.Уыг “хичээл зохицуулагч”-аар 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулсан нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч А.Н нь иргэний хариуцагч М.Уыг тус сургуулийн “хичээл зохицуулагч”-аар томилохдоо бусдын хууль бус үйлдэл, дарамт шахалтын улмаас тус орон тоонд томилуулан ажиллуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

10. Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаартай, “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталж, төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг салбарын болон орон нутгийн жил бүрийн холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгаж шийдвэрлэжээ. Уг тогтоолын хавсралтад дурдсанаар 2021-2024 оны хооронд ерөнхий боловсролын сургуулийн “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын түрээсийн гэрээг дуусгавар болгох”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны орон тооны жишиг нормативыг батлах”, “Цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох”, “Сургуулийн эмч болон хоол, хүнсний чиглэлийн мэргэжлийн ажиллагсдыг хоол зүйчээр хөрвүүлэн бэлтгэх” ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

11. Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/1861 дугаартай “Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газарт” хаягласан албан бичгээр тогтоолын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор албан бичгээр ирүүлэхийг даалгасан ба Б аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 222 дугаартай албан бичиг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тайлангаас үзэхэд “...үдийн хоол хөтөлбөрийг сургууль өөрөө бие даан хэрэгжүүлэх боломжтой боловч хүний нөөц, ажиллах хүчин, орон тооны асуудлаас болж хэрэгжүүлэх боломжгүй байгаа сургуулиуд болон шаардлагатай орон тооны мэдээллээ хүргүүлжээ.

12. ...уг албан бичгийн 9 дүгээрт тус аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургууль “энэ хичээлийн жилийн 9 дүгээр сарын 01-ээс эхэлж хоол үйлдвэрлэл үйлчилгээг сургууль өөрөө бие даан хэрэгжүүлж эхэлнэ” гэж дурдсан боловч иргэний хариуцагч болох Б.Жийн томилогдсон “үдийн хоолны ахлах тогооч”, Б.Дгийн томилогдсон “үдийн хоолны үйлчлэгч”, Х.Бийн томилогдсон “үдийн хоолны туслах тогооч”-ийн орон тоо нь тус тус Б аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/27 дугаартай захирамжийн хавсралтаар батлагдаагүй, шинэ орон тоог тус аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/501 дугаартай захирамжийн хавсралтаар баталжээ.

13. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч А.Н нь Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахдаа Б аймгийн Засаг дарга буюу эрх бүхий этгээдээс тухайн цаг хугацаанд тус сургуулийн бүтэц орон тоонд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны орон тоо, цалин хөлс”-ний асуудлыг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж өгөөгүй байхад иргэний хариуцагч болох Б.Ж, Б.Д, Х.Б нарыг томилуулан ажиллуулсан нөхцөл байдал бүрэн тогтоогджээ. 

Эрх зүйн дүгнэлт.

14. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”-оор тодорхойлсон ба мөн зүйлийн тайлбарт “-Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно.”, “-Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна.”, “-Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.”, “-Энэ хуульд заасан “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно.”, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;” ойлгоно.” гэж тус тус хуульчилсан байна.

15. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4. ““нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;”, 4 дүгээр зүйлийн 4.1. “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: ...4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч А.Н нь Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

16. Шүүгдэгч А.Н нь Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дуустал ажиллах хугацаанд Б аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/27 дугаартай захирамжаар батлагдсан тус аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн орон тооноос хэтрүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/54 дугаартай тушаалаар “хичээл зохицуулагч” гэх албан тушаалд иргэн М.Уыг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар “үдийн хоолны ахлах тогооч” гэх албан тушаалд иргэн С.Жийг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаар “үдийн хоолны үйлчлэгч” гэх албан тушаалд иргэн Б.Дг, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/52 дугаартай тушаалаар “үдийн хоолны туслах тогооч” гэх албан тушаалд иргэн Х.Б нарыг тус тус томилж, бусдад давуу байдал бий болгосон нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3. “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох...”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2. “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3. “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон шүүгдэгч А.Ны дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

17. Шүүгдэгч А.Ны дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг хангаж байна.

18. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

19. Шүүгдэгч А.Ны иргэний хариуцагч М.Уыг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/54 дугаартай тушаалаар “хичээл зохицуулагч” гэх албан тушаалд томилж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх цаг хугацаанд хамаарч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 3. “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч А.Ны үйлдэл холбогдлыг нэгтгэн зүйлчилж, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөн үед хамаарна гэж дүгнэлээ.     

20. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн албан тушаалын үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

22. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

23. Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Н нь Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дуустал ажиллах хугацаанд хууль бус тушаал гаргасны улмаас (1) иргэний хариуцагч М.У нь “хичээл зохицуулагч”-аар 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж 13,843,379 төгрөгийн цалин авсан /1 дэх хавтаст хэргийн 105 дахь тал/, (2) иргэний хариуцагч Х.Б нь “үдийн хоолны туслах тогооч”-оор 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 21-ний хүртэл ажиллаж 9,545,063 төгрөгийн цалин авсан /1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал/, (3) иргэний хариуцагч Б.Д нь “үдийн хоолны үйлчлэгч”-ээр 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж 12,351,658 төгрөгийн цалин авсан /1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал/, (3) иргэний хариуцагч С.Ж нь “үдийн хоолны ахлах тогооч”-оор 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажиллаж 10,491,842 төгрөгийн цалин авсан /1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал/ нөхцөл байдал тогтоогдсон байна.

24. Шүүхээс иргэний хариуцагч М.Уын цалин хөлсөнд авсан 13,843,379 төгрөгийг, иргэний хариуцагч Х.Бийн цалин хөлсөнд авсан 9,545,063 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Дгийн цалин хөлсөнд авсан 12,351,658 төгрөгийг, иргэний хариуцагч С.Жийн цалин хөлсөнд авсан 10,491,842 төгрөгийг тус тус гэмт хэргийн хохиролд тооцож, уг хохирлын мөнгийг иргэний хариуцагч нар нь өөрсдийн амьдрал ахуйд шууд зарцуулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хохиролд иргэний хариуцагч М.Уаас 13,843,379 төгрөг, иргэний хариуцагч Х.Бээс 9,545,063 төгрөг, иргэний хариуцагч С.Жээс 10,491,842 төгрөг, иргэний хариуцагч Б.Дгээс 12,351,658 төгрөг тус тус гаргуулан Б аймгийн Б сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн санхүүгийн дансанд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч А.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

25. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ны нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

26. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Наас “...шүүгдэгч А.Ны үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг. Хувийн байдлыг харгалзаж түүний нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.

27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Ны үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч А.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

28. Шүүгдэгч А.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

29. Шүүгдэгч А.Н нь 47 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, боловсролын салбарт он удаан жил ажилласан болох нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.

30. Шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч А.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ны нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

31. Шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж дүгнэлээ.

32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

33. Шүүгдэгч А.Нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

34. Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч А.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай, шүүгдэгч А.Ны эзэмшил, өмчлөлийн Б аймгийн Б сумын 4 дүгээр багт байрлалтай улсын бүртгэлийн Ү0205000226 дугаартай, 111 м кв хэмжээ бүхий хувийн сууцыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгов.

35. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Аы Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ны нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хохиролд иргэний хариуцагч М.Уаас 13,843,379 төгрөг, иргэний хариуцагч Х.Бээс 9,545,063 төгрөг, иргэний хариуцагч С.Жээс 10,491,842 төгрөг, иргэний хариуцагч Б.Дгээс 12,351,658 төгрөг тус тус гаргуулан Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн санхүүгийн дансанд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7. Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай, шүүгдэгч А.Ны эзэмшил, өмчлөлийн Б аймгийн Б сумын 4 дүгээр багт байрлалтай улсын бүртгэлийн Ү0205000226 дугаартай, 111 м кв хэмжээ бүхий хувийн сууцыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй. 

 

  

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ