Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2023/02579

 

 

2023 оны 08 сарын 29 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2023/02579

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, ........ байрлах, Н ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,. тоотод байрлах, Э  ХХК /РД:.........../-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 398.080.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ХХК нь МУ-ын Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу Монгол Улсын хуулиуд болон Олон улсын гэрээ, конвенци, иргэний нисэхийн ерөнхий газраас баталсан дүрэм, журам, стандартад нийцүүлэн Олон улсын нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр болох Хөшигийн хөндийд явуулж байна. Хариуцагч Э ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ........... дугаартай зам цэвэрлэгч, цас цэвэрлэх тусгай тоноглол бүхий машин худалдах-худалдан авах гэрээний хууль болон гэрээнд заасан үндсэн үүргээ зөрчиж зориулалтын дагуу ашиглах боломжгүй, биет байдлын буюу чанарын доголдолтой эд хөрөнгө худалдан авагчид шилжүүлсэн. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь нисэх буудлын аэродромын хөөрч, буух зурвасын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, зорчигч болон авиа компаниудын нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хөөрч, буух зурвас цэвэрлэх, зам талбай усалж, шүрших, цас цэвэрлэх зориулалт бүхий тусгай тоноглосон ......маркийн машиныг худалдах-худалдан авах гэрээг 2020 оны 03-р сарын 10-ны өдөр Э  ХХК-тай байгуулсан. Гэрээний зүйлийн үнэ 298,080,000 төгрөгөөр талууд тохиролцсон бөгөөд худалдан авагч тал 2020 оны 04 дүгээр сарын 06-наас 10-ны өдрийн хооронд 5 удаагийн шилжүүлгээр 119.232.000 төгрөг (урьдчилгаа 40%), үлдэгдэл төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 07-нд 89.424.000 төгрөг, 2020 оны 07-р сарын 10-нд 89.424.000 төгрөгийг тус тус төлж, нийт 298.080.000 төгрөг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна. Худалдагч тал 2020 оны 05-р сард тусгай тоноглол бүхий машиныг нэхэмжлэгч талд анх авчирч өгсөн боловч тухайн үед манай компанийн холбогдох нэгжийн төлөөллүүд хүлээн авах үзлэг хийхэд цас цэвэрлэх шүүр гүйцэд эргэхгүй, бензиний заалт ажиллахгүй, кабин дээрх оврын гэрэл асахгүй зэрэг хэд хэдэн доголдол дутагдал илэрсэн учир машиныг хүлээн аваагүй буцаан явуулсан.

Худалдан авагч нь тухайн автомашиныг 2020 оны 06 дугаар сарын 29-нд талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэн хүлээн авсан боловч хэвийн ажиллагааг хангахааргүй байсан. Тухайн үед 2020 оны 05 дугаар сард үзлэгээр илэрсэн зарим доголдол нь хэвээр байсан тул доголдлыг засуулах шаардлагатай учир буцаасан. Худалдагч тал нь 2020 оны 08 дугаар сард өмнөх үзлэгээр илэрсэн доголдлыг засварласан талаар мэдэгдэж, автомашиныг авч ирсэн ба улирлын онцлогоос хамаарч худалдан авагч нь зөвхөн ус шүрших механизм зэргийг л шалгасан. Харин өвлийн улирлын цас цэвэрлэгээний ажил эхлэхэд цасны шүүр унаж,гол темер мушгирч гулзайх доголдол дахин гарсан тул худалдагч компанид мэдэгдэхэд төлөөлөгчөө илгээж эвдрэл гэмтэл, нөхцөл байдалтай танилцаж цасны шүүрийг бүтэн солих учир түр ашиглах шүүр суурилуулахаар болсон. 2020 оны 10 дугаар сард Корона вирусын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хөл хорионд байсаар 2021 оны 02 дугаар сард худалдагч тал машиныг засварлахаар дахин авч явсан. Ингээд засвараас ирсний дараа ч мөн -27 градусын хүйтэнд хий дамжуулах хоолой нь хөлдөж тоормосгүй болсон. Худалдагч тал нь түрэгч хусуур болон шаардлага хангахгүй байсан шүүрийг авч үлдэн түр шүүр суурилуулан 2021 оны 03 дугаар сард машиныг авчирч өгсөн. 08-р сард цас түрэгч болон шүүрийг суурилуулахаар худалдагчид машиныг хүргэсэн. 2021 оны 08 дугаар сардаа худалдагч тал засварлаад авч ирсэн боловч машин зөвхөн зуны ашиглалтад ажиллаж байсан. 2021 оны 11 дүгээр сард компанийн удирдлагуудын түвшинд дээрх гэрээтэй холбоотой машины гэмтлийн талаар хэлэлцэж, шаардлагатай тоноглолыг солиулах, засварын ажлыг баталгаат засварын хугацаанд худалдагч талаар гүйцэтгүүлэх, дахин ашиглалтын шаардлага хангахгүй бол худалдан авалтыг буцаах чиглэл өгсөн. Дээрх үйл баримтуудаас үзэхэд гэрээний зүйл болох тусгай тоноглол бүхий автомашин нь анхнаасаа биет байдлын доголдолтой, гэрээнд заасан техникийн шаардлага хангахгүй байсан нь нотлогдож байна. Машины доголдлын талаар тухай бүрд нь харилцаж байсан е-мэйл, албан бичиг, худалдагч талыг байлцуулан машины эвдрэлийн талаар хийсэн бичлэг, фото зураг зэрэг баримтууд байгаа болно.Талуудын хооронд байгуулагдсан цас цэвэрлэгээний автомашин худалдах-худалдан авах гэрээний хавсралтаар нийлүүлэх машиныг -40С болон +40С-т ажиллах, тус машин нь цасыг 98% цэвэрлэх үзүүлэлттэй, камаз ........маркийн цас цэвэрлэгээний тусгай тоноглол бүхий эсхүл түүнтэй дүйцэхүйц 2019 оны шинэ машин байхаар тохиролцсон бөгөөд шүүр, хусуурын жин материал зэрэг техникийн хүчин чадлын нарийвчилсан үзүүлэлтүүд анхны техникийн шаардлагад тусгагдаагүй. Энэ тохиолдолд худалдагч нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2.-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан чанарын шаардлагад нийцэхүйц эд хөрөнгө шилжүүлэх ёстой байсан.Худалдан авагчийн зүгээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотой шаардах эрхүүдээс доголдлыг арилгуулах шаардах эрхийг сонгон удаа дараа хэрэгжүүлсэн боловч доголдол арилаагүй ямар нэгэн үр дүн гарсангүй. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн уулзалтаар гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч талд мэдэгдэхэд 20-ны өдөр ирүүлсэн албан бичигт засвар үйлчилгээнд гарсан зардал, элэгдэл хорогдол зэрэгт төлбөрийн 50%-ийг суутгах, машиныг буцаан авч төлбөрийн 50%-ийг буцаан өгөх талаар тайлбар өгсөн. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлбөрийн 70%-ийг буцаан төлөх, 30%-ийн үнийн дүнд бараа материал нийлүүлэх 2 дахь саналыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн болно. Энэ нь гэрээнээс татгалзах манай талын саналыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай атлаа гэрээний төлбөрийг бүрэн буцааж өгөхгүй гэж байгаа нь хууль зүйн хувьд огт үндэслэлгүй юм. Учир нь гэрээнд заасан баталгаат хугацааны дотор эд хөрөнгийг хүлээн авсан даруйдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдэгдэж, хуульд заасан шаардах эрхээ (доголдлыг арилгуулах) худалдан авагч тал хэрэгжүүлсэн тохиолдолд худалдагч доголдлыг өөрийн зардлаар хариуцах ёстой болох нь Иргэний хуулийн 254.1, 254.6 дах хэсгийн заалтуудад тодорхой зохицуулагдсан. Гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй доголдолтой эд хөрөнгийг худалдан авагчид өгч, Иргэний хуулийн 243.1-д заасан гэрээний үүргээ зөрчсөн атлаа тухайн зүйлийг ашиглаж элэгдэл хорогдол учруулсан мэт асуудал тавьж байгаа нь хууль зүйн хувьд ямар ч логикгүй байна. Манай компанийн хувьд тухайн машиныг доголдлын улмаас ашиглах боломжгүйгээс шалтгаалан 2021-2022 онд цас цэвэрлэгээний тусгай тоноглолбүхий авто машингүй байсны улмаас Иргэний нисэхийн үндэсний төв-тэй Тусгай зориулалтын автомашин түрээслэх гэрээ-г 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл байгуулж сарын төлбөр нь 10.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөгийн гэрээг байгуулсан. 2022-2023 онд мөн цас цэвэрлэгээний автомашин түрээслэхээр Иргэний нисэхийн үндэсний төв-с 5 сарын хугацаатай 50.000.000 төгрөгийн гэрээг байгуулсны дагуу түрээсээр цасны машиныг ашиглаж, үйл ажиллагаа явуулсан тул нийтдээ 100,000,000 төгрөгийн бодит хохирол нэхэмжлэгчид учирсан болно.Худалдан авагч болох манай компанийн зүгээс Иргэний хуулийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөлүүд байхгүй, худалдагч тал чанарын буюу биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлж гэрээний үндсэн үүргийг зөрчсен, доголдлыг арилгах хугацааг манай зүгээс удаа дараа олгож байсан боловч ямар ч үр дүн гарахгүй байгаа тул Иргэний хуулийн 225.1-д заасан гэрээнээс татгалзах хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан байна. Иймд Э  ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 298,080,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах, Э  ХХК гэрээний үүргээ зөрчсөний улмаас манай компани нь аэродромын цэвэрлэгээ аюулгүй ажиллагааг ханган ажиллахын тулд 2021-2022 онд Иргэний нисэхийн үндэсний төвөөс 50.000.000 төгрөгөөр машин түрээслэн авч ажиллуулсан, мөн 2022-2023 онд Иргэний нисэхийн үндэсний төвөөс 50.000.000 төгрөгөөр түрээслэн авч ажиллуулж байгаа тул Иргэний хуулийн 219.1-д зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 100.000.000 төгрөгийг гаргуулах, нийт 398.080.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх 2020 оны 2 дугаар сарын 11-нд нэхэмжлэгч тал ямар үзүүлэлтээ машиныг хэдэн төгрөгөөр худалдаж авах талаар үнийн саналаа бол явуулсан. Тухайн авто машины фото зураг нь авагдцан техникийн үзүүлэлт нь танилцуулагатай байгаа үүнтэй танилцаад энэ машиныг худалдан авах гэрээ байгуулагдсан. Машиныг 2020 оны 6 дугаар сарын 29 ны өдөр хүлээлгэж өгсөн мөн гэрээний биелэлт гэдэг хэсэг дээр төлбөрийг төлсөн гэрээнд заасан бүх тоног төхөөрөмжийг хүлээн авсан. 3 доголдол ярьдаг Цельсийн -40 градусд ажиллах чадваргүй гэж хэлж байна энэ нөхцөлийг хариуцагч талаас 2021 оны 8 дугаар сарын 16-ний өдөр акт үйлдэж, машиныг хүлээлгэж өгөхдөө доголдолыг арилгасан мөн шүүрний асуудал нь бол сайжруулсан хаймеран металаар хийх боломжтой гэж хэлсэн үйлдвэрлэгчээс төмрөөр хийх боломжгүй гэж тайлбар ирсэн, нэхэмжлэгч хэдийгээр гэрээнээс татгалзаж болох ч энэ өөрөө хязгаарлагдмал байх ёстой. Гэрээний үндсэн зүйл болох машин бол ямар ч доголдол байхгүй. Хоёр компани бол олон удаагийн хамтын ажиллагааныхаа хүрээнд автомашиныхаа үнэ болох 50 хувьд бэлэн мөнгөөр 30 хувьд сэлбэг хэрэгслээр нийлүүлэх санал удаа дараа тавьж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.12.26-ны өдрийн итгэмжлэл, гэрээний маягт, нийлүүлэлтийн нөхцөл, Аэродормын цэвэрлэгээ, үйлчилгээний машины техникийн тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.11.15-ны өдрийн ..... Тусгай зориулалтын автомашин түрээслүүлэх гэрээ, авто машин хүлээлцэх акт, 2021.11.15-ны өдрийн ..... Тусгай зориулалтын автомашин түрээслүүлэх гэрээ, 2021.12.21-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, 2021.12.26-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, 2022.01.26-ны өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, 2022.03.24-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, фото зураг, хариуцагчтай харилцаж байсан е майл болон албан бичгийн хуулбарууд, машины эвдрэл гэмтлийн талаарх өнгө зураг 16 хуудас, зураг, Н  ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсийн дүгнэлт, нисэх буудал орчмын зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний автомашин нийлүүлэх ажил, нэгдүгээр үнийн санал, хоёрдугаар үнийн санал, зохигчын харилцаж байсан албан тоотууд зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: 2023.02.02-ны өдрийн итгэмжлэл, ерөнхий захирлын тушаалууд, хөдөлмөрийн гэрээнүүд, худалдах худалдан авах гэрээнүүд, тодорхойлолт, 2023.03.16-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.02.11-ний өдрийн үнийн санал, үнийн санал хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл, 2020.06.29-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт, 2021.03.11-ний өдрийн автомашин хүлээлцэхэд шаардлагатай үзлэг хийх акт, цас цэвэрлэгч машины ажиллах зарчим зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр сидид үзлэг хийсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н  ХХК хариуцагч Э  ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 398.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Э  ХХК машин бол ямар ч доголдол байхгүй, хоёр компани олон удаагийн хамтын ажиллагааныхаа хүрээнд автомашиныхаа үнэ болох 50 хувьд бэлэн мөнгөөр 30 хувьд сэлбэг хэрэгслээр нийлүүлэх санал удаа дараа тавьж байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зам шүүрдэгч, цас цэвэрлэгч машин нийлүүлэх гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Э  ХХК гэрээний дагуу акт үйлдэж, зам шүүрдэгч, цас цэвэрлэгч автомашиныг хүлээлгэн өгсөн, Н  ХХК гэрээний үүргээ биелүүлж, үнийг төлсөн, энэ талаар талууд маргаагүй. /хх-ийн 177-178 дугаар тал/

 

Машин хүлээн авснаас хойш тухайн автомашинд доголдол үүссэн нь 2021.03.11-ний өдрийн автомашин хүлээлцэхэд шаардлагатай үзлэг хийх акт, 2021.08.16-ны өдрийн автомашин хүлээн авахад шаардлагатай үзлэг хийх акт, 2020.10,.06-ны өдрийн 02/377 албан тоот, 2021.12.13-ны өдрийн............. абан тоот зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 256.1.Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд баталгаат хугацаа 4 сар гэж бичсэн боловч 24 сарын баталгаат хугацаатай болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч Э ХХК-ийн 2022.04.20-ны өдрийн .... албан тоотоор тогтоогдож байна. /хх-ийн 217 дугаар тал/

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн, худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж хууль зохицуулсан бөгөөд Н ХХК гэрээнд заасны дагуу баталгаат хугацааны дотор доголдлыг илрүүлсэн, худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр СД-нд үзлэг хийсэн бөгөөд энэ үзлэгээр гэрээний зүйл болох машин нь доголдолтой, мөн хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

Нэгэнт доголдолтой машин нийлүүлсэн, үүнийг засан сайжруулах арга хэмжээг хариуцагч Э  ХХК авсан боловч доголдол арилаагүйн улмаас Нью Улаанбаатар интернэйшнл Э ХХК 2021.11.15-ны өдөр ............. тоот тусгай зориулалтын автомашин түрээслэх гэрээгээр ........ маркын автомашиныг 50.000.000 төгрөгөөр, 2022.11.15-ны өдөр .........тоот тусгай зориулалтын автомашин түрээслэх гэрээгээр ..............Ү маркын машиныг 50.000.000 төгрөгөөр тус тус түрээслж, төлбөр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд худалдан авагч Н  ХХК хохиролоо шаардах эрхтэй байна.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч Э  ХХК-иас 398.080.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас 398.080.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2.148.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э  ХХК-иас 2.148.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО