| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2022/03249/И |
| Дугаар | 183/ШШ2023/01675 |
| Огноо | 2023-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2023/01675
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2023/01675
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхмжлэгч: Сүхбаатар дүүрэг,......... тоотод байрлах, Я ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............. хаягт оршин суух, Д овогт Б-гийн А-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 30.525.725,94 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Я ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А болон хамтран зээлдэгч Ж.Д нар нь манай компанитай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №....... тоот зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд Б.А болон хамтран зээлдэгч Ж.Д нар нь манай компанитай 2019 оны 02 сарын 22-ны өдөр №...... дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Б.А-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-........... дугаартай Хан-Уул дүүрэг, .................. тоотод байрлах 74 м.кв талбайтай гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээг дахин сунгаагүй. Гэтэл Б.А , Ж.Д ар нь 2020 оны 09 сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө огтхон ч төлөхгүй, зээлийн гэрээний үндсэн нөхцлийн дагуу гэрээний үүргээ хугацаанд биелүүлэхгүй.Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 44.761.871,18 төгрөг, зээлийн хүүнд 26.589.101,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.366.554,23 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 72.672.527,38 төгрөгийг төлсөн боловч 2020 оны 09 сарын 30-ны өдрөөс хойш зээлийн үлдэгдэл төлбөрт нэг ч төлбөр төлсөнгүй. Иймд 2019 оны 02 сарын 21-ний өдрийн №19/014 тоот Зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2022 оны 06 сарын 24-ний өдрийн байдлаар дараах зээл, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:Үндсэн зээл 15.283.128,82 төгрөг, зээлийн хүү 12.702.164,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.540.432,85 төгрөг, иймд нийт 30.525.725,94 төгрөгийг зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.А-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-............ дугаартай Хан-Уул дүүрэг, ................ тоотод байрлах 74 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч нь манай байгууллагаас зээл авахдаа өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн зээл авч, зээлдэгчийн эрх, үүрэгтэй танилцаж хүлээн зөвшөөрч хүчин төгөлдөр зээлийн гэрээг манай компанитай байгуулсан. Зээлдэгч нь өөрийн биеэр манайд санал тавьсан. Энэ нь хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан зээл хүсэгчийн анкет бөглөсөн байдлаас нотлогдоно. Мөн зээлийн зориулалтыг хувийн хэрэглээнд гаргуулсан бөгөөд энэ талаас манай компанийн зүгээс хяналт тавих шаардлагагүй байдаг. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь тус мөнгийг хэрхэн захиран зарцуулсан дээр хяналт тавихгүй. Түүнчлэн хувийн хэрэглээний зээлийн асуудлаар холбогдох хууль тогтоомжид зохицуулсан зохицуулалт байхгүй. Ерөнхийдөө зээлдэгч нь тухайн мөнгийг өөрийн эрх хэмжээнд захиран зарцуулах эрхтэй. Мөн хариуцагч нь хариу тайлбартаа тус мөнгийг өөрийн хэрэглээнд биш Ж.Д-д өгсөн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар хамтран зээлдэгч Ж.Д-ий данс руу бус н.Ганболд гэх гуравдагч этгээдийн данс руу шилжүүлсэн байдаг. Тэгэхээр хариуцагч нь хариу тайлбар болон татгалзлаа нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг зээл хүссэн зүйл байгаагүй. Урьдчилаад банктай хэдэн төгрөгийн зээл ямар хугацаатай авах талаар тохиролцсон байсан. Ингээд барьцаа хөрөнгө шаардсаны дагуу хариуцагч нь төрсөн ахаараа дамжуулан Ж.Д гэх хүний зээлийн барьцаанд өөрийн эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулах явцад хажууд нь өндөр залуу яваад байсан гэж ярьдаг. Тухайн үед би тэр өндөр залууг Ж.Д гэж бодсон гэж хэлдэг. Тэгээд данс өгөхөөр нь тэр данс руу 60.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаад барьцаа буцааж авах талаар Ж.Д рүү удаа дараа мессеж бичсэн үйл баримтууд хэрэгт авагдсан. Тухайн үед Б.А, Ж.Д нар нь зэрэгцэж суугаад зээлийн гэрээ байгуулаагүй гэдэг нь нотлогддог. Энэ талаар тухайн утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн хувьд мэргэжлийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд юм. Тэгэхээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх, зээл олгохтой холбоотой зээл судлах асуудлыг банк бус санхүүгийн байгууллага дээр зайлшгүй явагддаг. Энэ асуудал дээр Б.А гэх хүний зээлийг судлаагүй харин Ж.Дөлгөөний хувийн байдал бусад зүйлийг судалсны үндсэн дээр зээл олгосон. Уг зээлийг хариуцагч өөрийнхөө хүсэл зоригийн дагуу зээл аваагүй. Мөн зээлийн гэрээ байгуулах шаардлага болон зээл авах хэрэгцээ шаардлагагүй байгаагүй юм. Зээлийн гэрээний эргэн төлөлтүүдийг Ж.Д гэх хүн хийгээд явж байсан. Энэ талаар Ж.Д, Б.А нарын хооронд харилцаж байсан мессежээр харагддаг. Хариуцагчийн хувьд буцаан төлөх үүрэг хүлээгээгүй. Зөвхөн барьцаа хөрөнгийн өмчлөгч болж байсан. Тухайн үед зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан дээр маргаагүй. Гэхдээ зээл олгох үйл ажиллагаа нь Ж.Д гэх хүний зааварчилгааны дагуу явуулсан байдаг. Нөгөөтэйгүүр хариуцагч Ж.Д-ийг хамтран хариуцагчаар татаад явж байсан. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь Ж.Д-ийг зээлийн хариуцагч гэж үзэж байгаа. Ж.Д болон Б.Алтантовч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарласан. Тэгэхээр зээлийн гэрээний үүргийг хариуцагч хариуцахгүй. Мөн зээлийн эргэн төлөлтөөс нилээдгүй төлбөр төлсөн. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтүүдийг зээлийн хүүд суутгаж байгаа нь зээлийн хүү бодох аргачлал зээлийг өөрт ашигтай байдлаар тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл зээлийн хугацаа дууссанаас хойш хариуцагч Ж.Дөлгөөний зүгээс банк санхүүгийн байгууллагад төлбөр төлж шилжүүлсэн байдаг. Энэ төлбөрүүдээс үндсэн зээлээс нэг ч төгрөг хасагдаагүй зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасагдсан байдаг. Шүүх үүнийг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн нэр өөрчилсөн баримт, 2019.02.21-ний өдрийн №........дугаартай зээлийн гэрээ, хавсралт, зээлийн эргэн төлөлтийн график, 2019.02.21-ний өдрийн №...... дугаартай ипотекийн гэрээ, зээлийн дэд хорооны хурлын шийдвэр, төлбөрийн даалгавар, хамтран зээл хүсэгчийн анкет, 2020.05.20-ны өдрийн №.......1 дугаартай мэдэгдэл, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.07-ны өдрийн 181/ШШ2023/........ шийдвэр зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: Нотлох баримт гаргаж өгөөгүй, 2023.04.20-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Г ХХК-ийн 2019.02.22-ны өдрийн мемориалын баримт, итгэмжлэл гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я ХХК хариуцагч Б.А, Ж.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30.525.725,94 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч Ж.Д оршин суугаа хаягтаа байхгүй үндэслэлээр түүнээс татгалзаж, зээлдэгч Б.А-оос зээлийн гэрээний үүргээ шаардсан байна.
Хариуцагч Б.А энэ мөнгийг Ж.Д авсан, миний дансанд ороод шууд гарсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2019.02.21-ний өдөр Э ББСБ Б.А, Ж.Д нартай зээлийн гэрээ байгуулж, 60.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон, мөн өдрөө баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Б.А-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3.......... тоот 74 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.
Талууд зээлийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь Э оноосон нэртэй байсан бөгөөд 2019.09.05-ны өдөр оноосон нэрээ Я ББСБ болгон өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2019.10.07-ны өдрийн .... дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Я ХХК зээлийн гэрээний үүрэгт Б.А-ийн дансанд 60.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч 2019.02.22-ны өдөр Б.Г гэх данс руу шилжүүлсэн болох нь Г ХХК-ийн мемориалын баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж, 60.000.000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлжээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх,үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-оос үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.17-д Монгол улсын иргэний хуульд заасан нөхцөл бий болсон /тухайлбал, зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээгээр авсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан төлж барагдуулан үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Б.А зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.
Банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгох гэрээгээр банк бус санхүүгийн байгууллага, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2019.02.21-ний өдрийн төлбөрийн даалгавар, зээлийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээнд заасан үүргээ тус тус биелүүлсэн байна.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан, гэрээний 3.9, 3.10-д зааснаар хариуцагч Б.А зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний 3.9, 3.10-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарлажээ.
Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт 72.672.527,38 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна.
Эдгээр үндэслэлээр хариуцагч Б.А-оос үндсэн зээл 15.283.128,82 төгрөг, хүү 12.702.164,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.540.432,85 төгрөг, нийт 30.525.725,94 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 157 дугаар зүйлийн шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.
Иймд хариуцагч Б.А-оос зээлийн гэрээний үүрэгт 30.525.725,94 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж шийдвэрлэв.
Хариуцагч Б.А өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс төлбөрөө шаардах эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-ооос зээлийн гэрээний үүрэгт 30.525.725,94 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.А шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ..................тоот 74 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 310.638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-оос 310.638 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Я ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ