| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2016/00403/И |
| Дугаар | 135/ШШ2016/00570 |
| Огноо | 2016-04-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2016/00570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2016/00403/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, *** банкны *** аймаг дахь салбар /утас: ***/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** хороолол*** тоотод түр оршин суух*** овгийн **** /РД: ***, утас: ***/-д холбогдох
1,459,322.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч *** овогтой *** нь 2013 оны 08 сарын 20-ны өдөр нэмэлтээр тэтгэвэрийн зээл авч нийт зээлийн үлдэгдэл 1,029,212 төгрөгийг 6 сарын хугацаатай жилийн 18,0% хүүтэй сар бүр буцаан төлөх нөхцөлтэйгээр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж авсан. Зээлдэгч Л.*** нь 2013.08.27-ны өдөр нас барж 2013 оны 09 сарын 02-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээний 1.3 заалт дахь Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн дуусгах хүртэл өөрийн тэтгэвэрийн дэвтэр болон картыг банкинд хадгалуулна-г зөрчиж, тэтгэврийн зээлийг төлж барагдуулахаар оршуулгын тэтгэмж 620.000 төгрөг болон 09 сарын тэтгэвэр 172.200 төгрөг тус тус нийгмийн даатгалаас гаргуулахаар зээлдэгчийн төрсөн охин болох *** нь тэтгэвэрийн дэвтэрийг өргөдөл бичиж авч яваад зээлийн төлбөрт 729.200 төгрөг төлөх байсан боловч төлөөгүй. ***тай удаа дараа холбоо барьж зээлээ төлж барагдуулахыг шаардсан хэдий ч төлөхгүй байсаар 2015.02.04-ний өдөр банкинд гар өргөдөл бичиж тэтгэвэрийн зээлийг хэсэгчилэн сар бүр 100.000 төгрөгийг төлнө гэсэн ч С.***ын тэтгэвэрийн зээлийн гэрээний 2.2.3 заалтыг удаа дараа зөрчиж өнөөг хүртэл банкны итгэл эвдэн харилцн тохиролцож өргөдөлийн дагуу сар бүр зээл, зээлийн хүүний төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулсаар байна. Иймд тэтгэвэрийн зээлийн гэрээний 1.3., 2.2.3., 3.1.3., 4.3 гэсэн заалтын дагуу зээлийн гэрээг зөрчсөн тул ***ыг үндсэн зээл 1.029.212 төгрөг, зээлийн хүү 424.610.32 төгрөг, нийт 1,453,822.32 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 38.211 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөгийг гаргуулж, *** банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *** миний бие нь *** банктай үндсэн зээлдэгчээр болон хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ хийгээгүй. Талийгаач ээж Л.***ын хүлээсэн үүрэг Иргэний хуулийн 240.1.2-т зааснаар дуусгавар болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би оршуулгын зардалд 200.000 төгрөгийг Дарханы *** банкнаас авсан. 600.000 төгрөг аваагүй. Ээж Л.*** нь Дархан-Уул аймагт байр хөлслөн суудаг байсан. Тиймээс ямар нэгэн өв хүлээж аваагүй. *** банкнаас талийгаач ээжийнхээ оршуулгын тэтгэмжийг авахын тулд өргөдөл гарган авсан. Харин сар бүр мөнгө төлж байна гэж өргөдөл бичсэн нь хүүхдүүд нь төлдөг ёстой юм байх гэж ойлгон мөн банк шаардсаны дагуу бичсэн. Гэтэл би нэгэнт хамтран болон үндсэн зээлдэгч биш болохоор ээжтэй минь холбоотой үүрэг нас барснаар дуусгавар болдог гэдгийг хуулиас мэдсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банкны ******* тооцооны төвийн хариуцагч ***д холбогдуулан гаргасан тэтгэвэрийн зээлийн гэрээний дагуу 1,453,822.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *** банкны ******* тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа тэтгэвэрийн зээлийн гэрээний нэг тал нь 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нас барсан Л.*** байна.
Иймд зээлийн гэрээний 1.3 зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл өөрийн тэтгэвэрийн дэвтэр болон тэтгэвэрийн картыг банкинд хадгалуулна, 2.2.3. зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй, 3.1.3. төлбөрийн чадвар доройтсон, чадваргүй болсон, 4.3. тэтгэвэрийн дэвтэр болон тэтгэвэрийн карт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэсэн заалтын дагуу зээлийн гэрээг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцагч ***аас үндсэн зээл 1.029.212 төгрөг, зээлийн хүү 424,610.32 төгрөг, нийт 1,453,822.32 төгрөг гаргуулахаар шаардах үндэслэлгүй байна.
Хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагын талаархи татгалзалаа ... миний бие нь *** банктай үндсэн зээлдэгчээр болон хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ хийгээгүй. Талийгаач ээж Л.***ын хүлээсэн үүрэг Иргэний хуулийн 240.1.2-т зааснаар дуусгавар болсон ... гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** банкны ******* тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа тэтгэвэрийн зээлийн гэрээний талуудыг тодорхойлсон хэсэгт нөгөө талаас Дархан-Уул аймаг Дархан сум *** дугаар баг Мангирт *** дүгээр хэсэг ***тоот хаягт орших Элжгэн овгийн Л.*** гэж тодорхойлсон бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч хэсэгт хэн нэгэн этгээдийн нэр бичигдээгүй байгаа тул хариуцагч ***ын татгалзал үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1д заасан иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зорилгоо илэрхийлэн хэлцэл байгуулахад оролцон, бичгийн хэлцэлд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар гарын үсэг зураагүй этгээдээс гэрээний нэг тал гэж үзэн гэрээний үүрэг шаардах нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар зээлдэгч Л.***ын хууль ёсны төлөөлөгч нь хариуцагч *** мөн боловч мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээхээр байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсанаар үүрэг дуусгавар болох тул 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгч Л.*** нас барсанаар түүний 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан тэтгэвэрийн зээлийн гэрээний 2.2.3-т заасан зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэг дуусгавар болох тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдааны товыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн атал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны 10:09 цагт түүний *** дугаарт залгаж лавлахад ... мартчихсан байна, унаа олдохгүй байна гэж хариу өгсөн, хариуцагч *** нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлт гаргасаныг хүлээн авч шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцоогүйгээр явуулж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар Нэхэмжлэгч *** банкны ******* тооцооны төвийн хариуцагч ***д холбогдуулан гаргасан тэтгэвэрийн зээлийн гэрээний дагуу 1,453,822.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр *** банк *** сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 38,211 төгрөгийг *** сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ