Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 31

 

 

Ч.ын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00260 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* / нэхэмжлэлтэй, хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

 

            Хүсэлтийн агуулга: “ Ч. миний бие нь 1969 онд төрсөн. 1984 онд Ховд аймгийн Мянгад сумын 10-н жилийн сургуулийн 8-р ангиас ар гэрийн гачигдлаар гарч эцэг, эхийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан.

Одоо тэтгэвэрт гарах гээд аймгийн архиваас баримтуудаа шүүлгэж үзэхэд тухайн үеийн 70 дугаар дансны бичилт дутуу, зарим онуудын лавлагаа гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд Ч. намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2018/00260 дугаар шийдвэрээр: “ 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга: “Миний бие 1984 оны 06 дугаар сараас эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд байгаа Ховд аймгийн архивын тасгийн 1984 оны мал тооллогын баримт дээр Т.Чулуунбаатар нь ам бүл 9, нэгдлийн гишүүн 3 гэсэн байгаа бөгөөд би айлын том хүүхэд амьдралын шаардлагаар 7 дугаар ангиасаа гарч малчин болсныг гэрчилж байна гэж үзэж байна. Би1983-1984 онуудын хавар сургуулиасаа чөлөө авч мал төллөх үеэр эцэг, эхдээ туслаад сургууль төгсөх үедээ шалгалтаа өгдөг байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг нөхөн тогтоож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагад нийцсэн байна.

 Ч.  нь 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох  тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх Ч.ын 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг  дуустал Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдэлд   ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг хүсэлт гаргагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 

Хүсэлт гаргагч Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа нотлохоор Ховд аймгийн архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 402 дугаар архивын лавлагаа, 1990 оны Ховд аймгийн  Мянгад сумын  “Давшилт” нэгдлийн Баянбулаг бригадын  хөдөлмөрийн хөлсний түүвэр, 1991, 1992 оны Ховд аймгийн  Мянгад сумын Баянбулаг бригадын түрээслэгч малчны ажлын үр дүнгийн тооцоо, Илгээлтийн эзэн малчин залуучуудын улсын хоёрдугаар чуулга уулзалтын урилга, тухайн үед авахуулсан гэх гэрэл зураг зэргийг шүүхэд гаргаж өгч, улмаар хүсэлт гаргаж, гэрчүүдийг шүүхээр асуулгажээ. 

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн дээрх нотлох баримтаас үзвэл Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар тушаалаар илгээлтийн эздийг хуваарилан томилсон байна. Уг тушаалаар 1985-1986 оны хичээлийн жилийн 8 дугаар анги төгсөгчдөөс нэгдлийн үйлдвэрлэлд хуваарилагдан ирсэн илгээлтийн эзэн охид хөвгүүдийг хавсралтаар   Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн зохих бригадад хуваарилан томилсон байх бөгөөд хавсралтын 3 дугаарт ******* ыг Баянбулаг бригадад малчнаар томилжээ.

Шүүх хүсэлт гаргагч Ч.ыг  1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн  Мянгад  сумын “Давшилт” нэгдэлд  малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлын талаар гэрч ,Д.Түвшин нарын мэдүүлгээс өөр бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй,хэргийн 4 дүгээр тал дахь Мянгад сумын Баянбулаг бригадын  1984,1985,1986 онуудын мал тооллогыг бүртгэлийн лавлагаа, 27 дугаар талд авагдсан гэрэл зураг нь тайлбарлан бичсэн тухайн цаг хугацаанд авахуулсан зураг мөн эсэх нь эргэлзээтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.    

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2. дахь заасан үүргийн  дагуу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэсэн байх тул                      хүсэлт гаргагчийн   давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хүсэлт гаргагчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

 

                                                                                    Н.ТУЯА