Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Б.Дэлгэрмаа,

            шүүгдэгч Д.Туул, Ж.Даваажаргал, тэдний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сэчин овогт Жигмэддоржийн Даваажаргал, Боржигон овогт Дугаржавын Туул нарт холбогдох 201724000395 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Баян-Арцат үйлчилгээний гудамж 23 тоотод оршин суух хаягтай,

 урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 1995 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ялыг нь тэнсэж сулласан, 1997 онд Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  уг хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 1999 онд Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 31-ний 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 25 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 150 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Сэчин овогт Жигмэддоржийн Даваажаргал /РД:МЭ76040106/

 

Монгол улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг, Баян-Арцат үйлчилгээний гудамж 23 тоотод оршин суух хаягтай,

 урьд нь 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169б, 198а, 92в дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 1987 оны 8 дугаар сарын 24-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, 2004 онд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 31-ний 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэн мөн хугацаагаар хянан харгалзсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон, Боржигон овогт Дугаржавын Туул/ РД:М365102078/

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Даваажаргал, Д.Туул нар нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн суудлын 272 дугаар галт тэрэгний 7 дугаар вагонд зорчин явсан Ё.Дорлигийн цүнх, хайрцагтай хувцас, гурван ширхэг үхрийн суран бугуйл болон биет 110.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Эмээлт өртөөн дээр буух үедээ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын гаргасан хүсэлтийн дагуу дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлахад:

 Шүүгдэгч Ж.Даваажаргал, Д.Туул нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн суудлын 272 дугаар галт тэрэгний 7 дугаар вагонд зорчиж явахдаа хажууд нь сууж явсан Ё.Дорлигийг хажуу талын купей рүү орсон хойгуур нь түүний цүнх, хайрцагтай хувцас, гурван ширхэг үхрийн суран бугуйл болон биет 110.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Эмээлт өртөөн дээр буусан болох нь:

 

               Хохирогч Ё.Дорлигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг тухайн вагонд суухад 50 орчим насны эрэгтэй, эмэгтэй хүн, нэг бага насны хүүхэд дагуулан суусан байсан. Тухайн эмэгтэй намайг сайн уу гэж мэндлээд хэсэг юм ярьж байгаад манай хүүхэд өлсөөд байна хоол аваад өг гэхээр нь би тэр вагонд хоол зардаг хүнээс кофе болон цайны печень хүүхдэд нь авч өгсөн чинь өнөөх согтуу эмэгтэй надаас дахиж архи аваад өг гээд нэхээд байхаар нь мөнгө байхгүй гээд авч өгөөгүй. Тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн архи уусан, согтуу байсан бөгөөд 0.5 л хэмжээтэй ундааны саванд хийсэн зүйлээ уух уу гэхээр нь би уухгүй гээд буцаагаад өгсөн. Ингээд хэсэг явж байтал өнөөх согтуу хүүхэн надаас архи нэхээд суулгахгүй байхаар нь би хажуу талынхаа купейнд ороод өнөөх хүмүүсээс хол суусан. ...Галт тэрэг Толгойт өртөөн дээр зогсох үед би буцаад купэй рүүгээ ороход өнөөх хүмүүс чинь бүгд байхгүй яваад өгсөн байсан бөгөөд миний ачаа бүгд алга болсон, өнөөх хүмүүс аваад буусан байсан. Би вагоны үйлчлэгчид хэлээд цагдаа дуудсан. ...Би хохирол мөнгө болон хувцас зэрэг эд зүйлээ бүгдийг нь гаргуулан авсан тул надад ямар нэг гомдол, санал алга байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32 х/

 

                 Эд зүйлийн үнэлгээнд: Үхрийн сураар хийсэн бугуйл – 1.500.000 төгрөг, тараг өрөм - 20.000 төгрөг, нийт 1.520.000 төгрөг /хх-ийн 25х/

 

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-14х/

 

               Иргэний нэхэмжлэгч Л.Дэлгэрдалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 3 ширхэг бугуйлыг 30.000 төгрөгөөр худалдаж авсаны дараахан надад бугуйл зарсан эмэгтэй, эрэгтэй 2 хүн бас нэг эрэгтэй хүн дагуулаад над дээр ирсэн юмаа, дагуулж ирсэн эрэгтэй хүн нь “энэ 2 миний бугуйлыг зарчихсан байна, бугуйлаа авъя” гээд 20.000 төгрөг өгөхөөр нь би “бугуйлыг чинь 30.000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгөө гүйцээж өгөөрэй” гэж хэлээд 20.000 төгрөгийг нь аваад үлдсэн. Тэгээд үлдэгдэл 10.000 төгрөгөө бугуйл зарсан эмэгтэйгээс бэлнээр авсан, надад одоо ямар нэгэн санал, гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй. ...Хохирлоо бүрэн барагдуулж авсан, ийм учраас энэ хэргийг хурдан шуурхай шийдүүлмээр байна, би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн тайлбар /хх-ийн 155 х/

 

    Гэрч Б.Дугармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр хоёр манайд ирэхдээ хүүхэд болох Намтайванг дагуулаад ирсэн байсан. Манайд ирэхдээ ногоон өнгийн цүнхтэй хувцастай ирсэн байсан бусад зүйлийг нь юу байсныг сайн анзаараагүй. Тэр хоёр хөдөөнөөс ирсэн гээд ундааны савтай сүү болон өрөм зэргийг авч ирсэн гээд өгсөн бөгөөд сүү нь хашилсан байхаар нь асгасан. Харин өрөм нь идэж болохгүй шороо болсон байхаар нь галдаа өргөсөн. Тэр хоёр манайд ирээд 2 хоносон баих. Архи дарс уугаад байхаар нь би гэртээ бараг хонуулдаггүй. Намайг нэг өдөр ажилдаа яваад ирэхэд цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х/

 

Шүүгдэгч Д.Туулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн эхнэр Ж.Даваажаргалын хамт Улаанбаатар хот орж ажил хийхээр болоод түүний бэр дүү Дугармаагаас мөнгө явуулаач гээд 10,000 төгрөг дансаар аваад 2017 оны 6 дугаар сарын 10-нд явахаар болсон. Ингээд эхнэр, хүү бид 3 Сэлэнгэ аймгийн Мандал сумын төмөр замын вокзалаас Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн суудлын 264-р галт тэргээр Улаанбаатар хот явахаар болоод эхнэр бид 2 партизан орох билет,  дундах хүү болох Намтайванд Толгойт өртөө хүртэл явах билет аваад галт тэргэнд суусан. Эхнэр бид хоёр гэрээсээ гарахдаа гэрт байсан “Хараа” нэртэй 0,33 л хэмжээтэй архи байсныг авч талыг нь хувааж уугаад вагонд суухаасаа өмнө вокзалын дэлгүүрээс байсан мөнгөөрөө жижиг шилтэй 0,5 л хэмжээтэй пиво 1 ширхэгийг аваад тэрийгээ өнөөх архин дээрээ нэмээд вагон руу барьж ороод вагон дотор уусан. Эхнэр хүү бид гурав 7-р вагонд суусан бөгөөд бид нарын сууж явсан местэнд 60 орчим насны хөгшин өвгөн ганцаараа сууж явсан. Эхнэр бид хоёр тухайн өвгөнтэй бага зэрэг хууч хөөрч байгаад печень болон кофе авахуулсан. Галт тэргэнд ороод би уусан архиндаа жаахан согтсон байсан. Тэгсэн эхнэр тухайн өвгөнөөс архи аваад өгчих гээд нэхсэн юм шиг байна лээ, өнөөх өвгөн галт тэргэнд архи зардаггүй юм Толгойт өртөөнд буугаад авч өгье гэж хэлсэн. Өнөөх өвгөн чинь хажуу талын купэйнд хөзөр тоглох гээд орсон. Тэр үед галт тэрэг эмээлт өртөөнд ирээд зогссон бөгөөд тухайн өвгөний авч явсан ногоон өнгийн цүнхтэй эд зүйлийг манай эхнэр өөрөө хулгайлан аваад надад 1 ширхэг цаасан хайрцагтай эд зүйлийг нь өгөөд би тэрийг бариад эмээлт өртөөн дээр буусан. Ингээд өртөөнөөс цаашаагаа яваад тэндхийн айлуудын хашааны буланд очоод доторх зүйлийг нь нээж үзэхэд баахан ууттай хувцас болон 3 ширхэг суран бугуйл байхаар нь такси бариад Орбитод байдаг эхнэрийн дүү болох Ариунчандагын гэрт нь очсон. Бид 3 тэднийд очоод тэндээ хоносон. Маргааш өглөө нь өвгөний хайрцагтай болон цүнхтэй эд зүйлийг юу байгааг нь үзэхэд хуучин өмсөж байсан хувцас болон суран бугуйл 3 ширхэг, бичиг баримт, торго, өрөм, тараг зэрэг эд зүйл байхаар нь өрөм таргийг нь Ариунчандагын хүүхдүүд нь өгсөн, харин өнөөх цүнхтэй хувцаснуудыг нь Ариунчандагын гэрт нь үлдээсэн бөгөөд 3 ширхэг бугуйлыг нь Хархорин зах дээр очоод утас засдаг хүнд бүгдийг нь нийлүүлээд 30,000 төгрөгөөр зарсан. Эхнэр бид хоёр тухайн мөнгөөр нь бүгдээр нь архи аваад уусан. Ингээд эхнэр бид 2 Ариунчандагын гэрт байж байхад 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төмөр замын цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-50х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Ж.Даваажаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нөхөр Д.Туул болон хүү Намтайван нарын хамт Улаанбаатар хот орохоор болсон. Ингээд билетээ Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэрэгний 7-р вагонд зорчин явахаар бичүүлсэн. Вагонд суухаасаа өмнө нөхөр Д.Туул бид хоёр гэртээ байсан 0,33 л хэмжээтэй Хараа архи байсныг аваад гарсан бөгөөд талыг нь галт тэрэгний буудал орох замдаа хувааж ууж байгаад үлдсэн талыг нь цэвэр усны саванд хийгээд дээрээс нь нэг ширхэг 0,5 л хэмжээтэй шилтэй пиво авч хийгээд түүнийгээ вагонд ороод хувааж уусан. Бид гурвыг вагонд суухад хажуу талын местэнд 60 орчим насны өвгөн байсан бөгөөд тэр өвгөн таяг тулсан нилээд настай гэмээр хүн байсан. Тэр хүнээс өөр хүн бол байгаагүй. Ингээд би тэр өвгөнтөй яриа өдөж байгаад хэсэг юм ярьсан бөгөөд авч явсан савтай архиа уу гээд өгөхөд амсаад буцаагаад өгсөн. Ингээд тухайн өвгөнийг гуйж байгаад хүүхэддээ вагонд хоол зардаг хүнээс кофе, печень авч өгсөн. Тэгээд би тэр өвгөнөөс архи аваад өгчих гэсэн чинь архи авч өгөөгүй. Тухайн үед нөхөр бид хоёр галт тэргэнд ороод нилээд согтсон байсан. Удалгүй тэр өвгөн сууж байсан мест дээрээсээ өөр мест рүү явсан. Өвгөнийг явсны дараахан галт тэрэг эмээлт өртөөн дээр ирээд зогсохоор нь нөхөр бид хоёр тухайн өвгөний цүнхтэй эд зүйлийг нь хулгайлан аваад галт тэрэгнээс буусан. Ингээд галт тэрэгнээс буугаад эмээлт өртөөний айлуудын хашааны хажууд очоод өнөөх цүнх болон хайрцагтай эд зүйлийг нээж үзсэн чинь баахан хуучин хувцас, 110.000 төгрөг гараад ирэхээр нь такси бариад Орбитод байдаг өөрийн дүү Ариунчандагын гэрт нь очиж хоносон. Маргааш өглөө босоод хулгайлсан цүнхтэй болон хайрцагтай эд зүйлийг сайн ухаж үзсэн чинь 3 ширхэг суран бугуйл, мөн бичиг баримт, хуучин хувцас тараг өрөм зэрэг эд зүйлүүд байхаар нь тараг өрмийг нь дүүгийнхээ хүүхдүүдэд өгсөн. Ингээд тэдний гэрээс гараад нөхөр бид хоёр аваад цүнхтэй хувцаснууд, болон бичиг баримтыг нь тэндээ үлдээгээд өнөөх 3 ширхэг бугуйлаа Хархорин захын тэнд гар утас зардаг хүнд 30,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи аваад уучихсан. Харин хэд хоногийн дараа төмөр замын цагдаагийн газраас цагдаа ирээд бид хоёрыг барьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57 х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.

           Өөрөөр хэлбэл, Д.Туул, Ж.Даваажаргал нар нь хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруутайд тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Туул, Ж.Даваажаргал нар нь өөрсдийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны  /хх-ийн 168-169 х/ дагуу прокурор тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг гаргасан байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Туул, Ж.Даваажаргал нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Туул, Ж.Даваажаргал нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, тэдгээрт прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Д.Туул, Ж.Даваажаргал  тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэв.

   Учир нь, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдсан ба шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан  нөхцөл хангагдсан байх тул шүүгдэгч нарт тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар таван жил, түүнээс бага хугацаагаар  тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдал:

Шүүгдэгч Ж.Даваажаргал нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 1995 оны 7 дугаар сарын 07-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ялыг нь тэнсэж сулласан, 1997 онд Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  уг хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 1999 онд Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 31-ний 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 25 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 150 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Шүүгдэгч Д.Туул нь 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169б, 198а, 92в дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 1987 оны 8 дугаар сарын 24-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, 2004 онд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 31-ний 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэн мөн хугацаагаар хянан харгалзсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон болох нь таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолуудын хуулбар, шүүгчийн захирамжуудын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр  тус тус тогтоогдсон буюу шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгэгдэж байжээ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Ё.Дорлиг нь алдагдсан эд зүйл, иргэний нэхэмжлэгч Л.Дэлгэрдалай нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 30.000 төгрөг зэргээ тус тус шүүгдэгч нараас хүлээн авсан, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч Д.Туул, Ж.Даваажаргал нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Туул, Ж.Даваажаргал нарын бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн гомдол саналгүй, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Д.Туул, Ж.Даваажаргал нар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “бүлэглэж” гэсэн шинж байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлаж шийдвэрлэх нь зүйтэй ба ингэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын эрхзүйн байдлыг дордуулаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Туул, Ж.Даваажаргал нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Сэчин овогт Жигмэддоржийн Даваажаргал, Боржигон овогт Дугаржавын Туул нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Туул, Ж.Даваажаргал нарт ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,  оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Туул, Ж.Даваажаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ