Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 135/ШШ2016/00541

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс:135/2016/00120/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум ***-р баг, *** хороолол, *** байр *** тоотод оршин суух О*** овогт П*** /ТЛ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн *** сургуульд холбогдох
Ажлаас үндэслэлгүй халсан 2015.12.23-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Э***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М***, түүний өмгөөлөгч Б.Ц***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Э*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие нягтлан бодогчоор 25 жил ажиллаж байна. Сүүлийн олон жил боловсролын байгууллагад нягтлан бодогчийн ажлыг хийсэн бөгөөд Дархан-Уул аймгийн ***сургуульд Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. ***сургуулийн 2015 оны 12 сарын 23-ны өдрийн *** тоот ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р Хзүйлийн 131.1.3 заалт, 40-р зүйлийн 40.1.4., 40.1.5 дахь заалт болон Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 492 тоот албан тоотыг үндэслэн Боловсролын тухай хуулийн 43.5 заалтыг зөрчин хуурч мэхлэх аргаар гэмт хэрэг үйлдэж 11,397,600 төгрөгийг төсвийн хөрөнгөнөөс мэхэлж авсан нь тогтоогдсон, мөн Захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзсэн. Гэтэл хуурч мэхлэх аргаар гэмт хэрэг үйлдсэн гэх асуудлыг хуулийн зохих байгууллага шалган тогтоож төсвийн хөрөнгөнөөс хуурч мэхэлж авсан үйлдлийг шүүх гэм буруутайг нь тогтоодог. Сургуулийн захирал энэ байдлыг тогтоодоггүй. Мөн боловсролын тухай хуулинд 43.5 дахь заалт огт байхгүй. Сургуулийн захиргааны зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж тушаал гаргасан боловч чухам ямар үүрэг даалгавар зөрчсөнийг огт заагаагүй байна. ... дутаасан мөнгийн хувьд миний бие өвдөөд байсан учир тэтгэмжээ аваад эмчилгээнд явна гэж бодож байсан. Тэр 11,397,600 төгрөгийг төсвийн орлогод буцаан төлсөн бөгөөд энэ акттай холбогдуулж Дархан-Уул аймгийн Прокурорын газар 2015 оны 11 сарын 20-ны өдрийн *** тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авч нэмэгдэл цалин, ур чадварын нэмэгдлийг үр дүнгийн урамшуулал болох нийт 253,298 төгрөг олгоогүй юм, захирал Уртнасан нь надад сануулах арга хэмжээ авлаа гэж хэлж байсан. Гэтэл дахин ажлаас халсан арга хэмжээ авсанд гомдолтой байна. Ийм учраас ажлаас үндэслэлгүй халсан 2015.12.23-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, ажилгүй байсан хугацааны цалин болох 1,773,038 төгрөгийн гаргуулж өгнө үү. Миний сарын цалин 886,519 төгрөг болно. гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн ***сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ***сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулийг зөрчөөгүй учраас П.Э*** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ... П.Э*** нь сахилгын зөрчлийг давтан гаргаж байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж зөрчил гаргасан. ... 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Аудитын газраас ирүүлсэн хариуцлага тооцуулах тухай шаардлагад тэтгэмжийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсантай холбогдуулж арга хэмжээ ав гэсний дагуу арга хэмжээ авсан. П.Э*** нь 9, 10, 11 дүгээр сард өвчтэй чөлөөтэй байсан учир чөлөөнийх нь хугацаа дуусаж ажилдаа орсны дараа 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тушаал гаргаж ажлаас халсан. Түүнд 12 сард ажилласан хугацаанд нь тооцож цалин олгосон, харин үр дүнгийн урамшуулал олгоогүй. Учир нь тэрээр ажлаа дүгнүүлээгүй тул Засгийн газрын тогтоол, журмын дагуу үр дүнгийн урамшуулал олгох боломжгүй байдаг. ... П.Э*** нь ажиллаж байх хугацаандаа байгууллагын дотоод журмыг зөрчиж, ажлын хариуцлага алдах, бусадтай зүй бусаар харилцах, ажил олгогчийн итгэлийг алдсан зөрчил дутагдал гаргаж байсан. Энэ талаар байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн ажилчдын гарын үсэгтэй өргөдөл зэрэг баримтууд хэрэгт байгаа. ... Иймд түүнийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Э*** нь хариуцагч Дархан-Уул аймгийн ***сургуульд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан 2015.12.23-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... гэм буруутай асуудлыг шүүх тогтоодог, тэрнээс биш сургуулийн захирал тушаал гаргаж тогтоохгүй, Аудитын актаар тогтоосон 11,397,600 төгрөгтэй холбоотой хэрэг нь Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон, тухайн мөнгийг төсвийн орлогод буцаан төлсөн, энэ үйлдэлдээ сануулах арга хэмжээ авагдсан гэж үзэж байна, надад 12 сарын үр дүнгийн болон урамшуулал 253,298 төгрөгийг олгоогүй ... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ... П.Э*** нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ... 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Аудитын газраас ирүүлсэн хариуцлага тооцуулах тухай шаардлагад тэтгэмжийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсантай холбогдуулж арга хэмжээ ав гэсний дагуу түүний чөлөөнийх нь хугацаа дуусаж ажилдаа орсны дараа 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тушаал гаргаж ажлаас халсан. ... 2015 оны 12 дугаар сард ажилласан хугацаанд нь тооцож цалин олгосон, харин ажлаа дүгнүүлээгүй тул Засгийн газрын тогтоолын дагуу үр дүнгийн урамшуулал олгоогүй. Ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан ... гэж тайлбар хийж маргажээ.
Шүүх зохигчдын хооронд бий болсон үйл баримтыг бодитойгоор үнэлж, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжсэн судлагдсан нотлох баримтууд болон тэдний шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэж хэргийг тал бүрээс нь хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Үндэслэл нь, Дархан-Уул аймгийн ***сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай тушаалаар П.Э*** нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь халсан байх бөгөөд уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь тус сургуулийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай тушаалаар Шилэн дансны тухай хууль зөрчиж төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг тухай бүр мэдээллээгүй гэж үзэж сануулах арга хэмжээ авагдсан байна.
Үүний дараа аймгийн Аудитын газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай төлбөр хариуцуулах тухай актаар П.Э*** тэтгэвэр тогтоолгох нас нь болоогүй байхад өөрийн нэр дээр 11,397,600 төгрөгийг төсөвт тусгуулан авсан зөрчил гаргасныг илрүүлж, дээрх төлбөрийг төсөвт буцаан төлүүлэхийг актаар хариуцуулж, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Аймгийн засаг даргад, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ***сургуулийн захиралд тус тус албан бичгээр П.Э*** хариуцлага тооцуулах талаар хандаж байжээ.
Аудитын шалгалтаар илрүүлсэн нэхэмжлэгч П.Э*** дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт авагдсан байна.
Байгууллагын дотоод журмын 10.2.1-т Ажилтныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө., 13.1.2-т Хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцохоор нэрлэж хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан, эсвэл сахилгын зөрчлийг давтан /2удаа/ гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална. гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно. гэж заасан ба дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сард сануулах арга хэмжээ авагдсаны дараа мөн оны 07 дугаар сард дахин ажлын байрны үндсэн чиг үүрэгтээ харш үйлдэл гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчиж, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байна.
Мөн багш, ажилчдын өргөдлийн дагуу сургуулийн Үйлдвэрчний хороо 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр П.Э*** удаа дараалан санхүүгийн хариуцлага алдсан, багш, албан хаагчдын цалин хөлс, ээлжийн амралтын мөнгийг буруу, зөрүүтэй тооцдог зэрэг асуудалд яаралтай арга хэмжээ авч ажиллах талаар сургуулийн захиралд албан шаардлага хүргүүлж, энэ асуудлыг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн сургуулийн хамт олны хурлаар хэлэлцэж захирлын зүгээс нэхэмжлэгчид хандаж ажилчдын амралтын мөнгө хэрхэн тооцсон асуудалтай холбогдуулж тайлан тавих шаардлага тавьж байсан талаар бичгийн баримтууд хэрэгт авагдсан байна.
Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаартай тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам-д зааснаар үр дүнгийн урамшилыг тухайн албан хаагчдын ажлыг үнэлж, дүгнэх замаар /2.2, 2.4, 2.5/ сургалтын байгууллагын эрхлэгч, захирлын шийдвэрээр олгохоор заажээ.
Нэхэмжлэгч нь 2015 оны 9,10,11 дүгээр саруудад эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан, 12 дугаар сард түүний ажилласан хугацааны үндсэн цалинг бүтэн олгосон талаар маргадаггүй ба үр дүнгийн нэмэгдэл, урамшилыг авах үүднээс дээрх журам, байгууллагын дотоод журамд заасны дагуу тухайн хугацаанд ажлаа дүгнүүлсэн эсэх, 70-аас дээш оноо авсан талаар баримт хэрэгт байхгүй тул ажил олгогчоос уг нэмэгдэл, урамшлыг олгоогүй үйлдлийг ажилтанд сахилгын шийтгэл авсан гэж үзэх боломжгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах , захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулах тул П.Э*** эрхэлж байсан Дархан-Уул аймгийн ***сургуулийн нягтлан бодогчийн ажил нь дээрх албан тушаалтанд хамаарна.
Иймд хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, П.Э*** байсан Дархан-Уул аймгийн ***сургуулийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
 
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*** гаргасан ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Э*** нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН