Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2016/00529

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Хэргийн индекс: 135/2015/01543/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж,
 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол *** дүгээр байр, *** тоотод оршин суух *** овгийн *** / РД: ***, утас: ***/-гийн нэхэмжлэлтэй
 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум *** ХХК-нд холбогдох
 
Орон сууцны талбайн зөрүү төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
2014 онд Дархан-Уул аймаг дахь ***ХХК-ийн барьж байсан *** хотхоны *** дүгээр байрны *** тоот 2 өрөө байр худалдан авсан билээ. Гэрээ хийх үед 4 дүгээр сард уг байшинд дотоод засал чимэглэл огт хийгдээгүй сантехникийн ажил дуусаагүй шавар шорооны ажил ид явагдаж байв. Ийм нөхцөлд байрны талбайг хэмжих нь байтугай дотогш орох боломж байхгүй тул бэлэн танилцуулга гэрээний загварт итгэж гэрээ хийсэн. Гэрээний 6.5-д 2009 стандартыг баримтлан талбайн хэмжээг тооцно гэсэн сайхан үг байсан нь энэ компанийг нэр төрөө дээлдэг, итгэж болох сайн бизнесийн байгууллага гэж ойлгоход хүргэсэн. Гэтэл хуурсан байна. Биднээс *** ХХК-ийн хэмжилт болон шүүхээс томилогдсон ******* ******* ХХК-ийн дүгнэлтээр байхгүй талбайн мөнгө авсан байна гэж үзэж байгаа. Би гэрээнд заасан 54 715 500 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 9-нд бүрэн төлсөн бөгөөд банкинд хадгалуулсан мөнгөө бүгдийг авч шилжүүлэн дансаа хаалгасан. Энэ талаархи баримтыг шүүхэд өгсөн. Иймд зөрүү 3.37 м.кв талбайд илүү төлсөн 4 549 500 төгрөг, илүү төлсөн мөнгөний хүүгийн алданги 1 182 870 төгрөг, СӨХ-д илүү төлсөн 10 110 төгрөг, хохирол нэхэмжилсэнтэй холбоотой нэмэлт зардалууд, шинжээчийн хөлс 75 500 төгрөг, 80 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13 500 төгрөг, банкны хуулга авах ажлаар ******* хот явсан зардал 15 700 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шинэчлэх зардал 50 000 төгрөг, нийт 5 977 180 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Мөн гэрээний 40.53 м.кв гэснийг хүчингүй болгуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд шүүхийн шийдвэрээр тогтоосон талбайгаар бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргаж байгаа болно гэжээ.
 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ***  нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууц захиалгаар байгуулах № *** дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний 1.2-т захиалагч тал нь Дархан сумын ***-р багийн нутагт байрлах *** дүгээр байрны *** тоот 2 өрөө байр 40.53 мкв талбай бүхий байрыг захиалгаар бариулахаар тохиролцсон. Гэрээний дагуу гүйцэтгэгч байгууллага байрыг хүлээлгэж өгсөн. Гэрээ хийснээс хойш 17 орчим хоногийн дараа улсын комисст байрыг бэлэн болгосон хүлээлгэн өгөх талаар мэдэгдэл хүргүүлж, улсын комисс бүрэлдэхүүнээр 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан байдаг. Улсын комиссын******* гэсэн актад уг барилгыг захиалагч байгууллагын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот мэдэгдэлийн дагуу 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 365 хоногт багтаан шинээр барьсан ажлын чанар холбогдох акт баримтуудыг газар дээр нь шалган үзэв гэсэн байгаа. Мөн энэ барилга байгууламжийг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр барьж дууссан гээд ******* ******* ХХК-ийн СӨХ-ийн мэдэлд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс ашиглалтанд /үйлдвэрлэл үйлчилгээ, оршин суух/ зөвшөөрөв гэсэн байгаа. Үүнээс үзвэл нэхэмжлэгч *** нь бэлэн байр худалдан авсан гэсэн үг. Мэдээж улсын комисст хүлээлгэн өгөх мэдэгдэл хүргүүлэх хүртэлхи 17 хоног, улсын комисс хүлээн авсан өдөр хүртэлхи сар гарангийн хугацаанд ийм том орон сууцыг барьчихаагүй нь лавтай. Нэхэмжлэгч тал ч гэсэн энэ гэрээг худалдах худалдан авах гэрээ гэж гэж сая тайлбартаа дурдлаа.
Орон сууцыг захиалгаар барих гэрээ гэж нэрлэгдсэн ч энэ бол Захиалагч тал нь захиалж, гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр барьсан үл хөдлөх хөрөнгөө ***д худалдсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ юм. ***ХХК өөрсдийн барьсан үл хөдлөх хөрөнгөө худалдсан. Мөн талбайн зөрүү нь ашиглалтын явцад үүсч байгаа доголдол биш. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-т зааснаар хүлээлгэж өгсөн. Бид гэрээний 3.2-т зааснаар хүлээлгэж өгсөн. Мөн Иргэний хуулийн 248.2-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг хүлээж авсан бол шаардлага гаргах эрхээ алдсан. Иймд Иргэний хуулийн 251.1-т зааснаар шаардлага гаргах эрх нь алдагдсан юм. Доголдолын хувьд эдэлж хэрэглэх явцад гарах доголдол биш юм.
Иймд шаардлага гаргах хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
 

Нэхэмжлэгч *** нь Дархан-Уул аймаг ***ХХК-д холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууц захиалгаар барих № *** дугаартай гэрээний дагуу 40,53 м.кв орон сууц хүлээлгэн өгөхөөс 3.37 м.кв орон сууц хүлээлгэж өгсөний зөрүүд төлсөн 4 549 500 төгрөг, илүү төлсөн мөнгөний хүүгийн алданги 1 182 870 төгрөг, СӨХ-д илүү төлсөн 10 110 төгрөг, хохирол нэхэмжилсэнтэй холбоотой нэмэлт зардалууд шинжээчийн хөлс 75 500 төгрөг, 80 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13 500 төгрөг, банкны хуулга авах ажлаар ******* хот явсан зардал, 15 700 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шинэчилэх зардал 50 000 төгрөг, нийт 5 977 180 төгрөг гаргуулах, мөн гэрээний 40.53 м.кв гэснийг хүчингүй болгуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд шүүхийн шийдвэрээр тогтоосон талбайгаар бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
 
Нэхэмжлэгч *** нь Орон сууц захиалгаар барих *** тоот гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 14ний өдөр байгуулан Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороололын нутаг дэвсгэрт байрлалтай *** дүгээр байр *** тоот 2 өрөө орон сууцыг захиалан 2014 оны 2 дугаар улиралд ашиглалтад хүлээн авахаар ***ХХК-тай тус тус гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч *** нь ***ХХК-тай Орон сууц захиалгаар барих 109 тоот гэрээг байгуулсан бөгөөд уг орон сууцны барилгыг улсын комисст бэлэн болгосон хүлээлгэн өгөх талаар 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *** тоот мэдэгдэл хүргүүлэн улсын комиссын бүрэлдэхүүн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан нь Улсын комиссын *** гэсэн актаар нотлогдож байгаа бөгөөд уг актад ... уг барилгыг захиалагч байгууллагын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот мэдэгдэлийн дагуу 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 365 хоногт багтаан шинээр барьсан ажлын чанар, холбогдох акт баримтуудыг газар дээр нь шалган үзэв. Энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж 170 орон сууцны барилгыг ашиглахад бэлэн болгосон гэж үзээд захиалагч /ашиглагч/ байгууллага болох ******* ******* ХХК-ийн СӨХ-ны мэдэлд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс ашиглалтад /үйлдвэрлэл үйлчилгээ, оршин суух/ зэрэг оруулахыг зөвшөөрөв гэсний дагуу ***ХХК нь ***д орон сууцыг хүлээлгэн өгч 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр саналын хуудсаар ... захиалагч таны сонгосон 40.53 мкв орон сууцныхаа чанар болон сэтгэл ханамжийн талаар санал хүсэлтээ өгнө үү гэсний дагуу орон сууцны тань м.кв зөв эсэхтэй санал нийлж байна уу гэхэд тийм гэсэн хариулт өгсөн байна.
Иймд талуудын байгуулсан Орон сууц захиалгаар барих *** тоот гэрээгээр нэхэмжлэгч *** нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан үнийг төлж, өмчлөх эрхээ шижлүүлэн авсан гэх үндэслэлтэй байна.
109 тоот гэрээний 2.3-т гүйцэтгэгч нь орон сууцны талбайн хэмжээг барилгын зурагт үндэслэн хана хоорондын талбайг хэмжиж, орон сууцны талбайн хэмжээг тогтооход хэрэглэдэг стандартыг баримтлан гаргасан бөгөөд талууд энэ хэмжээг харилцан хүлээн зөвшөөрсөн болно гэж тусгасан байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдолыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд дээрхи шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдолыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болох бөгөөд энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлохоор байсан байна.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох бөгөөд нэхэмжлэгч *** нь 109 тоот гэрээний зүйл болсон 2 өрөө орон сууцы талаар 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн саналын хуудас дахь ... орон сууцны тань нийт м.кв зөв эсэхтэй санал нийлж байна гээд ханын цаас, паркет, цонх зэрэгт санал өгч, балконы хаалт дутуу байна гэж тайлбар бичиж байснаас үзвэл орон сууцыг хүлээн авах үйлдэл хийсэн бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул эд хөрөнгийн доголдол буюу томилогдсон шинжээч болох ******* ******* ХХК-ийн гаргасан дүгнэлтээр дутуу гэж тогтоогдсон 3.37 м.квийн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч *** орон сууцны талбайг тухайн үед хэмжүүлэх, худалдан авч буй эд хөрөнгийн гол үзүүлэлт болох м.кв-ыг дутуу байсныг мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нөгөө талаар орон сууцны гол үзүүлэлт болсон талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь тухайн орон сууцыг ашиглах явцад илрэн гарч ирдэг доголдол биш бөгөөд ашиглалтын явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш болно.
 
Иймд нэхэмжлэгч *** нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн талаархи нотлох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч ***ХХК-иас нэхэмжлэгч ***гийн зөрүү 3.37 м.кв талбайд илүү төлсөн 4 549 500 төгрөг, илүү төлсөн мөнгөний хүүгийн алданги 1 182 870 төгрөг, СӨХ-д илүү төлсөн 10 110 төгрөг, хохирол нэхэмжилсэнтэй холбоотой нэмэлт зардалууд шинжээчийн хөлс 75 500 төгрөг, 80 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13 500 төгрөг, банкны хуулга авах ажлаар ******* хот явсан зардал, 15 700 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шинэчилэх зардал 50 000 төгрөг нийт 5 977 180 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн, орон сууцны хэмжилт хийлгэсний хөлс 80 000 төгрөгийн хамт гаргуулах, мөн гэрээний 40.53 м.кв гэснийг хүчингүй болгуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд шүүхийн шийдвэрээр тогтоосон талбайгаар бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ***гийн Үндэсний хөрөнгө оруулалтын банк 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 88 700 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 1 205 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 5,200 төгрөг, 15,480 төгрөг, ХААН банк 2016 оны 02 дугаарс арын 16-ны өдөр төлсөн 14 891 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ