Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч Ж.Энх-Амгалан,

            шүүгдэгч Б.Дэлгэрмэнд, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овогт Банзрагчийн Дэлгэрмэндэд холбогдох 1708004250005 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1962 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 1-14-р гудамжны 9 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй Цагаан гэрүүд овогт Банзрагчийн Дэлгэрмэнд /РД:ИЦ62061305/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Дэлгэрмэнд нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 1-14-р гудамжны 9 тоотод 86-12 УБД улсын дугаартай автомашинаар хүргүүлэхдээ автомашины урд хайрцагнаас түрийвч, бичиг баримт, бэлэн 320.000 төгрөг хулгайлж, хохирогч Ө.Батмөнхөд 381.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дэлгэрмэндийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж  байх тул тус хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно. Тодруулбал,

шүүгдэгч Б.Дэлгэрмэнд нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 1-14-р гудамжны 9 тоотод 86-12 УБД улсын дугаартай автомашинаар хүргүүлэхдээ, автомашины урд хайрцагнаас түрийвч, бичиг баримт, бэлэн 320.000 төгрөг хулгайлж, хохирогч Ө.Батмөнхөд 381.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Ө.Батмөнхийн гаргасан өргөдөл /хх-ийн 3 х/

 

            Цагдаагийн ерөнхий газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаярын илтгэх хуудсанд: “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 89-12а тоотод оршин суух Ө.Батмөнх нь автомашины дотроос бэлэн 320.000 төгрөг бичиг баримт алдсан гэх мэдээллийн дагуу хохирогчийн сэжиглэж байсан Дэлгэрмэнд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 1-14 тоотод байх монгол гэрт албаны нохойгоор самнан нэгжлэг хийхэд гэрийн дотор зүүн талд байх орны хөл тушаа хөшигний цаад талд нуусан мөнгийг олсон.” гэжээ. /хх-ийн 9х/

 

            Хохирогч Ө.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өөрийн садангийн эгч Банзрагчийн Дэлгэрмэндийг гэрт нь хүргэж өгөөд явах гэтэл миний машины урд талын хайрцагт байсан миний эзэмшлийн банкны зээлэнд зориулж хадгалсан байсан 320000 төгрөг болон бичиг баримт байхгүй байсан.Тэгээд би нөгөө эгчид болон охинд нь хэлээд миний мөнгийг аваад буучихсан юм шиг байна, гэртээ үзээд өгөөч гэж хэлээд гэрт нь эрж хайхад миний мөнгө агуулдаг даавуун уут олдоод, дотор нь байсан түрүүвч болон мөнгө олдохгүй байсан. Би садангийн эгчээсээ гаргаад өгчихөө гэж зөндөө хэлэхэд тэрээр маш их согтолтой байсан бөгөөд миний хэлж байгааг ойлгох чадваргүй согтуу байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд миний олдсон мөнгө хадгалдаг даавуунаас нохойгоор үнэр авахуулж гэр дотор нь үнэрээр мөнгө болон түрүүвчийг хайхад садангийн эгчийн монгол гэрийн зүүн талын хөшигний ар талаас миний түрүүвчтэй мөнгө болон бичиг баримт гарч ирсэн. Тухайн үед би алдсан бүх зүйлээ нэг бүрчлэн буцаагаад авсан. Надад одоо гомдол, санал болоод нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7х/

 

            Эд зүйлийн үнэлгээнд: Биет 320.000 төгрөг – 320.000 төгрөг гэжээ. /хх-ийн 13 х/

            Эд зүйлийн үнэлгээнд: Түрийвч – 10.000 төгрөг гэжээ. /хх-ийн 25х/

            Эд зүйлийн үнэлгээнд: Даавуун жижиг цүнх – 5.000 төгрөг, цахим үнэмлэх – 40.000 төгрөг, Хаан банкны виза карт – 3.000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны виза карт – 3.000 төгрөг, нийт – 51.000 төгрөг гэжээ. /хх-ийн 30х/

 

            Гэрч Н.Дүгэргарамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед миний садангийн эгч Дэлгэрмэнд манай гэрт миний нөхөртэй хамт 0,5 болон 0,75 литрийн хэмжээтэй 2 шил архи
хувааж уусан. Тэр хоёр архи ууж суусаар байгаад оройны 21 цаг болоход би төрсөн хүү Батмөнхийг Дэлгэрмэнд эгчийгээ гэрт нь хүргээд өгчих гээд явуулсан. Гэтэл хүү маань удалгүй над руу залгаад ээжээ миний түрүүвчтэй мөнгө харсан уу машины урд хайрцагт байсан алга байна гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэдгээ хэлэхэд хүү маань за тэгвэл Дэлгэрмэнд эгч авсан юм байна л даа гээд утсаа салгасан. Тэгээд хүү маань хэсэг байж байгаад эргэж ирснээ миний мөнгийг Дэлгэрмэнд эгч машинаас буухдаа аваад буучихсан байна.Би цагдаа дуудаж байж олж авлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 х/

 

            Гэрч И.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр намайг ажилтай байхад манай ээж Дэлгэрмэндийг хамаатных нь Өлзийпүрэв ах утсаар дуудаад манай ээж тэдний Цэнхэр дэлгүүрт байх гэрт нь очсон байсан. Тэгээд намайг орой ажлаа тараад гэртээ 18 цаг өнгөрөөгөөд ирэхэд манай ээж гэртээ ирээгүй байхаар нь  Өлзийпүрэв ахын эхнэр Дүгэргарам эгч рүү ярихад “ээж чинь манайд байна, эргээд ярья, ээж нь манайд хононоо” гэж хэлэхээр нь би ээжийг очиж авахаа болиод гэртээ байж байсан. Орой 21 цаг өнгөрч байхад Дүгэргарам эгч над руу залгаад “ээж чинь гэртээ харина гээд байна, ээжийг чинь гэрт нь хүргэж өгөх гэж байна гэж хэлсэн. Удалгүй гэрийн гадаа ээжийг Дүгэргарам эгчийн хүү Батмөнх машинтайгаа хүргэж авчирсан. Ээжийг аваад гэртээ ороод байж байтал Батмөнх надруу залгаад “та гараад ирээч, асуух юм байна” гэхээр нь гараад очтол Батмөнх надад “миний машинд байсан цүнх алга болчихож, Дэлгэрмэнд эгч аваад орчих шиг боллоо” гэхээр нь би Батмөнхийг “чи тийм л байсан юм бол машин дотор нь байхад нь шалгаад үзэхгүй яасан юм, манайх руу хамт оръё" гэж хэлээд Батмөнхийг гэр лүүгээ дагуулж ороход ээжийн цүнхний хажууд Батмөнхийн хар өнгөтэй паск шиг жижиг цүнх байсан. Ээж тэр үед орон дээрээ дотор нь муухайраад хэвтэж байсан. Тэгээд би ээжийг гайхаад “энэ цүнх яахаараа гэрт байж байдаг юм, та чинь хүний юм авчихдаг юм уу” гэж хэлсэн. Ээж хүний хэлж байгаа юмыг ойлгох чадваргүй байсан. Тэгээд Батмөнх бид 2 цүнхэн дотор нь байсан түрийвчийг нь гэрт хайсан боловч олдоогүй. Тэгэхээр нь би “за за би хайгаад олдохгүй юм байна, чи эсвэл цагдаад мэдэгд дээ” гэж хэлээд миний утсаар Батмөнх цагдаад мэдэгдэн очиж өргөдлөө өгсөн. Тэгээд нохойтой цагдааг манай гэр лүү явуулж нохойгоороо гэр дотор үнэртүүлэхэд ээжийн хэвтэж байсан ор, хөргөгч 2-ын завсрааас Батмөнхийн бор хүрэн түрийвч гарч ирсэн. Тэгээд Батмөнх түрийвчэн доторх мөнгөө шалгахад бүрэн байна гээд тоолоход 320,000 төгрөг байсан. Тэгээд Батмөнх явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х/

 

            Гэрч Х.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын төвийн Албаны нохойн сургалтын төвийн хэлтэст нохойн төлөөлөгчөөр ажилладаг юм. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр СХД ЦХ-1 дээр жижүүрийн нохойн төлөөлөгчийн үүргийн 24 цагаар гүйцэтгэсэн. Тус өдөр 21 цаг 30 минутаас 22 цагийн хоорондоо Сэлбэ 10-с “Автомашин дотор байсан түрүйвчтэй мөнгө хулгайд алдлаа" гэх дуудлага өгсний дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойты 1-14-9 гэх тоотод оршин суух Банзрагчийн Дэлгэрмэндийн гэрт нь хүрэлцэн очиж албаны “Уран” дуудлагатай нохойгоор самнан нэгжлэг хийж ажиллахад тус Дэлгэрмэндийн гэрийн зүүн талын орны хана талд байх хөшигний завсраас үнэр цохиж уг алдагдсан түрүйвчтэй мөнгийг илрүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29х/

 

            Шүүгдэгч Б.Дэлгэрмэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай талийгаач дүүгийн нас барсны 49 хоног болоод манай хамаатны дүү Өлзийбүрэн, Дүгэргарам нар намайг “ирж гашуудлаа тайл, ажил явдалд чинь оролцож чадаагүй, баяр наадам ч болж байна хүрээд ирээч” гэж гэрт байхад дуудсан. Тэгэхээр нь би Толгойтод байдаг Өлзийбүрэнгийн гэрт нь очсон. Тэнд очоод Өлзийбүрэн, Дүгэргарам бид 3 нэг шил 0,5 литрийн архи хувааж уугаад түүний дараа 0,75 литрийн хэмжээтэй архийг гадаа гарч хашаанд ууя гээд 3-уулаа хувааж ууж байсныг санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Гэнэтхэн сэрэхэд өглөө болчихсон, би төмөр замын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд байсан. Юу болсныг асуухад намайг Өлзийбүрэнгийн хүү Батмөнхийн машинаас юм хулгайлсан гэж эрүүлжүүлэхэд авчирсан байсан. Яг юу болсныг би үнэхээр мэдэхгүй санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “......” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Гэрч Ч.Очирын мөрдөн байцаалтын шатан өгсөн: “...Манай хүргэн Хөвсгөлд байдаг машиндаа мотор аваад хашааныхаа урд хэсэгт тавьсан байсаныг би харж байсан. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой би гэртээ зээ нартайгаа байж байсан чинь өвгөн, залуу хоёр айл асууж байгаа гээд ороод ирсэн. Тэгээд маргааш өглөө нь би гэртээ зээтэйгээ байж байсан чинь манай хаалгыг хүн нүдээд байхаар нь би гараад харсан чинь нэг залуу, нэг өвгөн хоёр манай хаалгыг нүдээд зогсож байсан, тэгээд надаас худлаа айл асуугаад байхаар нь би хаалга цоожилж, ороод удалгүй эмнэлэгт үзүүлэхээр зээ охиноо үлдээгээд явсан. Тэгээд орой ирсэн чинь манай хүргэн өнөөдөр хашаанд байсан мотороо алдаад буцаагаад оллоо, нэг өвгөн, залуу хоёр хулгайлсан байна гэхээр нь би өглөө манай хашаагаар хараад байсан хоёрыг мөн байна гэж бодоод содон шинж тэмдгийг нь хэлсэн чинь мөн байсан юм. Тэр хоёр манай хашаагаар мотор авах гээд урьд оройноос авахуулаад шагайгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17  дугаар хуудас/

 

                  Гэрч Н.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түүхий эдийн цэг ажиллуулдаг бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд түүхий эдийн цэг дээр байж байхад манайд байнга хаягдал түүхий эд авчирч өгдөг П.Мөнхбат нэг согтуу ахтай хамт жижиг машины мотор чирж ирээд минийх байгаа юм энэ хэдэн төгрөг хүрэх вэ гэхээр би үзээд энийг хайлшинд бол авахгүй гэсэн чинь нөгөө хоёр гэрээсээ лантуу авч ирээд бид хоёрыг хайлшийг нь аваад өгье гээд цохиод хайлшин төмрийг нь ялгаад байсан. Тэгээд би ялгасан жоохоныг хиллэж үзээд 6000 төгрөгөөр авсан юм. Тэгээд Мөнхбат нөгөө мөнгөө хамт ирсэн өвгөнгэйгээ аваад явсан. Түүнээс хойш 2-3 цагийн дараа Мөнхбат, өвгөн хоёрын тушаасан моторын эзэн ирээд “миний хашаанаас алдсан мотор мөн байна” гэж хэлээд цагдаа дуудаад миний нөгөө моторыг аваад явсан юм. ...Мөнхбат, өвгөн хоёр тэр моторыг чирч ирэхэд гаднах байдал зүгээр байсан, тэр хоёр хайлшин төмрийг нь авах гэж баахан цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/

 

            Шүүгдэгч П.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баярбат таарсан. Бид хоёр нийтийн байруудаар сав лааз түүсэн. Түүж яваад айлын хашаанд ундааны сав лааз байхаар нь орж түүж байсан чинь амбаарынх нь хажууд машины мотор байсан. Тэрийг би анхандаа машины мотор гэж мэдээгүй, том хайлш байна гэж бодсон. Баярбат бид хоёр тэрийг аваад тушаая гээд шуудай дээр тавиад чирээд хоёрдогч түүхий эдийн цэг дээр очиж тушаасан. Бүтнээр нь тушаах гэхэд авахгүй хайлшийг нь хайлшаар авна гэсэн. Тэгэхээр нь бид хоёр лантуугаар хага цохиж байгаад хайлшийг нь хайлшаар, төмрийг нь төмрөөр нь өгөөд 6200 төгрөгтэй болсон. Тэр мөнгөөр дэлгүүрээс архи, идэх, уух юм авсан. Тэгээд бид хоёр гэр гэртээ харьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлоо хохирогчид бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57  дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

            Шүүгдэгч Д.Баярбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо яг өдрийг нь санахгүй байна. Мөнхбат бид хоёр гудамжаар шил, лааз түүж яваад хохирогчийн хашаанд дотор нь олон архи ундааны шил сав байхаар нь орж авъя гээд ороход хашааных нь баруун талд амбаар түшүүлээд тавьсан байсан машины мотор байхаар нь энийг аваад тушаая гээд хашаанд нь байсан шуудайг доор нь тавьж байгаад чирээд урд далангийн хойд талд байдаг 2 дахь түхий эд авдаг цэг дээр очоод тушаах гэхэд түүхий эдийн цэгийн хүн нь наадахыг чинь бүтнээр нь авахгүй гэсэн. Тэгэхээр нь бид хоёр тухайн моторыг лантуугаар эвдээд хайлшийг нь хайлшаар, хөнгөн цагааныг нь хөнгөн цагаанаар тушааж, нийт 6200 төгрөг авсан. Тэгээд бид хоёр мөнгөөр нь архи авч уугаад гэр гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

   Иймд шүүгдэгч Б.Дэлгэрмэндийг хулгайлах гэмт хэргийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Б.Дэлгэрмэнд нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 24х/

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Дэлгэрмэнд нь хохирогчид учирсан хохирлын эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн ба хохирогч Ө.Батмөнх нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 33, 7 х/

 

Шүүгдэгч Б.Дэлгэрмэндийн бусдад учруулсан хохирлыг төлсөн, 55 настай зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Б.Дэлгэрмэндийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Цагаан гэрүүд овогт Банзрагчийн Дэлгэрмэндийг хулгайлах гэмт хэргийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрмэндийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтуудад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зөрчин явахдаа, хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дэлгэрмэндэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дэлгэрмэндэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ