Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2016/00513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс: 135/2015/00951/И
 
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
 
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг *** дугаар хороо *** дүгээр хороолол *** Гудамж *** байрны *** тоотод оршин суух *** овогт *** /утас ***/-ын нэхэмжлэлтэй,
 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг *** дугаар хороолол *** дугаар байрны *** тоотод оршин суух *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-д холбогдох ,
 
Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний өмчлөлийн Дархан сумын *** дугаар баг *** дугаар хороолол *** дугаар байрны *** тоот 2 өрөө орон сууц нь миний аав, ээжийн үеэс бид гэр бүлээрээ амьдарч ирсэн байр бөгөөд одоо гэрчилгээ нь миний нэр дээр байдаг юм. Уг байранд ***нь одоо хүртэл амьдарч байгаа тул уг орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
 
Хариуцагч ***нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
..Дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ *** нэр дээр гарсан байгааг огт ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ***миний бие 2001 онд эхнэр *** хамт *** гэдэг хүнээс 1,050,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед уг байр нь ус, дулаан, цахилгааны их хэмжээний өртэй байр байсан ба бид харилцан тохиролцож миний бие уг байрны бүх өрийг өөрийн мөнгөөр барагдуулж байрын гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэх үед байрны үндсэн үнэнээс хасаж тооцохоор орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдан авч байсан. Байрны гэрчилгээг шилжүүлэхэд үлдэгдэл мөнгийг өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байсан ба 2001 оноос хойш *** байрны гэрчилгээг шилжүүлж авахыг удаа дараа шаардсан боловч аав ээжийнх нь найз *** гэх хүн байрны гэрчилгээг аваад өгөхгүй байгаа тэр хүнээс аваад гэрчилгээг шилжүүлж өгнө санаа зоволтгүй гэх тайлбарыг хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн юм. Өнгөрсөн хугацаанд *** нар шүүхээр 2013 оныг хүртэл уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой асуудлаар маргалдаж байсан ба *** уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг олгох шүүхийн шийдвэр гарсан боловч *** 2001 онд гэрээ байгуулж харилцан тохиролцсноор миний нэр дээр гэрчилгээг шилжүүлээгүй төдийгүй холбоо сураг тасраад өнөөдрийг хүрч байна. *** би танихгүй ямар үндэслэл ямар шалтгаанаар миний худалдаж аваад 14 жил амьдарч байгаа байрны өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр гарсан байгааг мэдэхгүй байна. Энэ бол хууль бус үйлдэл тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.гэжээ.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч ***нь *** холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
 
Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг *** дугаар байрны *** тоот, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өмчлөгч нь ***бөгөөд уг орон сууцанд ***нь гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа болох нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өмчлөгч нарт олгогдсон *** дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ***нь ...*** дээрх орон сууцыг худалдаж авсан... гэж тайлбарлаж байх боловч ...тэдгээрийн хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл байхад гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна... гэж Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр *** нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-/
Хариуцагч *** хууль бусаар дээрх орон сууцанд оршин сууж, эзэмшиж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" , 106 дугаар зүйлийн 106.1-д "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж зааснаар ***болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг *** дугаар байрны *** тоот, *** мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцныг гаргуулж, нэхэмжлэгч *** олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ***болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг *** дугаар байрны *** тоот, 38 мкв талбайтай, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** өрөө орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгч *** олгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,300 төгрөгөөс илүү төлсөн 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА