| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/00770/И |
| Дугаар | 135/ШШ2016/00488 |
| Огноо | 2016-03-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2016/00488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00770/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, *** хороолол *** байр *** тоотод оршин суух *** овогт ***
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, *** хороолол ***байр *** тоотод оршин суух ***
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, *** хороолол *** байр *** тоотод оршин суух *** овогт *** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р багийн нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-нд холбогдох
Орон сууцны талбайн зөрүү төлбөр, хохирол нийт 12,374,236 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *** итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, өмгөөлөгч *** нэхэмжлэгч Э.Номинзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нэхэмжлэгч *** өмгөөлөгч Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие *** нь ***ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж 3 өрөө 49,47 м/кв байр захиалсан. Уг байр нь гэрээнд заасны дагуу 2014 оны 2 дугаар улиралд баригдаж дууссан. Байрандаа ороод талбайн хэмжээнд эргэлзэж эхэлсэн тул мэргэжлийн компаниар хэмжилт хийлгэхэд 4,13 м/кв дутуу байсан. Тухайн үед нь энэ талаар ***ХХК-аас зөрүү мөнгө шаардахад удирдлага байхгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй ...Орон сууц захиалгын гэрээнд Барилгын тухай хуулийг баримталж ажиллана гэж заасан боловч энэ хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй. Тухайн үед захиалагч нь гэрээ байгуулахдаа орон сууцны 1 м/кв-ын үнийг 1,300,000 төгрөгөөр тохиролцсон байдаг ба бусад захиалагч нартай урьдчилгаа хэдийг өгснөөс шалтгаалж м/кв-ын үнэ өөр өөр байсан. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн тул энэ төдийлэн чухал биш хамгийн гол нь ажил гүйцэтгэгч биет байдлын доголдолтой эд зүйл захиалагч нарт шилжүүлсэн. Ийнхүү гэрээнд зааснаас дутуу талбайн хэмжээ бүхий орон сууцыг шилжүүлснээр банкны зээл, хүүгээс эхлээд маш их хохиролтой тусч байгаа. ... Иймд ***ХХК-аас гэрээнд зааснаас дутуу талбайтай орон сууц шилжүүлсэн тул талбайн зөрүүд илүү төлсөн 5,369,000 төгрөг, хэмжилтийн ажлын хөлс 89,000 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 5,469,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ
Нэхэмжлэгч ***, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Э*** миний бие ***ХХК-тай орон сууц захиалан барих тухай 06 тоот гэрээг 2014.03.07-ны өдөр байгуулж 63,83 м2 талбай бүхий 2 өрөө захиалж, орон сууцны талбайн 1м2 г 1,350,000 төгрөгөөр тооцон нийт 86,170,500 төлж худалдан авсан. Гэрээний доголдлын талаар 6 сарын дотор гомдлоо шүүхэд гаргасан. *** байгуулсан орон сууц захиалгын гэрээний 1.2-т захиалагч нь *** дугаар байрны*** давхарт*** тоот 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцов гэж заасан бөгөөд мөн гэрээний талбайн зөрүү 1 м/кв дотор зөрсөн тохиолдолд харилцан тохиролцоно гэж заасан. Гэтэл талбайн зөрүү 2,88 м/кв болох нь эрх бүхий байгууллагын хэмжилтээр тогтоогдсон. Уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гарсан. ... Энэ байрыг 2014 оны 03 дугаар сараас барьж эхэлж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр барьж дуусгасан байдаг, байрны хүмүүс м2 дутаж байна гэсэн учир мэргэжлийн байгууллагаар хэмжүүлтэл 2,88 м2 дутаж талбайн хэмжээ зөрсөн. Энэ талаар ***ХХК-нд хэлэхэд хүлээн авсангүй. Иймд талбайн зөрүүнд илүү төлсөн 3,888,000 төгрөгийг ***ХХК-аас гаргуулж өгнө үү. Би м2 ийн дутуугаас болж халаалт, СӨХ-ийн мөнгө байнга илүү төлөн хохирч байна. гэжээ.
Нэхэмжлэгч ***шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие нь ***ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулан, тус байгууллагын барьсан Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороолол *** хотхон *** дүгээр байрны ***тоот 42,43 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 мкв-ыг 1,320,000 төгрөгөөр бодож, 56,007,600 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа 15 хувийг гэрээ байгуулахдаа өгсөн. Захиалагч талаас орон сууцыг 2014 оны 02 дугаар улиралд барьж дуусгасан ба 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Уг орон сууцыг худалдан авахдаа 30 хувийн урьдчилгааг төлж, 8 хувийн орон сууцны зээлд хамрагдаж, худалдан авсан. Уг орон сууцны талбайн хэмжээг эрх бүхий байгууллагаар хэмжүүлэхэд нийт талбайн хэмжээ 40,39 мкв гэсэн дүгнэлт гарсан ба 2,06 мкв зөрүү гарсан болно. ... Бид гэрээнд заасны дагуу төлбөрөө төлж, үүргээ гүйцэтгэсэн. Гэвч уг орон сууцны мкв нь гэрээгээр захиалсан 42,43 мкв талбайтай биш, 40,37 мкв талбайтай байсан. Иймд хариуцагч ***ХХК нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, уг орон сууц нь биет байдлын доголдолтой байх тул талбайн зөрүүд илүү төлсөн 2,719,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад учирсан хохирол орон сууцыг банкны зээлээр авсан учир зээлийн хүү 217,536 төгрөгийг, хэмжилт хийлгэсний зардал 80,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ***ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа ... Нэхэмжлэгч тал болох иргэн *** нь Дархан сум 14-р баг 2-р хороолол *** хотхон ***р байр ***тоот орон сууцыг 2013 оны 11-р сарын 02-ны өдөр дугаар №*** тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, худалдан авахаар гэрээг байгуулж гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч тал болох ***ХХК-ны барьж ашиглалтанд оруулсан, улсын комисс хүлээж авсан, орон сууцыг захиалагч тал болох иргэн *** нь гэрээнд заасны дагуу орон сууц хүлээлцэх актаар хүлээж авсан болно. Нэхэмжлэгч тал 4,13 м2 н зөрүү мөнгө болох 5,469,500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Учир нь иргэн *** нь 2014 оны 06-р сарын 25-ны өдөр гүйцэтгэгч тал болох ***ХХК-ны төлөөлөгчөөс орон сууц хүлээлцсэн актаар орон сууцыг хүлээн авсан, хүлээж авсан орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалт, сэлгээний явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш юм. Мөн захиалагч тал гүйцэтгэгч тал хоёрын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-нд орон сууцны 49,47 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, орон сууцны үнэ 64,311,000 төгрөг гэж тус тус заасан байгаа.
Нэхэмжлэгч ***нь Дархан сум ***-р баг ***-р хороолол *** хотхон ***-р байр*** тоот орон сууцыг 2013 оны 09-р сарын 21-ний өдөр дугаар №*** тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, худалдан авахаар гэрээг байгуулж гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч тал болох ***ХХК-ны барьж ашиглалтанд оруусан, улсын комисс хүлээж авсан, орон сууцыг захиалагч тал болох иргэн ***нь гэрээнд заасны дагуу орон сууц хүлээлцэх актаар хүлээж авсан болно. Нэхэмжлэгч тал 2,06 м2 н зөрүү мөнгө болох 3,016,736 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Учир нь иргэн ***нь 2014 оны 06-р сарын 25-ны өдөр гүйцэтгэгч тал болох ***ХХК-ны төлөөлөгчөөс орон сууц хүлээлцсэн актаар орон сууцыг хүлээн авсан, хүлээж авсан орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалт, сэлгээний явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш юм. Мөн захиалагч тал гүйцэтгэгч тал хоёрын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-нд орон сууцны 42,43 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, орон сууцны үнэ 56,007,600 төгрөг гэж тус тус заасан байгаа.
Нэхэмжлэгч тал болох иргэн *** нь Дархан сум ***-р баг ***-р хороолол ***хотхон ***-р байр ***тоот орон сууцыг 2014 оны 03-р сарын 07-ны өдөр дугаар №06 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, худалдан авахаар гэрээг байгуулж гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч тал болох ***ХХК-ны барьж ашиглалтанд оруусан, улсын комисс хүлээж авсан, орон сууцыг захиалагч тал болох иргэн *** нь гэрээнд заасны дагуу орон сууц хүлээлцэх актаар хүлээж авсан болно. Нэхэмжлэгч тал 2,88 м2 н зөрүү мөнгө болох 3,888,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Учир нь иргэн *** нь 2015 оны 01-р сарын 29-ний өдөр гүйцэтгэгч тал болох ***ХХК-ны төлөөлөгчөөс орон сууц хүлээлцсэн актаар орон сууцыг хүлээн авсан, хүлээж авсан орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалт, сэлгээний явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш юм. Мөн захиалагч тал гүйцэтгэгч тал хоёрын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-нд орон сууцны 68,83 м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, орон сууцны үнэ 86,170,500 төгрөг гэж тус тус заасан байгаа.
... нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээ нь орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй боловч талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Баригдаад 70, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан.... Гэрээнд орон сууцны талбайн нэгжийн үнэ буюу 1м2 талбайг үнэлсэн тусгайлсан заалт байхгүй болно. Өөрөөр хэлбэл: Гэрээний талууд 1м2 ийн үнийг тохироогүй орон сууцныхаа үнийг бүхэлд нь буюу багцын үнээр тохирсон ба орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу, улсын комисс хүлээж авсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар тохирч уг гэрээг байгуулсан бөгөөд захиалагч тал тухайн эд хөрөнгийг гэрээнд заасны дагуу 2014 оны 06-р сарын 25-ны өдөр орон сууц хүлээлцэх актаар хүлээн авсан. Орон сууцыг хүлээлгэн өгөхөөс өмнө үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг *** 2015 оны 06-р сарын 19-ний өдөр, ***2015 оны 06-р сарын 24-ний өдөр өөрсдийн нэр дээр гаргуулж авснаар өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн болно. Хуульд зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар, хуульд зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдахаар заасан байна. ... Иймд нэхэмжлэгч ***, *** нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***, ***, ***нар нь хариуцагч ***ХХК-нд холбогдуулан орон сууцны талбайн зөрүү төлбөр, хохирол нийт 12,374,236 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тодруулбал нэхэмжлэгч *** нь хариуцагч байгууллагыг гэрээнд зааснаас дутуу хэмжээтэй буюу биет байдлын доголдолтой орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэж гэрээний төлбөрт илүү төлсөн 5,369,000 төгрөг, хэмжилтийн хөлс 89,000 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг нийт 5,469,500 төгрөг,
Нэхэмжлэгч *** нь мөн хариуцагч байгууллагыг гэрээнд зааснаас дутуу хэмжээтэй буюу биет байдлын доголдолтой орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэж гэрээний төлбөрт илүү төлсөн 3,888,000 төгрөгийг,
Нэхэмжлэгч ***нь мөн хариуцагч байгууллагыг гэрээнд зааснаас дутуу хэмжээтэй буюу биет байдлын доголдолтой орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэж гэрээний төлбөрт илүү төлсөн 2,719,200 төгрөг, гэрээгээ зөрчсний улмаас гарсан хохирол 217,536 төгрөг, хэмжилтийн хөлс 80,000 төгрөг нийт 3,016,736 төгрөгийг тус тус хариуцагч ***ХХК-аас нэхэмжилжээ.
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч байгууллагыг гэрээнд зааснаас дутуу хэмжээтэй буюу биет байдлын доголдолтой орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэж талбайн зөрүүд илүү төлсөн төлбөр болон гэрээг зөрчсний улмаас учирсан хохирлоо шаарджээ.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... талуудын хооронд ажил гүйцэтгэх бус худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нар нь шаардлага гаргах эрхээ алдсан, ... хэмжилт хийсэн ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй эсэх, тус компанийн хэмжилт хийсэн багаж төхөөрөмж нь тухайн хэмжилт хийх үед стандартын шаардлага хангасан эсэхэд эргэлзэж байна, ... бид барилгын ажлыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн, ... орон сууц ашиглалтанд ороход манай байгууллагаас оршин суугч нараас саналын хуудас бөглүүлж авсан, ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, дуугүй байх нь хүлээн зөвшөөрснийг илтгэх тул талбайн зөрүүгүй орон сууц хүлээн авсан гэж үзнэ ... гэж маргажээ.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч ***ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, тус компанийн Дархан-Уул аймаг, 14 багийн нутаг дэвсгэрт баригдаж эхэлсэн 170 айлын орон сууцны барилгаас нэхэмжлэгч *** нь 49,47 мкв, ***нь 42,43 мкв, 40, 45 айлын орон сууцнаас *** нь 63,83 мкв хэмжээтэй орон сууц тус тус захиалгаар бариулахаар тохиролцсон байна.
2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ***тай, 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр *** байгуулсан гэрээнд орон сууцыг 2014 оны 02 дугаар улиралд, 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр *** байгуулсан гэрээнд орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барихаар тус тус заасан бөгөөд ***, ***нарын орон сууцны барилга 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, *** орон сууцны барилга 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтанд орсон болох нь Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актуудаар тогтоогдож байна.
Ажил гүйцэтгэх гэрээ нь ихэнхдээ аливаа эд зүйлийг шинээр бий болгоход чиглэгдэж, тухайн ажлын үр дүн нь тодорхой ажил, үйлчилгээ явагдсаны эцэст бий болдогоороо бусад төрлийн гэрээнээс онцлог байдаг ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Захиалагч нартай байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний 3.1-т Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг батлагдсан зураг, төслийн дагуу ... хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцүүлэн ... Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулан захиалагчид хүлээлгэн өгнө., гэрээний 3.6-д Гүйцэтгэгч нь орон сууцны дотоод буюу өрөөний зохион байгуулалт, интерьерийн зураг төслийг өөрчлөхтэй холбоотой мэдээлэл, зөвөлгөө авах нөхцөл боломжоор захиалагчийг хангана., 4.2-т Захиалагч нь орон сууцны төлөвлөлттэй холбоотой өөрчлөлтийг гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр өрөө хоорондын тусгаарлах хана /хамар хана/ хийгдэхээс өмнө нэг удаа өөрчлүүлж болно. гэж тусгажээ.
Гэрээний энэ заалт, агуулга, талуудын харилцан тохиролцсон нөхцөл болон гэрээ байгуулах үед тухайн орон сууцны барилга ашиглалтанд ороогүй, улсын комисс хүлээж аваагүй байсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй, хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ... барилга байшингийн доголдол, дутагдлын талаар ажил хүлээн авсанаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно., хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан ба ийнхүү хуульд заасан ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ ажил гүйцэтгэгч зөрчсөн тул доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахыг шаардсан захиалагч нарын шаардлага үндэслэлтэй байна.
Захиалагчийн сонголтод нийцүүлэн тухайн орон сууцны байрлал /хэдэн давхрын хэдэн номер болох/, өрөөний тоо, талбайн хэмжээ зэрэг гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож, гэрээндээ тусгасан байх бөгөөд гэрээнд заасан тоо, хэмжээ, чанартай орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцнэ.
Нөгөө талаар Барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа, барилгын ажил гүйцэтгэж байгаа этгээд нь Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар барилгын норм, нормативын баримт бичгийг заавал дагаж мөрдөх учиртай ба нийтийн ашиг сонирхол, эрх ашигтай холбоотой энэ нөхцөлд орон сууцны талбайн хэмжээг тогтооход баримтлах Монгол Улсын МNS 6058:2009 стандартын баримт бичгийн дагуу талбайн хэмжээг тогтоолгүй орон сууцыг хүлээлгэн өгснийг зөвтгөх боломжгүй юм.
Нэхэмжлэгч нар нь орон сууцны талбайн зөрүүтэй асуудлаар тусгай зөвшөөрөл бүхий Гега гранд ХХК, ******* ХХК-аар талбайн хэмжилт хийлгүүлсэн байх бөгөөд дээрх байгууллагуудын гаргасан шинжилгээний тайлангаар орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй буюу нэхэмжлэгч *** *** тоот 3 өрөө орон сууц 4,13 мкв, *** тоот орон сууц 2,06 мкв, *** тоот орон сууц 2,88 мкв-ын зөрүүтэй болох нь тогтоогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл, хэмжилт хийсэн багжийн стандартын шаардлага хангасан эсэх талаар маргадаг боловч энэ талаар болон дээрх талбайн зөрүүтэй байдлыг тогтоосон эрх бүхий этгээдүүдийн шинжилгээний тайланг үгүйсгэсэн, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, дахин шинжээч томилуулах талаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.
******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл, талбайн хэмжилт хийсэн багаж нь стандартын шаардлага хангасан шалгалт тохируулгын гэрчилгээний хуулбар хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тус шүүхэд ирүүлсэн албан бичигт ******* ХХК-нд зураг төслийн тусгай зөвшөөрлийг 1.2.3 1-16 давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төлөл, Барилгын зохион байгуулалтын зураг төсөл /ПОС, ПОР/ заалтаар Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128 дугаар тушаалаар 3 жилийн хугацаагаар олгосон тухай заажээ. Иймээс тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа хэмжилт хийсэн өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусаагүй, хэмжил хийх эрхтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч талаас татгалзалтайгаа холбогдуулж тухайн барилга баригдаж байсан талаар бүртгэлийн дэвтрийн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч дэвтэрт бичигдсэн барилгын гүйцэтгэлийн талаар тэмдэглэл нь чухам ямар барилга, орон сууцных болох нь, нэхэмжлэгч нарын захиалсан орон сууцны барилга мөн эсэх нь тодорхойгүй, саналын хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтад санал авсан болон санал өгсөн хүний гарын үсэг зурагдаагүй, саналын хариуг хэн өгсөн нь тодорхой бус байна.
Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлсэн У.Батчимэгийн ... орон сууцны 1 мкв-ын үнийг захирлын шийдвэрээс хамаарч тогтоодог байсан ... гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч нарын ... урьдчилгаа төлбөрөө хэдийг өгснөөс хамаарч 1 мкв-ын үнэ өөр өөр байсан ... гэжээ.
Иймд шүүх орон сууцны нийт үнийг талбайн хэмжээнд хуваах замаар 1 мкв-ын үнийг тооцож, нэхэмжлэгч нарын гэрээгээр тохирсон хэмжээнээс дутуу шилжүүлсэн талбайн зөрүү төлбөр буюу *** орон сууцны хэмжээ 4,13 мкв-аар дутуу 5,369,000 төгрөгийг, *** орон сууц 2,06 мкв-аар дутуу 2,719,200 төгрөгийг, *** орон сууц 2,88 мкв-аар дутуу 3,888,000 төгрөгийг тус тус хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Ажил гүйцэтгэгч ***ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр захиалагч ***, ***нар нь Гега гранд ХХК, ******* ХХК-аар орон сууцны тайлбайн хэмжилт хийлгэсний хөлс, нотариатын зардал зэргийг өөрт учирсан бодит хохиролд тооцсон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтлийг хохиролд тооцно. гэсэн заалттай нийцэж байна.
*** нь хэмжилт хийлгэсний хөлсөнд 89,000 төгрөг, нотариатын зардалд 11,500 төгрөг зарцуулсан нь баримтаар тогтоогдож байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж, харин нэхэмжлэгч ***зээлийн хүүнд илүү төлсөн 217,536 төгрөг, хэмжилт хийлгэсний зардал 80,000 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилсэн шаардлага баримтаар нотлогдохгүй байна. Тухайлбал хэмжилтийн хөлс төлсөн талаар банкны орлогын баримтад төлбөр хүлээн авагч нь хэмжилт хийсэн байгууллага бус өөр хувь хүний нэр бичигдсэн тул энэ баримтаар шилжүүлсэн төлбөр нь хэмжилтийн хөлс гэж үзэх боломжгүй, ***нь орон сууцаа барьцаалж 8 хувийн хүүтэй 38,600,000 төгрөгийг зээлж авсан нь орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд уг зээлийн хүүнд тухайн барьцаа орон сууцны талбайн зөрүүтэй байдал нөлөөлсөн, үүнээс нэхэмжлэгчид хүүгийн хохирол учирсан байдал тогтоогдохгүй байна. Иймд З.Лхагварагчаагийн нэхэмжлэлийн шаардлагаас 297,536 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгч нарын төлсөн нийт 243,340 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***ХХК-аас нийт 238,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт ногдох хэсгээр олгов.
Нэхэмжлэгч ***нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан журмын дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***ХХК-аас талбайн зөрүү төлбөр, хохирол нийт 12,076,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***ад 5,469,500 төгрөг, *** 2,719,200 төгрөг, *** 3,888,000 төгрөг тус тус олгож, *** нэхэмжлэлийн шаардлагаас 297,536 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** төлсөн 102,500 төгрөг, *** төлсөн 63,690 төгрөг, ***төлсөн 77,150 төгрөг нийт 243,340 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, ***ХХК-аас нийт 238,107 төгрөгийг гаргуулж үүнээс ***ад 102,500 төгрөг, *** 58,457 төгрөг, *** 77,150 төгрөгийг тус тус олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН