Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2016/00486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2015/01391/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 байрны 602 тоотод оршин суух Боржигон овогт нчигГодоржийн Одбаяр /РД: ТЗ68092872/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 30-р байрны 303 тоотод оршин суух Дархан овогт Хумбааны Сарнайцэцэг /РД: ЛЮ81061021/-т холбогдох,

Шилжүүлэн өгсөн 300,000 төгрөг, эдийн бус гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, иргэдийн төлөөлөгч Д.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Одбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Сарнайцэцэгийн хадам ээж Т.Наранцэцэгтэй орон сууц захиалан бариулах гэрээ хийж, гэрээний маргаан бидний хооронд үүссэн. Т.Наранцэцэг нь урьдчилгаа төлбөрөө хугацаандаа өгч чадаагүйгээс болж бидний гэрээ цуцлагдаж, бид шүүхээр маргаанаа шийдвэрлүүлсэн. Би Т.Наранцэцэгийг хэл ам хийгээд байхаар нь 300,000 төгрөгийг Х.Сарнайцэцэгт нь өгсөн, үүнийг тооцоонд оруулахгүй гэж байгаа тул нэхэмжилж байна. Мөн Х.Сарнайцэцэг нь 2015 оны 07 сарын 16-ны өдөр фэйсбүүк дээр эхнэр бид хоёрын зургийг тавьж өр зээлтэй гэж зарласан. Ингэж миний ажил хэргийн нэр хүнд, хувь хүний нэр төрд халдсан үйлдэл хийснээр найз нөхөд, ажил хэргийн харьцаатай байсан харилцагчдын дунд таагүй уур амьсгал бий болж, миний бизнесийн ажилд муугаар нөлөөлсөн. Иймд Х.Сарнайцэцэгээс өгсөн 300,000 төгрөг, нэр төр унагаж гутаасны хохиролд 3,000,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Сарнайцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Одбаяр нь 2015 оны 04 сарын 29-нд өөрийнхөө данснаас миний Хаан банкны дансруу 300,000 төгрөг шилжүүлж, өөрийн баталгаагаа бичгээр үйлдэж өгсөн. Г.Одбаяр нь зан аашны хувьд тогтворгүй, хэлсэн ярьсандаа эзэн болж чаддаггүй нь олон удаагийн үйлдэл зэргээс нь мэдрэгдсэн.

Г.Одбаярын 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. Үүний шалтгаан нь Facebook дээр тавьсан гэж мөнгө нэхэх үндэслэл байхгүй. Иймээс тэр үед нь өөрт нь урьдчилан хэлснээр тавьсан гэж үзэж байгаа. Бидний хооронд 22,250,000 маргаан байснаас үүдэлтэй. Энэ нь 2 жил үргэлжилсэн. Их хугацаанд бид хохирч, шүүхээр явснаар Г.Одбаярын буруутай нь нотлогдож мөнгөний асуудал дууссан. Миний бие удаан хугацаагаар гадаадад ажил хийхээр явж байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй. Иймд шүүх хурлыг миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

D:\Bvv ustga\Shiidver\Gem hor\Odbayar Sarnaitsetseg.docx

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Одбаяр нь хариуцагч Х.Сарнайцэцэгт холбогдуулан түүнд шилжүүлэн өгсөн 300,000 төгрөг, нэр төр гутааснаас учирсан хохиролд 3,000,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Одбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Х.Сарнайцэцэгийн хадам ээж Т.Наранцэцэгтэй орон сууц захиалгаар барьж өгөхөөр тохирсон асуудал байсан бөгөөд энэхүү гэрээ нь цуцлагдсанаас болж маргаан гарсан. Байрандаа орж чадахгүй байна гээд хэл ам хийгээд байхаар нь 300,000 төгрөг бэр Х.Сарнайцэцэгт нь өгсөн боловч энэхүү мөнгийг Т.Наранцэцэг аваагүй гэж буцаан авч байгаа урьдчилгаа төлбөрөөс хасаагүй тул энэхүү мөнгийг Х.Сарнайцэцэгээс нэхэмжилж байна гэж тайлбарладаг болно.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 863 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Х.Сарнайцэцэгийн Г.Одбаярын өгсөн 300,000 төгрөг нь Т.Наранцэцэгт өгөх мөнгөтэй ямар ч холбоогүй. Би Г.Одбаяр ахад амьдрал хэцүү байна гэхэд надад 300,000 төгрөг өгсөн. Энэ мөнгө байрны тооцоотой холбогдолгүй гэж хэлж өгсөн гэсэн мэдүүлгийг үндэслэн Т.Наранцэцэгт 300,000 төгрөгийг өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн энэхүү төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн хэрэгт авагдсан тус шүүхийн шүүх хуралдааны 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 863 дугаар тэмдэглэлд Х.Сарнайцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн Надад байрны түрээсийн төлбөр гэж 300,000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг би Т.Наранцэцэгт өгөөгүй, би өөрөө данснаасаа авч хэрэглэсэн гэсэн гэрчийн мэдүүлэг, хариуцагч Х.Сарнайцэцэгийн шүүхэд гаргасан 2015 оны 04 сарын 29-ний өдөр Г.Одбаяр өөрийнхөө данснаас миний дансруу 300,000 төгрөг шилжүүлж, өөрийн баталгаагаа баримттай нь бичгээр үйлдэж өгсөн гэсэн тайлбар, Сарнайд 300,000 төгрөг нь зээлийн төлбөрт хамаарахгүй гэсэн бичлэгтэй баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Одбаяр нь хариуцагч Х.Сарнайцэцэгт 300,000 төгрөг шилжүүлсэн, Х.Сарнайцэцэг нь тус мөнгийг шилжүүлэн авч, өөртөө зарцуулсан болох нь тогтоогдож байна.

Талуудын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Г.Одбаяр нь Т.Наранцэцэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд түүний охин болох хариуцагч Х.Сарнайцэцэгт 300,000 төгрөг шилжүүлэн өгсөн, уг мөнгийг Х.Сарнайцэцэг өөртөө зарцуулсан байх бөгөөд Г.Одбаяр, Х.Сарнайцэцэг нарын хооронд 300,000 төгрөгийн талаар ямар нэгэн үүрэг үүсээгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д: Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол буцаан шаардах эрхтэй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байхад 300,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Одбаяр, хариуцагч Х.Сарнайцэцэгт шилжүүлэн өгсөн байх тул энэхүү хуульд заасны дагуу 300,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Одбаяр нь фэйсбүүк дээр зураг тавьж, өр зээлтэй гэж зарласан нь нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, гутааснаас бизнесийн ажилд муугаар нөлөөлсөн тул үүний хохиролд 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.Сарнайцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа бидний хооронд 22,250,000 төгрөгийн маргаан байснаас үүдэлтэй бөгөөд Энэ нь хоёр жил үргэлжилж явсаар Г.Одбаярын буруутай нь нотлогдож, мөнгөний асуудал дууссан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн энэхүү тайлбар болон хэрэгт авагдсан фото зургаар Х.Сарнайцэцэг фэйсбүүк хуудсандаа Г.Одбаярын зургийг тавьж, мөнгөө өгөхийг шаардсан болох нь тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 863 дугаар шийдвэрээр Г.Одбаяр болон Х.Сарнайцэцэгийн ээж болох Т.Наранцэцэг нарын хооронд гэрээнээс үүдэлтэй маргааныг хянан шийдвэрлэж, Г.Одбаяраас нийт 7,800,000 төгрөг гаргуулж, Т.Наранцэцэгт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд зохигчдын хооронд хариуцагчийн ээж Т.Наранцэцэгийн авлагатай холбоотойгоор маргаан үүссэн байсан болох нь зохигчдын тайлбар болон энэхүү шийдвэрээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д: Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй, 21.3-т: бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Г.Одбаярын ажил хэргийн нэр хүндэд нь хариуцагчийн үйлдлээс болж хохирол учирсан нь тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч бизнесийн ямар үйл ажиллагаанд хэрхэн хохирол учирснаас 3,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа үндэслэл тодорхойгүй, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигчид хүлээхээр тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байхад түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан гэж үзэн 3,000,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Одбаярын нэр төр унагаж, гутаасны хохиролд нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 300,000 төгрөгийг хариуцагч Х.Сарнайцэцэгээс гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Сарнайцэцэгээс 300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Одбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Одбаяраас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 67,750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 250 төгрөгийг Төрийн сангийн данснаас нэхэмжлэгч Г.Одбаярт буцаан олгож, хариуцагч Х.Сарнайцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 9,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Одбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

З.ТУНГАЛАГМАА