| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 197/2026/0302/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/296 |
| Огноо | 2026-02-16 |
| Зүйл хэсэг | 25.3.1., |
| Улсын яллагч | Ч.Н |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/296
2026 02 16 2026/ШЦТ/296
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Нд холбогдох 2511 03033 0119 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1..... оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт, ................ дүүргийн 22 дугаар хороо, .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, МН /РД:................./.
Хэргийн товч агуулга:
Ч.Н нь 2021 оны 06 дугаар сард Улаанбаатар хот, ...........дүүргийн ........... дугаар хороо, ............. тоотын гадна талын орчим талаас эртний Түрэгийн үед хамаарах дөрөө, амгай, зуузай, төмөр цагариг зэрэг эд зүйлсийг олж, соёлын өв мөн болохыг бусдаар таниулан заалгуулж мэдэн өөрийн санаачилгаар соёлын ямар төрлийн эд зүйл болохыг мэргэжлийн шинжээчээр тодорхойлуулан уг эд зүйлсийг зохих байгууллагад мэдэгдэхгүйгээр завшсан,
Мөн 2023 оноос эхлэн өөрийн эзэмшлийн “..........” гэх фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “...Эртний Түрэгийн үед хамаарах дөрөө амгай, зуузай, төмөр цагариг зэрэг археологийн олдвор болох “Соёлын биет өв”-ийн хууль бус худалдааг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үргэжилсэн үйлдлээр ............... хорооны нутаг дэвсгэрт явуулахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Н нь 2021 оны 06 дугаар сард Улаанбаатар хот, ............... тоотын гадна талын орчим талаас эртний Түрэгийн үед хамаарах дөрөө, амгай, зуузай, төмөр цагариг зэрэг эд зүйлсийг олж, соёлын өв мөн болохыг бусдаар таниулан заалгуулж мэдэн өөрийн санаачилгаар соёлын ямар төрлийн эд зүйл болохыг мэргэжлийн шинжээчээр тодорхойлуулан уг эд зүйлсийг зохих байгууллагад мэдэгдэхгүйгээр завших,
Мөн 2023 оноос эхлэн өөрийн эзэмшлийн “............” гэх фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “...Эртний Түрэгийн үед хамаарах дөрөө амгай, зуузай, төмөр цагариг зэрэг археологийн олдвор болох “Соёлын биет өв”-ийн хууль бус худалдааг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үргэжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явуулахаар завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А....... өгсөн: “Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь Монгол Улсын соёлын өвийг хамгаалах үүрэгтэй байдаг. Ийм ч учраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25-р бүлэгт заасан гэмт хэргийн хохирогчоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг тогтоодог... Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд археологийн олдвор нь Түүх, соёлын хөдлөх дурсгал буюу соёлын биет өвд хамаарна. Мөн хуульд олдвор гэдэг нь түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн гэж заасан байдаг. Археологийн олдворыг худалдаж, борлуулахыг хориглодог. Учир нь Монгол Улсын түүхийн гэрч болж газрын хөрсөнд он удаан жил хадгалагдсан археологийн олдворыг иргэн хүн өмчлөх ёсгүй, төрийн өмч байж шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд мөн музейн үзмэрт ашиглагдаж байх ёстой... 2014 онд батлагдсан Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1.6-д археологийн олдворыг соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамааруулна гэж заасан байдаг.... Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд археологи, палеонтологийн олдвор нь түүх, соёлын хөдлөх дурсгал буюу соёлын биет өвд хамаардаг бөгөөд Эрүүгийн тухай хуульд соёлын биет өвийг худалдаалахыг хориглодог. Мөн иргэн өөрт байх соёлын биет өвийг улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд бүртгүүлээгүй эд зүйлийг бусдад худалдан борлуулах үйлдэл нь соёлын биет өвийн хууль бус худалдаанд хамаарна.” гэх мэдүүлэг /хх.21-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.А......... өгсөн: “Би “Элигант” төвд өрөө түрээсэлж... эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг... 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 18:00 цагийн орчимд эртний эдлэлийн лангуун дээрээ сууж байтал манай өрөөнд нэр, зүс үл таних нэг сахалтай залуу орж ирээд “сайн байна уу” гэж байтал гаднаас цагдаагийн алба хаагчид орж ирсэн. Тэр сахалтай залуу цагдаа нарт шалгуулж байхдаа цүнхнээсээ нэг ширхэг хадагт боосон өрөөсөн дөрөө, амгай хоёр гаргаж ирсэн... тэр зүйлээ зарах гэж байсан юм шиг байсан.” гэх мэдүүлэг /хх.26-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Д......... өгсөн: “Би “Элигант” төвд өрөө түрээсэлж эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг... 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 18:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн урт цагааны гудамжны зүүн үзүүрт байрлан... эртний эдлэлийн лангуун дээрээ сууж байхад нэг сахалтай залуу орж иртэл араас нь цагдаагийн албан хаагчид орж ирээд тухайн залууг шалгахад үүргэвчнээс нь нэг ширхэг металл дөрөө, 2 ширхэг амгай гаргаж ирсэн.” гэх мэдүүлэг /хх.31-33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.А......... өгсөн: “Би Монгол Улсын Их сургуулийн Археологи-Антропологийн тэнхимийг 2006 онд Түүхийн багш-Археологич мэргэжлээр төгссөн. 2010 онд тус тэнхимдээ Магистрын зэрэг хамгаалсан. Сургууль төгсөөд Монгол Цэргийн музейд эрдэм шинжилгээний ажилтнаар 2007-2012 онд ажиллаж байгаад 2012 оноос СӨҮТ-д түүх, соёлыг үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн, газрын даргаар ажиллаж байна... Өмнө нь би тухайн эд зүйлийг харж байсан Н гэдэг залуу надад 2023 оны 11 дүгээр сарын үед байхаа миний viber луу зургийг нь явуулж байсан юм. Тэгээд би Н гэдэг залуугаас “чи наад зүйлээ хаанаас хэзээ олсон юм бэ?” гэж асуутал “би хороололд өөрийн хашаан дотор газар ухаж байгаад олж байсан юм” гэж хэлж байсан.Тэгээд би Н гэх залууд “наад эд зүйлс чинь түрэгийн үеийн дөрөө, амгай байна аа, чи наад эд зүйлсээ музейд очиж үзүүлээд, музейд өгсөн нь дээр байхаа” гэж хэлж байсан. Тэгээд бас “тухайн эд зүйлс нь элбэг байгаад байдаг эд зүйлс бишээ, тэгэхдээ нэг их үнэ цэнэ хүрэхгүй байхаа” гэж бас хэлж байсан юм... 2023 оны 11 дүгээр сард манай Соёлын өвийн үндэсний төвд дээр соёлын яамны харъяа байгууллагын хүмүүс ирж манай ажил төрөлтэй танилцсан юм. Тэгээд тэр үед манай сэргээн засварлах лаборторит хүмүүсийг оруулж юм үзүүлж байхад манай ажлын хүнээс “ийм эд зүйлс ямар учиртай юм” гэх зэргээр асуугаад байхаар нь манай ажлын газрын залуу над дээр дагуулж орж ирж байсан юм, тэрнээс биш би тухайн залууг өмнө нь харж байгаагүй бас танихгүй.” гэх мэдүүлэг /хх.36-37/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.47-49/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.57/,
Соёлын өвийн үндэсний төв, Соёлын биет өвийг таньж тогтоох шинжээчийн зөвлөлийн 2025-43 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг эд зүйлийг шинжлэн, түүх, соёлын дурсгалт зүйл соёлын биет өвд хамаарах эсэх талаар тодорхойлон дүгнэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг эд зүйлийг дараах байдлаар дугаарлаж, нэрлэн шинжлэв.
1. Дөрөө
2. Амгай, зуузай
3. Төмөр цагариг
Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг эд зүйлс нь археологийн малтлага судалгаанаас илэрсэн олдвор эд өлгийн зүйлс мөн байх боломжтой. Учир нь үүнтэй төстэй эд өлгийн зүйлс Түрэгийн тахилын онгоны малтлага судалгаанаас илэрсэн байдаг. (2023 он Т.Идэрхангай нарын судалгааны ажлын тайлан, Монголын археологи 2023 хурлын эмхэтгэл, тал 157-162). Тухайн эд зүйлс нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдох бүрэн боломжтой. Тухайн эд зүйлсийг хаанаас олдсоныг тодорхойлох боломжгүй.
Шинжилгээнд ирүүлсэн №1, 2 дугаартай 3 ширхэг эд зүйлс нь Эртний Түрэгийн үед хамаарна. №3 дугаартай эд зүйлийн он цагийг тодорхойлох боломжгүй.
Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг эд зүйл нь Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл соёлын биет өвд хамаарна.
Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг эд зүйлсийг хэмжээ, жин, он цаг, агуулга зэргийг Хүснэгт 1-д тодорхойлов...” гэсэн дүгнэлт болон бичгийн нотлох баримтууд цугларсан байна.” гэх дүгнэлт /хх.66-73/,
Монголын Археологи-2023 Эрдэм шинжилгээний хурлын тэмдэглэл /хх.76-83/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.89-101, 128/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.114-118/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.122-123/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Нн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын эхээр өөрийн амьдарч буй хашаа болох Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамжны 107 тоотод муу усны нүх ухаж байгаад тухайн дөрөө, амгай мэт зүйлсийг олж авсан. Тэгээд тухайн эд зүйлүүдийг зарах юм бол хэдэн төгрөг болохыг мэдэх гээд Соёлын өвийн үндэсний төвийн археологийн мэргэжилтэн Анхсанаа гэдэг хүний Viber хаяг руу тухайн эд зүйлсийн зургийг явуулаад “энэ ямар учиртай эд зүйлүүд вэ? Хэдэн оны эд зүйлүүд вэ?” гэж асуутал Анхсанаа гэдэг хүн “Түрэгийн үеийн галан тоногтой амгай, дөрөөний ул нь бөөрөнхий, тэр үеийн эд зүйлүүд байна аа, дээр үеийн эд зүйлсийг хэлбэр загвараар нь тодорхойлдог юм” гэж надад хэлсэн.
Тэгээд бас Анхсанаа гэдэг хүнээс “энэ зүйлсийг яаж зарах вэ” гэж асуутал “чи музейгээс асуу” гэж хэлэхээр нь би Байгалийн түүхийн музей, Чингис хаан музей зэрэг дээр очоод үзүүлтэл “манайх худалдаж авах боломжгүй ээ, харин та өөрийн нэр дээр хандив маягаар өгч болно шүү” гэж хэлж байсан.
Тэгээд би тухайн эд зүйлсийг зарах гээд фейсбүүкийн “эртний эдлэл худалдаа, эртний эдлэл авна, зарна” гэсэн нэртэй групп дээр “зарна” гэж зар оруултал хэдэн төгрөгөөр зарах вэ? гэх мэтээр хүмүүс асууж байсан. Тэгээд тухайн үед нэг хүн “8 сая төгрөгөөр худалдаж авъя” гэж хэлэхээр нь би арай бага үнээр зарах гээд байгаа юм шиг санагдаад байхаар нь зараагүй... Би өөрийн ашигладаг Ch Nergui гэх нэртэй фейсбүүк хаягаасаа зар оруулж байсан... Би Анхсанаа гэдэг хүнтэй 2023 оны 06 сарын үед байхаа Соёлын яамны харьяа байгууллагуудын сургалт болох үед танилцаж байсан юм. Тэгээд тухайн хүнээс асууж байсан юм... Тухайн муу усны нүхийг 4 метр шахуу ухаж байсан. Тэгээд маргааш өдөр нь ухсан шороогоо хартал тухайн эд зүйлүүд байж байсан... Би өнөөдөр гэртээ байж байтал өдөр 15 цагийн үед 95790531 гэдэг дугаараас над руу залгаад “дөрөө, хазаарыг чинь үзмээр байна аа, би зараад өгье” гэж хэлэхээр нь тухайн хүнтэй “17 цагт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны тэнд үйл ажиллагаа явуулдаг эртний эдлэл гээд дэлгүүр байгаа, тэнд хүрээд ирээч” гээд намайг дуудахаар нь би яваад очсон. Тэгээд зааж өгсөн дэлгүүрт нь яваад ортол араас цагдаа нар ороод ирсэн... Өмнө нь уулзаж байгаагүй. Миний фейсбүүк дээр тавьсан зарыг хараад над руу залгасан юм шиг байна лээ... Зориулалтын дагуу яман нэгэн газарт хүлээлгэж өгөх талаар би сайтар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх.44-46, 125/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.133/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.135-136/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.137-138/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ч.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Ч.Н нь бусдад төлөх төлбөргүй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн, 8100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасныг баримтлан, шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн 8100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ч.Нн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан нийт 8100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй дөрөө 1 ширхэг, амгай, зуузай 2 ширхэг, төмөр цагариг 1 ширхэг, нийт 4 ширхэг эд зүйлсийг хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч МНг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийг завших”, гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгтжэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ч.Нд оногдуулсан нийт 8100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,100,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй дөрөө 1 ширхэг, амгай, зуузай 2 ширхэг, төмөр цагариг 1 ширхэг, нийт 4 ширхэг эд зүйлсийг хадгалуулахаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамын дэргэдэх Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Нд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.