| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00303/И |
| Дугаар | 135/ШШ2016/00470 |
| Огноо | 2016-03-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2016/00470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00303/и
Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** дугаар байранд байрлах ***ХХК /утас ***/-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-д холбогдох,
Гэм хорын хохирол 2,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***ХХК-ий захирал ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***ХХК-ий захирал *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Иргэн *** ХХК-ий ажилтан иргэн ***нь манай ***ХХК-тай эмийн сан ажиллуулах төсөл сонгон шалгаруулалтанд өрсөлдөөд төсөл хэрэгжүүлэх мэргэжлийн хүнгүй гэсэн үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон. Гэтэл ***нь ***ХХК-ий *** эмийн сангийн тусгай зөвшөөрлийг Аймгийн засаг дарга *** манай компаний гомдлоор түдгэлзүүлсэн байгаа гэж АТГ болон аймгийн МХГ-т 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус гомдол гарган шалгуулсан. Мөн ***нь НХХ-т хандан өөрийн гэргий *** иргэн *** хийсэн түрээсийн гэрээ хүчинтэй байгаа мэтээр ойлгуулж манай компаний тусгай зөвшөөрлийг ажлын байргүй гэсэн үндэслэлээр Нийгмийн хөгжлийн хэлтэс 2016 оны 02 дугаар сарын 03-нд *** тоот захирамжаар тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн. Манай компани түдгэлзүүлсэн шалтгаан нөхцлийг арилгаж гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн хүсэлтээ НХХ-ийн дарга *** хандан бичиж очиход түдгэлзүүлэлийг зогсоогоогүй бөгөөд төсөл хууль бус болсон тухай эрх бүхийн байгууллагын ямар ч дүгнэлт гараагүй байхад *** ХХК-ий ажилтан *** удаа дараагийн гомдлоор гэсэн үндэслэлээр төсөл дахин сонгон шалгаруулалт явуул гэсэн утга бүхий 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот албан бичиг үйлдэж анхан шатны байгууллага ЭМГ-руу буцаасан нь илт *** үйлчилсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэсэн.
Иймд *** гаргасан үндэслэлгүй гомдлоос болж манай компани хохирч байна. Иймд манай компани 2016 оны 01 дүгээр сарын 15-аас эхлэн сарын түрээс 500,000 төгрөг, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол сард олох ашгийг хамгийн багаар бодож 500,000 төгрөгөөр тооцон сарын нийт хохирол 1,000,000 төгрөг гэж үзэн үйл ажиллагаа явуулж эхлэх өдөр хүртэл нэхэмжилж байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагад шүүх хурал товлогдсон 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 2,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч ***нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...Аймгийн засаг дарга түдгэлзүүлсэн асуудал нь шийдвэр гаргадаг хүмүүс албан тушаалтанд хамаарах болохоос миний зүгээс огт хамааралгүй асуудал. Тусгай зөвшөөрөл олгох асуудал нь зөрчилтэй байгааг мэргэжлийн байгууллагууд шалгаж тогтоодог болохоор энэ асуудалд би хамаагүй. Дархан-Уул аймгийн ЭМГ-ын тусгай зөвшөөрөл олгох комиссын дарга болон гишүүдийн ашиг сонирхол буруутай шийдвэр үйл ажиллагаанаас болж *** хотхонд үйлчилгээний зориулалтаар худалдаж авсан байрны дулааны төлбөр болон бусад зардалд 1,5 сая төгрөгийн хохиролд хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***ХХК-ны захирал *** ...*** ХХК-ий захирал ***нь ***ХХК-ий Намран ундарга эмийн сангийн тусгай зөвшөөрөл гарах шийдвэрийг Аймгийн засаг дарга түдгэлзүүлсэн гэх мэтээр бичиж Мэргэжлийн хяналтын газар, Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан. *** гаргасан гомдол болон манай байгууллагын түрээсэлж үйл ажиллагаа явуулах гэж байсан байрыг тэрээр түрээсэлсэн өөрийнх нь гэж худал хэлснээс үүдэн манай байгууллагын эмийн сангийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Иймд *** дээрх үйлдэл нь манай байгууллагын үйл ажиллагаанд хохирол учруулсан. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш сарын түрээс 500,000 төгрөг, ашиг хамгийн багаар тооцож 500,000 төгрөг, сард нийт 1000,000 төгрөг гэж тооцож, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 2,200,000 төгрөгийг хариуцагч *** гаргуулж өгнө үү гэж шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Нэхэмжлэгч ***ХХК-ний *** эмийн сан нь *** ХХК-ий Жаргалан эмийн сантай, Дархан сумын 2 дугаар хорооллын *** хотхонд эмийн сан нээх тусгай зөвшөөрөл олгох төсөлд өрсөлдөж, ***ХХК нь тусгай зөвшөөрөл авахаар болсон бөгөөд дээрх хоёр компаний хэн аль нь төрийн захиргааны байгууллагад өрсөлдөгч байгууллагын талаар гомдол гаргаж байсан болох нь Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын протокол /хх-16/, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 764 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын *** тоот хяналт шалгалтын удирдамж /хх-32/, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ***ХХК-ий эмийн сан нээх тусгай зөвшөөрлийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас түдгэлзүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрлийг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олгосон болох нь Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот албан бичигт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6-156 тоот албан бичигт Танай байгууллагын эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эмийн сангийн үйл ажиллагаа явуулах байрны эзэмшил тодорхойгүйн улмаас ажлын байргүй, санхүү төрийн сангийн хэлтсээс санхүүгийн тайлбан 6 дугаар улирал өгөөгүй тухай санал ирүүлсний улмаас түдгэлзүүлсэн болно гэжээ /хх-14/
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу хариуцагч ***нь төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээрээ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд хариуцагч *******ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл гэм буруу болон хохирол хоёр нь шалтгаант холбоотой тохиолдолд хохирлыг гэм буруутай этгээд арилгах үүрэгтэй юм.
Иймд нэхэмжлэгч ***ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч ***ХХК-ний гаргасан хариуцагч *** 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,900 төгрөгөөс 50,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 12,750 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
Ж.ЛХАГВАСҮРЭН