Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/978

 

                                           А.Г-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунгэрэл,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.М,

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О нарын өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/605 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Г-д холбогдох эрүүгийн 2103 00112 0139 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б т овгийн А-н Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Т у” ХХК-д операторч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........... тоотод оршин суух, /РД: .............../

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 792 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

А.Г нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 34 минутын орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамж, Тоосгоны үйлдвэрийн тойргийн замд “Тоёота премио” загварын, 91-62 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3-д заасан заалтуудыг зөрчсөнөөс “Тоёота приус-30” загварын, 48-25 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэн, “Тоёота приус-20” загварын, 14-62 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч М.М, Г.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, М.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн явган зорчигч Ч.Х-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Г-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялын 3 жилийн хугацаагаар тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.Г-н В, С, Е ангиллын 626610 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа лицензийн төвд хүргүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Г-с 10.368.227 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-д 1.500.000 төгрөг, хохирогч Г.М-т 2.608.637 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М-д 6.090.900 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Мягмардоржид 168.690 төгрөг тус тус олгож, насанд хүрээгүй хохирогч М.М нь цаашдын эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Ц.М нь хүүхдээ асарсан хугацааны цалин болон зээлийн төлбөрөө баримтаар бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим нэг зүйл дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс арай өөр байр суурьтай байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэл дээр анхнаасаа маргаагүй. Тус хэрэгт 91-62 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.М-г иргэний хариуцагчаар татаж шалгасан байдаг. Гэхдээ Б.М-г иргэний хариуцагчийн хувьд ямар нэг хариуцлага хүлээлгээгүй. Аливаа тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч өөрийн тээврийн хэрэгслийг өөрөө хариуцаж, эрсдэлт нөхцөл байдал, сөрөг зүйлээс хамгаалах үүрэгтэй. Тухайн хэрэг гардаг өдөр шүүгдэгч А.Г нь өөрийн найз иргэний хариуцагч Б.М-тай хамтдаа архи ууж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг ба шүүгдэгч А.Г нь би доошоо яваад хүнээ тосоод ирье, чи согтуу байгаа юм чинь хэмээн иргэний хариуцагч Б.М-с түүний машины түлхүүрийг авч унаж яваад тус гэмт хэрэгт холбогдсон. Хэрэв тухайн үед иргэний хариуцагч шүүгдэгчийг чи бас согтуу байна, машин барьж болохгүй гээд машины түлхүүрийг өгөөгүй бол өнөөдөр энэ гэмт хэрэг гарахгүй ч байж болох байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч хэдийгээр хийсэн үйлдлээ хариуцна, манай найз буруугүй хэмээн мөрдөн байцаалт, анхан шатны шүүх хуралд мэдүүлээд байгаа боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс иргэний хариуцагч нь шүүгдэгч бусдад учруулсан хохирлоос хууль ёсоор хариуцаж хуваалцах нь байг гэхэд иргэний хариуцагч нь өөрийн өмчлөлийн 91-62 УАМ улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг өөрөө хариуцах нь шударга ёсонд нийцнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүнийг Б.М мөн хэмээн үзэж байна. Учир нь, иргэний хариуцагч нь өөрийн өмчлөлийн зүйл болох тээврийн хэрэгслээ хариуцаж хамгаалах үүрэгтэй, мөн согтуу найздаа түлхүүр өгч тус гэмт хэрэг гарах нөхцөл шалтгааныг бий болгосон тул түүнд ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Иймээс шүүгдэгч А.Г-с иргэний хариуцагч Б.М-д гаргуулахаар шийдвэрлэсэн 6.090.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд хүнд тусархуу, хүний үгээр, цайлган нэгэн ба тус гэмт хэрэг гарсан өдрөөс хойш хохирлыг барагдуулах зорилгоор өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч, нийтдээ 13.427.690 төгрөгийн хохирлыг хохирогч нарт төлсөн. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ маш ихээр харамсаж байгаа төдийгүй үлдсэн хохирлыг бүрэн төлж барагдуулахаа анхан шатны шүүх хурлын явцад илэрхийлсэн. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчид 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, үүнээс 2 жилийг өршөөлд хамруулж өгөхийг хүсэж байна. Мөн иргэний хариуцагч Б.М-д гаргуулахаар шийдвэрлэсэн 6.090.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. М-н хохирлыг ажлаа хийгээд төлнө. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Маргааш өглөө нь А.Г надад “чи автомашинаа барих гээд байна” гэж хэлээд надаас түлхүүр авсан. Намайг тасарчихсан хойгуур миний машиныг унаад явсан байсан. Би автомашин унаад яв гэж түлхүүр өгөөгүй, зөвшөөрөлгүйгээр унаж явсан. Автомашиныхаа хохирлыг барагдуулмаар байна. ...” гэв.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О нарын өмгөөлөгч Д.Мөнх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан. Мөн цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь анхнаасаа хохирлыг бүрэн барагдуулна гэдгээ илэрхийлж байсан учир ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс татгалзах зүйлгүй. ...” гэв.

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүгдэгчид оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

А.Г нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 34 минутын орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамж, Тоосгоны үйлдвэрийн тойргийн замд “Тоёота премио” загварын, 91-62 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3-д заасан заалтуудыг зөрчсөнөөс “Тоёота приус-30” загварын 48-25 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэн, мөн “Тоёота приус-20” загварын 14-62 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч М.М, Г.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, М.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн явган зорчигч Ч.Х-г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-ны “... Тухайн осол гарсан өдөр манай охин М хоёр хүүхдийн хамт дэлгүүр орохоор “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэлтэй Дамбын гудамж Тоосгоны эцэс рүү явдаг тойрог дээр явж байтал замын ертөнцийн зүгээр замын зүүн талд манай төрсөн ах талийгаач Ч.Х зогсож байхаар нь манай охин М машинаа буцаж эргүүлээд Ч.Х-г авах гэж байтал Тоосгоны эцэс талаас нэг машин маш хурдтай ирээд Мөнхцэцэгийн машиныг мөргөх үед хажуу талд нь зогсож байсан Ч.Х-г хамт мөргөж амь насыг нь хохироосон. ...” /1 хх 27-28/,

            хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-н “... Манай охин М.М нь тухайн ослын үед тархиндаа гэмтэл авч Гэмтлийн эмнэлэгт 20 гаран хоног хэвтэн эмчлүүлсэн. Ослын улмаас шоконд орж сайн ярьж хэлж чадахгүй. М.М 8 настай. ... Мөн манай охин М.М нь тухайн ослын үед толгойдоо гэмтэл авч оёдол тавиулсан. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ослын талаар мэдүүлэг өгөх боломжгүй 5 настай хүүхэд байгаа юм. ... Би уг ослын улмаас толгойн хэсэгт гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн. ...” /1 хх 36, 40, 53/, түүний гэрчээр өгсөн “... Би өөрийн эзэмшлийн 14-62 УНУ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад нэг хашаанд амьдардаг өөрийн хамаатны ах болох Ч.Х-г Тоосгоны үйлдвэр явдаг тойрог дээрээс авах гээд охин М.Ми, М.Ма нарыг дагуулаад ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байгаад тойргийн зүүн талд байдаг дугуй засварын үүдэнд манай ах зогсож байхаар нь би буцаж эргэх үйлдэл хийж байтал баруун талаас маш хурдтай тээврийн хэрэгсэл орж ирээд миний машиныг мөргөөд хажуу талд зогсож байсан ах Ч.Х-г манай машин мөргүүлсэн тэр эрчээрээ очиж мөргөсөн. ...” /1 хх 70-71/,

            иргэний нэхэмжлэгч З.Н-н “...  У.Х нь манай нөхөр юм. ... 48-25 УАК улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийг би 2020 онд 14.000.000 төгрөгөөр худалдаж авсан. ... Ослын улмаас миний машинд учирсан хохирлыг буруутай жолоочоос гаргуулж авах хүсэлтэй байна. ...” /1 хх 50/,

            иргэний нэхэмжлэгч Ц.М-н “... Тухайн ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд маш их эвдрэл гэмтэл гарсан ба машины зүүн тал болон урд хэсэгт бүхэлдээ эвдэрсэн байсан. ...” /1 хх 58/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар Б.М-ны “... 91-62 УАМ улсын дугаартай “Тоёота премио” загварын тээврийн хэрэгслийг би 2021 оны 4 дүгээр сарын 10-ны үед танихгүй хүнээс 7.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байгаа. ... Г намайг согтуу машин барихгүй шүү, түлхүүрээ надад өгчих гэж хэлэхээр нь би түлхүүрээ өгсөн. ... Г бид хоёр 2020 оны 7 дугаар сараас эхлэн уул, уурхайн компанид том оврын машины жолоочоор хамт ажиллаж эхэлсэн. ...” /1 хх 43, 46/, түүний гэрчээр өгсөн “... А.Г миний машинд суугаад Дамбадаржаагийн зүүн талд байдаг зүүн талд байдаг Тоосгоны эцэст байдаг найзтайгаа уулзах хэрэгтэй байна гээд 20 цагийн үед түүний найз Улаакаа гэх залуугийн гэрт очиж 0,75 грамм болон 0,5 граммын шилтэй архи хувааж уугаад гэрт нь хоносон. Өглөө 07 цаг өнгөрч байхад Г, Улаакаа бид гурав дэлгүүр орж 0,75 граммын архи хоёр шилийг аваад Улаакаагийн гэрт очоод хувааж ууж байгаад 08 цагийн үед нэг шил архийг нь уугаад согтоод унтах гэж байтал Г намайг “согтуу битгий машин бариарай, надад машины түлхүүрээ өгчих” гээд миний машины түлхүүрийг авсан. Тэгээд би хэсэг унтаж байгаад сэртэл миний машин болон Г байхгүй байсан. ...” /1 хх 63/, 

гэрч Ч.Г-н “... Би Бэлхийн 33 тоот хашааны үүдэнд ажлаа хийгээд зогсож байтал Тоосгоны эцсээс Дамбын тойрог ордог зам дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй саарал өнгийн “Тоёота премио” загварын тээврийн хэрэгсэл маш хурдтай явж байснаа эсрэг урсгалд явж байсан улаан өнгийн “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгслийн хажуу талаар нь шүргээд замын хажуу тал руу нэг ороод цаашаа шууд давхиад яваад өгсөн. ...” /1 хх 76/,

гэрч У.Х-н “... Тухайн өдөр Дамбадаржаагийн эцсийн буудлаас Тоосгоны эцэс ордог замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байтал миний өөдөөс ирж байсан саарал өнгийн “Тоёота премио” загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд миний явж байсан эгнээнд ороод ирэхээр нь би замын хажуу тал руу өөрийн тээврийн хэрэгслийг шахаж тухайн тээврийн хэрэгслээс бултах гэсэн боловч тэр миний машиныг зүүн талаараа ирж шүргээд замын баруун тал руу шахаж зогсохоор нь би машинаасаа буугаад нөгөө машин дээр очих гээд алхаж байтал шууд хаазлаад ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй их хурдтай зугтаагаад яваад өгсөн. ... Тэгээд удалгүй Дамбын тойрог дээр миний машиныг мөргөөд зугтаасан тээврийн хэрэгслийн жолооч “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг мөргөөд осол гаргачихсан байсан. ...” /1 хх 79/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... М.М-н биед баруун тал бөмбөлгийн суурийн зангилаанд тархины эдэд цус хуралт, няцрал, субарахнойдал зайнуудад цус харвалт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 4017 дугаартай дүгнэлт /1 хх 117-118/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Г.М-н биед дух, хуйханд шарх, хоёр гуянд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 4021 дугаартай дүгнэлт /1 хх 121-122/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... М.Ма-н биед хуйханд шарх, зулгаралт, баруун чихний дэлбээ, баруун чамархай, нуруу, баруун сарвуунд зулгаралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 4022 дугаартай дүгнэлт /1 хх 125-126/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаач Ч.Х-н цогцост хийсэн шинжилгээгээр дух ясны зулай, чамархай, суурь яс руу үргэлжилсэн цөмөрсөн хугарал, хоёр талын жигүүр сэртэнгийн хугарал, хоёр талын ухархай, хацар, гайморовын хана, хамар ясны цөмөрсөн хугарал, их тархины хоёр тал бөмбөлөг, бага тархины тархмал аалзавчийн доорх цус харвалт, духны дэлбэнгийн суурийн хэсгийн цусархаг няцрал, духны дэлбэнгийн хатуу хальсны дээрх ялтаслаг цусан хураа, хүзүүний 4-р нугалмын их биеийн хугарал, зүүн талд 3, 4-р хавирганы зөрүүтэй шууд хугарал, өвчүү ясны хөндлөн хугарал, голтын цус хуралт, зүүн шаат ясны үе дайрсан далд хугарал, зүүн талд дух, хөмсөг, чамархайн хуйханд няцарсан шарх, нүүр, мөчдийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь авто ослын үед үүснэ, амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх авто осолд орж гавал, тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн 942 дугаартай дүгнэлт /1 хх 140-146/,

Техникийн шинжээчийн “... жолооч А.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн ... уг заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөл болсон байна. ...” гэсэн 14/46 дугаартай дүгнэлт /1 хх 156-157/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 48-25 УАК улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэлд 1.510.000 төгрөгийн хохирол учирсан талаарх үнэлгээний тайлан /1 хх 83-85/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 14-62 УНУ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэлд 6.145.000 төгрөгийн хохирол учирсан талаарх үнэлгээний тайлан /1 хх 108-111/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 91-62 УАМ улсын дугаартай “Тоёота премио” загварын тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бус зардалд нийт 5.645.900 төгрөгийн хохирол учирсан талаарх үнэлгээний тайлан /1 хх 91-95/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 5-13/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “... А.Г-г драйгер багаж ашиглан шалгахад 1.48% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо ...” /1 хх 14/ тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Г-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв

Шүүхээс шүүгдэгч А.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, оногдуулсан нийт ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу 2 жилийн хорих ялыг өршөөн хасч шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын “...шүүгдэгчид оногдуулсан 5 жилийн хорих ялыг 4 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэдийгээр шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөө илэрхийлж байгаа ч түүний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, мөн бага насны хоёр хүүхдийн эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна.

Үүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... шүүгдэгчээс иргэний хариуцагч Б.М-д олгуулахаар шийдвэрлэсэн 6.090.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн гомдлын хэсгийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний  нэхэмжлэгч гэнэ.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч А.Г-н унаж явсан “Тоёота премио” загварын, 91-62 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.М болох нь тогтоогдсон ба түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.   

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг бүхэл нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Харин анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч М.Ми-н цаашдын эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Ц.М нь хүүхдээ асарсан хугацааны цалин болон зээлийн төлбөрөө баримтаар бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэхдээ хэнээс нэхэмжлэх эрхтэйг тодорхой тусгаагүй нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд иргэний хариуцагчаар тогтоогдсон Б.М нь А.Г-г согтуурсан байгааг мэдсээр байж тээврийн хэрэгслийн түлхүүрээ өгсөн бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувиар зам тээврийн ослын улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчтэй хамтран хариуцах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Г-н 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 77 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31ий өдрийн 2021/ШЦТ/605 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...насанд хүрээгүй хохирогч М.Ми нь цаашдын эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Ц.М нь хүүхдээ асарсан хугацааны цалин болон зээлийн төлбөрөө баримтаар бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг “...насанд хүрээгүй хохирогч М.Ми нь цаашдын эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Ц.М нь хүүхдээ асарсан хугацааны цалин болон зээлийн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Г, иргэний хариуцагч Б.М нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР