| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00116/И |
| Дугаар | 135/ШШ2016/00441 |
| Огноо | 2016-03-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 135/ШШ2016/00441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00116/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр хэсэг, Гэрэлт хотхон, *** байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Их сургуулийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-д холбогдох ,
88,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр автомашин худалдах худалдан авах гэрээ хийж ******* бенз ML-350 маркийн автомашиныг зээлээр ***худалдсан болно. Гэрээ 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийг дуусгах графиктай байсан боловч *** төрсөн эцэг ***2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тодорхойлолт гарган өгч 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сар бүр 3 хувийн хүүтэй тооцоо хийж дуусгана гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр хийгээгүй болно.
Иймд уг машины үндсэн мөнгө болох 65,000,000 төгрөгийг хүү 23,400,000 төгрөгийн хамт нийт 88,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү . гэжээ.
Хариуцагч ***нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...манай аав *** нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр М*** гэж хүнээс очоод ******* бенз машин очоод ав гэсэн юм. Аавын хэлснээр урьд огт танихгүй *** гэж хүнтэй тэр өдөр уулзаад аав *** явууллаа гэж хэлэхэд ******* бенз автомашин өгөхдөө худалдах худалдан авах гэрээ хийнэ гэсэн тул тэр даруй энэ талаар аав ***т утсаар хэлэхэд санаа зоволтгүй гэрээ хийчих гэхээр нь аавынхаа үгэнд ороод гэрээ хийх болсон.
Манай аав ***тай юу ярьсаныг би мэдэхгүй.
Машины үнийг аав ***т өгөх ёстой гэж үзээд цувуулж увуулсаар байгаад манай ээж *** бид хоёр 48,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Хэрэв *** гэж хүн автомашины үнийг авах ёстой бол аавд өгсөн 48,000,000 төгрөгийг *** нь ааваас авах ёстой.
Би үлдэгдэл 17,000,000 төгрөгийг нь өгөх ёстой юм байна.
....*** бид хоёрын гарын үсэгтэй гэрээнд ямар нэгэн хүү тохироогүй байхад 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны 23,400,000 төгрөгийг хүү нэмж нэхэмжилсэн болон аав ***т өгсөн 48,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй 17,000,000 төгрөгийг би төлөхийг зөвшөөрнө гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***нь ...*** ******* бенз ML350 маркийн машиныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй. Иймд *** машины үнэ 65,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 23,400,000 төгрөг, нийт 88,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч ***нь ...нэхэмжлэлийн шаардлагаас 17,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар зохигч талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т заасны дагуу байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч ***нь нэхэмжлэгч М.***аас ******* бенз ML350 маркийн машиныг худалдан авч, машины үнийг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10,000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 30,000,000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны дотор 25,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцжээ. /хх-4/
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.3-т заасны дагуу нэхэмжлэгч ***нь дээрх автомашиныг хариуцагч *** өмчлөлд шилжүүлсэн боловч хариуцагч ***нь гэрээнд заасан хугацааны дотор машины үнийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ***нь хууль болон гэрээнд заасны дагуу машины үнэ 65,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч тал нь хариуцагч С.Баярхүүгийн эцэг О.***ын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичсэн 2014 оны 10 дугаар сард М.***аас авсан ******* бенз автомашиныг 65,000,000 төгрөгийн зээлээр аваад Дархан сумын Найрамдал төвийн барилгад хөрөнгө оруулсан болно. Мөн 2015 оны 01 дүгээр сараас 3 хувийн хүүтэй сар бүр тооцож явсан болно гэсэн тодорхойлолт /хх-/-ыг үндэслэн хариуцагч *** 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 23,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.***, хариуцагч ***нарын хооронд хүү төлөх талаар тохиролцсон тохиролцоо байхгүй, энэ талаар гэрээнд тусгаагүй байх тул хариуцагчаас хүү 23,400,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.
О.***ын бичсэн тодорхойлолт нь зохигчдын хооронд хүү төлөх талаар тохиролцсон гэж үзэх үндэслэл, нотлох баримт болохгүй болно.
Иймд хариуцагч *** машины үнэ 65,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 23,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагч *** эх П.***, эцэг О.*** нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар хариуцагч *** 65,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***ад олгож, нэхэмжлэлийн үлдэх 23,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ***аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамж 482,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА