Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2016 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2016/00436

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00187/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум ***-р баг ***-р хороолол Төмөр замын *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг Сэргэлэнгийн ***-р гудамж, ** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** холбогдох

 

2 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, хариуцагч ***, нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*** нь 2014 оны 10 дугаар сарын 10 сарын 07-ны өдөр 1 500 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл *** нь өдөр өдрөөр хийгдэх ёстой эргэн төлөлтөө ч хийлгүй, ажилдаа ч гаралгүй, сураггүй болсон. Ингээд 2015 он гараад хавар лангуун дээрээ зогсож эхлэхэд би түүнд за би чамаас хүү тооцож авахаа больё, чи зөвхөн миний үндсэн 1 500 000 төгрөгийг өдөр өдрөөр өгөөд дуусгачих гэж тохиролцоод 1 545 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг дахин байгуулсан. Гэтэл *** нь мөн л мөнгөө өгөхгүй явсаар 2015 оны 8-р сарын 19-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл нийт 123000 төгрөг өгсөн. Тэгэхдээ төлөлт хийгдэж эхэлсэн 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дахин 3 дахь удаагаа гэрээ байгуулж 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бүх мөнгийг минь барагдуулна гэж тохирсон. Иргэн *** нь намайг өрх толгойлсон, нялх хүүхэдтэй, ганц бие эмэгтэй, харж хамгаалах хүнгүй гэдгээр маань далимдуулах миний итгэлийг удаа дараа эвдэж, үл ойшоож ирсэн. Гэтэл миний бие энэ хүнд боломж, цаг хугацаа олгож хүүгээ ч авалгүй зөвхөн үндсэн мөнгийг минь л эргүүлэн төлөөч гэж аргадаж тойлсоор 2 дахь жилдээ орчихоод явж байна. Иймд миний бие ***т үнэхээр гомдолтой. ***ээс нийт 222 000 төгрөг авсан. Иймд үндсэн зээл 1500 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2014.10.17-нд хийсэн гэрээг мөнгө өгснөөс хойш хийсэн. Би ***ийн дүүгийн үлдэгдэл дээр нэмж ***т 1 сая төгрөг өгсөн нийлээд 1500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж үндсэн зээл 1500 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие *** ********** төлөх ёстой байсан үлдэгдэл 800 000 төгрөг дээр нэмээд 700 000 төгрөг авсан. Тэгээд 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээ хийхдээ тухайн үед нь хийгээгүй, хожим гарын үсэг зурж хийсэн. Би нийтдээ 2014 оны 10 сарын 7-ноос хойш 1200 000 гаруй төгрөг өгсөн. ***э нь хүү тооцоод түүнийгээ давхар хүүлдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***т холбогдуулан 2 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***тэй 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1 500 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж зээлийн гэрээ байгуулсан. Шүүхэд үндсэн зээл 1500000 төгрөг, хүү 900000 төгрөг нийт 2400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 1500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч би 700 000 төгрөг авсан. Түүнийгээ хүүгийн хамт 1200 000 болгож төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талууд гэрээг хожим хийсэн тал дээр маргаагүй тул 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хийсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэрээ байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 1 сая төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хэрэгт 2015 оны 5 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ гэрээний дагуу шаардахгүй гэж мэдүүлсэн тул нотлох баримтаар хэлэлцээгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан ***эгийн нэхэмжлэлтэй ***т холбогдох 2 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 53350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА