| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0396/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/76 |
| Огноо | 2026-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогч П.С (цахимаар),
Хохирогчийн өмгөөлөгч Э.Хулан,
Шүүгдэгч Б.Б, М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ы Б, М-ийн Ж нарт холбогдох эрүүгийн 2538001160248 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т овогт Б-ын Б,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, А овогт М-ийн Ж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б, М.Ж нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр П.Сын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн дотор зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б, М.Ж нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр П.Сын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн дотор зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Тийн нэхэмжлэл (хх-ийн 86-р хуудас),
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 88-р хуудас),
Шүүгдэгч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б С-ад хандаж чи өмнө нь намайг зодож байсан биз дээ гэж хэлтэл С урдаас нь одоо тэгээд яах гээд байгаа юм бэ гэсэн чинь Б С-ыг машиныхаа урд жолоочийн суудал дээр сууж байхад 1 удаа нүүр рүү нь, 1 удаа цээж рүү нь гараараа цохих шиг харагдсан. Түүний дараа С-ын хамраас цус гоожоод байхаар нь би С-ыг буугаад ир гэж хэлээд гол руу цусыг нь угаахаар явсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...С-д 3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би С-д очоод хүн амьтанд янз бүрийн ярьж явахаа болиорой гэж хэлтэл С би хэзээ хаана тэгээд ярьсан юм гэж хэлэхээр би шууд нүүр рүү хоёр удаа гараараа цохисон. Түүний дараа С-ын хамрын цус нь гоожоод байхаар за за уучлаарай цусыг чинь угаая гэтэл дэлгүүрүүд хаасан байсан болохоор С амаа дараад машин дотроо суугаад байсан. Харин тэр үед С гол руу явж цусаа цэвэрлэхгүй суугаад байхаар нь Ж найз маань нүүр рүү нэг удаа гараараа алгадаад автал бууж ирээд манай машинд суугаад гол дээр очсон. Одоо больё гээд хамрынхаа цусыг угаасан...С-д 2 сая төгрөгийн хохирол нөхөн төлсөн байгаа үлдсэн 1 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.С-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Б нь нүүр, хүзүү, дал хэсэгт хэд хэдэн удаа цохиж дэвссэн. Харин Ж нь нүүр рүү хэд хэдэн удаа цохиж гэмтээсэн...Би нэг их дотно харилцаа байхгүй. Нэг нутгийн хүмүүс юм. Харин Б нь манай нөгөө ангид байсан. Б-тай бол 2022 оны намар муудалцаж байсан юм. Тэрэндээ юм болоод яваад байсан гэж бодож байна...Архи уусан байсан. Машин дотор нь дүүрэн пивоны сав байсан...2025 оны 3 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчим ************* дэлгүүрийн урд машиндаа байж байхад М.Ж над дээр ирээд миний нүүр тус газар хэд хэдэн удаа цохисон. Харин Б.Б нь миний нүүр тус газар цохисон...машинд хүчээр суулгаж гол орсон. Тэгтэл Б.Б машинаас буулгаж голын мөсөн дээр очиж намайг дахиж зодсон. Тэгэхдээ намайг хавирч унагаагаад дээрээс дэвсэх гэтэл М.Ж Б.Бд хандаж гутлаа тайл гэхэд Б.Б нь гутлаа тайлж байгаад намайг 4-5 удаа дэвсээд байж байтал М.Ж одоо болно гээд салгасан...Хохирлоо барагдуулаад авчихвал гомдолгүй...Би эмчилгээний болон сэтгэцэд учирсан хохирол нийт 6 сая төгрөг нэхэмжилнэ. Үүнээс 2 сая төгрөгийн хохирлыг Б-ийн ар гэрээс өгсөн байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж машинаас буугаад нэг улаан машинтай хүнтэй уулзсан. Тэгтэл Б машинаас буугаад тэр машинтай хүн дээр очоод хэрүүл маргаан болоод унасан. Тэгээд би яваад очиход тэр улаан машинтай хүний хамраас цус гоожсон байсан. Тэгээд цус нь тогтохгүй байхаар нь бид нар манай машинд суугаад гол орж угаах гээд очсон. Тэгээд С гэх хүн нүүрээ угааж байгаад мөсөн дээр баруун талаараа халтирч Ж бид хоёр очиж босгоод хувцсыг нь цэвэрлэлцээд эргээд нөгөө улаан машин дээр очиж С гэх хүнийг буулгаад бид нар явсан...Манай хоёр найз бага зэрэг хэрэглэсэн байсан. Би огт хэрэглээгүй эрүүл саруул байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26, 28-р хуудас),
Гэрч П.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүүхэд Б нь жаахан түргэн ууртай, хүний үгээр байдаг хүнд амьтанд хар буруу санаад байдаггүй, цайлган сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Гэр бүлдээ үгнээс гарахгүй хүмүүжлийн зөв хэлбэртэй хүүхэд. Манай хүүхэд миний мэдэхийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...Найз нартаа их тусархуу хөдөлмөрч хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч Н.Сийн мөрдан шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж гэдэг ах тэр машинаас бууж ирээд С ахыг машины хаалгыг татаж онгойлгоод шууд үгийн зөрөөгүй цохиж аваад буугаад ир гээд байгаа юм биш үү бацаануудаа гэж хэлээд байж байтал араас нь Б гэдэг ах ирээд Саа чи бид хоёрын хамар цохиулсан учраа байгаа биз дээ гэж хэлээд С ахын нүүр тус газар хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл Ж ах намайг ахын дүү яв гээд явуулсан. Тэрнээс цааш юу болсон гэдгийг би мэдэхгүй. Маргааш нь С ахтай таарсан чинь нүүр нь аймар болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),
Шинжээч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П.Сын биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтлүүд юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 139 дугаартай:
1. П.Сын биед баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн дотор зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. П.Сын биед үүсэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирдын ззрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 41-р хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1408 дугаартай:
1. П.Сын сэтгэцэд 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэг дүгээр зэрэглэлд хамаарна. П.Сын сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын шинжтэй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52-53-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 60 дугаартай:
1. П.Сын биед баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн дотор зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. П.Сын биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хамар ясны хугарал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн дотор зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538001160248 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б, М.Ж нар нь бүлэглэн хохирогч П.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэх тогтоох, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б, М.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б, М.Ж нар нь бүлэглэн хохирогч П.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эмчилгээний болон сэтгэцэд учирсан хохирол нийт 6 сая төгрөгийг нэхэмжилж байгаагаас шүүгдэгч Б.Бгийн ар гэрээс 2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул үлдэх 4 сая төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Ж, Б.Б нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Хохирлоо төлж барагдуулна...” гэж шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 139 дугаартай, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч П.Сын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтүүд нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.
Тодруулбал шүүгдэгч М.Ж, Б.Б нар нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч П.С-тай хамт байсан буюу шүүгдэгч нараас өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хохирогчийн нүүр тус газарт цохин, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 139 дугаартай, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч П.Сын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч М.Ж, Б.Б нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бүлэглэж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч М.Ж, Б.Б нар нь хохирогч П.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б, М.Ж нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр П.Сын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн дотор зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч М.Ж, Б.Б нар нь хохирогч П.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч П.С эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирол нийт 6,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч М.Ж, Б.Б нар нь 6,000,000 төгрөгийг тус бүр тэнцүү хувааж төлөхөө илэрхийлсэн.
Шүүгдэгч Б.Б хохирогч П.Сад 2,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч П.С, шүүгдэгч Б.Б нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Б-аас 1,000,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч М.Ж-ээс 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Сад олгохоор шийдвэрлэв.
Хохирогч П.С нь 813,560 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 88-р хуудас)-ээр тогтоогдож байх тул уг хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Бгаас 406,780 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч М.Жгээс 406,780 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б, М.Ж нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй...” гэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 93-96-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 98-101-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус тогтоов.
Шүүгдэгч Б.Б, М.Ж нар нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 96, 101-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Ж, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Ж, Б.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нарын хувийн байдлуудыг харгалзан үзэж тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, тэдний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Ж, Б.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2538001160248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Ж, Б.Б нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтүүдийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, М.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ын Б, А овогт М-ийн Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б-ын Б, М-ийн Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Ж нарт тус бүроногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б, М.Ж нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-аас 1,000,000 (нэг сая) төгрөгийг, шүүгдэгч М.Ж-ээс 3,000,000 (гурван сая) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч П.С-д олгож, шүүгдэгч М.Ж-ээс 406,780 (дөрвөн зуун зургаан мянга долоон зуун ная) төгрөгийг, шүүгдэгч Б.Б-аас 406,780 (дөрвөн зуун зургаан мянга долоон зуун ная) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
6. Эрүүгийн 2538001160248 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, М.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР