Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2016/00432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс:135/2016/00274/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум ***-р баг, *** тоотод оршин суух *** овогт *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь*** холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, хариуцагчийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие 2005 онд Дархан Дээд сургуулийг Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. 2015 оны 08 дугаар сарын 08-нд Дархан-Уул аймгийн *******д хүүхэд асрах чөлөө авсан багшийн оронд 1 жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулан Англи хэлний багшаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа үр бүтээлтэй, сайн ажилласан. Гэтэл нэг өдөр гэрээ чинь дууссан, хүүхэд асрах чөлөө авсан багш ажилдаа эргэж орох гэж байгаа гэх шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж ажлаас халсан. Миний өмнөх ажилтан *** нь хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад одоо АНУ-д сурч, ажиллаж байгаа юм байна лээ. Ажилдаа ороогүй, үргэлжлүүлж тэндээ Америк хүмүүст Монгол хэл заадаг ажил хийж байгаа.
Гэтэл чөлөөтэй байсан багш нь ажилдаа эргэж ороогүй байхад намайг ажлаас халж тус сургуульд багшилж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан *** гэдэг багшийн охин Болормааг ажилд авсан нь хууль бус, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн байна гэж үзэж шүүхэд хандаж байна. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ. гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Дархан-Уул аймаг дахь *** захирал *** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие *** нь 2014 оны 5-р сараас Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн захирлаар ажиллаж байна. Англи хэлний багш А *** нь хүүхэд асрах чөлөө авсан тул *** түүний оронд 2015.08.28-ны өдрийн Б/52 тоот тушаалаар түр хугацаагаар англи хэлний багшаар авч ажиллуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-д заасан түр хугацаагаар хичээлийн жилийн нэг улирал буюу нэгдүгээр улирлыг дуустал хугацаагаар ***г авч ажиллуулахаар *** тоот тушаалыг гаргасан юм. Нөгөө талаас тус төвийн үндсэн ажилтан болох англи хэлний багш А.*** нь 2015.12.25-ны өдөр миний мэйл хаяг болох *** хаягруу 2-р улирлаас ажилдаа орох саналыг ирүүлсэн юм. /Мэйлээр ирсэн хүсэлтийг хэвлээд хавсаргав/ Иймд *** дуудаж түр хугацаа дуусаж буй болон үндсэн ажилтан нь ажилдаа орох болсныг хэлж бичиг баримтаа цэгцэлж янзлан ажлаа хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн болно. Үүнийхээ дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-ыг үндэслэн *** 2016.01.08-ны өдрийн *** тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. ***гийн бичсэнчлэн гэрээ чинь дууссан хэмээн ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж ажлаас халаагүй юм. ***гийн ажилд авсан түр хугацаа дууссан, үндсэн ажилтан нь эргэн орох хүсэлтээ ирүүлсэн зэрэг бодит байдлыг харгалзан ажлаас чөлөөлсөн болохоос түүний бичсэнчлэн ажлаас халаагүй юмаа.
Харин *** хийсэн хөдөлмөрийн гэрээний хувьд захирал миний бие бүх багш нарынхаа хөдөлмөрийн гэрээг 9-р сард бөөнд нь авч гарын үсэг зурдаг хэвшилтэй. Түүнийхээ дагуу багш нарынхаа хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах явцад *** нь тэрхүү багш нарын гэрээний хамт /дундуур нь хавчуулан/ өөрийн гэрээг оруулан гарын үсэг зуруулсан байлаа. Энэ нь миний ажлын хариуцлагын алдаа болсныг би ухамсарлаж байна. *** нь өргөдөлдөө ажиллаж хугацаандаа үр бүтээлтэй, сайн ажилласан гэжээ. Харамсалтай нь хамт олон болон удирдлагуудын хувьд яаж үр бүтээлтэй, хэрхэн сайн ажилласан нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа юм. Манай байгууллага багш ажилд авахдаа сонгон шалгаруулалт хийдэг. Харин түр ажлын байранд багш авахдаа сургууль төгссөн бичиг баримт, ажлын туршлагыг нь харгалзан үзээд авдаг. Энэ ч утгаараа ***г дээд сургуульд багшилж байсан туршлагыг нь харгалзан үзэж 7-8 хүнээс сонгон захирал миний бие өөрөө дуудаж ирүүлсэн санал тавьж ажилд авсан билээ. Гэвч ажиллах хугацаандаа өөрийн чадвараа харуулаагүй юм.
Мөн *** багшлах эрхийн хугацаа дууссан /анх ажилд авахад л/ тул хуулийн дагуу цаашид багшаар ажиллуулах боломжгүй билээ. Мөн 2016.01.20-ны өдөр А.***гаас шалгалтаа амжилттай өгч үргэлжлүүлэн суралцах болсон тул 2-р улирлаас ажилдаа орох боломжгүй болсон тухай мэйл ирсэн тул 2-р улирал эхлэхэд буюу 2016.01.25-аас *** цагийн багшаар ажиллуулж байгаа болно. Цагийн багш нь үндсэн болон түр ажилтны эрх, үүрэг хүлээдэггүй болно. ***гийн *** нь Дархан сумын 1-р 10 жилийн сургуульд багшилж байсан Дархан дээд сургууль, МУБИСургууль төгссөн багш мэргэжилтэй хүн юм. Иймд *** хууль дүрмийг баримтлан ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч *** нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь *** нь тус төвийн захиралын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ажилд томилох тухай тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй ажилтны оронд түр хугацаагаар томилогдсон тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан байх бөгөөд түүнийг тус төвийн захиралын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хүүхэд асрах чөлөө авсан багшийн оронд 1 жилийн хөдөлмөрийн гэрээ байгуулан Англи хэлний багшаар ажилд орсон, ... гэтэл чөлөөтэй байсан багш нь ажилдаа эргэж ороогүй байхад намайг ажлаас халж тус сургуульд багшилж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан *** гэдэг багшийн охин *** миний оронд ажилд авсан нь хууль бус, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн ... гэж, хариуцагчийн төлөөлөгч *** нь тушаалын үндэслэлээ ... үндсэн ажилтан болох англи хэлний багш А.*** нь 2015.12.25-ны өдөр миний мэйл хаяг уруу 2-р улирлаас ажилдаа орох саналыг ирүүлсэн юм. Иймд ***г дуудаж түр хугацаа дуусаж буй болон үндсэн ажилтан нь ажилдаа орох болсныг хэлж бичиг баримтаа цэгцэлж янзлан ажлаа хүлээлгэж өгөхийг мэдэгдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-ыг үндэслэн ажлаас чөлөөлсөн, ... мөн түүний багшлах эрхийн хугацаа дууссан тул хуулийн дагуу цаашид багшаар ажиллуулах боломжгүй болж ажлаас чөлөөлсөн ... гэж тайлбарлажээ.
Шүүх зохигчдын хооронд бий болсон үйл баримтыг бодитойгоор үнэлж, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлсэн судлагдсан нотлох баримтууд болон тэдний шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэж хэргийг тал бүрээс нь хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ***г тус төвийн захиралын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай тушаалаар хүүхэд асрах чөлөө авсан англи хэлний багшийн оронд түр хугацаагаар томилсон байх бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажил олгогчоос ***тай хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулна гэж заасан.
Хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээр *** нь хүүхэд асрах чөлөө авсан англи хэлний багшийн оронд түр хугацаагаар томилогдсон байх ба хуулийн дээрх заалтын дагуу уг ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаанд ажиллахаар байна.
Гэтэл бодит байдал дээр хүүхэд асрах чөлөө авсан *** ажилдаа эргэж ороогүй, түүний оронд өөр хүн авч ажиллуулж байгаа болох нь зохигчдын тайлбар, ***гаас хариуцагчийн төлөөлөгчид илгээсэн ажилдаа орох хугацааг дараа улирал болгож сунгах болсон талаар цахим захидал, ***гийн Болормааг томилсон тус төвийн захиралын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна.
Ажилтныг ажлаас халах тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна ажилтныг чухам ямар үндэслэлээр ажлаас халсан, чөлөөлсөн болохыг тодорхой заасан байхыг шаарддаг бөгөөд тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан, чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх ёстой.
Гэтэл ***г ажлаас халсан тушаалд чухам ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа, Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчил гаргасан болон ажил олгогчийн санаачилгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсгийг үндэслэсэн болох нь тодорхойгүй, холбогдох хуулийн заалтыг тушаалдаа тусгаагүй байна.
Хариуцагчийн төлөөлөгчөөс ажилтныг багшлах эрхийн үнэмлэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй бөгөөд ажилтан багшлах эрхийн үнэмлэхгүйн улмаас мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар байгууллагын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хэрэгт байхгүй байна.
Нөгөө талаар Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй талаар хуулийн заалтыг хариуцагч байгууллага биелүүлээгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж ***г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн дундаж цалинг 560,865 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин нийт 1,226,074 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид /70,200 төгрөг+33,976 төгрөг/ нийт 104,176 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1., 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
 
ТОГТООХ нь:
 
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогт *** Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн англи хэлний багшийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***гийн ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 1,226,074 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймаг дахь ***гаргуулж, нэхэмжлэгч ***д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ***гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь *** тэмдэгтийн хураамж 104,976 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН