Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2016/00430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Хэргийн индекс: 135/2016/00082/И
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, ута***/-ийн нэхэмжлэлтэй,
 
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** дугаар байрны *** тоотод байрлах *** ХХК /утас ***/-д холбогдох
 
Түрээсийн төлбөр 16,566,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...*** би Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-ий захирал *** хүсэлтээр түүнд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай LOVOL маркийн 50 ковш авто машиныг хайрга ачих зориулалтаар түрээслэсэн юм.
Бид хоорондоо Автомашин түрээслэх тухай гэрээг бичгээр байгуулсан бөгөөд би машинаа жолоочийн хамт 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сарын 7,000,000 төгрөгийн төлбөртэй 3 сарын хугацаатай түрээсээр ашиглуулах, *** ХХК-ий захирал *** нь төлбөрийг сар бүрийн 15-ны дотор төлж байхаар харилцан тохиролцож гарын үсэг зурцгаасан. Гэтэл *** нь миний машиныг дээр дурдсан хугацаагаар ажиллуулж өөрийн ажлыг хийчихээд түрээсийн төлбөрөө бүрэн төлөхгүй өдий хүрлээ. Бид хоорондоо тооцоо нийлэхэд *** нь 16,566,000 төгрөгийг төлөхөөр болж тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсгээ зурж компаний тамга тэмдгээ дарж гэрээнд заасны дагуу дансаар төлбөрийг шилжүүлэхээр тохирсон боловч мөн л төлбөрөө хийхгүй байна. Иймд *** гэрээний дагуу авах ёстой 16,566,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
 
Хариуцагч *** ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан тооцоо нийлсэн гэх асуудал албан ёсоор бидний хооронд хийгдээгүй. Учир нь *** нь Улаанбаатар хотоос 3-4 залуугийн хамт ирчихсэн бид нар архи ууцгаасан. Тухайн үед бэлдэж ирсэн цаасан дээрээ гарын үсэг зур гээд хэдэн талаас загнаад уурлаад байхаар нь би айсандаа халамцуу байсан учраас учрыг нь сайн ойлгоогүй гарын үсэг зурсан. Мөн 2 талын нягтлангийн хийсэн албан ёсны тооцоо нийлж гарын үсэг зурсан акт биш учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 16,566,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч *** ХХК-ний захирал *** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Зохигч талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээ бичгээр байгуулагдан, уг гэрээгээр *** ХХК нь ***гөөс хайрга ачих зорилгоор *** улсын дугаартай, ковш машиныг сарын 7000,000 төгрөгөөр, 2015 оны 07 дугаар сарын 04-нөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр тохиролцож, түрээслүүлэгчээр *** гарын үсэг зурж, түрээслэгчээр *** ХХК-ний захирал ***гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан байна. /хх-6-7/
Хариуцагч *** ХХК нь дээрх ковш машиныг 2015 оны 07 дугаар сарын 04-нөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу 2 сар 26 хоног түрээслэсэн болох нь хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар /хх-8/ тогтоогдож байна.
Хариуцагч *** ХХК нь түрээсийн төлбөрт 3000,000 төгрөг өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй болно.
 
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ***, төлөгч *** ХХК хоорондын Тооцооны үлдэгдлийн баталгаагаар /хх-8/ нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс нягтлан ажилтай ***, төлөгчийн нэрийн өмнөөс *** ХХК-ний захирал *** тус хоёр байгууллага хооронд 2015 оны 07 дугаар сарын 04-нөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 16,566,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэжээ /хх-8/
 
Нэхэмжлэгч *** нь Билэгт айл баян ХХК-ны захирал бөгөөд дээрх ковш машин нь тус компаний эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-9/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-/ зэргээр тогтоогдож байгаа ба *** нь ...өөрийн компаний нягтлан бодогч *** зөвшөөрөл олгож, өөрийн нэрийн өмнөөс *** ХХК-тай тооцоо нийлэх эрх олгосны үндсэн дээр тооцоо нийлж, Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн гэсэн тайлбарыг гаргасан болно.
 
Хариуцагч ***нь шүүхэд гаргасан тайлбартаа *** нь Улаанбаатар хотоос 3-4 залуугийн хамт ирчихсэн бид нар архи ууцгаасан. Тухайн үед бэлдэж ирсэн цаасан дээрээ гарын үсэг зур гээд хэдэн талаас загнаад уурлаад байхаар нь би айсандаа халамцуу байсан учраас учрыг нь сайн ойлгоогүй гарын үсэг зурсан. Мөн 2 талын нягтлангийн хийсэн албан ёсны тооцоо нийлж гарын үсэг зурсан акт биш учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэж, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр ...түрээслэх хугацаанд ковш машин нь 9 хоног ажиллаагүй, мөн *** гэж иргэний ковш машиныг ашигласны 5 сая төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөнөөс хасаж тооцуулна... гэж тайлбар гарган маргаж байгаа боловч хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
 
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч *** ХХК-иас 16,566,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***д олгох зүйтэй байна.
 
Хариуцагч *** ХХК-ий захирал ***нь шүүх хуралдаанд оролцохгүй эзгүйгээр шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч *** ХХК-иас түрээсийн төлбөр 16,566,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***д олгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,780 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 240,780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
 
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА