Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 137/ШШ2023/00326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг,******* тоотод оршин суух,******* овогт************** нэхэмжлэлтэй /РД:ЕН87073015/,

            Хариуцагч Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 7-р хэсэг хилийн мэргэжлийн хяналтын албаны тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* овогтой Цэвэгсүрэнгийн************** холбогдох

      

            Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Хилийн мэргэжлийн хяналтын  албаны 24 айлын 1-9 тоотод байрлах  45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох, тухайн орон сууцнаас албадан гаргуулах, 2019 оны 06 сараас эхлэн амьдран суусны зардалд нэг сарын 200,000 төгрөгөөр тооцож, 9,200,000 төгрөг,  хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан 70,200 төгрөг зэргийг гаргуулах үндсэн шаардлагатай,

 

            Хариуцагч Ц.Хүрэлчулууны сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Э.Дашпунцагт холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Хилийн мэргэжлийн хяналтын  албаны 24 айлын 1-9 тоотод байрлах  45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Энхцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Батдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх, хариуцагч Ц.Хүрэлчулуун, түүний өмгөөлөгч С.Энхзул нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Дашпунцаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ХМХА 24 айлын 1-9 тоот 45 мкв байрыг 2019 оны 01 сараас түрээслүүлж байсан. 2019 оны 02 сараас Ц.Хүрэлчулууны дүүгийн эхнэр түрээсэлье гэхэд тодорхой шалтгааны улмаас тухайн үеийн түрээсийн ханшнаас хямд 230,000 төгрөгөөр суулгахаар болсон. \Ц. Хүрэлчулуун хамт ирсэн\ Тухайн түрээслэгчийн шилжүүлсэн түрээсийн орлого манай эхнэр А.Батдуламын дансанд орж байсан. Түрээслэгч 2019 оны 05 сард байрнаас гарахад Ц.Хүрэлчулуун тус байрыг авах санал гаргасан. Ингээд авто машин авах онцгой хэрэгцээ байсан учир Ц.Хүрэлчулуунд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ХМХА 24 айлын 1-9 тоот 45 мкв байрыг 20,000,000 төгрөгөөр бодож хямд худалдах тохиролцоог хийсэн. Ц.******* хямд зарах болсон гол хүчин зүйл 10 сая төгрөгийг яаралтай бэлэн өгнө гэсэн учир юм. \20 сая төгрөг: Үүнд 10,000,000 төгрөгийг яаралтай бэлэн авах, 2019.06.17 байдлаарх Голомт банк ХХК орон сууцны 8% зээлийн үлдэгдэл болох 9,971,160 төгрөгийг үргэлжлүүлэн хурдан хугацаанд төлж дуусгах тохиролцоо багтана\. Яаралтай бэлэн 10,000,000 төгрөг өгөх байсан учир манай эхнэр А.Батдулам авто машин авахаар Улаанбаатар хотод 1 сар хүлээсэн боловч өгөөгүй. Хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хууль эрх зүйн шаардлага хангасан гэрээ хэлцэл хийж чадаагүй.. Ц.Хүрэлчулуун тохиролцоогоо биелүүлэхгүй байсан учир тохиролцоогоо цуцалж байр суллаж өг гэж удаа дараа хэлж байсан боловч тус байранд амьдран суугаад суллаж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Манай эхнэр А.Батдуламд шүүхдээд ч юм олж долоохгүй шүүхээр яв гэж хэлсэн байсан. Ц. Хүрэлчулуун нь тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөлгүй дараах  байдлаар төлсөн болно.

-2019 оны 07 сарын 24-ний өдөр 340,000 төгрөг

-2019 оны 09 сарын 16-ний өдөр 680,000 төгрөг

-2019 оны 09 сарын 23-ний өдөр 1,400,000 төгрөг

 -2019 оны 10 сарын 16-ний өдөр 4,000,000 төгрөг

-2020 оны 05 сарын 30-ний өдөр 1,200,000 төгрөг

 -2020 оны 09 сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг

-2021 оны 01 сарын 14-ний өдөр 1,120,000 төгрөг

-2021 оны 08 сарын 20-ний өдөр 1,120,000 төгрөг

-2022 оны 01 сарын 28-ний өдөр 3,020,000 төгрөг,

-2022 оны 04 сарын 08-ний өдөр 4,040,00 төгрөг нийт 19,920,000 төгрөг төлсөн байна. Ц. Хүрэлчулуун тохиролцсон хугацаандаа бэлэн өгөх 10 сая төгрөгөө өгөөгүй улмаас тухайн үед авах гэж байсан машинаа авч чадаагүй, орон сууцны зээл хурдан хугацаанд шахаж төлөөд зээл хаана гэсэн боловч мөн биелүүлээгүй манайхыг гэх зэргээр хохироосон . Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй" гэж заасан мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж заасан байх тул Ц.Хүрэлчулуун бидний хооронд хийсэн тохиролцоо нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байсан байна. Иргэний хуулийн 56 дүгээр зүйлийн 56.5-д " энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй үүрэгтэй. Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан байна. Иймд Дорноговь аймгийн Замын -Үүд сум 1-р баг ХМХА 24 айлын 1-9 тоот 45мкв байрыг Ц.Хүрэлчулуунд худалдах тохиролцоог хүчин төгөлдөр бусад тооцож, уг байрыг бүрэн бүтэн байдалтай албадан чөлөөлж, 2019.06 сараас хойш тооцон уг байрыг бүрэн чөлөөлж буцаан өгөх хүртэлх хугацааны сар бүрийн 200,000 төгрөгөөр бодож 9,200,000 төгрөгийн амьдран суусны зардал болон Ц.Хүрэлчулууны оршин суух хаягийг тодруулах эрэн сурвалжлах ажиллагаатай холбогдон гарсан 70200 төгрөгийн зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Батдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ХМХА 24 айлын 1-9 тоот 45 мкв байрыг******* худалдах тохиролцоог хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ц.Хүрэлчулууныг байрнаас албадан гаргуулах, 2019 оны 06 сараас тооцон тус байрыг бүрэн чөлөөлж буцаан өгөх хүртэл хугацааг сар бүрийн 200,000 төгрөгөөр тооцож амьдран суусны зардал 9,200,000 төгрөг гаргуулах, энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилгоор шүүхэд оршин суух хаягийг тодруулах эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасантай зардал 70,200 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа. Тухайн үед уг байрыг Хүрэлчулууны хамаатанд түрээсэлж байсан юм. Тэгээд тухайн үед ирэхдээ танай байрыг худалдаж авъя, эхний ээлжинд хурдан хугацаанд 10,000,000 төгрөг өгье гэхээр нь нөхөртөө ч хэлэлгүй 20,000,000 төгрөгөөр зарах талаар тохирсон юм. Тухайн үед манайх машин авах үнэхээр онцгой хэрэгцээ шаардлага байсан бөгөөд нөхөртөө энэ талаар хэлсэн. Ингээд нөхөр маань Хүрэлчулуунтай гэрээ хийхээр болсон. Тэр үед манай байр Голомт банкны барьцаанд байсан бөгөөд 2025 онд зээл дуусах байсан. Ингээд гэрээ байгуулахаар нотариат дээр очиход банкны барьцаанд байгаа орон сууцыг зарж болохгүй шүү дээ гээд нотариатаар батлаагүй. Ингээд иргэний үнэмлэхээ хуулбарлаад дор нь өөрсдийн гараар бичиг үйлдсэн. Дээд талынх нь хэсэг бичиг Хүрэлчулууных, доод талын хэсэг бичиг манай нөхрийнх байгаа юм. Бичиг нь бол эх хувь юм. Эхний 10 саяыг 08 сарын 15-ны дотор үлдсэн хэсгийг банкны зээлийг төлнө гэсэн юм билээ. Ингээд 10,000,000 төгрөгөө шилжүүлнэ гэхээр нь би машин авах гээд хот явсан, хүлээгээд мөнгө шилжүүлээгүй. Тэр үед орж ирсэн приус машин 11-13 сая байсан юм. Ингээд 2019 оны  сүүл гэхэд тохирсон 2 нөхцөл буюу эхний 10 сая төгрөг өгөх, дараагийн банкны мөнгийг төлөөд явна гэсэн 2 шаардлага хангагдаагүй учир 2019 оны сүүл 2020 оны эхнээс эхлээд байраа суллаж авъя гэж шаардсан, утсаа авдаггүй, мессежинд хариу өгдөггүй. Тэгээд л өөрийнхөө боломжоор гэнэт мөнгө шилжүүлдэг байсан. Ингэсээр 2020 оны 9 сарын дундуур дөнгөж 10,000,000 төгрөгийг төлсөн, бид байраа авъя гэж шаардсаар байсан. Би байрнаас гаргах аргаа олохгүй тогийг нь хүртэл хязгаарлуулсан. Үүнээс хойш хийсээр байгаад 2022 оны 04 сард  нийт 19,920,000 төгрөг бидний данс руу шилжүүлсэн байсан. Мөнгийг нь буцаагаад өгье гэхээр авдаггүй, банкны теллер дээр очоод хийдэг юм шиг байна лээ. Сая бас 2023 оны 08 сард 4,000,000 төгрөг шилжүүлсэн байна лээ үүнийг ойлгоогүй. Бид энэ мөнгөнүүдийг буюу нийт 23,920,000 төгрөгийг буцаагаад шилжүүлэхэд бэлэн байгаа. Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

            2.Хариуцагч Ц.Хүрэлчулуун шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбартаа: Миний бие Дашпунцагтай харилцан тохиролцон 2019 оны 05 сард түүний өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ХМХА 24 айлын 1-9 тоот 45 мкв байрыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож өөрсдийн тохиролцоог бичгээр баталгаажуулж гарын үсэг зурсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгө Голомт банкны барьцаанд байсан учир төлбөрийг 2019 оны 08 сарын 15-ны өдөр урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг төлөх, цаашид үргэлжлүүлэн Голомт банкны 1915001665 тоот дансанд 160,00 төгрөгөөр төлж зээлийг дуусахад байрны гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Бидний хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд миний бие нь гэрээний үүргээ биелүүлсэн. 2018 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ХМХА 24 айлын барилга аймгийн мэргэжлийн хяналтын газраас барилгын шалгалт, ашиглалт чанарт шалгалт хийж Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2018 оны 04 сарын 02-ны өдөр 11070202456 дугаар дүгнэлтээр уг барилга цууралт өгсөн дахин ашиглах боломжгүй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Би үүнийг мэдэж худалдаж авсан. Гэтэл бодит байдал дээрээ 2009 оноос эхлэн үндсэн шугамаараа бохир явдаггүй, бохироо соруулдаг байр байсныг худалдан авсны дараа мэдсэн. Бохир дотор эрчим хүчний масс үүссэн байсныг байраараа ярилцаж миний бие өөрийн худалдан авсан байрны нөхцөл байдлыг сайжруулахын тулд нэг айлаас 1,500,000 төгрөг хураан авч эрчим хүчний утсаа бохирын хоолойноос тусгаарлах, гадагшаа холбон суурилуулсан. Мөн байрны магастрал шугам сүлжээг бүхэлд нь сольж сангийн ажлын өөрсдийн хэмжээнд бүрэн шийдвэрлэж дахин бохир соруулахгүй болгож төв бохирын шугамтай холбосон.  Энэ мэт өөрийн авсан байрны орчин нөхцөлийг сайжруулсан. Гэтэл 2020 оны 01 сараас эхлэн Дашпунцаг байраа зарахгүй байр чөлөөлж өг гэж ярьж, мессеж бичиж дарамт үзүүлсэн. Мөн 2022 оны 03 сард 40 гаруй хоног гэрэл цахилгаан, интернэт таслуулсан. Ер нь бол байр авсны дараа би төлбөр төлөх боломжгүй байсан. Нотариат дээр очих үед нотариат банкны барьцаанд байгаа тул болохгүй гэж хэлж байсан. Бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа болно гэв.

 

            3.Хариуцагч Ц.Хүрэлчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Би Э.Дашпунцагтай харилцан тохиролцож 2019 оны 06 сарын 17-ны өдөр түүний өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ХМХА 24 айлын 1-9 тоот 45 мкв байрыг 20,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож өөрсдийн тохиролцоог бичгээр бичиж тохиролцоод гарын үсэг зурсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгө Голомт банкны зээлийн барьцаанд байсан учир 2019 оны 08 сард урьдчилгаа болох 10,000,000 төгрөгийг төлөх, цаашид үлдэх төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр Голомт банкны 1915011665 тоот дансанд 170,000 төгрөгөөр төлж зээлийг дуусгаад дараа нь үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Үүнийгээ бид нар бичгээр баталгаажуулсан. Гэтэл Дашпунцаг бичгээр хийсэн хэлцлээ хүчин төгөлдөр бус гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Тухайн үед эд хөрөнгө нь Голомт банкны барьцаанд байсныг хэн хэн нь мэдэж байсан бөгөөд нотариатаар гэрчлүүлэхээр очиход банкны барьцаанд байгаа үл хөдлөхийг нотариат гэрчлэхгүй гэх хариу өгсөн. Тиймээс нотариатаар гэрчлүүлэхээс татгалзах өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэхээр бичгээр баталгаажуулсан. Голомт банкны зээлийн төлбөрийг төлж дуусгасны дараа үл хөдлөхийн гэрчилгээг улсын бүртгэлд хуульд зааснаар өмчлөлөө бүртгүүлэхээр хэлэлцлээ тохирсон. Мөн банкны барьцаанд байсан учир тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлэх боломж байгаагүй. Үүнийг хэн аль нь мэдэж хэлэлцээр хийсэн. Би байрыг биет байдлаар хүлээн авч шилжилт хөдөлгөөн хийлгэж байрыг засан сайжруулах ажилдаа орсон. Гэрээний дагуу өнөөдрийн байдлаар 20,000,000 төгрөг төлсөн. Дээрх төлбөрийг Дашпунцаг хүлээн авсан. Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д нотариатаар гэрчлүүлвэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсэн, дараа нь нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талд шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно гэжээ. Мөн Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан нь хуульд заасан байх тул талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөрт тооцож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ХМХА 24 айлын 1-9 тоот 45 мкв байрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

            4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Батдулам шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Үнийн дүн болох 20,000,000 төгрөгийг 2 хэлбэрээр төлөх байсан. 2 хэлбэрийн аль нь ч биелэгдээгүй. Эхний 10,000,000 төгрөгийг төлөхдөө жил хагасын дараа дансанд мөнгө хийсэн байдаг. Хийсэн гээд хэлцлийнх нь аль аль хэлбэр биелэгдэхгүй байгаа юм.Хэлцэл хийснээс хойш бүтэн 3 жилийн хугацаанд төлсөн, мөнгө бүрэн төлөхөөс нь өмнө гар гээд байхад гараагүй. Гэнэт өөрийнхөө боломжтой үед хийдэг юм шиг байгаа юм, огт тайлбар тавьж ярьдаггүй. Манай байрны тухайн үеийн түрээсийн ханш 400,000 төгрөг байсан. Үүгээрээ явах боломж байсан. Би зөвхөн онцгой хэрэгцээ буюу машинаа авах байсан. Хямдхан зарсан үндэслэл нь ийм байгаа. Манай байр ийм байна та аваач ээ гэж энэ хүнээс гуйгаагүй.Банкны барьцаанд байсан, бид энэ хүнд зарахдаа банзанд мэдэгдээгүй,  зээлийн хугацаа 2025 онд дуусах байсан, энэ хүн хурдан төлөөд дуусгачихна гэсэн учраас мэдэгдээгүй гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар

-А.Батдуламын Хаан банкны  депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7-10/

-Иргэн Э.Дашпунцаг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ХМХА 24 байр 1-9 тоот, 45 мкв орон сууц 2010 оны 11 сарын 02-нд өмчлөгчөөр бүртгүүлсэн гэсэн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 12/

-Нэхэмжлэгч Э.Дашпунцаг, хариуцагч Ц.Хүрэлчулуун нарын хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ХМХА 24 байр 1-9 тоот, 45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар байгуулсан хэлцэл /хх-ийн 13/

-Тус шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 67 дугаартай шийдвэрийн хуулбар,  улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримтын хуулбар /хх-ийн 66-69/

-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багийн Засаг даргын 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 136 дугаартай албан тоот /хх-ийн 26/

-Нэхэмжлэгч Э.Дашпунцагийн Голомт банк дахь зээлийн дансны хуулгын хуулбар,

6.Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн  2018 оны 04 сарын 02-ны өдрийн 11-07-02А/56 тоот дүгнэлтийн хуулбар /хх-ийн 151-153/

7.Шүүх хариуцагчийн хүсэлтээр Голомт банкнаас 2010 оны 11 сарын 05-ны өдрийн ипотекийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх-ийн 52-61/,

-Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн 2/239 дугаартай албан бичиг /хх-ийн 70/,

-гэрч Баянцогт, Мягмарсүрэн нарын мэдүүлэг,

-Нэхэмжлэгчийн хүсэлтээр Самсунг галакси 51 маркийн утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 84-85/ зэргээр нотлох баримт бүрдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э.Дашпунцаг нь хариуцагч Ц.Хүрэлчулуунд холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Хилийн мэргэжлийн хяналтын  албаны 24 айлын 1-9 тоотод байрлах  45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох, тухайн орон сууцнаас албадан гаргуулах, 2019 оны 06 сараас эхлэн амьдран суусны зардал буюу түрээсийг нэг сарын 200,000 төгрөгөөр тооцож, 9,200,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан 70,200 төгрөг зэргийг гаргуулах үндсэн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

            хариуцагч Ц.Хүрэлчулууны сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Э.Дашпунцагт холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Хилийн мэргэжлийн хяналтын  албаны 24 айлын 1-9 тоотод байрлах 45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үндэслэл:

 

            1.Нэхэмжлэгч тал нь орон сууцны үнийг тохирсон хугацаандаа төлөөгүй, 2019 оны сүүлээс эхлээд орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан, маргаан бүхий орон сууц тухайн үед банкны зээлийн барьцаанд байсан, бид банканд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, нотариатаар батлуулах хуулийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж шаардлагаа тодорхойлж, сөрөг нэхэмжлэлээс татгалзаж,

 

            -хариуцагч тал нь маргаан бүхий орон сууцны үнэ төлөгдсөн, 2022 оноос эхлэн засвар үйлчилгээ хийсэн, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсэн, дараа нь нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талд шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно гэжээ. Мөн Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан нь хуульд заасан байх тул талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж маргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

            2.Хэрэгт авагдсан  болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Э.Дашпунцаг, хариуцагч Ц.Хүрэлчулуун нар нь 2019 оны 06 сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Хилийн мэргэжлийн хяналтын 24 айлын 1-9 тоотод байрлах 45 мкв орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, хариуцагч нь 2019 оны 08 сарын 15-нд 50 хувь болох 10,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөрийг сарын бүрийн 20-ны дотор  170,000 төгрөгөөр Голомт банкны 1915001665 тоот дансаар дамжуулан  төлөх талаар харилцан тохиролцсон, хариуцагч маргаан бүхий орон сууцыг хүлээн авсан,  2019 оны 07 сарын 27-ноос эхлэн эхний төлөлтийг төлж, 2022 оны 01 сарын 28-ны өдөр гэхэд нийт 19,920,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

            Зохигчдыг энэхүү хэлцлийг хийх үед маргаан бүхий орон сууц нь 2010 оны 11 сарын 05-ны өдөр Голомт банк ХХК, нэхэмжлэгч Э.Дашпунцаг нарын хооронд байгуулагдсан 22,500,000 төгрөгийн ипотекийн гэрээний барьцаанд барьцаалсан байсан, зээлийн үүрэг дуусгавар болоогүй болох нь хэрэгт авагдсан гэрээгээр /хх-ийн 52/ тогтоогдож байна.

 

            Дээрх гэрээний 2.5-д “  барьцаалуулагч нь барьцааны зүйлийг  бусдад давхар барьцаалах, түрээслүүлэх, аливаа хэлбэрээр барьцааны үүрэг ногдуулах бол  банкинд урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авсан байна”, 2.13-д “барьцаалсан  эд хөрөнгийг өмчлөх эрх өөр этгээдэд  аливаа хэлбэрээр шилжсэн тохиолдолд  барьцааны эрх хүчин төгөлдөр үлдэх  бөгөөд барьцаалсан  эд хөрөнгийн талаар энэ гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө болоод хойш хийсэн аливаа гэрээ, хэлцэл амлалт гэх ойлголтууд барьцаалагчийн  хувьд  үл хамаарах ба хүчин төгөлдөр  бус гэж тооцогдоно гэж заажээ.

 

Зохигчид нь маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах үйлдэл хийх үедээ дээрх гэрээний талаар мэдэж байсан, банкинд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсан байх, мөн банкны өмнө баталгаа гаргаж өгсөн талаараа нэхэмжлэгч мэдэж байсан нь нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар, гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

3.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь  нөгөө тал түүний  хүлээн авснаар хүчин  төгөлдөр болно”,  43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын  үсэг зурсан” бол хэлцэл хийсэн гэж заасан.

 

Хэдийгээр талууд хүсэл зоригоо илэрхийлэн нэг тал орон сууцыг худалдах, нөгөө тал үнийг тодорхой хугацаанд төлөх үүргийг хүлээсэн байх боловч энэхүү хэлцэл хүчин төгөлдөр байхыг шаардах юм.

 

Нэхэмжлэгч Э.Дашпунцаг /худалдагч/, хариуцагч Ц.Хүрэлчулуун нар нь орон сууцны шинж байдал , үнэ төлөх нөхцөл, хугацаа зэргийг тодорхой тохирсон. Энэ утгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний агуулгыг хангасан, нэг тал нөгөөгөөсөө төлбөрийг хугацаанд нь төлөхийг шаардах, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийг шаардах, гэрээ цуцлахыг шаардах эрх үүснэ.

 

            Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ агуулгын хувьд мөн боловч хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авахад гэрээ болон шаардагдах баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна” гэж зааснаас үзэхэд 1-т үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахад тусгай шаардлага үүснэ, 2-т худалдах үйлдэл хийх үед гарч болох зардлыг хуваарилна гэж ойлгоно.

 

            Дээрх зохицуулалтаас үзэхэд талууд маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах үедээ холбогдох баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх  байсан байна.

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-т “нотариатаар гэрчлүүлбэл  зохих хэлцлийг  гэрчлээгүй байхад  талуудын аль нэг үүргээ  бүрэн буюу ихэнхийг  гүйцэтгэсний дараа  нөгөө тал  үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг  нотариатаар  гэрчлүүлэхээс  татгалзвал  үүргээ гүйцэтгэсэн  талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч тал нь  орон сууцыг худалдахдаа 10,000,000 төгрөгийн онцгой хэрэгцээ шаардлага гарсны улмаас төлбөрийн 50 хувийг даруй авах талаар амаар, 2019 оны 08 сарын 15-нд 10,000,000 төгрөгийг төлнө гэж бичгээр тохирсон боловч хугацаандаа үүрэг гүйцэтгээгүй үндэслэлээр 2020 оны 08 сараас эхлэн орон сууцнаас гарахыг шаардсан нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гар утасны захидал харилцаанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог тул хариуцагчийг үүргээ ихэнхийг гүйцэтгэсний дараа нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзэж уг хэлцлийг хийсэнд тооцох үндэслэлгүй юм.

 

            Түүнчлэн  Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хувьд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх бөгөөд 112 дугаар зүйлийн 1-т заасны дагуу үнийг бүрэн төлж дуусгаснаар өмчлөх эрх шилжинэ гэж тохирсон бол  ийнхүү үнийг төлснөөр  өмчлөх эрх шинэ  өмчлөгчид шилжих юм. Гэтэл хариуцагчийн хувьд үнийг хэлцлээр тохирсон хугацаанаас хойш бүрэн гүйцэтгэсэн хэдий боловч  тухайн орон сууцыг худалдан авсан талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мөн уг орон сууц нь  худалдан авахаас өмнө банкны зээлийн барьцаанд барьцаалагдсан, одоог хүртэл үүрэг дуусгавар болоогүй, нэхэмжлэгч нь аливаа үйлдэл хийхгүй байх талаар банканд гэрээгээр баталгаа гаргасан нөхцөл байдал байх тул хариуцагчийг өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй юм.

 

            Иймд дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл талууд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийхдээ хуулиар тогтоосон хэлбэрийг  зөрчсөн буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 245 дугаар зүйлийн 245.2-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан “ хэлцэл хүчин төгөлдөр  байх зайлшгүй  нөхцөл болсон зөвшөөрөл  олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд буюу Голомт банк ХХК-нд мэдэгдэж зөвшөөрөл аваагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон  хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд  зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэж талуудын хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Хилийн мэргэжлийн хяналтын  албаны 24 айлын 1-9 тоотод байрлах  45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохоор шийдвэрлэж, үндсэн шаардлагаас энэхүү хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            4.Нэгэнт хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон тул хариуцагч Ц.Хүрэлчулууныг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулж, Иргэний хуулийн 56.5-д зааснаар  талууд хэлцлээр  шилжүүлсэн  бүх зүйлээ  харилцан буцаах нь зүйтэй байна. 

 

            5.Нэхэмжлэгч нь хэлцэл хийгдсэн үе буюу 2019 оны 05 сарын 16-ны өдрөөс хойш 2019 оны 06 сараас эхлэн амьдран суусны зардал буюу түрээсийг нэг сарын 200,000 төгрөгөөр тооцож, 9,200,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан 70,200 төгрөг зэргийг гаргуулахаар шаардсан.

 

            Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д  шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд  талуудын шүүх хуралдаанд гаргасан “ банкны зөвшөөрөл ааваагүй, нотариатаар батлуулах шаардлага хангаагүй” гэдгийг ухамсарлан ойлгож  байсан  нь тогтоогддог тул нэхэмжлэгч үүнээс үүсэх эрсдлийг өөрөө хариуцах нь зүйтэй юм.

 

            Түүнчлэн хариуцагчийн эрэн сурвалжлах хүсэлтийг гаргахад 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж  төлснийг гаргуулахаар шаардаж баримтыг хавсаргажээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т  хариуцагчийн оршин суух хаягийг тодорхойлж шүүхэд хандах шаардлагыг хангасан байхыг нэхэмжлэгчид үүрэгжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү үүргээ биелүүлэх үүднээс гаргасан зардлыг хариуцагч хариуцахгүй юм.

 

            Иймд хариуцагчийн маргаан бүхий байранд амьдран суусны зардал 9,200,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан 70,200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.2, 245 дугаар зүйлийн 245.2-т зааснаар Э.Дашпунцаг, Ц.Хүрэлчулуун нарын хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Хилийн мэргэжлийн хяналтын 24 айлын 1-9 тоотод байрлах 45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Ц.Хүрэлчулууныг маргаан бүхий орон сууцнаас  албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас  амьдран суусны буюу түрээс төлбөр 9,200,000 төгрөг, эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 70,200 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар нэхэмжлэгч Э.Дашпунцаг, хариуцагч Ц.Хүрэлчулуун нар нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаасугай.

           

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хариуцагч Ц.Хүрэлчулууны сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Э.Дашпунцагт холбогдох хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Хилийн мэргэжлийн хяналтын 24 айлын 1-9 тоотод байрлах 45 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 374,357 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 328,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 23,498 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай.

4.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                А.ЦЭРЭНХАНД